| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07075/И |
| Дугаар | 102/ШШ2017/00296 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/00296
2017 оны 01 сарын 20 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00296 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 120 дугаар байрны 22 тоотод оршин суух, Булга овогт Ганзоригийн Бямбадорж /РД-ТЕ92051012/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр хороолол, 25-44 тоотод оршин суух, Булга овогт Ганзоригийн Лхагвадорж /РД-ТБ99090850/ нарын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 18 дугаар байр, 105 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндаваагийн Дуламсүрэн /РД-ИЦ77011563/-д холбогдох
Эд хөрөнгө, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,667,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номиндалай, иргэдийн төлөөлөгч Д.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Дуламсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн газрын баруунд урд уулзвар замд Тоёото Приус маркийн 4174 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Бямбадоржийн Тоёото Приус маркийн 4449 ДАХ дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг автомашинд нэхэмжлэгч дүү Г.Лхагвадоржийн хамт явж байсан.
Ингээд ослын улмаас Г.Бямбадоржийн автомашинд 256,000 төгрөг, эмчилгээний зардалд 123,000 төгрөг, нийт 379,000 төгрөгийн хохирол учирсан.
Г.Бямбадоржийн хувьд анх шүүхэд 379,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тооцоогоо буруу хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа 316,000 төгрөг болгон багасгаж байна.
Мөн Г.Лхагвадорж нь тухайн үед ахтайгаа хамт явж байсан бөгөөд түүний хэвлийн баруун доод хэсгийн тунгалагийн булчирхай томорч, тархи доргисон байсан учир эмчилгээ хийлгэсэн.
Г.Лхагвадорж нь 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Шүүх шинжилгээний үндэсний төвд очиж, шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр түүний биед тархи доргилт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдсон. Энэхүү гэмтэл зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой, хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн байдаг. Нэхэмжлэгч нар зам тээврийн ослын дараа эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн.
Иймд нэхэмжлэгч Г.Бямбадоржид 316,000 төгрөг, Г.Лхагвадоржид 1,351,000 төгрөгийг Ц.Дуламсүрэнгээс тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Дуламсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номиндалай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Дуламсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шунхлай шатахуун түгээгүүрийн газраас 5-10 миллийн хурдтай явж байхад гэнэт 4449 ДАХ улсын дугаартай автомашин зогссоны улмаас мөргөсөн байдаг.
Хариуцагчийн хувьд Г.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгийн хохирол 256,000 төгрөгийг, толгой бариулсан зардал 60,000 төгрөг, нийт 316,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Ц.Дуламсүрэн тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан, хүний биед хохирол учруулаагүй. Мөн машин дотор байсан 2 хүн зүгээр байсан, Приус машины хойд талын гупер хонхойсон бөгөөд хөнгөн зэргийн гэмтэл учруулахаар осол биш юм. Нэхэмжлэгч нь ходоодны архаг үрэвсэлтэй хүн байх ба ийм өвчтэй хүн байнга л өвдөж, хоол ч идэж чаддаггүй.
Иймд нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн эрүүл мэндэд учирсан хохирол буюу өөрийнхөө архаг өвчнөө эмчлүүлсэн зардлаа гаргуулах гэж байгааг зөвшөөрөхгүй. гэв.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.Бямбадорж нь өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 379,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Лхагвадорж нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,351,000 төгрөгийг Ц.Дуламсүрэнгээс тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч Г.Бямбадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган 316,000 төгрөг болгосныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна.
Шүүх, хариуцагчийг нэхэмжлэгч Г.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзлээ.
Учир нь хариуцагч Ц.Дуламсүрэн нь Энт финанс ББСБ-д өөрийн эзэмшлийн автомашинаа барьцаалан зээл авч машиныг эзэмших эрхийг тус ББСБ-ын нэр дээр түр шилжүүлсэн байгаа боловч автомашиныг өөрөө ашиглах явцдаа бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан байна. /хх-164 дүгээр хуудас/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.Дуламсүрэнгийн, Г.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, Г.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Дуламсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Г.Лхагвадоржийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас харахад хариуцагч Ц.Дуламсүрэн нь 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар замд Тоёото Приус маркийн 4479 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөнөөс Г.Бямбадоржийн жолоодон явсан Тоёото Приус маркийн 4449 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь тогтоогдсон байна. /хх-11-16, 21-23 дугаар тал/
Хариуцагч нь дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Харин хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1,351,000 төгрөгөөс толгой бариулсан төлбөр болох 61,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй марган үндэслэлээ “... Г.Лхагвадоржийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй, уг ослоор биед нь хөнгөн гэмтэл учирсан байх ёсгүй, ... өөрийн архаг өвчнөө эмчлүүлсэн зардлаа нэхэмжилж байна” гэж тайлбарлах боловч татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйн гадна нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг няцааж чадахгүй байна. /хх-162, 164 дүгээр хуудас/
Тухайн осол болсон өдөр нэхэмжлэгч Г.Лхагвадорж нь Г.Бямбадоржийн машинд сууж явсан байдаг бөгөөд уг ослын улмаас түүний биед тархи доргилт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Замын цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч Х.Эрдэнэтуулын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор томилсон шинжээчийн мөн сарын 30-ны өдрийн 11837 дугаар дүгнэлтээр тогтоогджээ. /хх-103-104 дүгээр тал/
Үүний улмаас хариуцагчид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг үүсчээ.
Нэхэмжлэгч Г.Лхагвадорж нь тархины доргилтоо бариачаар бариулж, тухайн үед эрүүл мэндэд учирсан гэмтлээ тогтоолгох шинжилгээ хийлгэж, холбогдох эмчилгээ хийлгэсэн болох нь Бэст массаж төвийн кассын орлогын ордер /61,000 төгрөг/, хэвлийн тойм зураг авахуулсан орлогын тасалбар /25,000 төгрөг/, Гялс анагаах ухааны төвд шинжилгээ хийлгэсэн 31,100 төгрөг, 21,100 төгрөгийн төлбөрийн баримт, Ачболд эмнэлгийн ЭХОКГ кассын орлогын ордер /30,000 төгрөг/, ЭХО оношлогооны орлогын ордерын тасалбар /20,000 төгрөг/, ходоодны дуран /40,000 төгрөг/, Амухүү ХХК-ийн кассын орлогын ордер /30,000 төгрөг/, Мөнгөн гүүр эмнэлгийн хэвлийн тодосгогчтой томографийн оношлогооны төлбөр /300,000 төгрөг/, бэлэн мөнгөний орлогын баримт /20,000 төгрөг/, Гишүүт ХХК болон Очиртуяа ХХК-иас эм, тариа авсан төлбөрийн баримт /52,000 төгрөг,12,000 төгрөг/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-5, 7, 9, 10, 84-85, 1122, 114 дүгээр тал/
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дуламсүрэнгээс бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 642,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Лхагвадоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 708,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 27,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбадорж, Г.Лхагвадорж нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Харин хэргийн 8-10 дугаар хуудсанд авагдсан Нийслэлийн автозамын сангийн 1000 төгрөгийн тасалбар, хоол, хүнсний зүйл авсан тооцооны хуудас, Гялс анагаах ухааны төвд авахуулсан хеликобактерын шинжилгээ, ходоодны эм авсан төлбөрийн баримт, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа авсан төлбөрийн баримт, шатахуун худалдаж авсан тасалбар, Шеншимин Монгол ХХК-ийн 226,100 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтууд нь зам тээврийн ослын улмаас Г.Лхагвадоржийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хамааралтай гарсан зардал гэж үзэх боломжгүй байхаас гадна Дархан-Уул аймгийн эмнэлэгт хэвтсэн төлбөрийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй учир эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дуламсүрэнгээс 642,200 /зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Лхагвадоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 708,800 /долоон зуун найман мянга найман зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.Дуламсүрэнгийн, Г.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлага болох эд хөрөнгө буюу эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 316,000 /гурван зуун арван зургаан мянган/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, Г.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Дуламсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 27,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бямбадорж, Г.Лхагвадорж нарт буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.МӨНХЦЭЦЭГ