Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 549

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

Улсын яллагч Г.Намжил,

Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Д.Г /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 00-43/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн О холбогдох эрүүгийн 201526021042 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын ….ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн графикч мэргэжилтэй, “Хөгжлийн салхи” төрийн бус байгууллагад радио хөтлөгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ....... дүүрэг ..... дугаар хороо ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..... аймаг ...... сум ....... баг .......гудамжны ...... тоотод оршин суудаг /РД: / урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Б-ийн О.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О нь 2015 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 106 дугаар байрны гадаа Л.М-г хутгалж, биед нь баруун суганы урт шугамаар 5-6-р хавирганы завсараар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн “...Уг зүүн болон баруун хэсэгт байрлах модон саравч нь 2.5*2.5 метрийн 3 метр өндөртэй саравч байх ба зүүн саравчнаас 2.5 метр зайд талбайн голд 5*5 метрийн хэмжээтэй бөөрөнхий хэлбэрийн хүүхдийн элсний талбай байна. Элсний талбай дээр хүүхдүүд тоглож байх ба зүүн баруун саравчинд хүмүүс амарч сууцгааж байв. Зүүн талын саравчны ойр орчимд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй, ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй, саравчны хана хэсгийг дагуулан сандал байрлуулсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 5-6, 7 тал/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн “...Уг П хэлбэртэй байрны баруун талд 104 дүгээр байр уртаашаа хэлбэртэй байх ба уг байрны ертөнцийн зүгээр чанх урд байрлалтай 2 модон саад байв. Зэрэгцээ байрлалтай 2 модон саадны зүүн талын сааданд найзуудтайгаа хамт сууж байсан гэж заах ба баруун талын сандалд нөгөө залуучууд сууж байсан гэж заав. Үзлэгийн цааш үргэлжлүүлэхэд хохирогч Л.М өөрийг нь хутгалсан газрыг 104 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд машин зам дээр хутгалсан гэж заав. Үүний дагуу хэрэг болсон гэх газар хурц үзүүртэй зүйл хайсан боловч харагдаагүй, анзаарагдаагүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 8-9,10-11 тал/,

Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 33 тал/,

Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн “...Харин 7 дугаарт дугаарлагдсан залуу намайг хутгалсан залуу мөн байна, тухайн үед энэ залуу бид нар дээр хүрч ирж байсан учраас царайг нь сайн харсан байсан. Энэ залуу тухайн үед шоорт фудволктай явж байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 36, 37-41 тал/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 42-49 тал/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай “...1 ширхэг хөх өнгийн фудволкийг эд мөрийн баримтаар тооцож, уг хэрэгт хавсаргахаар тогтов...” гэх тогтоол /1 хх-ийн 50 тал/,

Хохирогч Л.М-гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 00 цагийн үед найз Энхболд, Г , П , С , И  нарын хамт гэрийнхээ гадаа Голден паркын 104-р байрны ертөнцийн зүгээр баруун урд талын хүүхдийн сааданд сууж байсан. ...2 литрийн Боргио нэртэй пиво уугаад сууж байсан. Бид нарын сууж байсан саадны хажууд 6 залуу сууж байсан ба манай найз Г  тэр залуучууд дээр очиж тамхи асуухад байхгүй гэсэн. ...Г  тэр залуучуудаас нэг залууг нь “хөөе хүрээд ир” гэж дуудахад сүүлд нэрийг нь мэдэх болсон О-т гэх залуу ганцаараа бид нар дээр ирсэн. Г  дахиад тамхи асуухад байхгүй гэж хэлэхэд Б.О-ыг  “чи ямар том том юм ярьдаг юм бэ” гээд яриад байж байтал нөгөө найзууд нь сааданд сууж байхдаа бид нар руу яах гээд байгаа юм бэ уулзах гээд байгаа юм бол хүрч ирээд уулзчих гэж хэлэхэд С , И  2 тэр залуучууд руу сааданд явж очсон. ...Отгонтэнгэрбат гэдэг залуу Г тай муудалцаад бид нараас холдоод ертөнцийн зүгээр зүүн тийшээ машины ойролцоо явж очоод заамдалцаж байсан. ...Дөнгөж яваад буцаад Г  бид нар руу гүйж ирээд намайг цохичихлоо шүү дээ гөлөгнүүд ална гэж хэлээд байж байтал миний гар утас руу Б  гээд найз залгахаар нь зогсоол дээр тавьсан байсан машинуудын голоор ороод 106-р байрны орчим очоод буцаад найз руугаа ирэхэд манай найз С  104-р байрны орцны гадна ганцаараа газар хэвтчихсэн. Тэр найзууд нь өшиглөж байхаар нь би очоод салгах гэтэл хажуу талаас нэг залуу миний нүүр рүү гараараа цохисон. …Тэр үед миний зүүн талын хөмсөгнөөс цус гараад тэрийгээ арчаад зогсож байтал Отгонтэнгэрбат ертөнцийн зүгээр зүүн талаас ганцаараа гүйгээд хүрч ирээд шууд миний баруун цээжний орчим нэг зүйлээр хатгачихаад би машины голоор орж зугтаахад араас хөөгөөд би зугтаасан. Төрөө, П  2 ...өөдөөс гарч ирээд тэр хоёр дээр очоод намайг хутгалчихлаа гэж хэлээд 103 дуудсан. ...маргалдаж байхад манай найзууд хутгатай байна гэж хэлж байсан цагаан өнгийн хутга шиг зүйл гялалзаад байна гэж хэлсэн. …Одоо бодоод байхад уг зүйл нь хутга байсан. Миний харснаар ил харагдах хэсэг нь 6 см орчим урттай гэхээр тонгорог байсан юм болов уу гэж харж байна. Би хохиролд тооцож 1.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 52-54, 55-56, 2 хх-ийн 107-108 тал /,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 104 дүгээр байрны гадаа тоглоомын талбай дээр сааданд Гансүх, Эрдэнэболд, Содбилэг, Мөнхнасан, П  нартай 6-лаа уулзаад 2 литрийн пиво уугаад байж байсан. Бид нар тамхигүй болчхоод хажуу талын сааданд сууж байсан 5-6 залуучууд нараас тамхи асуухад байхгүй гэж байсан. ...Гансүх тэд нараас нэг залууг дуудаад шоорттой байсан залуу /О/ бид нар дээр ирээд Содбилэгтэй юм яриад байсан. ...Гансүх тэр шоорттой залууг мөрлөөд цаашаа авч яваад машины зогсоолын тийшээ яваад ...ирэхдээ тэр залууг хутгатай байна, намайг дүрчихлээ гээд гүйгээд ирсэн. Тэгээд фудволкыг нь сөхөөд үзэхэд зүгээр байсан. Гансүх газраас чулуу аваад газар руу шидээд ална гэж хэлээд нөгөө залуучууд руу гүйгээд явчихсан. П  бид хоёрыг очиход. ...нөгөө шоорттой байсан залуу бид нар руу хутга бариад урдуураа цавчаад бид нар айгаад хойшоо болсон. Тэр үед 104-р байрны жижүүр гарч ирээд тэд нарыг боль гээд хутга барьсан шоорттой залуугийн гарнаас нь бариад одоо боль гэж хэлж байсан. ...тэр үед Мөнхнасан Содбилэгийн ойролцоо зогсож байсан ба хутга барьчхаад хойшоо явахдаа хажууд нь байсан Мөнхнасанг хутгалаад цаашаа явчихсан байсан. ...Хурц үзүүртэй зүйл байсан, шил бол биш гэж бодож байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 63-65 тал/,

Гэрч Н.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 01 цагийн үед эхнэртэйгээ хамт 106-р байрнаас гараад тамхи татах гээд гарсан. Тэр үед 105-р байрны гадаа хэдэн залуучууд зодолдож байсан. ...Тэр залуучууд хэд хэдээрээ зугтаагаад явцгаачихсан. Тэр үед нэг залуу том том дуугараад ална гээд орилоод байсан. ...Очиход нэг залуу нь цээжнийхээ баруун хэсэгт хутгалуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66- 67 тал/,

Гэрч П.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 104-р байрны жижүүр хийдэг. Тэр өдөр шилжих шөнийн 01 цаг шиг санагдаж байна, нөхөр Б-тай хамт тамхи татах гээд 106-р байрнаас гарч явсан. Тэгтэл пир пар гээд хэдэн залуучууд гүйлдээд шаагилдаад 105-р байрны гадаа байцгааж байсан. Хоорондоо зодолдох шиг харагдсан гэхдээ хэн хэн нь зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. ...Тэр үед нэг залуу гартаа хутга барьчихсан, ойртсон хүнийг ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “хүүе та нар болиоч” гэхэд ална шүү та нарыг бүгдийг чинь гээд орилоод байсан. Тэгтэл удалгүй нэг залуу хутгалчихлаа гээд орилсон. Манай нөхөр бид хоёр хутгалуулсан гэх залуу дээр очиход цээжний баруун талд хутгалуулсан юм шиг цус гоожиж байсан. ...Нэг залуу гартаа үзүүртэй юм барьчихсан, өнгө нь цайвар цагаан өнгийн зүйл шиг харагдсан, гарнаасаа ойролцоогоор 4-6 см хэмжээтэй ил гаргачихаад ойртвол ална гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 68-69 тал/,

Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Мөнхнасанг хутгалдаг залуу бид нар руу хутга шиг юм далайгаад урдуур бариад байсан. Тэгээд гэнэт Мөнхнасан хутгалуулчихсан бид нар дээр ирсэн. Бид хоёр тэд нараас жаахан зайтай байрны гадаа зогсож байсан. Мөнхнасангийн өмсөж явсан ..фудволкийг дээш нь сөхөөд харахад цээжний баруун хэсэгт шарх байсан. Маш их цус алдаж байсан. Тэгээд би өөрийнхөө гар утаснаас түргэн тусламж дуудаад Батлан хамгаалах яамны эмнэлэг рүү явч явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-79 тал/,

Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанаа намайг дуудаад хоёулаа юм яриадахья гээд 104-р байрны орцны урд байдаг машины орчим очсон. Намайг хүзүүдчихсэн байж байснаа баруун гараараа гартаа байсан нэг зүйлээр хатгах гэж байсан. Тэгэхээр нь би сандарсандаа гарыг нь барьж аваад машины хамар дээр ноцолдоод цааш нь түлхээд найзууд руугаа гүйж очоод хутгатай байна шүү дээ гэж хэлсэн. Би Л.М-гийн  араас гүйгээд очиход Мөнхнасан машины голоос гарч ирэхээр нь харахад хөмсөг нь цус болсон байхаар нь хөмсөг чинь гайгүй юу гэхэд намайг 1 дүрчих шиг боллоо хөмсөг гайгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Мөнхнасангийн водволкыг сөхөөд үзэхэд цээж нь цус болчихсон, цус гарч байсан. ...Би тухайн үед хутга гэж харсан. Гарыг нь барьж зууралдаж байгаад машины хамар дээр өнхөрч байгаад хутгыг нь унагаасан. Тэгснээ нөгөө хэд дээрээ очоод наадах чинь хутгатай байна гэж хэлээд урагшаа шийд рүү гүйсэн. Гүйж байхдаа нөгөө хэд рүү чулуу шидэхэд хөөхөө болиод хутгатай байсан залуугаа барьж авч байсан. Тэгэхээр нь бид нар очих гэтэл нөгөө Мөнхнасанг хутгалдаг залуу Мөнхнасан бид хоёр руу гүйсэн. Би урагшаа гүйгээд Мөнхнасан машинуудыг голоор орсон. Зугтаж байгаад хэсэг хугацааны дараа нөгөө хэдийгээ хайгаад очиход Мөнхнасан машины голоор гарч ирээд харсан чинь фудволк нь цус болчихсон байхаар нь наадах чинь яасан юм бэ гэтэл Мөнхнасан өөрөө мэдээгүй байснаа фудволкоо сөхөж хараад хутгалуулсан гэдгээ мэдсэн. Намайг харахад хавирганы гол хэсгээр их хэмжээний цус олгойдон гарч байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 80-82, 2 хх-ийн 103-104 тал/,

Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...шөнийн 01 цагийн үед ...Мөнхнасан зодуулаад байна гэхээр нь тагтан дээр гараад харахад байрны дор нэг залууг хэдэн хүүхдүүд газар унагаагаад зодож байсан. ...талбай руу яваад очтол манай дүү Мөнхнасан хутгалуулчихсан нэг саравчинд найзтайгаа хамт сууж байсан. ...цээжний баруун талд цус гарчихсан ерөөсөө тогтохгүй. ...1 см орчим хэмжээтэй урттай нарийхан шарх байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83-84 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9935, 1083 дугаартай “...Л.М-гийн  биед баруун суганы урд шугамаар 5-6-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, зүүн хөмсөгний няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Зүүн хөмсөгний шарх нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. ...баруун суганы урд шугамаар 5-6-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 92, 96-97 тал/,

Шинжээч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт дангаараа орно. Тухайн үед би хохирогчийн эмнэлэгт байх үед үзлэг хийсэн эмнэлгийн өвчний түүх дээр хурц ир үзүүртэй зүйлээр нэвтэрсэн шарх гэсэн байсан болохоор дүгнэлтийг хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 93-94 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 3816 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цамцанд зүсэгдсэн уранхай ир, мөртэй хутганы үйлчлэлээр гарсан байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 102 тал/,

Хохирогч Л.М-д хохирол нөхөн төлсөн “...Мөнхнасангаас уучлалт гуйж хохирлыг бэлэн мөнгөөр 1.500.000 төгрөгийг хүлээлгэн өгөв...” гэх баримт /1 хх-ийн 166 тал/,

Хохирогч Л.М-гийн  Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх / 1 хх-ийн 168-175 тал/,

 

Шүүгдэгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Л.М-гийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Би тухайн үед юугаар зүсэж гэмтээснээ санахгүй байна. Газар нэг юм гарт баригдахаар нь аваад далайтал нөгөө 2 залуу хойшоо болсон. Би М-д  эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийг эцэг эхээс нь уучлалт гуйж байгаад бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-122, 2хх-ийн 84-86, 130-131 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирогч Л.М-д хохиролд тооцож 500.000 төгрөг төлсөн баримт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Хөгжлийн салхи” төрийн бус байгууллагын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О  нь 2015 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 106 дугаар байрны гадаа Л.М-г хутгалж, биед нь баруун суганы урт шугамаар 5-6-р хавирганы завсараар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.  

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд манай дүү хүний үгнээс гараад байдаггүй, янз бүрийн муу муухай авир, уур уцаар байхгүй. Хүний үгэнд сайн ордог, ах эгч нарынхаа үгнээс гардаггүй. ...урьд өмнө зодоон цохион хийж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Энэ хэрэгт холбогдсоноос хойш манай дүү их гэмшиж байгаа. Манай дүү архи, тамхи хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-86 тал/, гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд их даруухан, хүн амьтан өдөхгүй л бол дуугүй л байдаг, Христийн шашин шүтдэг болохоор итгэл үнэмшилтэй ханддаг, хүмүүстэй нээх муудаад байдаггүй, муу хорт зуршил гээд байх зүйл байдаггүй. Хүний арга эвийг олохдоо сайн, архи тамхи хэрэглээд байдаггүй, муу муухай зан араншин байхгүй, зураглаачийн мэргэжлийн сургалтанд сууж ажил хийж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 87-88 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 217 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 134 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 135-138 тал/, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ /2 хх-ийн 139 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /2 хх-ийн 88, 140-141 тал/, ажлын газрын тодорхойлолт /2 хх-ийн 142 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.О  нь 2015 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 106 дугаар байрны гадаа Л.М-г хутгалж, биед нь баруун суганы урт шугамаар 5-6-р хавирганы завсараар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д “...цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх ...энэ ангилалд хамаарна” гэж зааснаар хохирогчийн биед учирсан дээрх баруун суганы урд шугамаар 5-6-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул шинжээч эмчийн 9935, 1083 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Л.М-гийн биед учирсан дээрх хүнд гэмтэл шүүгдэгч Б.О ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.О  гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь 2015 оны 7 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тооцогдоно.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ” гэж заасан.

 2002 оны оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Бусдын бие мөнхбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан” гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг болсон бөгөөд ял шийтгэлийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулиас хөнгөрсөн буюу хорих ялын доод хэмжээ багассан, мөн торгуулийн ял оногдуулах боломжтой болжээ. 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж дүгнэж, шүүгдэгч Б.О ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Д.Г нар нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж, улсын яллагч “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-гийн эрүүл мэндэд баруун суганы урт шугамаар 5-6-р хавирганы завсараар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч Б.Отготэнгэрбат нь хохиролд тооцож 2.000.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч Л.М-гийн “...Би хохиролд тооцож 1.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 107-108/,  “...одоо гаргах гомдол санал байхгүй. Хохирлын 1.500.000 төгрөг эмчилгээний зардал болгож авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55 тал/,” хэргийн материалтай танилцсан “...хавтас хэргийн материалтай танилцсан гомдол санал байхгүй...” гэх тэмдэглэлүүд /1 хх-ийн 176, 2 хх-ийн 146 тал/, Хохирогч Л.М-д хохирол нөхөн төлсөн “...Мөнхнасангаас уучлалт гуйж хохирлыг бэлэн мөнгөөр 1.500.000 төгрөгийг хүлээлгэн өгөв...” гэх хүлээлгэн өгсөн баримт /1 хх-ийн 166 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирогч Л.М-д 500.000 төгрөг төлсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.О аас гаргуулах хохирол төлбөргүй гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.О  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.О  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний санал үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.500 /арван мянга таван зуу/-н  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.О ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О ад талуудын тохиролцсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.500 /арван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өнгийн 1 ширхэг фудволкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ад 10.500 /арван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О ад мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч  Л.М-д хохиролд тооцож 2.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн 1 ширхэг фудволкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА