Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 432

 

     “Мөнх тэтгэгч хүч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/01070 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Мөнх тэтгэгч хүч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мандах булаг” ХХК-д холбогдох          

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 046 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигнямын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Мөнх тэтгэгч хүч” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани “Мандах булаг” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр №МТХ-МБ-09 тоот, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр МТХ/МБ-04 тоот өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх хоёр гэрээгээр тус бүрт 100 000 м.куб уулын цулын өрөмдлөг, тэсэлгээний ажлыг тухайн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу захиалагч талаас 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 4 удаа ажлын захиалга өгсөн. Захиалагчаас өгсөн захиалгын дагуу 2014 оны 7 дугаар сарын 25-нд 10421 м.куб, 2014 оны 10 дугаар сарын 01-нд 16185 м.куб, 2015 оны 7 дугаар сарын 02-нд 10000 м.куб, 2015 оны 9 дүгээр сарын 03-нд 10977 м.куб нийт 47583 м.куб уулын цулд тэсэлгээний ажил гүйцэтгэсэн. Гэрээнд заасны дагуу 1 м.куб цулыг 2250 төгрөгөөр тохиролцсон ч талууд харилцан тохиролцож хамгийн сүүлийн 10977 м.куб талбайг тэсэлсэн хөлсийг 1 м.куб цулыг 2200 төгрөгөөр тооцохоор үнийг бууруулсан. Ингээд нийт 106 512 900 төгрөгийн өрөмдлөг, тэсэлгээний ажил хийж гүйцэтгэснээс “Мандах булаг” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бэлнээр, дансаар, дайрга, шатахуун хэлбэрээр нийт 89 815 500 төгрөгийг “Мөнх тэтгэгч хүч” ХХК-д төлсөн байна. Манай компани өрөмдлөг, тэсэлгээний ажлыг цаг хугацаанд нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг баримтлан чанартай хийж гүйцэтгэсэн. Тэсэлгээний ажил тусгай зөвшөөрөл шаарддаг, цагдаа, мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор явагддаг. Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, тэсэлгээний аюулгүй ажиллагааны дүрэмд заасны дагуу тэсэлгээг хийхээс өмнө ажлын паспортыг батлуулж, холбогдох зөвшөөрлүүдийг авч, тэсэлгээ явагдсан даруйд тухай бүрт ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Мөн 4 удаагийн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор чанарын доголдлын тухай гомдлын шаардлага өнөөдрийг хүртэл захиалагч гаргаж байгаагүй. Түүнчлэн гэрээний 4.3-т зааснаар ажлын үр дүн буюу уулын цулын хэмжээг тооцохдоо ажлын паспортод тусгагдсан хэмжээгээр тооцохоор тохиролцсон тул ухаад хайрга болгосон хэмжээгээр ажлын үр дүнг тооцно, сүүлийн тэсэлгээнээс дутсан гэсэн тайлбар үндэслэлгүй. Өрөмдлөгийн ажлын тухайд бид бусдаар туслан гүйцэтгүүлсэн нь үнэн. Өрөмдлөгийн ажил тусгай зөвшөөрөл шаарддаггүй, тэсэлгээний ажлын бэлтгэл үе шатны ажил буюу тэслэх бодисоо байрлуулах зорилгоор цооног гаргах ажил. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.6-д гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэж зааснаас туслан гүйцэтгэгчийг оролцуулж болохгүй гэж заагаагүй. Захиалагч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж байгааг мэдэж байсан ба 2015 онд дахин гэрээ байгуулсан нь үүнийг зөвшөөрсөн гэдгийг харуулж байна. Энэ хугацаанд туслан гүйцэтгэгчтэй холбоотой ямар нэг санал хүсэлт захиалагч талаас гаргаагүй.  Бид гэрээгээр хүлээсэн үндсэн ажил болох тэсэлгээний ажлаа зохих журмын дагуу биечлэн гүйцэтгэсэн. Захиалагч тал тэсэлгээ хийх ажлын талбайг бэлдэж, захиалга өгөх үүргээ биелүүлээгүйгээс 100 000 м.куб цулыг тэслэхээр тусгагдсан ажлын тоо хэмжээ хүрэлгүйгээр гэрээний хугацаа дуусгавар болсон. Иймд “Мандах булаг” ХХК-иас 2014 онд гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 15 000 000 төгрөг, 2015 оны ажлын үлдэгдэл хөлс 1 697 400 төгрөг нийт 16 697 400 төгрөг, гэрээний 3.4-т заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацааны алданги 8 348 700 төгрөг нийт 25 046 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мандах булаг” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, Ө.Рэнцэнпэлжид нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Мөнх тэтгэгч хүч” ХХК-тай 2014, 2015 онд байгуулсан гэрээ тус бүрээр 100 000 м.куб уулын цулын өрөмдлөг тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Нийт 4 удаагийн үйлдлээр 47 583 м.куб талбайд тэсэлгээг хийсэн, ажлын хөлс 106 512 900 төгрөг болсон, үүнээс 89 815 500 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. Харин гэрээнд тусгасан 100 000 м.куб ажлын тоо хэмжээ гүйцээгүй тул гэрээ хэрэгжиж дуусаагүй, мөн талууд гэрээг дүгнээгүй, ажлыг актаар бүрэн хүлээж аваагүй байгаа. Мөн нэхэмжлэгч гэрээний 4.2, 5.1.6-д заасныг зөрчиж, өрөмдлөгийн ажлын паспортыг захиалагчид танилцуулаагүй, өрөмдлөгийн ажлыг биечлэн гүйцэтгээгүй бусдаар гүйцэтгүүлсэн. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч тал ухахад бэлэн болсон уулын чулуулгыг шилжүүлэх үүрэгтэй байтал тэслэх цооногийн нүхээ дутуу өрөмдсний улмаас 2015 онд гүйцэтгэсэн 2 удаагийн тэсэлгээний ажилд доголдол илэрсэн. Тэсэлсэн хэмжээндээ уулын цул хүрээгүй, дутуу тэслэгдсэн байдаг. Энэ тухай тус компанид мэдэгдэж, хариуцсан ажилтан нь өөрөө уурхайн талбайд очиж үзсэн. Түүнчлэн 2014 оны ажлын хөлсний үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2015 онд бүрэн төлж дуусгасан. Нэхэмжлэгч талын нотлох баримтаар өгсөн тэсэлгээний ажлын паспорт нь ажлыг хүлээж авсан гэсэн утгатай биш, зөвхөн гүйцэтгэх ажлын тоо хэмжээг, тэсэлгээ явагдсан гэдгийг л нотолж байгаа баримт юм. “Мөнх тэтгэгч хүч” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, талууд гэрээгээ дүгнээгүй, доголдол илэрсэн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Мандах булаг” ХХК-иас 25 046 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мөнх тэтгэгч хүч” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283 181 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2016/03981 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №МТХ-МБ-09 тоот, 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн МТХ/МБ-04 тоот Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх, гэрээнүүдийн 6.2.3-т "Гүйцэтгэгчийн хийсэн ажлыг шалгаж актаар хүлээн авна. Шалгах явцад доголдол илэрсэн бол түүнийг арилгуулах эсвэл ажлыг шинээр гүйцэтгэх хүртэл хүлээн авахгүй байх эрхтэй бөгөөд төлбөр төлөх үүрэг хүлээхгүй". 4.3-д "Захиалагч нь гэрээт ажлын үр дүн болох уулын цулын хэмжээг тооцохдоо өрөмдлөг, тэсэлгээний ажлын паспортод тооцоологдсон хэмжээгээр гүйцэтгэгчийн төлөөлөгчтэй хамтран шалгаж, акт үйлдэж тооцно” гэж заасан байдаг. Шүүх тэсэлгээний ажлын паспортонд заагдсан "Тэслэгдсэн уульн цульн гүйцэтгэл хүлээлцсэн акт" гэх нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг нарийвчлан анхаарч хяналгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Тухайлбал: 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/06 тоот, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/08 тоот, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/07 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 15/02 тоот "Тэсэлгээний ажльн паспорт"-уудад заагдсан Тэслэгдсэн уулын цульн гүйцэтгэл хүлээлцсэн 4 акт тус бүрийг үзэхэд 2014 оны 10 дугаар сарьн 01, 2015 оны 9 дүгээр сарьн 03-ны өдрийн актанд зөвхөн тухайн тэсэлгээ хийх үйл ажиллагаа журмьн дагуу явагдсан, ямар нэгэн аюул осол гаргаагүй тапаар тэмдэглэгдсэн бөгөөд захиалагч талын нэг төлөөлөгч гарын үсгээ зураагүй. Уг актыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах захиалагч талын буюу "Мандах булаг" ХХК-ийн албан ёсны тамга тэмдэг дарагдаж баталгаажаагүй. 2014 оны 7 дугаар сарын актанд захиалагч талын "Уурхайн маркшейдерийн, 2015 оны 7 дугаар сарыи 02-ны өдрийн актанд гүйцэтгэгч талын тэсэлгээний инженерийн гарын үсэг тус тус зурагдаагүй баримтууд хавтаст хэрэгт байх ба эдгээр актуудыг хуулийн хүчин төгөлдөр эрхийн акт” гэж үзэх боломжгүйг харуулж байна. Түүнчлэн дээрх актуудад хийгдсэн ажил үйлчилгээний нэрийг 4 өөрөөр тодорхойлон бичсэн нь ойлгомжгүй. Тэсэлгээний ажлын 02/08, 01/07, 15/02 паспортуудыг захиалагч тал зөвшөөрч баталгаажуулаагүй. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа гэрээ бүрэн хэрэгжээгүй, гэрээг дүгнээгүй, ажлыг актаар бүрэн хүлээж аваагүй гэдгээ илэрхийлсэн. Энэ нь дээр дурдсан нотлох баримтуудаар батлагдаж байгаад шүүх дүгнэлт хийгээгүй байна.

2. 2015 оны 9 дүгээр сард хийгдсэн тэсэлгээний ажилд доголдол илэрснийг тэр даруйд нь гүйцэтгэгчид мэдэгдсэн. Гүйцэтгэгчийн төлөөлөгч биечлэн ирж үзсэн гэдгийг "Мандах булаг" ХХК-ийн төлөөлөгч шүүхэд мэдүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Тухайн ажлыг хүлээн авсан актанд захиалагч тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байхад шүүх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3. Хариуцагчийн дээрх 4 акт нь тэсэлгээ хийгдсэний нотлох баримт болохоос ажлыг хүлээж авсан акт биш гэж маргасан нь үндэслэлтэй. Учир нь: гэрээний 4.3-т ...ажлын үр дүн болох уулын цулын хэмжээг тооцохдоо цооногийн гүнийг торолжны хэмжээгээр үржүүлж нийт цооногийн тоогоор үржүүлсэн хэмжээгээр тооцно гэж тодруулан заасан. Гэтэл ийм хэмжилт хийгдсэн албан ёсны нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчээс тодорхой баримт гаргаж ирүүлээгүй байхад шүүх нийт 47538 м.куб тэслэгдсэн уулын цулын гүйцэтгэлийг хүлээлцсэн актаар талууд ажлыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний 4.2, 5.1.6-д заасныг зөрчсөн өрөмдлөгийн ажлын паспортыг захиалагчид танилцуулаагүй, өрөмдлөгийн ажлыг биечлэн гүйцэтгээгүй, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч тал ухахад бэлэн болсон уулын чулуулгыг шилжүүлэх үүрэгтэй атал цооногийн нүхээ дутуу өрөмдсний улмаас 2015 оны тэсэлгээний ажилд доголдол гарсан, тэслэгдсэн уулын цул хэмжээндээ хүрээгүй тул уг цооногийн доголдол гарсан хэсгийг дахин өөр компанитай гэрээ хийж тэслүүлснийг нотолсон баримт /2016 оны 5 дугаар сарын 18-ны №2 тоот Тэсэлгээний паспорт, гэрээ/-ыг хариуцагч талаас гаргаж өгсөн боловч шүүх энэ баримтыг огт үнэлээгүй орхигдуулсан.

   4. Төлбөр нэхэмжилсэн болон төлбөр төлсөн баримтуудыг шинжлэн үзэхэд "Мөнх тэтгэгч хүч" ХХК буюу гүйцэтгэгч талаас "Мандах булаг" ХХК-д 3 удаа нэхэмжлэх явуулсан. "Мандах булаг" ХХК-иас төлбөрийн гүйцэтгэлийн талаар гүйцэтгэгч компанид 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр явуулсан албан бичигтээ “2014 оны 2 удаагийн тэсэлгээний ажлын төлбөрийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 10-ны дотор толж барагдуулна” гэсэн. Гүйцэтгэгч талаас тухайн үед ирүүлсэн ямар нэг санал шаардлага байдаггүй. Захиалагч төлбөрийг заасан хугацаандаа хийж гүйцэтгэсэн нь 2014 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн хувьд талууд маргаагүй гэсэн үг юм. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тэсэлгээний ажлын хөлс нэхэмжилсэн баримтыг "Мөнх тэтгэгч хүч" ХХК-иас хариуцагчид ирүүлээгүй, талууд энэ талаар маргаантай байсан тухайн ажлыг хүлээж аваагүйн нотолгоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Мөнх тэтгэгч хүч" ХХК нь хариуцагч "Мандах булаг” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 697 400 төгрөг, алданги 8 348 700 төгрөг нийт 25 046 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус тус байгуулагдсан “Өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ” /хх 4-11/-ний дагуу гүйцэтгэгч “Мөнх тэтгэгч хүч" ХХК нь нийт 47 583 м.куб талбайд, 106 512 900 төгрөгийн тэсэлгээний ажил гүйцэтгэж, захиалагч "Мандах булаг” ХХК нь ажлын хөлсөнд 89 815 500 төгрөг төлснөөр, 2014 оны тэсэлгээний ажлын хөлсний төлбөрөөс 15 000 000 төгрөг үлдсэн талаар талууд маргаагүй.

Дээрхи 2 гэрээний 2.2-т тус тус зааснаар, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний хугацаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ба үүнээс хойш талууд гэрээний хугацааг сунгасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн гэж тайлбарласныг хариуцагч нь 2015 оны гэрээт ажлын тухайд доголдол илэрсэн, ажлын үр дүнг актаар хүлээн аваагүй, гэрээг дүгнээгүй тул гэрээ дуусгавар болоогүй гэж үгүйсгэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан “Өрөмдлөг тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.3-т заасны дагуу уулын цулын тэсэлгээний ажлыг хүлээлцсэн 4 актад /хх-12-25/ хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан, байгууллагын тамга тэмдэг нь дарагдсан тэсэлгээний ажлын паспорт гэсэн баримтууд буюу тэсэлгээний ажлын зохих ёсоор хийгдсэн гэдэг үйл явцыг баримтжуулсан талаар хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд хэрэгт авагдсан байна. Ийм учраас энэ баримтуудад үндэслэн, гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний нөгөө тал төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагчаас ажлын доголдлын талаар маргаж байх боловч тэрээр гэрээнд заасны дагуу ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргаж байсан болон ажлын үр дүн доголдолтой талаар баримтгүй, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар уг ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй.

Мөн шүүх гуравдагч этгээдийн талаар Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дүгнэснийг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/01070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мандах булаг” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 181 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

                                                                                                                      Д.БАЙГАЛМАА