Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/218

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гхолбогдох эрүүгийн 2038001910152 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Хорьдол сарьдаг”-ийн Өвөр цагаан нохойт гэх газраас зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан болох баданга хүдэр нэг толгойг агнаж байгаль экологид 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Хорьдол сарьдаг”-ийн Өвөр цагаан нохойт гэх газраас зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан болох баданга хүдэр нэг толгойг агнаж байгаль экологид 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038001910152 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ойд арц, царван түүж явахад жижигхэн бор амьтан гүйхээр нь араас нь буугаараа нэг удаа буудсан. Буудсан амьтныг очоод үзэхэд цээж хэсэгт нь сум оносон байсан. Уг амьтныг хараад хүдэр гэдгийг нь мэдээд заарыг огтолж аваад хясааны ёроол руу агнасан хүдэрийг цасаар булсан. Тэгээд уулнаас бууж яваад тусгай хамгаалалтын захиргаанаас эргүүлээр яваа хоёр хүнтэй тааралдсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/,

Хохирогч Л.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хяналтын мэргэжилтэн Мягмаррагчаагийн хамт өвөр цагаан нохой гэх газарт явган хүний мөр өгсөөд явсан байхаар нь дагаад модон дотор явж байхад буун дуу гарсан. Буун дуу гарсан газар руу чиглээд өгсөж байхад урдаас буу үүрчихсэн хүн тааралдсан. Тэр хүний хувцасыг гаднаас нь гараараа тэмтэрч үзэхэд өмдний халааснаас нь хүдэр амьтны заар гарч ирсэн. Тэр хүний нэрийг асуухад Б.Г гэж өөрийгөө танилцуулсан. Б.Гөөс бууны замаг, нөгөө хүдрийн заарны хамт хурааж аваад, амьтан агнасан газар руу явсан. Амьтан агнасан газар нь уулын орой хэсэгт хясаатай газрын хажуу руу хүдэр агнаад цасанд булсан байдалтай хаясан байсныг зургийг дарж аваад Жи Пи Эс байршлыг тогтоосон. Нөгөө агнасан хүдэр гэх амьтныг нөгөө газар нь хаясан…Тэгээд Б.Гийг дагуулж яваад өөрсдийн отоглосон газартаа очиж нотлох баримтын хамт улсын байцаагчид өгсөн...Экологи эдийн засгийн үнэлгээг болон нөхөн төлбөрийн хамт гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Г.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хяналт шалгалтаар явахад өвөр цагаан нохойт гол руу явган хүний мөр гарсан байсан. Тэр голыг өгсөж явтал буу 2-3 удаа дуугарсан. Бид нар буу дуугарсан зүг рүү явж байтал тэр анчин бид нарын урдаас ирсэн. Тэр хүнтэй уулзаад юу болсон талаар асуугаад Л.Б хувцасных нь гаднаас тэмтэрч үзээд өмдний халаасанд байгаа зүйлээ гаргаад ир гэхэд хүдрийн заар 1 ширхэгийг гаргаж ирсэн. Бид нар тухайн анчны нэрийг асуухад өөрийгөө Б.Г гэж танилцуулсан. Тэр хүдрийн заар, авч явсан буу зэргийг нь хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №2020/4 дугаартай дүгнэлтэд:

 1. Хүдэр нь бугын овог, салаа туруутны багт хамаарна. 6-7 төрлийн мал амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүдэрийн эрийг гирээ, эмийг гэрэгчин гэдэг. Гирээ буюу эр хүдэр нь заартай бөгөөд орооныхоо үеэр заар ялгаруулдаг. Шинжилгээнд ирүүлсэн хүдэрийн эд эрхтэн болох заарыг үндэслэн энэ амьтан нь эр хүдэр байна гэж үзэж байна.

 2. Хүдэрийг 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтаар нэн ховор амьтнаар Монгол Улсын Улаан номонд, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 2 дугаар хавсралтанд тус тус бүртгэсэн. Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.

3. Энэ амьтан болох Хүдэр агнасан гэх Рэнчинлхүмбэ сумын “Хорьдол сарьдаг” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт байдаг. Монгол Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авч Улсын Их Хурлын 2008 оны 05 тоот тогтоолоор өргөтгөсөн.

4. Б.Г нь Хүдэр агнасан үйлдэл нь хууль бус үйлдэл мөн.  Шинжилгээнд ирүүлсэн амьтан нь 1 зүйлийн амьтан буюу 1 толгой хүдэрийн экологи, эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 3.000.000 байхаар тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг зөрчсөн.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Хүдэрийн экологи эдийн засгийн үнэлгээг 3.000.000 төгрөг байхаар тогтоосон тул 3.000.000x2=6.000.000 төгрөгийн нөхөн төлбөр байхаар тооцож байна.

6. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрт байх Хорьдол сардаг гэх нэртэй газрын ан агнасан гэх Өвөр цагаан нохойт гэх нэртэй газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт байдаг гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Чулуунбатын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн буу нь ОХУ-д ан агнуурын зориулалтаар үйлдвэрлэгдсэн, 7.62мм-ийн калибр бүхий карбин бууны суурь эд анги дээр гол төмрийг гар аргаар сольж залгасан, залгамал буу байна гэх дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/,

Хохирол төлбөр төлсөн тухай Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаартай албан тоот,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49, 51,52-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038001910152 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг “Хорьдол сарьдаг”-ийн Өвөр цагаан нохойт гэх газраас зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан болох баданга хүдэр нэг толгойг агнаж байгаль экологид 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

      Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/,

Хохирогч Л.Б/хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Г.М/хх-ийн 23-24-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №2020/4 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Чулуунбатын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 63 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/,

      Хохирол төлбөр төлсөн тухай Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаартай албан тоот зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар ан агнах гэмт хэргийг шүүгдэгч Б.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Г нь экологи эдийн засагт 3.000.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гийн нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 6.000.000 төгрөгний хохирлыг учруулсан бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 135 дугаартай албан тоотоор тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2038001910152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Винтов загварын замагны дугаар 534, гол төмөрийн дугаарыг хусаж арилгасан буу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар шилжүүлж, эр хүдэр амьтны эд эрхтэн болох заар нэг ширхэгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

 Эрүүгийн 2038001910152 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

     5. Эрүүгийн 2038001910152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Винтов загварын замагны дугаар 534, гол төмөрийн дугаарыг хусаж арилгасан буу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт, эр хүдэр амьтны эд эрхтэн болох заар нэг ширхэгийг устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

      6. Эрүүгийн 2038001910152 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР