Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/05808

 

2016 оны 11 сарын 22 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05808

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж, өөрийн байранд оршин байгаа Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 319 тоотод оршин суух, Нямдоржийн Бат-Эрдэнэ /РД-ФМ82032419/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 319 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Батсүрэн /РД-ХД81080705/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/2 дугаар байрны 10 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Баатарсүх /РД-ХД75061811/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд центрын 4 дүгээр давхарт оршин байгаа Зээлийн батлан даалтын сан нарт холбогдуулан гаргасан

Зээлийн болон батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,738,042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, С.Батцэцэг, хариуцагч Н.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Батсүрэн, С.Баатарсүх нарын өмгөөлөгч Ж.Оюунболд /шүүхэд төлөөлөх эрх-1951/, хариуцагч С.Баатарсүх, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Бат-Эрдэнэ нь 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хас банктай орон сууц худалдан авах 1370003280 гэрээ байгуулаад 47,000,000 төгрөгийг, 15 жилийн хугацаатай, 19.5 хувийн хүүтэйгээр авсан. Орон сууц худалдан авах зээл нь 8 хувийн зээл гарснаар 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1370008183 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 8 хувийн зээл рүү шилжсэн.

Энэ гэрээний хувьд нэхэмжлэл өгсөн өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 42,036,033 төгрөг, хүү 1,953,236 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 4,435 төгрөг, нийт 43,994,004 төгрөг байсан. Энэ зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 319 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц барьцаалсан.

Мөн зээлдэгч нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5000643806 дугаартай овердрафтын гэрээ байгуулаад 4,500,000 төгрөгийн зээлийг, 12 сарын хугацаатай, 28.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ зээлийн гэрээний төлбөр нь нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 5,856,739.40 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тухайн зээл нь барьцаагүй олгогддог учир барьцаа байхгүй.

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1500009381 дугаартай зээлийн гэрээ байгуулаад 169,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 23.76 хувийн хүүтэйгээр, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Тухайн зээлийн барьцаанд гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 345 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө байр, мөн Зээлийн батлан даалтын сан нь нийт 169,000,000 төгрөгийн 58.7 хувь буюу 99,250,000 төгрөгийг батлан даасан байдаг. Энэ зээлийн үлдэгдэл нь нэхэмжлэл өгөх өдрийн байдлаар 171,997,624 төгрөгийг үлдэгдэлтэй байсан.

1370003280 дугаартай барьцаат зээлийн гэрээнд зээлдэгчийн хадам ах С.Баатарсүх, 1500009381 дугаартай зээлийн гэрээнд зээлдэгчийн эхнэр С.Батсүрэн нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр тус тус оролцсон.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1370003280 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс, 1500009381 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс, 50000643806 дугаартай зээлийн гэрээний төлбөрөө 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төлөөгүй тус тус хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн.

Мөн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь гадаадад байгаа учир зээлийн асуудлыг шийдэхэд нэлээд хугацаа шаардсан. Энэ хугацаанд зээлийн барьцаанд байгаа Баянгол дүүрэг, 7 хороо, 4 дүгээр хорооллын 12 дугаар байрны 319 тоотод байрлах 2 өрөө байр, мөн бизнесийн зээлийн барьцаанд байсан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 345 тоот орон сууцнуудыг манай банкинд шилжүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаанд байрлах 567 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг нийт 112,400,0000 төгрөгт тооцон шилжүүлсэн байгаа. Ингээд 4 дүгээр сард төлсөн 2,800,000 төгрөгийг нэмээд нэхэмжлэлийн үнийн дүн 115,200,000 төгрөгөөр буурсан.

Орон сууц худалдан авах гэрээний төлбөр 43,994,004.13 төгрөг, овердрафтын гэрээний төлбөр 5,856,739.35 төгрөгийн зээл бүрэн хаагдсан. Бизнесийн зээлийн төлбөр 171,997,624.09 төгрөгөөс 65,294,082 төгрөг төлөгдсөн. Үүнийг задалбал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 26,145,723 төгрөгийг, үндсэн зээлээс 36,994,366 төгрөгийг хассан.

Өнөөдрийн байдлаар хариуцагч нараас нийт 106,738,042 төгрөг нэхэмжилж байгаа_

Зээлийн батлан даалтын сангаас Хас банкинд ирүүлсэн албан тоотод барьцаалсан хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж дууссаны дараа сангийн хариуцах хэмжээ тодорхой болно гэсэн тул бид энэ 106,738,042 төгрөгийн 99,250,000 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж, зээлдэгч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас 7,488,042 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Тэгэхээр хариуцагч С.Баатарсүхээс нэхэмжилж буй зүйл байхгүй тул түүнээс татгалзаж байна.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэтэй 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа, батлан даалтын гэрээг Зээлийн батлан даалтын сантай байгуулсан. Энэ гэрээний 1.4-д батлан даагчийн батлан даах хэмжээ нь зээлийн дүнгийн 58.7 хувь байна гэж заасан байгаа.

Түүнээс гадна Зээлийн батлан даалтын сангаас манайд хэдэн хувийн батлан даалт гаргаж байгаа талаар манай ирүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 564 тоот албан бичигт Зээлийн батлан даалтын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар танай банкнаас ирүүлсэн Н.Бат-Эрдэнийн 169,000,000 төгрөгийн бизнесийн зээлийн 58.7 хувьд буюу 99,250,000 төгрөгийн батлан даалтыг 36 сарын хугацаатайгаар гаргахаар шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэсэн байдаг тул 99,250,000 төгрөг гэдгийг Зээлийн батлан даалтын сан өөрийнхөө хариуцах хэмжээг тодорхойлж ирүүлсэн гэж бид үзэж байгаа.

Гэтэл одоо Зээлийн батлан даалтын сан өнөөдрийн байдлаар нэхэмжилж байгаа 106,738,042 төгрөгийн 58.7 хувийг төлнө гэж байна.

Бид нар тэгж үзэхгүй байна, манайх нэхэмжлэлээ 221 сая төгрөгөөр гаргасан. Энэ хугацаанд Зээлийн батлан даалтын сангийн тавьсан шаардлагыг банк, зээлдэгч нар аль болох биелүүлэхийг хичээсэн. Зээлдэгч нар байгаа бүх эд хөрөнгө өгсөн өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Мөн бизнесийн зээлийн барьцаанд байсан Сонгинохайрхан дүүргийн 1 өрөө 18 м.кв орон сууц нь 43,950,000 төгрөгөөр тооцохоор 2 тал өөрөө зөвшөөрөөд, төлбөртөө тооцсон бөгөөд зээлдэгч 221,882,867 төгрөгийг 106,738,042 төгрөг болтол нь зээлийн төлөлтөө хийсэн.

Цаашид зээлдэгчээс гаргуулъя гэхэд зээлдэгчид бодитой эд хөрөнгө байхгүй. Зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх хэмжээ болсон үүнээс цааш гүйцэтгэж чадахгүй гэж байгаа учир Зээлийн батлан даалтын сан батлан даасан үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би уг зээлийг бизнесийн зорилгоор авсан нь үнэн. Гэвч валютын ханший зөрүү, борлуулалт эрс муудсантай холбоотой хүнд байдалд орсон. Миний зүгээс уг зээлийг төлнө. Уг зээлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-наас эхлэн сар бүр 3,500,000 төгрөгийг төлөх явах боломжтой байна. Иймээс барьцаанд байгаа эд хөрөнгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нар бол нэг гэр бүлийн хүмүүс, хариуцагч С.Баатарсүх бол С.Батсүрэнгийн төрсөн ах нь байгаа юм. Эдгээр хүмүүс нь Солонгос Улсаас импортоор машин оруулж, зардаг бизнес эрхэлдэг байсан.

2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 87,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан авахаар болж 40,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч үлдсэн 47,000,000 төгрөгийг банкнаас зээлэхээр 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ 2 жилийн хугацаанд хэвийн төлөлттэй явагдаж байгаад 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүүг нь бууруулж 8 хувийн зээл рүү шилжүүлж гэрээний дугаар өөрчлөгдсөн. Энэ гэрээндээ тухайн үед авсан Баянгол дүүргийн 2 өрөө байр зээлийн барьцаа болгосон.

Мөн Н.Бат-Эрдэнэ нь 2014 оны 6 дугаар сард овердрафтын гэрээ байгуулж 4,500,000 төгрөг авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 10 дугаар сард 1500009381 дугаартай бизнесийн зээлийн гэрээ байгуулж 169,000,000 төгрөг зээлсэн байдаг. Энэ гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 1 өрөө орон сууц барьцаалсан бөгөөд энэ орон сууц нь С.Батсүрэнгийн хамаатны орон сууц байсан. Энэ гэрээний үнийн дүн 169,000,000 төгрөгийн 58.7 хувьд Зээлийн батлан даалтын сан батлан даалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Хас банк, Зээлийн батлан даалтын сан, Н.Бат-Эрдэнэ гурвын оролцоотой гэрээ байгуулагдсан байдаг.

Энэ гурван гэрээний шаардлагыг Хас банк нийлүүлээд орж ирсэн. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 2 өрөө орон сууцыг 63,550,000 төгрөгт бодоод өгсөн. Орон сууцны гэрээний үүрэг 43,994,004.13 төгрөгөөс илүү төлөлт хийсэн. Үүнээс илүү гарсан үнийн дүнгээр овердрафтын гэрээний 5,856,739 төгрөгийн төлөлтийг хийгээд энэ 2 гэрээ дуусгавар болсон. Үндсэндээ С.Баатарсүхэд холбогдох үүргийн харилцаа дуусгавар болсон учраас С.Баатарсүхээс татгалзаж байгааг зүйтэй гэж үзэж байна.

Бизнесийн зээл буюу 1500009381 дугаартай гэрээнд Сонгинохайрхан дүүргийн 1 өрөө орон сууц барьцаалагдсан байсан. Энэ байрыг 43,950,000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн. Ингээд өөрийнхөө байгаа бүх өмч хөрөнгөөр хамгийн эцсийн байдлаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд барьцаанд байсан 2 орон сууцнаас гадна Сонгинохайрхан дүүргийн зуслангийн газрыг 4,900,000 төгрөгт тооцож мөн өгсөн.

Одоо бизнесийн зээл дээр гол төлбөрийн асуудал яригдаж байгаа. Ипотекийн зээлийн барьцааны зүйлийн үнэ, газрын төлбөрийг нийлүүлэхээр ипотекийн зээл, овердрафтын зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү гарч байгаа.

Энэ дээр Зээлийн батлан даалтын сантай 2014 оны 10 дугаар сарын 15-ны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.1-д батлан даагч нь банкны өмнө баталж, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино гэж заасан. Мөн гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь зээлийн дүнгийн 58.7 хувь байна, мөн 1.5-д нэмэгдүүлсэн хүү болон бусад хүүгийн асуудлыг батлан даагч хариуцахгүй гэж заасан.

Зээлийн батлан даалтын сангийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан тайлбартаа манайх зээлдэгчээр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд хариуцахгүй гэсэн байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан энэ гэрээнд зээлдэгч нь гэрээнд заасны дагуу 90 хоног төлөлт хийгдээгүй тохиолдолд батлан даалтын санд, банк хандана. Сан банкинд төлбөрийг төлнө, буцаагаад зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалаад түүнээс нөхөн төлбөрийг гаргуулах эрх нь үүсэхээр зохицуулагдсан харилцаа байдаг. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан нөхөх хариуцлага хүлээнэ гэдгийг Батлан даалтын сангийн зүгээс тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад түүнээс үлдэх хувийг төлнө гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр нөхөх хариуцлага гэдгийг Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөж гүйцэтгэх хариуцлагыг ойлгоно гэж тайлбарласан. Энэ агуулгаар аваад үзэхээр нэгэнт гэрээ байгуулаад Зээлийн батлан даалтын сан шимтгэлийг нь аваад ороод ирсэн бол 169,000,000 төгрөгийн 58.7 хувь буюу 99,250,000 төгрөгийн үүргийг хүлээх ёстой.

Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нарыг зүгээс өөрсдийнхөө боломжийн хэрээр тухайн гэрээ тус бүр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгөө бүгдийг өгсөн. Эдгээр хүмүүс нь одоо Солонгос Улсад ажил хийгээд хамаатныхаа зээлийн төлбөрт өгсөн байрны төлбөрийг төлөх гээд явж байгаа.

Хас банкны Н.Бат-Эрдэнээс 7,488,042 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч С.Батсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хас банкнаас 169 сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 23,76 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан нь үнэн болно. Хас банк ХХК-д 221,882,867 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.

Хариуцагч С.Баатарсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хамааралгүй тул хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү.

Би өөрийн төрсөн дүү С.Батсүрэнгийн нөхөр болох Н.Бат-Эрдэнийн Хас банкнаас орон сууц худалдан авах зээлийн гэрээнд батлан даагчаар оролцон гарын үсэг зурсан. Тухайн үед хүргэн Н.Бат-Эрдэнийг өөрийн гэсэн орон гэртэй болоход нь туслан, зөвхөн гарын үсэг зураад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу гэрээнд зурсан. Хас банкнаас гаргасан нэхэмжлэлд Н.Бат-Эрдэнийн авсан бүх зээлийг төлөх талаар дурдсан байна. Миний хувьд орон сууц худалдан авах зориулалтаар авсан зээлээс бусад зээлд огт хамааралгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэлд 2004 оны Тоёото лексус-470 маркийн автомашиныг зээлийн барьцаанд байгаа гэжээ. Тус машин нь миний эхнэрийнх бөгөөд Хас банкинд огт барьцаалаагүй болно гэжээ.

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хас банкнаас Зээлийн батлан даалтын санд холбогдуулж 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 85,114,867 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 99,250,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Манайх эдгээр шаардлагыг зөвшөөрөхгүй.

Хас банкны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5/1374 тоот албан бичиг болон холбогдох бусад баримт бичигт үндэслэн Зээлийн батлан даалтын сангийн Зээлийн батлан даалтын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 350 тогтоолоор Н.Бат-Эрдэнийн 160,000,000 төгрөгийн зээлийн 58.7 хувьд батлан даалт гаргахаар шийдвэрлэсэн.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Батлан даалтын сан бол жижиг дунд үйлдвэрлэгчид шаардлагатай санхүүжилтийн боломжийг олгоход дэмжлэг үзүүлэх зорилготой Засгийн газрын оролцоотой үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байдаг. Санхүүжилтийг төсвийн тодотголоор зээлийн батлан даалтын санд оруулсан.

Хас банкинд зээлдэгч нар нь сүүлд барьцаа хөрөнгүүдээ үнэ тохирч өгөөд нэлээд зээл нь төлөгдөж, одоо 106,738,042 төгрөг үлдсэн байна гэж ойлголоо.

Хас банк Зээлийн батлан даалтын сангаас 99,250,000 төгрөг, зээлдэгч Н.Бат-Эрдэнээс 7,488,000 орчим төгрөг нэхэмжилж байна.

Зээлийн батлан даалтын сан бол батлан даалт гэдэг бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд батлан даалт гэдгийг Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасныг хэлнэ гэж заасан байгаа. Иргэний хуулийн 45 дугаар бүлгийг судалж үзэхэд батлан даагч хэзээ үүрэг хүлээхийг 460 дугаар зүйлийн 460.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Улсын Дээд Шүүхийн тайлбараар бол нөхөх хариуцлага гэдэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийг батлан даагч түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэсэн байгаа.

Ер нь онолын хувьд нөхөх хариуцлага, батлан даагч гэж юуг ойлгодог гэхээр зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, барьцаа хөрөнгө бол үүрэг гүйцэтгэх нэг хэлбэр бөгөөд барьцаа хөрөнгө устаж үгүй болсон байх гэх мэтийн эрсдэлтэй зүйл байдаг. Энэ эрсдэлийг хаах зорилгоор гуравдагч этгээдийг үүргийн харилцаанд оруулж ирснээр энэ эрсдэлээс сэргийлдэг. Ингээд манай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх гэсэн тайлбарын үндэслэл нь энэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй. Хас банкны шинэчилж гаргаж байгаа нэхэмжлэлээр зээлдэгчийн энэ зээлээ төлөх үүргээс нь нэлээд их хувийг чөлөөлж байна гэж ойлголоо. Манай сангийн ойлголтоор шинэчилсэн нэхэмжлэл 106,738,042 төгрөгөөс зээлдэгч Н.Бат-Эрдэнэ болон хамтран зээлдэгч нар төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Энэ зээл барьцаатай байна уу, барьцаагүй байна уу, батлан даасан эсэхээс үл хамааран зээлдэгч нар 106 сая төгрөгийг төлөх үүрэг нь хэвээрээ байх ёстой.

Тэгэхээр Хас банкийг зээлдэгч Н.Бат-Эрдэнээс 106 сая төгрөгөө нэхэмжлээд Н.Бат-Эрдэнэ төлж чадахгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар үүрэг гүйцэтгүүлж өгнө үү гэж нэхэмжлэх байх гэж бодож байсан.

Зээлийн батлан даалтын сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл ийм байна. Зээлийн батлан даалтын сан батлан даалтын гэрээ байгуулахдаа зээлдэгч нартай хамтран хариуцахаар үүрэг хүлээгээгүй өөрөөр хэлбэл үүнийг Иргэний хуулийн 460.2-т заасан батлан даалтын гэрээ байгуулахдаа баримтлаагүй.

Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээл төлөх үүргээ гүйцэтгэх ёстой.

Хас банкнаас манайх руу батлан даалтын гэрээний үүргээ гүйцэтгээч гэсэн албан бичиг ирүүлж байсан. Манайхаас хариу хүргүүлэхдээ зээлдэгчийн зээлд тавьсан барьцаа хөрөнгөөр үүргээ хангуулчих, дараагаар нь манайх үүргээ гүйцэтгэнэ гэсэн.

Одоо барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. Зээлийн дансны хуулга бол төлбөр төлөөд зээл нь багассан гэсэн баримт байна.

Банк зээлдэгчийн барьцаа хөрөнгийг өөрийнхөө өмчлөл ашиглалтад шилжүүлэхдээ ямар шийдвэр гаргадаг талаар баримт хэрэгт өгөөгүй байна. Энэ талаар баримтаа өгөх нь зүйтэй гэж бодож байна. Түүнийг харахад бизнесийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө нь хэдэн төгрөгөөр зарагдаад, хэд хасагдсан гэдэг нь тодорхой болох байх.

Мөн 171 сая төгрөгөөс зээлийн хүүд 26 сая орчмыг аваад, үлдсэнийг нь үндсэн зээлээс хассан байна гэж ойлголоо. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байдаг. Энэ заалтын агуулга, зарчим нь зээл төлөх боломжгүй болсон тохиолдолд эхний ээлжинд үндсэн зээлийг, дараа нь хүү, дараа нь нэмэгдүүлсэн хүү гэсэн дараалал байгаа. Тэгэхээр барьцаа хөрөнгөөс эхэлж үндсэн зээлээс тооцож хасах нь Иргэний хуульд нийцэх байсан гэж үзэж байна.

Эдгээр үндэслэлээр Зээлийн батлан даалтын сан Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа юм.

Нэмж хэлэхэд 169 сая төгрөгийн 58.7 хувьд батлан даалт гаргасан. Зээлийн батлан даалтын тухай хуульд зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй бол тухайн зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана гэж хувиар илэрхийлсэн байдаг.

Батлан даалтын гэрээнд үндсэн зээлийн төлөгдөөгүй үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэнэ гэж заасан.

Анхны нэхэмжлэлийн шаардлага 85 сая орчим төгрөг байсан. Энэ 144 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдээгүй байхад 85 сая төгрөг яагаад ч нэмэгдэж 99,250,000 төгрөг болох боломжгүй. Мөн энэ нэхэмжлэлийн шаардлага багасаад 106,738,042 төгрөг болсон тул үүний 58.7 хувиар тооцох учиртай.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк нь Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн, С.Баатарсүх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 221,882,868 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, хүрэхгүй тохиолдолд зээлдэгч нарын бусад эд хөрөнгө, орлогоос барагдуулах шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зээлийн батлан даалтын санг хамтран хариуцагчаар татан оролцуулж, 15500009381 дугаартэй зээлийн гэрээний дагуу батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 85,114,867 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг үнийн дүнгээ 99,250,000 төгрөг болгон нэмэгдүүлж байжээ. /хх-71-72 дугаар тал/

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндэслэлээ Орон сууц худалдан авах гэрээний төлбөр 43,994,004.13 төгрөг, овердрафтын гэрээний төлбөр 5,856,739.35 төгрөгийн зээл бүрэн хаагдсан. Бизнесийн зээлийн төлбөр 171,997,624.09 төгрөгөөс 65,294,082 төгрөг төлөгдсөн. Үүнийг задалбал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 26,145,723 төгрөгийг, үндсэн зээлээс 36,994,366 төгрөгийг хассан, ... нийт нэхэмжилж байгаа үнийн дүн 106,738,042 төгрөг болсон, ... уг төлбөрөөс 99,250,000 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж, зээлдэгч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас 7,488,042 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Хас банкийг, хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн, Зээлийн батлан даалтын сан нараас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1500009381 дугаартай зээлийн болон батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 106,738,042 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж үзлээ. /хх-144-145 дугаар хуудас/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.Бат-Эрдэнэ нь Хас банктай 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1370003280 дугаартай барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээгээр 47 сая төгрөгийг 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1500009381 дугаартай зээлийн болон баталгаат ипотекийн, мөн фидуцийн гэрээ байгуулан 169 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн овердрафтын 5000643806 дугаартай гэрээгээр 4,500,000 төгрөгийг тус тус зээлсэн байх бөгөөд барьцаат зээлийн болон зээлийн гэрээнд хариуцагч С.Батсүрэн, С.Баатарсүх нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байна. /хх-13-43 дугаар хуудас/

Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хас банк нь хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн, С.Баатарсүх нартай тохиролцон, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205003403 дугаар бүхий Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 319 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201004237 дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 345 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, мөн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаанд байрлах 567 м.кв талбай бүхий газар зэргийг 112,400,000 төгрөгөөр үнэлэн банкны өмчлөлд шилжүүлэн, мөн хариуцагчийн зээлд төлсөн 2,800,000 төгрөгийг нэмж, нийт 115,200,000 төгрөгөөс үүргийн гүйцэтгэлийг буюу 1370003280 тоот зээлийн гэрээний төлбөр 43,994,004 төгрөг, овердрафтын гэрээний төлбөр болох 5,856,739 төгрөгийг тус тус хангуулан, мөн 1500009381 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 65,349.225 төгрөг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагч С.Баатарсүхээс татгалзаж байх тул шүүх 1370003280 тоот зээлийн гэрээ, 5000643806 тоот овердрафтын гэрээтэй холбоотой үйл баримт болон бичгийн нотлох баримтад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. /хх-13-24, 40-42, 45, 47, 48-49 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас зээлийн гэрээний үүрэгт 7,488,042 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний үүрэгт 99,250,000 төгрөг, нийт 106,738,042 төгрөг гаргуулахыг хүсч байна.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээ мөн нэхэмжлэгч талаас шаардаж буй 7,488,042 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн хувьд уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... төлөгдөөгүй зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн 58,7 хувийг хариуцана гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нар зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч талд зээлийн 1500009381 тоот гэрээний 5.1.1-д заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүсчээ. /хх-43-45 дугаар тал/

Харин нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй байна.

Учир нь нэмэгдүүлсэн хүү гэдэг бол зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр бөгөөд нэхэмжлэгч талыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэх учир уг хариуцлагыг тооцох үндэслэлгүй юм.

Хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн хувьд:

Нэхэмжлэгч Хас банк, хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сан, хариуцагч Н.Бат-Эрдэнэ нар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1500009381 дугаартай батлан даалтын гурвалсан гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.Бат-Эрдэнийг зээлийн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг хүлээжээ. /хх-37-39 дүгээр хуудас/

Ингэснээр нэхэмжлэгч, хамтран хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээний үүргийн харилцаа үүссэн ба уг гэрээ нь 459 дүгээр зүйлийн 459.1-д заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч тал, хамтран хариуцагчаас шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлээ ... 169 сая төгрөгийн зээлийн үнийн дүнгээс 99,250,000 төгрөгийг хариуцан төлөхөөр манайд албан бичгээр мэдэгдсэн учир уг мөнгийг гаргуулна гэж тайлбарлан хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан Зээлийн батлан даалтын сангийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 561 тоот албан бичгийг нотолгооны үндэслэлээ болгодог.

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч талд тус байгууллагаас ийм албан бичиг явуулж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч уг албан бичгийг талууд батлан даалтын гэрээ байгуулахаас өмнө явуулж байжээ.

Түүнчлэн шүүхэд гаргаж өгсөн уг бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй учир шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Хамтран хариуцагчийн хувьд нөхөх хариуцлага хүлээхээс татгалзаагүй, зөвхөн хариуцагч нарын хариуцах үндсэн зээлийн үлдэгдлээс 58,7 хувиар хариуцлага хүлээнэ гэж мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заажээ

Хэрэгт авагдсан батлан даалтын гэрээнээс харахад батлан даагчийн батлан даах хэмжээ нь зээлийн дүнгийн 58.7 хувь байх, мөн гэрээний 1.5 дахь заалтаар батлан даагч нь зээлдэгчийн зээлийн гэрээгээр төлөх зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, хохирлыг зээлдүүлэгчийн өмнө хариуцахгүй байхаар талууд тохиролцсон байна. /хх-37 дугаар тал/

Нөхөх хариуцлага гэдэг бол үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хариуцлага хүлээхийг хэлдэг тул хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн хүлээх хариуцлагын хэмжээг хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нарын хариуцвал зохих үндсэн зээлийн өрийн 58.7 хувиар тооцох нь дээрх хуульд нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд хариуцагч нартай тохиролцоод барьцаа хөрөнгүүд болон хариуцагчийн бусад хөрөнгө буюу газрыг үнэлэн, 1370003280 дугаартай барьцаат зээлийн болон овердрафтын гэрээний үүргийг хангуулж, барьцаа хөрөнгийн үлдэгдэл үнэ болох 65,349,225 төгрөгийг 1500009381 дугаартай зээлийн гэрээний үүргээс хасахдаа үндсэн зээлээс 36,994,366 төгрөг, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгээс 26,145,723 төгрөгийг тус тус хасч тооцсон гэж тайлбарладаг.

Хас банк ХХК нь хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас 1500009381 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 144,999,773 төгрөг нэхэмжилж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох орон сууцыг 43,950,000 төгрөгөөр үнэлж, өмчлөлдөө авсан байдаг тул уг мөнгийг үндсэн зээлийн өрөөс хасч тооцвол хариуцагч нарын үндсэн зээлийн үлдэгдэл нь 101,049,773 төгрөг /144,999,773 төгрөг -43,950,000 төгрөг/ болж байх ба үүний 58.7 хувь буюу 59,316,216.75 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаар хариуцан төлүүлж, хариуцагч нараар үлдэх өр буюу 41,733,557 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан урт хугацааны гэрээ нь нэг талын санаачилгаар буюу нэхэмжлэгчийн шүүхэд хандсанаар цуцлагдсан тул нэхэмжлэгчийн, барьцаа хөрөнгөөс үлдсэн мөнгийг зээлийн хүүгээс хассан үйлдлийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтад харшлаагүй гэж үзнэ.

Иймээс барьцаа хөрөнгийн үлдсэн мөнгө болох 21,849,225 төгрөгийг /65,349,225 төгрөгөөс орон сууцны 43,950,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан/ хариуцагч нарын зээлийн хүүд төлөх 26,145,723 төгрөгөөс хасахад хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нарын зээлийн хүүд төлөх төлбөр нь 4,746,498 төгрөгийн болж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д заасныг баримтлан Зээлийн батлан даалтын сангаас гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 58,7 хувь буюу 59,316,216.75 төгрөг, хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас үндсэн зээлийн үлдэх төлбөр 41,733,557 төгрөгийг, зээлийн хүү болох 4,746,498 төгрөгийн хамт нийт 46,480,055 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 941,771 төгрөгийг, мөн хариуцагч С.Баатарсүхэд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,267,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас 390,350 төгрөг, хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 457,531 төгрөгийг тус тус гаргуулан Хас банк ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46,480,055 /дөчин зургаан сая дөрвөн зуун наян мянга тавин таван/ төгрөг, хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 59,316,216 /тавин есөн сая гурван зуун арван зургаан мянга хоёр зуун арван зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 941,771 /есөн зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийг, мөн хариуцагч С.Баатарсүхэд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,267,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бат-Эрдэнэ, С.Батсүрэн нараас 390,350 төгрөг, хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 457,531 төгрөгийг тус тус гаргуулан Хас банк ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД