Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 457

 

 

                                                           

 

 

 

   

2020        06          10                                2020/ШЦТ/457

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сундуйн Бөд холбогдох эрүүгийн 2003 00237 0153 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхит 26 гудамж, 387 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сундуйн Б, /РД: ______/,

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгтийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Яргайтын зуслангийн зам, “Намарга” хүнсний дэлгүүрийн замд “Алекс Финанс” ХХК-ны эзэмшлийн “Hyundai” маркийн “sonata NF” загварын 70-67 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 37 настай, эрэгтэй Д.Даваахүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 30 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн “Х.Соната” маркийн 70-67 УБМ улсын дугаартай автомашинаа бариад 7-н буудлаас 3 хүүхэд аваад “Хандгайт” хүргэж өгөхөөр явж байсан. Тэгээд яргайтын зуслангийн замаар урдаасаа хойшоо чигтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 55-60 км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас хурц гэрэлтэй машин миний машинтай зөрж өнгөрөнгүүт замын голд нэг хүн зам хөндлөн зүүнээсээ баруун тийш чигтэй алхаж байгааг харангуутаа шууд тоормозоо гишгэнгүүт миний машин зам дээр гулгаад тэр хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөж зогссон. Тэгэнгүүт би машинаасаа буугаад хартал нөгөө хүн миний машины зүүн урд зам дээр хэвтэж байгаа харагдахаар нь тэр хүн дээр очоод бие чинь яаж байна гэж асуутал гар өвдөөд байна гэж хэлэхээр нь би шууд түргэн тусламж дуудсан. Тэр хүн ганцаараа замын голд явж байсан. ...Би одоогоор энэ хүний эмчилгээний зардалд 714,000 төгрөг өөрөөсөө гаргаж төлсөн байгаа. Энэ хүний үлдэгдэл зардлыг даатгалын байгууллагаар төлж барагдуулна гэж санаж байна...” гэх /хх-ийн 142- 144х/,

 Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл:

Уг осол хэрэг болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн зам, “Намарган” хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Х.Соната-6 маркийн 70-67 УБМ дугаартай автомашин нь явган зорчигч Д.Даваахүүг мөргөж гэмтээсэн гэх газарт холбогдогч жолооч хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хэргийн газрын үзлэгийг хийв. Хэргийн газрын үзлэг хийх үед явган зорчигч мөргөж түргэний машин гэмтлийн эмнэлэг явсан байв. Осол болсон замын нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хальтиргаатай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зам гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээгээр зорчдог зам, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Осол гарсан газраас 2 тийш 200 мерт газар явган хүний гарцны тэмдэг тэмдэглэл байхгүй байв. ... автомашины тоормосны урт 31.1 м, ... байв. /хх-ийн 5-6х/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-13х/,

Хохирогч Д.Даваахүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын үед би Хан-Уул дүүргийн “Таван Богд Фүүдс” хуучин цагаан хаалганы хажуугаас Хүнсний 4-р дэлгүүрийн хажуу талын автобусны буудал хүртэл алхаад тэр автобусны буудал дээрээс “Шарга морьт Дүнжингарав” гэсэн чиглэлийн автобусанд суусан. ...тэгээд нэг сэрээд хартал миний суусан автобус огт танихгүй газар явж байхаар нь автобусны эхний зогссон буудал дээр нь буугаад хартал огт танихгүй газар байхаар нь урд зүг рүү замынхаа зүүн гар талыг бариад явган хүний замаар 1 шахам хиртэй алхаж байгаад замдаа ямар ч хүн тааралдахгүй болохоор нь замын зүүн талаас замын баруун тал руу гарч такси зогсоогоод явъя гэж санаад замын гол руу ороод зам хөндлөн алхаж явтал замын хойд талаас нэг хурц гэрэлтэй машин ойртон ирж байхаар нь замын голын цагаан зураасан дээр зогсоод гараа өргөж байтал нөгөө машин юу юугүй ойртож ирээд миний хажуугаар өнгөрөх үед л намайг машин мөргөх шиг болоод би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь шөнө гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн хэвтэж байсан. Би эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирсон болохоор гомдолтой байна. Эрүүл мэнд, эмчилгээнд өөрөөсөө гарсан зардлаа энэ жолоочоос нэхэмжилж байна. /хх-ийн 18-19х/,

Гэрч Б.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 30 минутын үед би найзынхаа хамт 7-н буудлаас “Хандгайт” орохоор саарал өнгийн “Х.Соната-6” маркийн машинд суусан. Би тэр машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, харин манай 2 найз арын суудал дээр сууж явсан. Тэгээд миний суусан машин 7-н буудлын эцсээс хөдлөөд зуслангийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигтэй явж байтал гэнэт замын голд нэг хүн найгасан маягтай гарч ирэнгүүт би жолоочид хүүе ахаа замын голд хүн явж байна гэж хэлэнгүүт манай машин тоормозоо гишгээд зам дээр гулгаж очоод тэр хүнийг машиныхаа зүүн урд талаар тэр хүнийг мөргөж зогссон. Миний сууж явсан машин 70-75 км цагийн хурдтай явж байсан байх...” гэх /хх-ийн 90-91х/,

Гэрч Ж.Магван мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд шадивлин орж явах үед “Х.Соната” автомашинтай нэг их тод гэрэлтэй жийп автомашин зөрж өнгөрөх үед гэнэт хажуу тийш дараад тоормослож байгаа нь харагдсан. Тэгээд би араас нь очоод зогсоод жолоочоос “Яасан бэ дугуй чинь хагарсан юм уу” гэж асуухад жолооч хүн мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд жолооч утасных нь цэнэг дуусчихлаа гэхээр нь би залгаж цагдаа дуудсан. Би 60 орчим км/цагийн хурдтай явж байсан. “Х.Соната” тээврийн хэрэгсэл яг хэдтэй явсныг мэдэхгүй. ..” гэх /хх-ийн 93х/,

 “Виннер Вэй” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ: үнэлгээний дүн 179,000 төгрөг /хх-ийн 101-104х/,

2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 3496 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Д.Даваахүүгийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралт, баруун чамархай хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, баруун тахилзуур, зүүн атгаалын далд хугарал, цуллаг эрхтний доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Дээрх шинэ гэмтэл байна. /хх-ийн 111-112х/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын гаргасан дүгнэлт:

“Х.Соната-6” маркийн 70-67 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд тэнхлэгийн дугуйнуудын тормозны хүчний зөрүү зогсоолын тормоз хэвийн ажиллагаатай мөн урд хойд тэнхлэгийн тохиргоо дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Их гэрлүүдийн ойрын тусгалын эрчим болон ерөнхий байдал өнгө үзэмж иж бүрдлийн хувь стандартын шаардлага хангахгүй байна.

Салхины шил зүүн талдаа 80*70 см хэмжээтэй хагарч цөмөрсөн, урд гуфер зүүн талдаа 60*40 см хэмжээтэй хагарч унасан капод зүүн урд хэсэгтээ хонхойсон зүүн их гэрлийн сэнж хугархай, зүүн гар талын толь хагархай ба их  гэрлүүдийн ойрын тусгалын эрчим нь стандартын шаардлага хангахгүй зэрэг гэмтэлтэй байна.

Салхины шил зүүн талдаа 80*70 см хэмжээтэй хагарч цөмөрсөн, урд гуфер зүүн талдаа 60*40 см хэмжээтэй хагарч унасан, капод зүүн урд хэсэгтээ хонхойсон, зүүн их гэрлийн сэнж хугархай, зүүн гар талын толь хугархай зэрэг гэмтлүүд нь осол гэрэл гарах үед үүссэн байна. Их гэрлүүдийн ойрын тусгалын эрчим нь стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтлийн хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй ба уг гэмтэл нь байгалын гэрэлгүй үед жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох хэдийч тухайн зам орчны гэрэлтүүлгийн байдал, автомашины хэрд зэргээс хамаарах тул осол хэрэгт хэрхэн яаж нөлөөлсөн болохыг тогтоох боломжгүй байна.

Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын тормозны системтэй байна. Хойд тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна... зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 60000 сd, ойр дээрээ 00 сd, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 11200 сd, ойр дээрээ 000 сd /стандарт 10000-10000 сd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 123-127х/,

Техникийн шинжээчийн дүгнэлтэд:

“Соната-6” маркийн 70-67 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэгдэн авсан тоормосны хос мөрийн уртаар тухайн тээврийн хэрэгслийн ослын үеийн хурдыг тодорхойлбол: ...70,9 км/цаг байна.

 Мөн Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгслийн оношлогооны дүгнэлтээр: “... зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 60000 сd, ойр дээрээ 0 сd, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 11200 сd, ойр дээрээ 000 сd /стандарт 10000-10000 сd/ байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна” гэх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “ Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй байна. Гэрлийн тусгалын чадал нь бүдэг байгаа нь уг зам тээврийн осол хэрэг гарахад хэрхэн нөлөөлсөн эсэхэд хариулт өгөх боломжгүй.

 Явган зорчигч Д.Даваахүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12 дахь заалт Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл, гэмтэлгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг осол хэрэг гарахад зам, орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 133-134х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгтийн 2.3-т зааснаар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Яргайтын зуслангийн зам, “Намарга” хүнсний дэлгүүрийн замд “Hyundai” маркийн “sonata NF” загварын 70-67 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.4 дэх заалт “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3 дахь заалт “Гэрлийн бүрхүүл бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Даваахүүг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүх, шүүгдэгч С.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Хохирогч Д.Даваахүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:“... Шүүгдэгч С.Бөөс хохиролд нийт 8,928,000 төгрөг авсан болно. Одоо миний зүгээс С.Бөд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авлаа. Иймд түүнд оногдуулах хариуцлагыг хөнгөн оноож өгнө үү гэх нотариатаар гэрчлүүлсэн баримт ирүүлсэн тул, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус  дурдав.  

            Хэргийн хамт хүргэгдэж ирсэн эд мөрийн баримтаар тооцоогүй, шүүгдэгч С.Бийн 947844 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Сундуйн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 -д заасныг журамлан шүүгдэгч С.Бөд 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           3. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэргийн хамт хүргэгдэж ирсэн С.Бийн 947844 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД