Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 547

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б овогт П-ын Б холбогдох эрүүгийн 2005010680707 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д оператор ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт ...... аймгийн ...... сумын ..... дугаар баг ...... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай боловч .... дүүргийн .... дугаар хороо .....дугаар байрны .....тоотод оршин суудаг гэх, /РД:/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-ын Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 27 тоотод оршин суух гэртээ хохирогч Ж.Б-ын  “агсам согтуу тавьж, аяга таваг хагаллаа” гэх шалтгаанаар цээж, толгой, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор салстын цус хуралт” бүхий хөнгөн санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 27 тоотод оршин суух гэртээ хохирогч Ж.Б-ын  цээж, толгой, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор салстын цус хуралт бүхий хөнгөн санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Ж.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хөтөл тэлмэн” ХХК-ний бетон зуурмагийн үйлдвэрт ажилд орсон юм. 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр манай ажлын газрын хүмүүс ажлын хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тухайн үед ажлаа хийгээд байж байтал нэг танихгүй ах намайг дуудаад ахын дүү нэг татчих гэсэн. Би шинээр ажилд орсон хүн тул ажлын газрын хүмүүстэй нийтэч байх гээд нэг татчихсан. Тэгээд орой ажил тараад Баянгол дүүргийн 8 дугаар хороо 16 дугаар байр буюу намайг зодсон Б гэх залуугийн гэрт нь орой 19 цагийн үед очиж бүгдээрээ нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед 10-12 хүн 0.75 граммын Ивок нэртэй архи, 2 шил 0.75 граммын Хараа архи уусан. Бид нарыг уугаад сууж байтал тэнд байсан хүмүүс нэг нэгээрээ явсаар сүүлд Б, Бөхөө гэх хоёр ах ба би нэгийг нь сайн мэдэхгүй байна намхан бүдүүн жолооч ах гуравтай хамт үлдсэн. Бид нар архи уугаад сууж байх үед би санамсаргүй нэг шилэн аяга газарт унагаагаад хагалчихсан юм. Тэр үед Б жаахан уурлаж байсан. Тэгээд бид нар сууж байхад тэнд байсан Бөхөө болон нэрийг нь мэдэхгүй ахтай инээгээд яриад байж байсан чинь гэнэт Б “чи ер нь миний ахыг юу гээд байгаа юм” гэж хэлээд намайг бариад авсан. Би тэгэхээр нь за за явлаа гээд хаалга руу явсан чинь миний ард талаас Б гэх залуу барьж аваад толгой нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод би газарт унасан чинь миний дээрээс сууж байгаад дахин толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Бөхөө гэх ах Бямбааг салгаж татаад босгосон чинь босох үедээ миний нүүр хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. ...Зодуулсны улмаас миний зүүн нүд хөхөрч, хавдаж, цус хурсан байсан. Мөн эрүү гажаад юм зуухаар өвдөөд далий зуудаг болсон. ...Миний толгой хэсэгт Б гэх залуу олон удаа цохиж өшиглөсөн уг гэмтлүүд нь ерөнхийдөө миний толгой нүүр хэсэгт учирсан гэмтэл байна. Уг гэмтлүүдийг бүгдийг нь Б гэх залуу учруулсан. ...Би гомдолтой байна...” /хх-ийн 6-8 тал/,

Гэрч Л.О-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай ажлын газрын жолооч нар машинуудаа компаний засварт засуулж байх үедээ жолооч нар 2.5 литрийн 2 ширхэг пиво уусан юм. Тэгээд пиво уугаад байж байх үед ажлын газрын цаг тараад манай ажлын залуучууд нийлээд манай ажлын Бя гэрт очсон. Б-н гэрт бид нар ирээд 1 шил 0.75 литрийн хараа архи, 5 литрийн айраг ууцгаасан. ...Бид дөрөв Бя гэрийн том өрөөнд үлдсэн архиа уугаад юм яриад сууж байсан чинь манайд шинээр ажилд орсон Бөхөө гэдэг хүүхэд агсам тавиад байсан. ...Бөхөө гэдэг хүүхэд ширээн дээр байсан аяга таваг хагалчихаад бурхан тахил руу нь архи цацсан гээд Бя уурлаад хэд хэд цохисон. Би тэр хоёрыг юу болоод байгаа юм бэ боль гэж болиулаад салгасан. Бөхөө гэдэг залуу та намайг бас зодох гэж байгаа юм уу гэж агсам тавьсан. Би Бөхөө гэх залууг юу яриад байгаа юм бэ гээд салгаад байж байсан чинь цаад жижиг өрөөнд ороод миний бие өвдөөд байна гэж хэлээд орилоод дээшээ хараад хэвтчихсэн. Би Б гэх залууг дээшээ бос гээд гараас нь татаж бие өвдөөд байна өвдөөд байна гэхээр нь сэргээх гэж цээжин дээр нь хүйтэн ус цацсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлын цаг тараад манай ажлын 6-7 залуучууд нийлээд ажлын Бя-ын гэрт очсон. ...бид нар Б-ын том өрөөнд суугаад үлдсэн архиа уугаад сууж байсан чинь Б-т гэх залуу ширээн дээрээс аяга хагалж Бя чи яагаад аяга хагалж байгаа юм бэ гэж хэлээд буйдан дээр хажуу талд нь суугаад тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. ...Тэр үед нь би гадагшаа гарчихсан сайн мэдэхгүй байна... ...Ерөнхийдөө бол бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3693 дугаартай “...Ж.Б-ын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх-ийн 52, 55 тал/,

Хохирол төлбөр нөхөн төлсөн талаарх баримт /хх-ийн 53-54 тал/

Шүүгдэгч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт Б, Б, О бид нар үлдсэн. Бид дөрөв үлдээд манай том өрөөнд юм яриад сууж байсан чинь манай ажилд шинээр орсон Б гэх залуу ширээн дээр байсан аягыг гараараа татаж унагааж хагалсан. Тэгээд Б  бид хоёр хоорондоо маргалдаж бид хоёр хоорондоо цохилцсон. Би Б ын нүүр гэдэс хэсэгт нь гараараа 3-4 удаа цохисон. Харин Б  миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед О салгаж бид хоёрыг хоёр тал руу нь болгож намайг жижиг өрөө рүү авч орсон чинь Б  чанга чанга орилоод байхаар нь би очиж дахин цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохиж О салгаад удаагүй цагдаа нар орж ирсэн. ...Би Ж.Б ыг гараараа 3-4 удаа нүүр цээж хэсэгт нь цохисон. ...Би шинжээчийн дүгнэлтүүдийг уншиж танилцсан. Дүгнэлтүүдтэй холбоотой гарах санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөр 1.000.000 төгрөг Ж.Б ад өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32тал/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 34 тал/, нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 37 тал/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 40-42 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Б-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 20-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч П.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-ын  биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор салстын цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3693 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч П.Б нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 0 тоотод оршин суух гэртээ хохирогч Ж.Б-ын  “агсам согтуу тавьж, аяга таваг хагаллаа” гэх шалтгаанаар цээж, толгой, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор салстын цус хуралт” бүхий хөнгөн санаатай учруулсан

үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.Б-ын Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хавтас хэргийн 54 дэх талд хохирогч хохирол төлбөрт 1.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хавтас хэргийн 53 дахь талд авагдсан баримтаар шүүгдэгч П.Б нь 120.000 төгрөгийг төлсөн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...880.000 төгрөгийг авсан...” гэж хохирогч мэдэгдсэн байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б нь хохиролд тооцож 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч П.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.Б-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.Б-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Бямбажавт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.