Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 540

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва,

            шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Ц /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 15-84/, Б.А /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-20/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н-ийн Б холбогдох эрүүгийн 2002001800129 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, …. оны ....дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ...... дүүргийн .... хороо, ......гудамж .... байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..... дүүргийн ...... хороо, ....., ..... дугаар  байрны .......тоотод оршин суудаг /РД: /, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Н-н Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Б нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Бор нуур сумаас “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар олж авсан, хатааж бэлтгэсэн, улмаар гялгар уутны хамт 5,0504 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрин” хороолол 0 дугаар байрны 0 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрин” хорооллын 0 дугаар байрны 0 тоот Н.Б-ын гэрт 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн “...гэрийн эзэн Н.Б-аас “та өөрийн гэртээ мансууруулах бодис хадгалж байна уу? Хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү” гэхэд Н.Б “би гэртээ хадгалж байгаа” гэж хэлээд унтлагын жижиг өрөөний ертөнцийн зүгээр баруун урд буланд байрлах компьютерийн ширээний жижиг шургуулгаас ууттай өвс гаргаж өгөв. Өвсний хамтаар тогоо хэлбэрт оруулж бэлтгэсэн тугалган цаас, хуйлсан хорьтын мөнгөн дэвсгэрт, цэнхэр өнгийн тамхины хайрцагаар хийсэн хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэргийг сайн дураараа гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авав. Мөн Н.Б нь ариун цэврийн өрөөнд байсан суултуурын араас ханыг нь цоолж хуйлсан мөнгөн дэвсгэрт шургуулсан хуванцар сав гаргаж өгснийг эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 тал/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...тестээр ашиглах ажиллагааг эхлэн Н.Б-ыг 4 давхрын 00-ын өрөөнд оруулж 10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестийн битүүмжпэлийг Н.Б-т харуулан задалж, түүнд тест ашиглах талаар санал болгоход “татгалзах зүйлгүй” гэснээр ...зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. ...тестийн савны 2 талын нийт 10 ширхэг баганын ТНС хэсгийн С төвшинд 1 улаан зураас гарч байгаа нь урьдчилсан байдлаар тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж хариу гарч байгааг тэмдэглэлд тусгав....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 99 дугаартай “...Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад В.А-гийн Эрүүгийн 200200180 дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсугай...” гэх тогтоол /хх-ийн 24 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрин хорооллын 53/7 дугаар байрны 84 тоот орон сууцанд хийсэн үзлэгээр хураан авсан, цэврээр 2.5175 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, “Гоё цай” гэсэн бичигтэй, улаан алаг өнгийн шошготой хуванцанр сав, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, “AG8356492” серийн дугаартай хуйлсан хорьтын дэвсгэрт, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай…” гэх тогтоол /хх-ийн 25 тал/,

Гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...анх Б 2018 оноос эхлээд Б-тай үерхэж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сараас эхлээд бид хоёр хамтран амьдрах болсон. Эхнэр нөхөр болсон хэдий ч албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Бид хоёрын дундаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүүхэд төрж, эцэг болсон. Одоо Б бид хоёр өөрийн хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрин хорооллын 53/7-84 тоотод оршин сууж байна. Б одоогийн байдлаар Хар хорин худалдааны төвд лангуу ажиллуулан пүүз зардаг. Өөр ямар нэгэн ажил хийдэггүй. Урьд өмнө Б маань гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Зан араншин нь тодорхойлон хэлбэл гэнэн итгэмтгий, зөөлөн сэтгэлтэй, бусдад тусч, бусдад муу санаж чаддаггүй, хүүхэд шиг гэнэн итгэмтгийн зантай хүн дээ. ...Миний дэргэд байх үедээ Б мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Гэхдээ гадуур явж байгаад гэрт орох үед гэр дотроос сонин үнэр үнэртдэг байсан. Мансууруулах бодис ямар үнэртэй байдаг талаар би мэдэхгүй байна. Гэхдээ гэрээс нэг сонин үнэр гараад байдаг байсан. Гэрээс эвгүй үнэртээд байхаар нь Б-раас юу болох талаар нь асуухад Б надад “Би өвс татдаг” гэж ярьж байсан. Энэ асуудлаас болоод бид хоёр салах дээрээ тулж байсан удаатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч О.И-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр найз Б-ны хамтаар Б-тай уулзах санаатай гэрт очтол Б “Машин мөргөчихлөө” гэхээр нь машин дээр нь яваад очтол цагдаа нар байсан. Цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулна гэж хэлээд бид гурвыг аваад цагдаагийн байгууллагад хүргэн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1784 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Н.Б гэж хаягласан шээс ...шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Н.Б гэж хаягласан шээс ...тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1787 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгөтэй гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан Гоё цай” гэсэн улаан алаг шошготой хуванцар сав, ‘JN7508605” серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, “3” гэж дугаарласан гялгар ууттай тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, “5” гэж дугаарласан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, 'Mevius sky blue” гэсэн шошготой цэнхэр өнгийн тамхины цаасан хайрцаг зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан цэнхэр өнгөтэй гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 5,0504 грамм, цэвэр жин нь 2,5175 грамм, шинжилгээнд авч үлдсэн жин нь 2,3252 грамм болов...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-43 тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 327 дугаартай “...Н.Б урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Б нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. Н.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Б нь гэмт хэрэг үйлдэх үелээ буюу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. Н.Б сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Б сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Н.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Н.Б одоогоор мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-46 тал/,

Монгол Улсын байгаль орчны яамны зэрлэг олсны ургамлын тархацын талаарх мэдээлэл /хх-ийн 71-91 тал/,

Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 8 дугаар сарын үед /Өдрийг нь санахгүй байна/ Төв аймгийн Бор нуур сумын нутагт машинтай явж байтал шороон замын хажууд зам дагуу каннабис ургасан байхаар нь сонирхоод түүж авч ирээд гэрийнхээ унтлагийн өрөөнд байрлах компьютерийн ширээний нүдэнд хадгалж байсан. Уг түүсэн өвснөөс зөвхөн ганцаараа байхдаа хэрэглэсэн. Түүсэн өвсөө бусдад худалдаалж борлуулсан зүйл байхгүй. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрийнхээ гадаа байж байтал цагдаа нар ирээд шалгалтын ажиллагаа, үзлэг хийгээд гэрт байсан өвсийг илрүүлээд хураан авсан. ...Би урьд өмнө мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Уг өвсийг Бор нуурт байдаг талаар нь хэрхэн мэдсэн бэ гэвэл, тухайн үед тэнд явж байгаад хараад түүчихсэн Өвсийг түүхдээ ганцаараа явсан. Түүсэн өвсөө гэртээ авч ирээд хатаагаад, утаат тамхи шиг хэрэглэсэн. Мөн хуванцар саванд хийгээд, савны ханыг цоолоод хуйлсан мөнгөн дэвсгэрт хийгээд сорсон Би сонирхоод л өвс хадгалсан. Ер нь хэрэглэх санаатай евс хадгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Ээжийгээ гомдоосондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гадаад пасспортны хуулбар /хх-ийн 58-59 тал/, Н.Б-ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 тал/, Н.Б-ын төрсний гэрчилгээ /хх-ийн 61 тал/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 62-65 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 тал/, гадаад пасспорт дахин авсан тухайн лавлагаа /хх-ийн 94 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 тал/, Үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96 тал/, Хил Хамгаалах Ерөнхий газрын хилээр орсон гарсан талаарх лавлагаа /хх-ийн 98 тал/, Автотээврийн үндэсний төвийн тээрийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 99 тал/, Улсын Ерөнхий бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 102 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн шүүгдэгч Н.Б-ын “...2020 оны 4 дүгээр сарын 18-нд газ дэлбэрч түлэгдсэн, ...эрчимт эмчилгээний тасагт хэвтэж мэс засал хийгдэв...” гэх 13 хуудас үзлэгийн дэвтэрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “...40 хувийн түлэгдэлтэй болохыг тодорхойлов...” гэх комиссын шийдвэр, эмнэлгийн магадлагаа, биеийн 40 хувийн түлэгдэлтийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хэвтэн эмчлүүлэх бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Бор нуур сумаас “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар олж авсан, хатааж бэлтгэсэн, улмаар Баянгол дүүргийн 0 дугаар хороо, “Эрин” хороолол 0 дугаар байрны 0 тоот гэртээ хадгалсан болох нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, “Эрин” хорооллын 0 дугаар байрны 0 тоот Н.Б-ын гэрт 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэхдээ гэрээс нэг сонин үнэр гараад байдаг байсан. Гэрээс эвгүй үнэртээд байхаар нь Б-аас юу болох талаар нь асуухад Б надад “Би өвс татдаг” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1784 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1787 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүгдэгч Н.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисийг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

Мөн Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхитэй үйлдлийг ойлгоно.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Шүүгдэгчийн хууль бусаар олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу 2019 оны 8 сард үйлдэгдсэн тул зөвтгөн, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд гэм буруутайд тооцуулах...” дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий байна.  

Дээрх байдал нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, энэ гэмт хэргийн шинж хангагджээ.

Иймд шүүгдэгч Н.Б-ын  2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Бор нуур сумаас “өвс” гэх нэршилтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар олж авсан, хатааж бэлтгэсэн, улмаар Баянгол дүүргийн 0 дугаар хороо, “Эрин” хороолол 0 дугаар байрны 0 тоот гэртээ 5,0504 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хатааж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Н.Б-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хатааж бэлтгэсэн; хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.  

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дэх заалтад заасан өөрийгөө илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Мөн шүүгдэгч Н.Б-рын хувийн байдал тогтоосон нотлох баримтуудаар тэрээр 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн бага насны хүүхэдтэй, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба 2020 оны 4 дүгээр сарын 18-нд өдөр газ дэлбэрлэлт өртөж, биеийн 40 хувь түлэгдсэн, одоо байнгын эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа болох нь тогтоогджээ.

Иймд дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал болон хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөн ангилалын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Н.Б-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг шүүгдэгч Н.Б-т тайлбарлаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан цэврээр 2.5175 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, “Гоё цай” гэсэн бичигтэй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

Иймд Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон, цэврээр 2.5175 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, “Гоё цай” гэсэн бичигтэй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэрэг эд мөрийн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А овогт Н-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Б-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэврээр 2.5175 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис, “Гоё цай” гэсэн бичигтэй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас зэрэг эд мөрийн баримтыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд сануулсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА