Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 531

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр /томилолтоор/,

хохирогч Ч.Эрдэнэсүрэн,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч С овогт Д.О-т холбогдох эрүүгийн 2005014880720 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг ... байрны ... тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн нарангийн ... тоотод түр оршин суудаг /РД:/, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, С овогт Д.О.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран 15 дугаар гудамжны 19 тоотод хохирогч Ч.Э нүүрэн тус газар нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийд урд хана, баруун нүдний ухархайн дотор, гадна, доод хана, баруун хацар ясны нум хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран ... дугаар гудамжны ... тоотод гэртээ эхнэр буюу хохирогч Ч.Э-тэй мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийд урд хана, баруун нүдний ухархайн дотор, гадна, доод хана, баруун хацар ясны нум хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Баянголд дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Т.Б-гийн “...Хажуу айлын нөхөр нь эхнэрээ зодоод алах нь гэх дуудлагын дагуу очиход гудамжинд дуудлага өгсөн хүн нөхөр нь гудамж тойроод зугтсан гэсний дагуу араас нь хөөж барьж аваад буцаад эхнэр Эрдэнэсүрэн дээр ирэхэд хашааны гадна 2 нүд нь битүү цус болчихсон би явахгүй гэж зугтаасан. 103 дуудъя та бай гэж хэлэхэд зугтаад байхаар нь 103 цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр дуудсан. Уг эмэгтэй 2 нүд, толгойн духны дээд хэсэгт нь цус болсон тоосгоор 2 удаа нөхөр цохисон гэж хэлж байсан...” гэх илтгэх хуудас /хх-ийн 7 тал/,

Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр гадуур архи ууж байгаад гэртээ буюу Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15-19 тоотод орж ирээд надаас мөнгө нэхсэн. ...би өгөхгүй гэхэд намайг өгөөдөх чи гэж хэлсэн. Намайг согтуу байхдаа тал тоосгоор миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон тэгэхэд миний толгой эвгүй болоод цус гарсан. Би орилоод байж байхад хоёр цагдаа орж ирсэн. Гэр бүлийн асуудлаас маргах асуудал байсан ч зодоон болж байгаагүй. ...О бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-16-18, 62-63 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Д.О торгох ял оногдуулж өгнө үү. Өмнө нь надад гар хүрч, цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э эгчийн толгойноос цус гарсан байдалтай, нүүр нь битүү цус болчихсон орж ирсэн. Би юу болсон талаар асуухад манай нөхөр намайг тоосгоор цохичихлоо гэсэн. Тэр үед би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4841 дугаартай “...Ч.Э биед баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор, гадна, доод хана, баруун хацар ясны нум хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

Хохирогч Ч.Э Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үзүүлсэн тухай баримт /хх-ийн 28-30 тал/,

Хохирогч Ч.Э цохисон гэх хатуу биетийн гэрэл зураг /хх-ийн 35 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...тал улаан өнгийн тоосго 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх-ийн 38 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 67, 68  тал/

Яллагдагч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гадуур хуучин хамт ажилладаг байсан хүмүүстэй архи уучихаад Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 15-19 тоотод ороод Ч.Э-д мөнгө хадгалуулсан байсан уг мөнгөө авъя гэхэд өгөхгүй гэсэн. Тэгээд маргалдаад галын доор байсан тал тоосго аваад нүүр хэсэгт нь цохисон. ...Гэм буруугаа ухаарч Эрдэнэсүрэнгийн хохирлыг бүрэн барагдуулсан, бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсан” гэх мэдүүлэг /хх-51-53 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хамтран амьдраад 8 жил болж байна. Би уучлалт гуйж эвлэрсэн. Урьд хохирогчийг зодож цохиж байгаагүй. Би 200.000 гаруй төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Цаашид эхнэрийнхээ эрүүл мэндэд анхаарч гарах зардлыг хариуцан төлнө. Би торгох ялыг биелүүлэх боломжтой. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 44-50 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 56 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.О-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 19-20, 21-22 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хохирогч Ч.Э биед “баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор, гадна, доод хана, баруун хацар ясны нум хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан нь хэргийн 31-32 дахь талд авагдсан шинжээч эмчийн 4841 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч Д.О-ийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.О гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.О нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн наран 15 дугаар гудамжны 19 тоотод хохирогч Ч.Э нүүрэн тус газар нь тоосгоор цохиж эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийд урд хана, баруун нүдний ухархайн дотор, гадна, доод хана, баруун хацар ясны нум хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.О-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э эрүүл мэндэд нь баруун гайморын хөндийд урд хана, баруун нүдний ухархайн дотор, гадна, доод хана, баруун хацар ясны нум хамарсан нийлмэл хугарал, баруун нүдний доод зовхинд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан байх ба тэрээр хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Очирхуяг бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, мэдүүлсэн байна. /хх-ийн 62-63, 68 тал/

Иймд шүүгдэгч Д.О-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.О ь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.О-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар устгахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Д.О-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА