Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/05899

 

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/05899

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 45/1 дүгээр байрны 02 тоотод оршин суух, Бэх овогт Бэх-Очирын Хөлгөн /РД-ЧИ80061017/,

Хамтран нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу-29, Хархорин төвийн 612 тоотод оршин байгаа Хот мандал менежмент ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 19 дүгээр байрны 79 тоотод оршин суух, Цэцэн-Уул овогт Майдарын Амаржаргал /РД-ХВ66053163/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбийн 2-20 тоотод оршин суух, Түмэн овогт Батчулууны Цолмон /РД-ХА77101118/,

Хамтран хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метробизнес төвийн 901 тоотод оршин байгаа Ихмандах үйлст ХХК /РД-5715423/ нарт холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 184,368,560 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хөлгөн, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа /шүүхэд төлөөлөх эрх-0576/, хариуцагч М.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр, хамтран хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Хөлгөн, Хотмандал менежмент ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хотмандал менежмент ХХК-тай хамтарч хариуцагч нараас 184,368,560 төгрөг нэхэмжилж байна. Учир нь уг зээлсэн мөнгө нь миний 100 хувийн эзэмшлийн компани болох Хотмандал менежмент ХХК-иас гарсан юм.

2015 оны 02 дугаар сарын эхээр манай компани дээр М.Амаржаргал, Б.Цолмон нар ирж, танай компани зээл олгодог гэж байна. Бид зээл авах гэж явна гэж хэлсэн. Би тэднээс та нар ямар компанид ажилладаг, ямар үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ гэж асуухад Б.Цолмон би Их мандах үйлст ХХК-ийн гүйцэтгэх захирал, М.Амаржаргал тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал гэж танилцуулсан. Тэд компанийнхаа хэрэгцээнд вибратор гэх тоног төхөөрөмж авах гэж байгаа гэж хэлсэн. Тиймээс би компанийн үйл ажиллагаатай очиж, танилцахад Буянт-Ухаагийн урд хэсэгт хайрганы карьертай, нэлээдгүй олон тоног төхөөрөмжтэй байсан тул тэдгээрийг харгалзаж үзээд зээл олгохоор болсон. Ингээд бид 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 50,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцон 15/15 тоот зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн барьцаанд Б.Цолмон, М.Амаржаргал нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоот хаяг бүхий 282.88 м.кв талбайтай зуслангийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 15/Б15 тоот барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Зээлдэгч нар 2015 оны 3 дугаар сард зээлийн хүүд 1633 ам.доллар, 4 дүгээр сард 1750 ам.доллар төлсөн ба түүнээс хойш төлөлт хийгээгүй. М.Амаржаргал, Б.Цолмон нар зээлийн эргэн төлөлтийг 3 сар графикийн дагуу төлөөгүй тул зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан. Үүний дагуу зээлдэгч нар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг буюу тухайн өдрийн ханшаар 507 ам.долларыг дансаар төлсөн. Түүнчлэн санхүүгийн нөхцөл байдал муу байгаа учир гэрээг сунгаж өгөхийг надаас удаа дараа бичгээр хүссэн.

Зээлдэгч Б.Цолмон, М.Амаржаргал нар нь зээлийн гэрээг сунгаж өгөхийг хүсч 5, 6, 7 дугаар сарын хүү болон алданги нийт 8,000 ам.долларыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд зээлдэгч Б.Цолмон, М.Амаржаргал нар санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа тул зээлийн гэрээг дахин 3 сараар сунгаж өгөхийг хүссэн.

Зээлдэгч нар 5, 6, 7 дугаар саруудын хүү алдангийг бэлнээр төлөх боломжгүй тул 50,000 ам долларын зээл дээр 8,000 ам.доллар нэмж зээлснээр тооцож гэрээг сунгах хувилбарыг санал болгосон. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, үндсэн зээлийг 58,000 ам.доллар болгон өөрчилсөн. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээг дахин 3 сараар сунгаж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

Эхний зээлийн гэрээнд Б.Цолмон гарын үсэг зурсан бөгөөд өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэрээг шинэчлэж, 58,000 ам.долларын гэрээ байгуулсан. Энэ гэрээнд М.Амаржаргал, Б.Цолмон нар гарын үсэг зурсан.

Ингээд зээлдэгч нар гэрээний үүргээ 2015 оны 8 дугаар сараас эхлэн огт биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хооронд зээлдэгч нарын оршин суугаа хаягаар удаа дараа очсон боловч хаяг дээрээ байхгүй, утсаа авахгүй байсан учир би 2016 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн цагдаагаас уг хэргийн талаар шалгаж, Б.Цолмон, М.Амаржаргал нараас байцаалт авсан бөгөөд тэд мэдүүлэгтээ Б.Хөлгөнөөс зээлсэн 50,000 ам долларыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Бид Б.Хөлгөнтэй, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэ асуудал дээр ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй. Бид Б.Хөлгөнөөс зээлсэн мөнгөө хүлээн зөвшөөрч байна. Тиймээс уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж мэдүүлсэн тул хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хаасан учир уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тиймээс үндсэн зээл 50,000 ам доллар /2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн нэмэлт гэрээнд 5, 6, 7 дугаар сарын хүү, алдангийг үндсэн зээл дээр нэмж тооцох нь хүүгээс хүү тооцоход хүргэсэн тул нэмж зээлсэн 8,000 ам долларыг хассан/, зээлийн хүү 9,993 ам.доллар /5, 6, 7, 8, 9, 10 дугаар сар буюу нийт 6 сарын хүү 10,500 ам доллараас 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 507 ам.долларыг хассан/, алданги 29,996 ам.доллар /үндсэн зээл болон хүүг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон/ нийт 89,989 ам.доллар буюу 184,368,560 төгрөг /Монгол Банкны 1 ам.долларын ханш болох 2,048.79 төгрөгөөр тооцсон/-ийг хариуцагч М.Амаржаргал, Их мандах үйлст ХХК нараас тавь тавин хувиар нь гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Цолмон олдохгүй байгаа учир түүнээс татгалзсан гэв.

Хариуцагч М.Амаржаргалын итгэмжлэгдсэнд төлөөлөгч Б.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн тайлбараас сонсоход М.Амаржаргалд холбогдуулж 92,184,280 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч хэлэхдээ уг мөнгийг Хотмандал менежмент ХХК-ийн данснаас гаргасан гэж хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч компаниас Б.Цолмонд 50,000 ам.доллар өгч байх үед М.Амаржаргал байгаагүй бөгөөд мөн Б.Хөлгөнөөс зээл аваагүй, нэхэмжлэгчээс зээлсэн гэх мөнгөнөөс өөрийнхөө хувьдаа нэг ч төгрөг зарцуулаагүй. Мөн анхны зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Хариуцагч М.Амаржаргал нэхэмжлэгчээс зээлсэн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа хэрэглээгүй байж энэ их хэмжээний өрөнд орж байгаадаа гомдолтой байна. Мөн М.Амаржаргал нь Б.Цолмонгоос ч нэг ч төгрөг аваагүй. Хариуцагч М.Амаржаргал нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан гэдэгт маргадаггүй боловч зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй учир хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй гэв.

Хамтран хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн захирал М.Цогтоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хөлгөний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2015 оны 02 дугаар сарын 17-нд байгуулсан зээлийн гэрээний зүйл 50,000 ам.доллар, түүний 6 сарын хүү болох 9,993 ам.долларыг эргэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Б.Хөлгөн, Б.Цолмон нар зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийн талаар буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн буюу бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцохоор тодорхой заагаагүй байж нэхэмжлэгч нь алданги болох 29,996 ам.доллар төлүүлэхээр түүнчлэн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хамтран хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын хувьд нэхэмжлэгч Б.Хөлгөн болон Хот мандал менежмент ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компани нь Б.Цолмонтой зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд гэрээнд Их мандах үйлст ХХК гэсэн үг, үсэг огт байхгүй. Харин Б.Цолмонтой 50,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна. Хариуцагч М.Амаржаргал, Б.Цолмон нарын өгсөн зээлийг Их мандах үйлст ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбар, мэдүүлгийг үндэслэж манай компанийг хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй тул тус компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлснийг компанийн ажилтан буруу агуулгатай албан бичиг бичээд ирснийг захирал М.Цогтоо анзааралгүй гарын үсэг зураад тамга дараад явуулчихсан юм байна лээ гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Хөлгөн нь хариуцагч Б.Цолмон, М.Амаржаргал, Их мандах үйлст ХХК нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 184,368,560 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цолмонг албадан ирүүлэхээр 10 дугаар тойргийн Тахарын албанд даалгасан боловч Монгол Улсын хилээр гарч явсан байсны улмаас түүнээс татгалзжээ.

Улмаар хамтран нэхэмжлэгчээр Б.Хөлгөнийн 100 хувийн хөрөнгө оруулалттай Хотмандал менежемент ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... зээлийн гэрээг Б.Цолмонтой байгуулсан, ... М.Амаржаргал мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа хэрэглээгүй, ... Ихмандах үйлст ХХК нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, ... хамааралгүй гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Хөлгөн нь Б.Цолмонтой 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15/15 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 50,000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамжны 29 тоотод байрлах 282,88 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-4-6, 10-12 дугаар тал/

Дээрх гэрээнүүд нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлага хангасан, талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хамтран нэхэмжлэгч Хотмандал менежмент ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, Б.Хөлгөн нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлаар бүртгэгдсэн байдаг. /хх-127-131 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Б.Хөлгөн, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хотмандал менежмент ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтын байгууллагын нэр гэдэг дээр Хотмандал менежмент ХХК, Б.Хөлгөн гэж бичиж Б.Цолмонгоор гарын үсэг зуруулан, түүнд 50,000 амдолларыг бэлнээр хүлээлгэн өгчээ. /хх-13 дугаар тал/

Хариуцагч М.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн, хуулийн этгээдийн хэнийх нь данснаас мөнгө гарсан нь тодорхойгүй гэж мэтгэлцдэг.

Шүүх нэхэмжлэгч Б.Хөлгөн, хариуцагч Б.Цолмон, М.Амаржаргал нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан зээлийн болон ипотекийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч тал уг зээлийг компанийн данснаас гаргасан гэх боловч үүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй боловч шүүх хуралдаанд ... бэлэн мөнгө өгсөн талаар баримт бичиж өгөх гэтэл манай компанийн баримт байсан, түүнээс би яг Хотмандал менежмент ХХК-ийн мөнгөнөөс зээл олгосон юм биш гэж тайлбарлаж байна. /хх-139 дүгээр хуудас/

Түүнчлэн хариуцагч М.Амаржаргал, Б.Цолмон нар эрүүгийн журмаар шалгуулж байхдаа өгсөн тайлбараас үзэхэд хариуцагч нар Б.Хөлгөнөөс 50,000 ам.долларыг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, зээлийг төлнө, уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан гэдэг нь хэргийн 28-30 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн захирал М.Цогтоогийн, нэхэмжлэгч Б.Хөлгөний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээл, зээлийн хүү зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна. /хх-57 дугаар тал/

Мөн барьцааны гэрээнд хариуцагч М.Амаржаргал гарын үсэг зурсан байдаг төдийгүй талууд 02 дугаар сарын 17-ны өдрийн 15/15 тоот зээлийн гэрээнд мөн оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа М.Амаржаргал нь хамтран зээлдэгчээр орж, гэрээний үнийн дүнг 58,000 ам.доллар болгон, гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх-7-8 дугаар тал/

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Хөлгөн нь Б.Цолмонтой зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлсэн гэх үйл баримт нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх ба хариуцагч М.Амаржаргалын хувьд тус гэрээний харилцаанд хамтран зээлдэгчийн үүрэг хүлээн орж ирсэн байна.

Ингэснээр Б.Цолмон, хариуцагч М.Амаржаргал нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон ба мөн зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч тал нь аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

Хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүйн гадна талууд зээлийн гэрээний хугацааг 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоож, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон байна.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Амаржаргалаас үндсэн зээлд 50,000 ам.доллар, хүү 9,993 ам.доллар, алданги 29,996 ам.доллар, нийт 89,989 ам.доллар буюу 184,368,560 /нэг зуун наян дөрвөн сая гурван зуун жаран найман мянга таван зуун жаран/ төгрөг гаргуулан Б.Хөлгөнд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч болон хамтран хариуцагч Их мандах үйлст ХХК-ийн хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байх тул тус компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн, хариуцагч Б.Цолмонгоос татгалзсаныг баталж, Б.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрших, улсын бүртгэлийн Ү-2206038354 дугаартай, 282,88 талбайтай, зуслангийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,079,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Амаржаргалаас 1,079,793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хөлгөнд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Амаржаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 184,368,560 /нэг зуун наян дөрвөн сая гурван зуун жаран найман мянга таван зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хөлгөнд олгон, хамтран хариуцагч Их мандах үйлст ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрших, улсын бүртгэлийн Ү-2206038354 дугаартай, 282,88 талбайтай, зуслангийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн, хариуцагч Б.Цолмонгоос татгалзсаныг баталж, хариуцагч Б.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,079,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Амаржаргалаас 1,079,793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хөлгөнд буцаан олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД