Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 521

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч/хохирогч Г.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Г-ийн Б, Ч овогт Д-гийн Б нарт холбогдох эрүүгийн 1905039760610 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......оны ....дугаар сарын ....ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, …. настай, эрэгтэй. Ам бүл хоёр, эхийн хамт ....... дүүргийн ... дүгээр хороо, ........ ... дугаар гудамж ... тоотод оршин суудаг, /РД: /, Бүрэн дунд боловсролтой, Мэргэжилгүй, “Х” ХХК-д агуулахын нярав, борлуулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Г-ийн Б.

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, .... настай, эрэгтэй. Ам бүл ..., эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ......... хорооллын ..... тоотод оршин суудаг, Бүрэн дунд боловсролтой, угсрагч мэргэжилтэй, “Э” ХХК-д угсрагч ажилтай, /РД: / урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ч овогт Д-гийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Б.. нь 2019 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Си Эл” нэртэй баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Б-гийн нүүр тус газар нь мөргөж, гараар цохиж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Си Эл” нэртэй барны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Батболдын нүүр тус газар нь гараар цохиж биед нь баруун нүдний алим, зовхи, хацар, хүзүүнд зулгаралт, уруулд няцарсан шарх, цээж, бугалга, мөр, шуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Б-гийн “...2019 оны 10 дугаар сарын 5-ны орой найз Бавуусүрэнг авах гээд гэрээсээ гарч замаараа найз Уянгааг аван, 3, 4 дүгээр хорооллын Ахуйн үйлчилгээний ордны хойд талын буланд байдаг Күүл нэртэй баар руу явсан. ...Манай найз Уянга руу гомдол гаргаад байгаа ах их эвгүй хараад бүжиглээд байсан бөгөөд тэр ах бүжиглэж байгаад бүжгийн талбайгаас над руу их муухай хараад намайг мөрлөөд явсан. Тэгээд гадаа гартал надад тамхи байхгүй байсан болохоор би хүмүүсээс тамхи асууж байтал нөгөө бааранд Уянга руу харж эвгүй бүжиглээд байсан, бас над руу муухай хараад мөрлөөд явсан ах эмэгтэйн хамтаар зогсож байхаар нь би тамхи байвал өгөөч гэсэн чинь тэр ах “би чиний тамхийг бэлдэх ёстой юу, хэгжүүрхээд байсан уу, үгүй юу” гэсэн. Би тэр үед “үгүй” гэсэн боловч тэр намайг “их хэгжүүрхээд байсан хачин бацаан” гээд намайг мангасдаад түлхсэн. Тэр үед би нөгөө ахад “та доор байхдаа манай найз охин руу их эвгүй харж бүжиглээд байсан биз дээ” гэсэн чинь тэр ах “тэгэхээр яадаг юм” гээд гадуур өмсөж явсан цамцаа тайлаад над руу ирэн миний хамар орчим нэг удаа мөргөсөн. Тэр ах намайг зүгээр мөргөөд болихгүй миний зүүн шанаа орчим нэг удаа, зүүн нүд орчим нэг удаа баруун гараараа цохисон. Тэр үед манай найз Бавуусүрэн гарч ирээд тэр ахыг салгасан чинь намайг цохидог ахтай хамт явсан хоёр эмэгтэйн нэг нь миний араас үснээс зулгаан “эгчийн дүү чи эгчээсээ дээр юм дагуулж явчихаад олон юм яриарай” гэх үед баарны гадна байсан хүмүүс салгасан. Миний биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг манай найз Бавуусүрэнд гомдол гаргаад байгаа ах хоёр удаа дараа цохисноос үүссэн. Харин хамарт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг мөн тэр анх намайг мангасдаад түлхэхэд үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

   Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

  Хохирогч Г.Б-ын Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн нутагт байрлах Саруул хотхонд найз охин Хулан, түүний найз Саруулын хамтаар нэрийг нь одоо санахгүй нэг эмэгтэйн төрсөн өдөр очсон. ...Тэгээд бид гурав 23 цаг өнгөрч байхад Күүл нэртэй бараанд ороод цаг орчим бүжиглэж байгаад баарнаас гарахаар болоод гарсан. Баарны үүдэнд гараад иртэл танихгүй хоёр залуугийн арай өндөр нь болох нэг залуу нь надад яаж бүжиглээд байна аа, яагаад найз охин руу хараад байна гэхээр нь би гайхаад тийм юм байхгүй чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу миний уруул, зүүн шанаа орчим баруун гараараа 2-3 удаа цохисон. ...Одоогоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ...Миний биед учирсан гэмтлийг өндөр биетэй залуу нь уруул руу цохиж уруул сэтрээд хиймэл шүд хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29 тал/,

   Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай бааранд үйлчлүүлж байсан хоёр залуу болон хоёр эмэгтэйн хамт явсан нэг залуу хоорондоо маргасан байдалтай байсан бөгөөд миний харснаар бол хоёулаа явсан өндөр нам залуугийн өндөр биетэй залуу хоёр хүүхэнтэй явсан нэг залуутай бие биенийхээ өөдөөс зуурчихсан, бие биенээ цохиод байсан бөгөөд би нэг хамгаалагчийн хамтаар очоод салгатал хоёр хүүхэнтэй явсан залуугийн уруул нь сэтэрсэн байдалтай амнаас нь цус гарсан байсан бөгөөд нөгөө харилцан зодолдсон залуу нь болохоор нэг нүдээ бариад байсан. ...Тухайн үед намайг гарахад хоёр хүүхэнтэй явсан залуу, өөр тусдаа явсан хоёр залуугийн арай өндөр биетэй, улаан куртиктэй залуутай зууралдсан байдалтай бие биенээ цохиод байсан бөгөөд тэр хоёрыг салгахад хохирогч гээд байгаа залуугийн уруулнаас нь сэтэрсэн цус гарч байсан. ...Тэр хэрэг болох үед хохирогч гээд байгаа уруул нь сэтэрсэн залуугийн биед улаан куртиктэй, өндөр биетэй залуу ганцаараа халдсан. Бас тэр өндөр биетэй залууд хохирогч гээд байгаа залуу ганцаараа халдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

 

            Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хэрэг болсон үед би найз Б-н араас баарны үүдэнд гартал манай найз Баасанхүү, одоо хохирогч гээд байгаа ахтай маргалдаад бие биенээ гараараа цохиод барилцаад авчихсан байсан. Тэр үед би найз Баасанхүүг хохирогч ахаас салгаж аваад, та одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь тэр хохирогч гээд байгаа ах над руу ...чи муу хэн бэ... гээд дайрсан. ...Тэр хоёрыг салгахад ямар ч байсан хохирогч ахын амнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

            Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг гадагш гарахад одоо гомдол гаргасан залуугийн уруул сэтэрсэн байдалтай байсан бөгөөд хамт явсан эмэгтэйчүүд нь нөгөө маргаан хийсэн гэх хоёр залуутай зууралдсан байдалтай байсан. Харин нөгөө залуу болохоор уруулнаас цус гарсан байдалтай баарны гадна байсан хогийн сав барьчихсан байсан. Тэр үед би нөгөө хоёр залууг баар руу оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12146 дугаартай “...Г.Б-ын биед баруун нүдний алим, зовхи, хацар, хүзүүнд зулгаралт, уруулд няцарсан шарх, цээж, бугалга, мөр, шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12148 дугаар “...Д.Б-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/

 

Гэрч А.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баарнаас гарах гээд яг үүдэнд нь явж байтал танихгүй хоёр залуу манай найз залуу Батболд руу яаж бүжиглээд байгаа юм бэ гээд маргаан өдсөн. Тэр үед манай найз залуу юу яриад байгаа юм бэ гэж хэлээд байж байтал тэр хоёр залуу шууд Батболд руу дайраад эхэлсэн. Тэр үед би сандраад тэр хавиар орилоод нөгөө танихгүй хоёр залуугийн арай өндөр биетэйг нь татаж салгатал Батболдын уруул амнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 78-85 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 87 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 88 тал/, шүүгдэгч Д.Б-гийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 89-95 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 99 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 100 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 9-10, 13-14, 32, 37 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нар 2019 оны 10 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Си Эл” нэртэй баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар харилцан зодолдож, Д.Б-гийн зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Г.Б-ын баруун нүдний алим, зовхи, хацар, хүзүүнд зулгаралт, уруулд няцарсан шарх, цээж, бугалга, мөр, шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тус тус учирсан байна. 

 

Шүүгдэгч нарын хэн хэн нь үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, харилцан бие биенээ цохиж зодоход эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдэж хүсч үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.

 

Түүнчлэн, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул Г.Б, Д.Б нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч эмчийн 12146, 12148 дүгнэлтүүд тус тус үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч нарын харилцан бие биенийхээ эсрэг чиглэсэн буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж тус тус мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Г.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулинд заасан дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л овогт Г-ийн Б, Ч овогт Д-гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Б нарт 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Д.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА