Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/199

 

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Хохирогч Г.Х-,

Шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2038000000206 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Б.

Шүүгдэгч Д.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоот хашааны үүднээс иргэн Г.Х-ы эзэмшлийн DAELIМ загварын мотоциклийг 2020 оны 03 дугаар сарын 31-нээс 2020 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар авч, 319.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2020 оны 03 дугаар сарын 31-нээс 2020 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... хашааны үүднээс иргэн Г.Х-ы эзэмшлийн “DAELIМ” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 319.900 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

- Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Х-ы эзэмшлийн ... улсын дугаартай “DAELIМ” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний орой ямар ч байсан харанхуй болсон байсан. Би өөрийн хуурай ах Б-ийн гэр болох Мөрөн сумын 1-р хороо ... тоотод гагнуур хийх зорилгоор очсон юм. Би ах Б-ийн гэрт очихдоо өөрийн эзэмшлийн хар өнгийн ... улсын дугаартай “DAELIМ” маркийн мотоциклио унаж очсон бөгөөд би мотоциклио хашааны гадаа тавьсан юм. Удалгүй 2-оос 3 цаг болоод Б-ийн гэрээс гарч иртэл миний мотоцикль алга болсон байсан. Би мотоциклийнхоо талаар Б- ахаас асуутал Б- ах өнөөдөр манай гэрт Мөрөн сумын 1-р хороо ... тоотод оршин суудаг Д.Б- гэх залуу согтуу орж ирсэн. Чи тэр айлд очиж үз гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 04-р сарын 13- ны өдөр Мөрөн сумын 1-р хороо ... тоотод оршин суудаг Д.Б-ий гэрийн нь гадаа очиж грашнийх нь завсраар хартал миний мотоцикль байж байсан. Хар өнгийн солонгос улсад үйлдвэрлэсэн “DAELIМ” маркийн мотоцикль юм. Өндөр рультэй, арын дугуй битүү хайлшин обудтай, обудыг гагнасан байгаа. Мөн давхар бүдүүн 2 ширхэг яндантай. Бензиний банк нь улаан өнгөтөй байсан бөгөөд би хар будгаар давхарлаж будсан байгаа. Би 2017 оны намар өөрийн мотоциклио Улаанбаатар хотоос 800.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би уг мотоцикльдоо 2018 онд 500.000 төгрөгөөр улаан өнгийн хятад мотортой мотоцикль авч сэлбэж нэг мотоцикль болгосон. Би одоо мотоциклио 1.500.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар

хуудас/,

- Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад манай гэрт цагдаагийн алба хаагч ирээд машины грашаа онгойлгож өгнө үү гэж надаас асуусан. Би грашны түлхүүр байхгүй нөхөр Д.Б- аваад явсан. Тэгээд өдөр 15 цаг өнгөрч байхад манай грашнаас хар өнгийн мотоцикль гаргаж ирсэн. Тухайн үед хохирогч гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд тэр мотоциклийг манай хулгайд алдсан мотоцикль мөн байна гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

- Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед Х- ирээд намайг хашааны хаалга янзалж өгөөч би амралтын өдөр хүрээд ирье гэж байсан. Ингээд энэ яриа болж байтал манай гудамжинд амьдардаг Д.Б- халамцуу орж ирсэн. Тэгсэн Д.Б- Х- хоёр хальт маргалдаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгаад Д.Б-ийг хашааны хаалга руу гаргаж өгсөн. Тэгээд Х- гэр лүүгээ явах гээд гартал өөрийнх унаж ирсэн мотоцикль нь байхгүй болсон байсан. Тэгэхээр нь тэр хавиар нь мөр үзээд байхгүй болохоор нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

- Хөрөнгө үнэлгээчний хохирогч Г.Х-ы хулгайд алдсан “DAELIМ” маркын ... улсын дугаартай мотоциклийн үнэ 319.900 төгрөг” гэх хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35-36 дугаар хуудас/,  

- Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед их согтуу байсан. Яг иргэн Г.Х-ы мотоциклийг авсаныг санахгүй байна. Алдагдсан мотоцикль манай хашаанаас гарч ирсэн болохоор би авсан байна. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2020 оны 03 дугаар сарын 31-нээс 2020 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоот хашааны үүднээс иргэн Г.Х-ы эзэмшлийн “DAELIМ” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 319.900 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-5 дугаар хуудас/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/, хохирогч Г.Х-ы эзэмшлийн ... улсын дугаартай “DAELIМ” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Г.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн /хх-ийн 35-36 дугаар хуудас/,  шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...Г.Х-ы мотоциклийг авсныг санахгүй байна” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, амар хялбар аргаар эд хөрөнгө олох санаа зорилгыг агуулсан, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Д.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2020 оны 03 дугаар сарын 31-нээс 2020 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоот хашааны үүднээс иргэн Г.Х-ы эзэмшлийн “DAELIМ” загварын мотоциклийг авч 319.900 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна. 

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 319.900 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Х-ы “...би өнөөдөр мотоциклио хүлээж авахад миний мотоциклийн урд их гэрэл эвдэрсэн, бензиний шланк тасарсан, толь эвдэрсэн, мотоциклийн суудлыг тайлж боолтыг алга болгосон байна. Би их гомдолтой байна. Би мотоциклио алдаад 13 хоног болж байгаа бөгөөд энэ хугацаанд мотоциклио хайж таксигаар явж зарлага их гаргасан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 18/ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд “...захын үзелээр зарлуулсан, мотоциклио эрж хайсан зардал 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэх боловч хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Иймд шүүх хохирлын талаар тодорхой тооцоолол хийх боломжгүйд хүрч байх тул хохирогч нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын талаарх болон замын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох

баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их мэргэд овогт Дорждагвын Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь нийтэд тустай ажил хийх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Г.Х- нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Б-эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ