Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 430

 

                              

 

 

 

 

 

2020        06          03                                    2020/ШЦТ/430

     

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Сэвжидийн Ут холбогдох эрүүгийн 1911 02382 0378 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Принцесс Озера” ХХК-д инженер ажилтай, ам бүл 2, охины хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, 30а байр 1-2 тоотод оршин суух үндсэн хаягтай, яллах дүгнэлтэд бичигдсэнээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 3-11 тоотод оршин суух гэх, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Сэвжидийн У, /РД: ____________/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч С.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.У нь 353 ачааны авто машины улс хоорондын ачаа тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.Баяндоржоос 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкны салбараас урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5031338185 тоот харилцах данснаас шилжүүлснийг “Хаан” банкны 5034507731 тоот харилцах дансаар,

мөн хохирогч Б.Хишигсүрэнгээс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгаас урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5845474940 тоот харилцах данснаас цахим банкны үйлчилгээ ашиглан шилжүүлснийг “Хаан” банкны 5034507731 тоот харилцах дансаар тус тус авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би анхнаасаа тухайн гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй. Би тухайн үед өөрт мөнгөний хэрэг байсан болохоор бүтээж өгөөд урамшуулал авах гэж байсан болохоор мөнгийг нь аваад өөртөө хэрэглэсэн юм...” гэх /хх-ийн 90-91х/,   

Хохирогч Б.Хишигсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 15, 16-ны үед миний танил Баяндорж над руу утсаар холбогдож хил хоорондын ачаа зөөх зөвшөөрөл гаргуулах хэрэг байна, таньдаг хүн байна уу гэж асуухаар нь би хүмүүсээс асуугаад хэлье гэсэн. Тэгээд өөрийн найз Хуягттай холбогдоод ийм зөвшөөрөл гаргадаг таних хүн байна уу гэж асуусан чинь миний нэг найз У гэж хүн байдаг, урд өмнө би гаргуулж байсан гэж хэлэхээр би итгээд Утэй 1 дүгээр хороололд уулзсан чинь У хэлэхдээ ...асуудал байхгүй зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээд миний хажууд Мэндбаяр гэх залуутай яриад хэлсэн. Нэг машины 99,800 төгрөг гээд 353 машины 35,000,000 төгрөг болно урьдчилгаа 30,000,000 төгрөг өгөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нь би Баяндоржтой ярьж хэлээд 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баяндорж 5034507731 тоот У гэх хүний данс руу 20,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Хаан банкин дээрээс шилжүүлсэн гэсэн. Харин үлдэгдэл 10,000,000 төгрөгийг би Сүхбаатар дүүрэгт байх зуслан дахь гээрээсээ 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны интернет банкны үйлчилгээг ашиглаж 5034507731 гэх У гэх хүний данс руу шилжүүлсэн. Баяндорж бид хоёр Баяндоржийн Хятад найзад нь тусгай зөвшөөрөл гаргаад өгчих юм бол дараа нь оруулсан 30,000,000 төгрөг болон найзтай нь ярилцаад хөлс, шан харамж авахаар байсан юм. Би У гэх эмэгтэйгээс өөрийн өгсөн 10,000,000, Буяндоржийн өгсөн 20,000,000 төгрөгөө авмаар байна. Одоо У хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 59-60х/,  

Хохирогч Н.Баяндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 15-ны үед миний таних Хятад Улсын иргэн Лү Хун надтай уулзаад хил хоорондын ачаа зөөх зөвшөөрөл гаргуулах хэрэг байна, таньдаг хүн байна уу гэж асуухаар нь би хүмүүсээс асуугаад хэлье гэсэн. Тэгээд би өөрийн танил Хишигсүрэнтэй холбогдож хил хооронд ачаа тээвэр зөөх зөвшөөрөл гаргуулах хэрэгтэй байна, таньдаг хүн байна уу гэж асуусан чинь асууя гэж хэлээд нээх удаагүй, хэд хоногийн даруу Хишигсүрэн над руу залгаад таньдаг хүн оллоо гэхдээ би тэр хүнтэй уулзаад хариу хэлье гээд тэр хүнтэйгээ уулзсан гэсэн. Тэгсэн тэр хүн нь болж байна нэг ачааны машинд хураамж гэж 99,800 төгрөг тушаадаг, тийм болохоор 353 том ачааны машины зөвшөөрөл гэж 35,000,000 сая төгрөг болно, урьдчилгаа 30,000,000 төгрөг өгчих гэсэн гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хишигсүрэнгийн надад өгсөн 5034507731 тоот У гэх хүний данс руу 30,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Хаан банк нь дээрээс шилжүүлсэн. Харин үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Хишигсүрэн Сүхбаатар дүүрэгт байх зуслан дахь гээрээсээ 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны интернет банкны үйлчилгээг ашиглаж 5034507731 гэх У гэх хүний данс руу шилжүүлсэн гэсэн...” гэх /хх-ийн 64-65х/,

Гэрч Ш.Хуягт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын эхээр Хишигсүрэн эгчтэй хуурай дүү Эрдэнэсан нарын хамт уулзсан чинь Хишигсүрэн эгч нүүрс зөөдөг том машины зөвшөөрөл авто тээврийн газраас гаргах гэсэн юм. Таних хүн байна уу гэж надаас асуусан юм. Тухайн үед миний найз гэх У гэх эмэгтэй нүүрс зөөх зөвшөөрөл гаргаж өгдөг хүн таньдаг гэсэн. Өнгөрсөн жил У Өвөрмонгол хүнд нүүрс ачих, зөөх зөвшөөрөл гаргаж өгсөн чинь нөгөө Өвөрмонгол хүн зөвшөөрлөө аваагүй гэж надад ярьж байсан гээд би Хишигсүрэн эгчийн хажууд Утэй утсаар холбогдож ийм асуудал байна гэж хэлээд Хишигсүрэн эгчид утсаа өгч Утэй Хишигсүрэн эгч өөрөө ярьж, утасны дугаараа солилцож авсан. Түүнээс биш нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Энэ хүмүүс өөрсдөө хоорондоо тохирч шийдвэр гаргаж мөнгө төгрөгөө өгч, авсан байх. Би энэ асуудал дээр ямар нэгэн холбоо байхгүй, би энэ хоёрыг хооронд нь танилцуулж өгсөн гэж хэнээс нь ч мөнгө, шагнал урамшуулал аваагүй. Хишигсүрэн эгч нэг найзтайгаа нийлээд Ут нүүрс зөөх машины зөвшөөрөл гаргуулна гэж 30,000,000 төгрөг өгсөн гэсэн...” гэх /хх-ийн 69- 70х/,  

Гэрч Ж.Дамдинпүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл олгохдоо нэг тээврийн хэрэгслийн улирлын буюу 90 хоногийн хугацаатай зөвшөөрөл олгоход НӨАТ орсон үнэ нь 99,000 төгрөгийг хураамж болгож авдаг. Уг журмыг авто тээврийн үндэсний төвийн захирлын тушаалд заасны дагуу авдаг журам байдаг юм. “Би Эс Тур Транс” ХХК-ны 340 ачааны тээврийн хэрэгсэл дээр 2019 оны 6 дугаар 14-ний өдөр улс хоорондын ачаа тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг ирүүлсний дагуу холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хүлээж авсан байгаагаас манай байгууллагын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн алба хаагчид хүлээн авч хянаад, цааш нь Зам тээврийн яамны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай байгуулагдсан ажлын хэсэг рүү хүргүүлж шалгуур болзлыг хангасан бусад байгууллагуудын тээврийн хэрэгслийн зөвшөөрөл болон “Би Эс Тур Транс” ХХК-ны 340 тээврийн хэрэгсэл дээр зөвшөөрөл хүссэний дагуу Зам тээврийн яам зөвшөөрсний дагуу манай байгууллагын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 009 дугаартай хурлаар нийтдээ “Эрдэнэс таван толгой” ХК-наас хүссэн албан бичгийн тээврийн хэрэгслээс 30 тээврийн хэрэгсэлд улс хоорондын ачаа тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг олгосон. Мөн “Энержи Ресурс” ХХК-ны 62 тээврийн хэрэгсэл дээр зөвшөөрөл хүссэний дагуу 62 тээврийн хэрэгсэлд нь олгож нийтдээ 92 тээврийн хэрэгсэлд ачаа тээврийн улс хоорондын зөвшөөрөл олгосон юм. Уг зөвшөөрөл хүссэн баримт бичгийг “Энержи Ресурс” ХХК болон “Эрдэнэс таван толгой” ХК-ны албан бичгийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан хүлээж авсан. Би зөвшөөрөл хүссэн албан бичгийн хуулбар болон манай байгууллагын ажпын хэсгийн тушаал, Зам тээврийн яамны ажлын хэсэг байгуулах яамны сайдын тушаал зэргийн хуулбарыг авч ирсэн байгаа...” гэх /хх-ийн 82-83х/,

Хаан банкны 5031338185 тоот Нарангэрэлийн Баяндоржийн харилцах дансны 2019 оны 6 дугаар сарын 21-ний 5034507731 тоот харилцах данс руу  20,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн лавлагаа, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 14-16х/,

  2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны 5034507731 тоот Сэвжидийн Уийн харилцах дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 143-144х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч С.У нь 353 ачааны авто машины улс хоорондын ачаа тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.Баяндоржоос 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас урьдчилгаа 20,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5031338185 тоот харилцах данснаас шилжүүлснийг Хаан банкны 5034507731 тоот харилцах дансаар, мөн хохирогч Б.Хишигсүрэнгээс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгаас урьдчилгаа 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5845474940 тоот харилцах данснаас цахим банкны үйлчилгээ ашиглан шилжүүлснийг Хаан банкны 5034507731 тоот харилцах дансаар тус тус авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.У нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийн тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.Уийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хохиролоо сар бүр төлж байгаа зэргийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав,

Хавтаст хэрэг хохирогч Н.Буяндорж нь шүүгдэгч С.Уээс нийт 20,000,000 төгрөгийн хохирлоос 5,000,000 төгрөгт нь газар шилжүүлэн авч, үлдсэн 15,000,000 сая төгрөг дээр зээлийн гэрээ байгуулж учраа олсон. Цаашид маргаан гарвал Иргэний журмаар нэхэмжлэл гаргах болно гэх хүсэлт гаргасан /2-р хх-ийн 4х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хишигсүрэнд 10,000,000 төгрөгийн хохирлоос 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хаан банкны 5845474940 дугаарын дансанд 2,500,000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж, шүүгдэгч С.Ууганжаргал нь хохирогч Б.Хишигсүрэнд 7,500,000 төгрөгийн төлбөртэй болохыг дурдав.

Шүүгдэгч С.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Монгол овогт Сэвжидийн Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Уийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заансаар шүүгдэгч С.Уийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Уээс 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж, Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо 14-2и-40 тоотод оршин суух, Б.Хишигсүрэн /ХЭ73022808/-д олгосугай.  

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД