Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/200

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Хохирогч А.Ц-,

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн 2038001730219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Г.Б.

2. Монгол улсын иргэн, Б.Н, /нас барсан/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б-, Б.Н- нар нь 2020 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Б.Г-гаас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зөрчил гаргагч А.О-ыг Тариалан сум дахь Цагдаагийн тасагт авчирч түр саатуулж, улмаар саатуулсан хүнийг харуул хамгаалалтгүй, хараа хяналтгүй орхиж явсны улмаас иргэн А.О- өөрийгөө дүүжилж нас барсан ба хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь Б.Н-гийн хамт Хөвсгөл аймгийн Цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цаг 40 минутын орчимд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн 6 дугаар гудамжны 02 тоотод оршин суух иргэн Б.Г-гаас “Хамтран амьдрагч А.О- нь согтуугаар агсам тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулан зодоод байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу зөрчил гаргагч А.О-ыг барьж, Хөвсгөл аймгийн Тариалан сум дахь Цагдаагийн тасагт авчирч түр саатуулан, гаднаас нь цоожилж, 23 цагийн орчимд тус сумын “Шанш” нэртэй дэлгүүрийн гадна талд хүмүүс бүлэг бөөгнөрөл үүсгээд байгаа талаар сумын хяналтын камераас харж дээрх хүмүүсийн бөөгнөрөлийг тараах, мөн архи согтууруулах ундаа зарж буй эсэхийг шалгах зорилгоор явахдаа зөрчилд холбогдогч А.О-ыг харуул хамгаалалтгүй, хараа хяналтгүй орхиж, шөнийн 00 цагийн үед Цагдаагийн тасгийн байранд ирэхэд зөрчилд холбогдогч А.О- нь саатуулах өрөөний төмөр сараалжнаас өөрийнхөө хоолойг боомилон нас барсан нь шүүгдэгч Г.Б-гийн хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.15-д дахь хэсэгт заасан “Хүнийг баривчлах, түр саатуулах үед тухайн хүний ...амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, “Түр саатуулах  байрны дэглэм, журам”-ын 3.3-т “Түр саатуулах байранд ...хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй бусад эд зүйлс ...нэвтрүүлэхийг хориглоно”, 3.9-т “Дор дурдсан хүнийг түр саатуулах байранд саатуулахыг хориглоно”, 3.9.1-д “Согтууруулах ундаа ...хэрэглэсэн хүн”, Цагдаагийн байууллагын үйл ажиллагааны журам /код-225/ “түр саатуулах” зэрэг хууль тогтоомж, дүрэм журмууд болон Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай үүрэг, мөн газрын дэд даргын зааварчилгаа зэргийг зөрчсөний улмаас А.О- өөрийгөө дүүжлэн нас барж, хууль сахиулагч хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-16 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Г.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

- Хохирогч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...талийгаач А.О- нэг жилийн өмнөөс Тариалан суманд Б.Г- гэх эмэгтэйтэй танилцаж хамтран амьдрах болсон. Б.Г-гийн талаар би сайн мэдэхгүй. Миний бодлоор миний дүү нас барсан шөнө Б.Г- л цагдаа дуудаж цагдаа нар миний дүүг саатуулсан байх. Ямар шалтгааны улмаас Б.Г- цагдаа дуудсан талаар мэдэхгүй байна. ...Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Тариалан сумын цагдаагийн тасгийн хоёр алба хаагч манай төрсөн дүү талийгаач А.О-ыг зөрчил гаргасан гээд цагдаагийн байрныхаа саатуулах байранд хараа хяналтгүй орхисноос бол дүү маань нас барсан. Манай дүүгийн ажил явдлаар тухайн буруутай цагдаа нар нэг ч удаа ирж уулзаагүй монгол хүн байна даа ирж уучлалт гуйсан бол зүгээр байсан даа гэж эгч нь бодох юм. Би тухайн хоёр цагдаагийн алба хаагчид маш их гомдолтой байна. Манай дүүгийн ажил явдалд 3.670.000 төгрөг зарцуулсан. Үүнийхээ зарим баримт материалуудыг хэрэгт хавсаргуулсан байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-88 дугаар хуудас/,

- Гэрч Т.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр намайг өөрийн хадам Б-ийн гэрт байхад манай хамар хашааны хүн болох Б.Г- нь манай эхнэр рүү залгаад “та хоёр ороод ир” гэж дуудсан. Гэрт нь ороход Б.Г- гуай гэртээ ганцаараа “юм угаана” гээд сууж байсан. Тэгээд эхнэр бид хоёрыг Б.Г- гуайн гэрт нь ороод цай уугаад сууж байтал Б.Г- гуайн нөхөр нь согтуу орж ирж ирээд “авдраа авч явна” гэсэн чинь эхнэр нь “чиний юм байхгүй, өгөхгүй” гээд хоорондоо маргалдаж байгаад нөхөр нь эхнэрийгээ үсдэж чирээд гэр болон хашаанаас аваад гарсан. Миний хувьд хорих гээд дийлээгүй. Тэгээд хашаанаас аваад гарсан чинь цаанаас нь жижиг суудлын машин ирээд эхнэр нь цагдаа дуудна гээд явсан. Харин нөхөр нь хашаан дотроо үлдсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөхрийг нь байшингийнх нь араас аваад явсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,

- Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний үснээс аймаар зулгааж чирээд гэрээс гаргаад нарийн гудамж руу чирсэн. Тэгээд аймаар зулгаагаад байхаар нь миний хөгшөөн тавьчих, хоёулаа ярилцья гэж гуйсаар байгаад арайхийж тавиулсан. Тухайн үед миний үс бөөн бөөнөөрөө унасан байсан. Тэгээд би А.О-т “за миний хөгшөөн тайвшир, гэртээ орж байгаарай гэж аргадаж гэртээ оруулаад, өөрөө цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд байшингийн ард зогсож байхад нь аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,

- Гэрч Х.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө 00:01 минутанд миний ... дугаарын гар утас руу манай сумын цагдаа Б.Н- залгасан. Б.Н- цагдаа надад хэлэхдээ хаалгаа онгойлго дэлгүүрийн чинь камерыг шүүх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрийнхээ хаалгаа онгойлгож өгсөн. Хаалга онгойлгоход манай сумын Г.Б-, Б.Н- цагдаа хоёр орж ирсэн. Тэр хоёр манай дэлгүүрийн гаднах болон доторх камерыг ойролцоогоор 10 гаруй минут шүүсэн. Би ямар учраас камер шүүж байгаа юм бэ гэж асуухад хэн нь хэлснийг мэдэхгүй байна зүгээр шүүх гэж байна гэж хэлсэн. Тэгээд сумын хоёр цагдаа камераа шүүчихээд гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/,

- Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/85 дугаартай тушаалаар “Түр саатуулах байрны журам”-ыг баталсан байдаг. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Тариалан сум дахь цагдаагийн тасгийн байранд дээрх тушаалд заасан журмыг хангахгүй байгаа учраас зөрчил гаргасан этгээдийг түр саатуулж болохгүй. Дээрхи журамд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга хяналт тавина гэж заасан учраас дээрх хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор миний бие 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай үүрэг ажлын чиглэлийг Хөвсгөл аймгийн 24 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа, сум дундын цагдаагийн тасгийн дарга нарт хүргүүлэн ажилласан бөгөөд уг үүрэгт ажлын чиглэлд сумдын цагдаагийн тасаг хэсгийн байранд зөрчил гаргасан этгээдийг саатуулахгүй байх талаар дурьдсан. ...Булган аймгийн Орхон сумын цагдаагийн хэсгийн кобаны байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг саатуулсны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр саатуулах байранд өөрийгөө боомилон нас барсан хэрэг үйлдэгдсэн учраас саатуулах байранд зөрчил гаргасан этгээдийг битгий саатуулаарай гэж үүрэг чиглэлийг миний бие 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өгсөн, ийм үүрэг чиглэл өгсөөр байтал тус сумын экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Г.Б-, цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н- нар нь зөрчил гаргасан А.О- гэгчийг Цагдаагийн тасгийн саатуулах байранд саатуулчихаад сумын хяналтын камерын бичлэгээр хүнсний дэлгүүрийн гадна талд хүмүүс бөөгнөрсөн байсан бичлэгийг хараад тараах зорилгоор мөн архи согтууруулах ундааны зүйл зарж байгаа эсэхийг шалгахаар хоёулаа явахдаа саатуулагдсан этгээд болох талийгаач А.О-ыг хараа хяналтгүй орхиж явсны улмаас дээрх этгээд нь өөрийгөө боомилж нас барсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-190 дүгээр хуудас/,

- Гэрч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Тариалан сумын дахь цагдаагийн тасгийн цагдаагаар томилогдсон. Ер нь бол Б.Н- ч гэлтгүй дэслэгч Г.Б- ч гэсэн саатуулах байранд зөрчил гаргасан этгээдийг саатуулж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Энэ талаар Цагдаагийн газрын удирдлагаас өглөөний рапорт, сумын нэгдсэн сургалт, цугларалт зөвлөгөөн дээр байнга хэлж ярьж байдаг. Цагдаагийн газрын даргаас өгч байгаа үүрэгт ажлын чиглэлд энэ талаар нэг заалт болгон оруулдаг. Мөн амаараа байнга л хэлж ярьж байдаг. Гэтэл дээрх үүрэгт ажлын чиглэлийг дэслэгч Г.Б-, дэд ахлагч Б.Н- нар нь зөрчсөний улмаас тус тасгийн саатуулах өрөөнд иргэн өөрийгөө боомилж нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-183 дугаар хуудас/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 102-103 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай: “1. А.О- нь амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. 2. А.О-ын цогцост хүзүүнд дүүжлэлтийн ором бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хүзүү битүү зөөлөн гогцоонд биеийн жингээр нэг удаа дарагдах үйлчлэлээр нас барахтай ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хүзүүний дүүжлэлтийн гэмтэл нь нас барахад шууд нөлөөлсөн байна. Мөн зүүн дээд зовхи, зүүн хацар, хүзүү, баруун эгэмд зулгаралт, зүүн чамархайд 1-р зэргийн түлэгдэлт, суурь болон дагз ясны хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн дээд зовхи, зүүн хацар, хүзүү, баруун эгэмний зулгаралт, зүүн чамархайн 1-р зэргийн түлэгдэлт гэмтлүүд нь талийгаачийг амьд ахуйд нас барахаас ондоо цаг хугацаанд үүсгэгдсэн, нас барахад нөлөөлөөгүй гэмтэл юм. Суурь болон дагз ясны хугарал гэмтэл нас барсны дараахан үүсгэгдсэн гэмтэл байна. 3. А.О- нь шүүх эмнэлгийн шинжилгээ орохоос 18 цагийн өмнө нас барсан байжээ. 4. Амь хохирогчийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогч А.О- нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 104-108 дугаар хуудас/,

- Химийн шинжилгээний “2% спирт илрэв” гэх хариу /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/,

- Талийгаач А.О-ын нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/,

- Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Хөвсгөл аймгийн Тариалан сумын Цагдаагийн тасгийн байрны түр саатуулах өрөөний торон хаалганы дотор талд дээшээ харсан байдалтай эрэгтэй хүний цогцос байсан. Ингээд, ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхтүвшин хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараагаар цогцосыг тус сумын хүн эмнэлэгийн шарил хадгалах байранд зөөвөрлөн аваачиж шүүх эмнэлэгийн үзлэг, задлан шинжилгээ хийхэд 168 см урттай, биеийн ерөнхий хөгжил зөв, булчингийн болон өөхөн эдийн хөгжил дунд, А.О- гэх 38 орчим насны эрэгтэй хүний цогцос байсан. Цогцост гадна үзлэг хийх явцад хүзүүнд хойноос урагш доороос дээш чиглэсэн 2-2.5 см өргөнтэй дагуудаа хөхөлбөр өнгийн цус хуралт бүдэг үүссэн, арьсны түвшингөөс доош 0.4 см хонхойж орсон тухайн хэсэг газарт арьс нь хуурайшсан дүүжлэлийн оромтой байсан. Мөн зүүн дээд зовхинд 1х0.3 см хөндлөн байрласан, зүүн хацарт 1х0.3 см хөндлөн байрласан, хүзүүний зүүн хэсэгт 2.3х0.4 см хөндлөн баруун эгэмний доод хэсэгт 3х0.3 см хэмжээтэй шугаман хэлбэрийн зулгаралттай, зүүн чамархайд хөндлөн байрласан 9х2 см хэмжээтэй нэгдүгээр зэргийн түлэгдэлт байсан бөгөөд эдгээр зулгаралт гэмтлүүд нь бүгд түүнийг амь байх үедээ үүссэн байх болмжтой гэмтлүүд байсан. Дотор эрхтний шинжилгээ хийхэд талийгаач нь дүүжлэлтийн улмаас нас барсан гэх шинж тэмдгүүд нь баруун, зүүн жолоо булчинд цус хурсан, ховч яс урд хэсгээрээ хугарсан, уушигний хийжилт бага зэргээр тус тус илэрч байсан. Мөн толгойн хуйхыг нээж үзэхэд дагзанд бага хэмжээтэй цус хуралттай байсан. Цааш лавшруулан шалгаж үзэхэд уг бага хэмжээний цус хуралтын доод хэсэгт дагз ясанд босоо байрласан шугаман хэлбэрийн хугарал харагдаж байсан. Цаашид гавлын хөндийг нээж үзэхэд уг хугарал нь доош явсаар гавлын суурь ясны арын хонхор, нугасны нүх хүртэл үргэлжилсэн хугаралтай байсан. Гавлын хөндийд ямар нэгэн цус байхгүй, тархины эдэд болон тархины хатуу хальс, аалзавчин бүрхүүл зэрэгт ямар нэгэн гэмтлийн өөрчлөлт байхгүй зэргийг үндэслэн харахад дээрх гавал тархины гэмтэл нь талийгаач А.О-ыг нас барсны дараагаар буюу цусны эргэлт зогссон үед үүссэн гэх үндэслэлтэй байна. Задлан шинжилгээний дүгнэлтээр А.О- нь дүүжлэлтийн улмаас амьсгал бүтэлт, зүрх гэнэт зогсож нас барсан байна. ...Талийгаач А.О-ын гавал ясанд үүсгэгдсэн хугарал гэмтэл нь уналт болон цохилтоос алинаар нь үүгэгдсэн болохыг ялгах боломжгүй. ...хугарлын байрлалыг харахад шүүх эмнэлэгийн шинжлэх ухаанд яг ийм хугарлыг дагз хэсгээрээ юм руу мохоо зүйл рүү мөргөх үед үүсгэгдсэн гэж үздэг. ... Хэрэв дээрх дагз ясны гэмтэл нь талийгааийг амьд ахуй үед үүсгэгдсэн гэж үзвэл хуйхан доор хугаралыг дагаж их хэмжээний цусан хураа, мөн гавлын хөндийд ялангуй гавлын суурийн хөндийд их хэмжээний цусан хураа, тархинд няцралт, аалзан бүрхүүл доор цус харвалт, хатуу бүрхүүлийн дээр болон доор цусан хураа үүсэх байсан. Гэтэл талийгаач А.О-ын хувьд эдгээр шинж тэмдгүүд эсрэгээрээ байхгүй байсан. Энэ нь түүнийг нас барсны дараа энэ гэмтэл үүсгэгдсэн гэдгийг батлаж байсан. Өөрөөр хэлбэл цусны эргэлт зогссон учраас эдгээр шинж тэмдгүүд үүсээгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-187 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.О-ын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ажлын чиглэл хүргүүлэх тухай зааварчлагын хуулбар /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/,

- Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код/ журмын 225.4.5-т “....түр саатуулах байр нь гаднаас дотор талыг бүхэлд нь харж, хянах боломжтой байх бөгөөд цагдаагийн байнгын хамгаалалт, хяналтад байхаар зохион байгуулагдана” гэх заалт /1-р хх-ийн 198 дугаар хуудас/,

- Цагдаагийн алба хаагч Г.Б- нарын баталгааны хуудасны хуулбар /1-р хх-ийн 204-206 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Тариалан суманд цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Н-гийн хамт үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад орой 20 цаг өнгөрч байхад иргэн н.Б.Г-гаас хамтран амьдрагч А.О- хэл ам хийж зодоод байна хурдан ирээч гэсний дагуу цагдаа Б.Н-гийн хамт түүний гэр болох Тариалан сумын Бадрах багийн ... тоот хаягт очиход хашааны гадна талд хүний машин дотор н.Б.Г- сууж байснаа бид нарыг очиход машинаас гарч ирээд А.О- гэрт байгаа гээд хамт орсон чинь гэртээ байхгүй байхаар нь гэрийг нь хоёр талаар тойрч үзэхэд байхгүй байсан. Тэгээд Б.Н- хойд талын хашааны хаалгаар гарч яваад удалгүй ирэхдээ А.О-ыг дагуулан орж ирсэн. Тэгээд шууд машиндаа суугаад Цагдаагийн тасгийн байр руу ирээд би өөрийнхөө албан өрөөнд оруулаад “чи ер нь яагаад ингэж агсам согтуу тавиад байдаг юм бэ” гэж асуухад “би н.Б.Г-д хайртай хардаад байдаг юм” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй уйлаад байсан. Би түүнийг өөрийнхөө өрөөнд ойролцоогоор 3 цаг орчим суулгаж байсан. Түүний архи нь ч арай гайгүй болсон. Тэгээд орой 23 цагийн үед сумын хяналтын харж байсан чинь “Шанш” гэх дэлгүүрийн үүдээр хүмүүс бөөгнөрөөд мөн 2-3 машин ирээд гэрлээ унтрааж байгаа бичлэг байхаар нь архи зараад байгаа юм болов уу очиж шалгая гэж Б.Н-д хэлээд гарахдаа А.О-ыг саатуулах өрөөнд оруулаад гаднаас нь цоожлоод бид хоёр албаны УАЗ-469 маркын 78-85 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Шанш” гэх дэлгүүр рүү очиход үүдэнд нь байсан машинууд зугтсан. Тэгэхээр нь уг машины араас хөөсөн чинь гүйцээгүй мөн машины улсын дугаарыг харж чадаагүй. Тэгээд буцаж “Шанш" дэлгүүр дээр ирээд гадна болон дотор талын хяналтын камерыг шүүж үзэхэд архи зараагүй байсан. Ингээд буцаад 00 цагийн үед Цагдаагийн тасгийн байран дээр ирээд хаалгыг Б.Н- онгойлгож байсан. Харин би хаалганы хажуугийн жижиг цонхоор харсан чинь саатуулахын төмөр сараалжнаас А.О- өөрийнхөө хоолойг боомилсон байсан. Тэгэхээр нь байранд ороод уяаг нь тайлах гэсэн чинь тайлагдахгүй байсан. Тэгэхэд Б.Н- гадагшаа гараад гүйсэн. Харин би өрөө рүүгээ ороод цаасны хутганы запас аваад эргээд ирж байхад Б.Н- ирж байсан. Тэгээд Б.Н- саатуулахын хаалгаар орж байсан. Харин би саатуулахын гаднаас баруун гараараа А.О-ын хувцасны энгэрээс бариад зүүн гараараа уяаг нь тасалсан. Би талийгаач А.О-ыг дийлэхгүй цааш цементэн шалан дээр унагасан. Ингээд сумын 70386003 дугаарын утас руу залгаад Цагдаагийн тасагт яаралтай эмч хэрэгтэй байна гэж хэлсэн. Нэг их удаагүй н.Энх-Ариун гэдэг бага эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Үүний дараагаар аймгийн Цагдаагийн газрын 7038102 дугаарын утсанд мөн цагдаагийн дэд дарга, цагдаагийн хошууч Г.О- руу утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд аймгийн төвөөс шуурхай бүрэлдэхүүн шөнө 03 цагийн үед байх ирээд үзлэг шалгалт хийсэн. ...Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан зүйл ангийг ойлгож байна, хайнга хандах гэдэг дээр эргэлзэж байна. Тухайлбал би Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээн нийтлэг үүрэг болох нийтийн хэв журам хамгааалах ажлаа зохих ёсоор хийсэн. ...Би тухайн үед зөрчил гаргасан А.О-ыг ар гэрт нь хүлээлгэн өгөх боломжгүй байсан учраас саатуулах байранд саатуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240-241 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...уг өдрийн орой 20 цаг өнгөрч байхад экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Б-гийн гар утас руу иргэн н.Б.Г- ярьснаа А.О- ирээд зодоод байна гэсэн дуудлага өгсөн байсан. Үүний дагуу бид хоёр н.Б.Г-гийн гэрийн хаягт очиход тэрээр үүдэнд машин дотор сууж байснаа бид хоёрыг хараад машинаас гарч ирэхээр нь зөрчил гаргагчийг хаана байгаа талаар асуухад гэрт байгаа гэхээр нь гэрт нь орсон чинь гэр нь эмх замбараагүй тоггүй, хүн байхгүй байхаар нь гэрээс нь гараад би зүүн талаар нь Г.Б- баруун талаар нь гэрийг нь тойрсон. Тэгэхэд арын хашааны хаалганы үүдэн дээр А.О- зогсож байхаар нь бариад машиндаа суулгаад Цагдаагийн тасгийн байр руу очоод би А.О-ын биед үзлэг хийгээд дээгүүрх хувцасыг нь тайлаад бүсийг нь аваад саатуулах өрөөнд хийсэн. Би А.О-т хандаж чи наад 3 хүүхэдтэй авгайгаасаа салчихаж болдоггүй юм уу дахин, дахин дуудлага өгөөд байх юм гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл хэлээгүй. А.О- хэлэхдээ би тэрэндээ хайртай түүнийгээ хардаад байдаг юм гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Ингээд орой 23 цаг өнгөрч байхад цагдаагийн тасгийн өрөөнд байх сумын 22 камерын хяналтыг харж байхад “Шанш” гэх дэлгүүрийн үүдэн дээгүүр нь машин эргэлдээд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь Г.Б- бид хоёр хүмүүсийг тараах мөн уг дэлгүүрийг архи зарж байгаа эсэхийг шалгахаар явсан. Тэгэхдээ А.О-ыг саатуулах байранд ганцааранг нь үлдээчихээд хаалгыг нь цоожлоод явсан. Тэгээд бид хоёр “Шанш” дэлгүүр рүү албаны машинтай очиход үүдэнд нь байсан жижиг машин зугтсан. Араас нь хөөсөн боловч гүйцээгүй мөн улсын дугаарыг нь ч харж чадаагүй. Ингээд буцаад “Шанш” дэлгүүр дээр очоод гаднах камерыг нь үзэхэд камер нь сайн харагдахгүй машины бөгсний улаан гэрэл харагдаж байсан. Мөн дотор талын камерыг шалгахад архи зараагүй байсан. Тэгээд буцаад Цагдаагийн тасаг руу очоод би хаалга онгойлгох гэж байхад Г.Б- над руу хандаж “хөөе наадах чинь дүүжилчихсэн юм биш үү” гэхээр нь би гялс байрны хаалгыг онгойлгосон чинь саатуулах өрөөний сараалжин төмрөөс А.О- өөрийнхөө хоолойг боомилсон байсан. Би саатуулахын хаалгыг онгойлгох гэсэн чинь түүний хөл нь тээглээд байхаар нь боосон уяаг нь тайлах гээд чадаагүй би гараад машинаас жижиг хутга аваад орж байхад цаанаас Г.Б- цаасны хутга аваад ирсэн. Тэгээд би талийгаач А.О-ын зүүн гарны ойролцоох хувцаснаас,  Г.Б- энгэр хэсгээс нь бариад уяаг тасалсан чинь бид хоёр талийгаачийг дийлэхгүй цааш алдаж газарт цементэн шалан дээр унагасан. Ингээд сумын 70386003 дугаарын утас руу би залгаад Цагдаагийн тасагт хүн боомилчихлоо хурдан ирээч гэж хэлсэн. Удалгүй эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Г.Б- 7038102 дугаарын утас руу залгаж энэ талаар мэдэгдсэн. Тэр шөнө 03- 04 цагийн хооронд шуурхай бүрэлдэхүүн аймгаас ирж шалгалт хийсэн. ...Би үүргээ гүйцэтгэн явж байгаад ийм асуудалд орсондоо харамсаж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 1-3 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-гийн хувийн байдлыг тодорхойлсон:

  • Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт /1-р хх-ийн 113 дугаар хуудас/,
  • Цагдаагийн албан хаагчийн ... дугаарын үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.Б-гийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 116 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын ажилтан, албан хаагчийн дэлгэрэнгүй анкетын хуулбар /1-р хх-ийн 117-118 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Сүх багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,
  • Их Засаг Их сургуулийн ... дугаартай эрх зүйч мэргэжлийн бакалаврын диплом, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 151-152 дугаар хуудас/,
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 153 дугаар хуудас/,
  • Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 5 дугаар хуудас зэргийг,

Шүүгдэгч Б.Н-гийн хувийн байдлыг тодорхойлсон:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 154 дүгээр хуудас/,

- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ... дугаартай диплом, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 155-156 дугаар хуудас/,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 157 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 29 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч Г.Б- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлэх зохих үүргийг биелүүлээгүй буюу хүний амь нас эрсдэлд учрах нөхцөлд авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн үүрэгт үйл ажиллагааг явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, цаг хугацаа алдсаны улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн албан чиг үүрэгтэй холбогдуулан явуулж байгаа үйл ажиллагаандаа хайхрамжгүй хандаж, уг гэмт хэргийг болгоомжгүйгээр, өөрсдийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх боломжтой байсан байна.

Нөгөө талаас гэмт хэрэг гарахад амь хохирогчийн хувийн байдал, Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн хангалтгүй, орон тооны дутмаг байдал, хуульд заасан шаардлага хангасан түр саатуулах байргүй, хүний эрхэд халдан түр саатуулах, баривчлах ажиллагаанд тавих холбогдох албан тушаалтан, прокурорын хяналт хангалтгүй байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт заасны дагуу цагдаа нь хууль сахиулагч юм.

Шүүгдэгч Г.Б- нь Б.Н-гийн хамт 2020 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн Б.Г-гаас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зөрчил гаргагч А.О-ыг Тариалан сум дахь Цагдаагийн тасагт авчирч түр саатуулж, улмаар саатуулсан хүнийг харуул хамгаалалтгүй, хараа хяналтгүй орхиж явсны улмаас иргэн А.О- өөрийгөө дүүжлэн нас барж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-16 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-23 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/, хохирогч А.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 81-88 дугаар хуудас/, гэрч Т.И-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Х.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/, гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 188-190 дүгээр хуудас/, гэрч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 181-183 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 102-103 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 104-108 дугаар хуудас/, химийн шинжилгээний “2% спирт илрэв” гэх хариу /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/, талийгаач А.О-ын нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 185-187 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.О-ын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ажлын чиглэл хүргүүлэх тухай зааварчлагын хуулбар /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код/ журмын 225.4.5-т “...түр саатуулах байр нь гаднаас дотор талыг бүхэлд нь харж, хянах боломжтой байх бөгөөд цагдаагийн байнгын хамгаалалт, хяналтад байхаар зохион байгуулагдана” гэх заалт /1-р хх-ийн 198 дугаар хуудас/, цагдаагийн алба хаагч Г.Б- нарын баталгааны хуудасны хуулбар /1-р хх-ийн 204-206 дугаар хуудас/, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалын хавсралт /хх-ийн 214-219 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 240-241 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 1-3 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-гийн өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдоно.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрч, шинжээчийн мэдүүлэг, дүгнэлт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Хохирогч А.Ц- шүүх хуралдаанд “...Би талийгаачийн ажил явдалд орсон зардлын баримтыг шүүхэд нотлох баримтаар бүгдийг нь өгсөн. ...Улаанбаатар хотоос авсан баримттай зүйлээ нэхэмжилсэн” гэх мэдүүлгийг өгч байх ба хохирол нэхэмжилсэн нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг нь хуульд заасан шаардлага хангасан үнэн зөв байх тул 3.670.000 төгрөгний хохирол хор уршиг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-ид учирсан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар буюу /орон нутгийн төсвөөс/ 3.670.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ц-ид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед шүүгдэгч Б.Н- нь ослын улмаас 2020 оны 06 дугаар сарын 01-ны өдөр нас барсан /2-р хх-ийн 29/ байх тул Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, нийгэмд учруулсан хохирол, хор уршиг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг харгалзан шүүхээс шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-д цагдаагийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг оногдуулав.

Шүүгдэгч Г.Б-гийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан цагдаагийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пудволкны зүүн гарын ханцуй байж болох улаан өнгийн 20x8 сантиметрийн хэмжээтэй давуу нэг ширхэг, 43,5x13 сантиметрийн хэмжээтэй зах ирмэг тэгш биш дээрээ дүрслэл хээ бүхий улаан хүрэн өнгийн давуу 1 ширхэг, аркны дээд хэсгээс авсан 40x36 сантиметрийн хэмжээтэй улаан хүрэн өнгийн даавуу нэг ширхэг, 58,5x25 сантиметрийн хэмжээтэй цэцгэн хээтэй давуу, 33 сантиметрийн урттай зангидаж гогцоо гаргасан улаан өнгийн даавуу, куртикны зүүн суганы хэсгээс бэхжүүлэн авсан үс, талийгаачийн зүүн хөлний үзүүр хэсэгт наалдсан улаан өнгийн утас зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.1, 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч нас барсан үндэслэлээр шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Г.Б-г хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч “Хайнга хандах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан цагдаагийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар буюу /орон нутгийн төсвөөс/ 3.670.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ц-д олгосугай. 
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пудволкны зүүн гарын ханцуй байж болох улаан өнгийн 20x8 сантиметрийн хэмжээтэй давуу нэг ширхэг, 43,5x13 сантиметрийн хэмжээтэй зах ирмэг тэгш биш дээрээ дүрслэл хээ бүхий улаан хүрэн өнгийн давуу 1 ширхэг, аркны дээд хэсгээс авсан 40x36 сантиметрийн хэмжээтэй улаан хүрэн өнгийн даавуу нэг ширхэг, 58,5x25 сантиметрийн хэмжээтэй цэцгэн хээтэй давуу, 33 сантиметрийн урттай зангидаж гогцоо гаргасан улаан өнгийн даавуу, куртикны зүүн суганы хэсгээс бэхжүүлэн авсан үс, талийгаачийн зүүн хөлний үзүүр хэсэгт наалдсан улаан өнгийн утас зэргийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
  10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ