Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 433

 

   Ш.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01453 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллежид холбогдох        

Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дашдаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Мөнхбаатар нь 2014 оны 4 дүгээр сард Үйлдвэр урлалын политехник коллежид тооцооны нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтанд тэнцэн ажилд орсон...2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн сайдын тушаалаар ажилтнуудын орон тоо цомхтгох болсон үүний дагуу ажлаас чөлөөлөх болсон” гэж мэдэгдэл өгсөн...намайг ажлаас хална гэж дарамталсаар байгаад дотуур байрны багш болгочихоод тушаал гарсан өдрөө шинэ тооцооны нягтлан бодогч ажилд авсан.

Захирал Б.Даваажав нь надад “Чи энэ хүнд ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэж хэлсэн… ээлжийн амралтаа авъя гээд Б.Даваажав захирал дээр ороход “Чи дотуур байрны багш болсон тухайгаа бичээд амралтаа ав” гэж хэлснийх нь дагуу өргөдөл бичиж өгч 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ээлжийн амралтаа эдэлсэн. 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа очихоор ирэхэд захирал Б.Даваажав нь “Чамд хийх ажил одоогоор алга байна 8 дугаар сарын 31 хүртэл амарч бай” гэсэн.  Хэлсэн хугацаанд нь амраад ажилдаа орох гэтэл “чиний ажлаас халах тушаал гарсан” гээд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн он сар өдөртэй тушаалыг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гардуулан өгсөн. Энэ бүх хугацаанд би захирал Б.Даваажавын буцааж тооцооны нягтлан бодогчийн ажил, албан тушаалд томилно, түр дотуур байрны багшийн ажил хийж бай гэсэн амлалтанд итгэж хүлээж байсан боловч намайг чөлөөтэй байх хойгуур ажлаас халах тушаал гаргасан байсан. Тушаалын үндэслэл нь ноцтой зөрчил гаргаж, бусдыг уриалж, үгсэн тохирсон гэсэн байсан. Би дотуур байрны багшийн ажилд томилогдоод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: 1. Оюутны дотуур байрны багшийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, уг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, 3. Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болорчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдвэр урлалын политехник коллежид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Мөнхбаатар нь 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Үйлдвэр урлалын политехник коллежийн хүний нөөцийн ажилтанд өөрийн хүсэлтээр тооцооны нягтлан бодогчийн ажлаа өгч, байрны багшаар ажиллах хүсэлтэй байна гэсний дагуу 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 67 тоот тушаал гаргаж байрны багшийн ажилд түр шилжүүлэн томилсон юм. Гэтэл Ш.Мөнхбаатарын хүсэлтээр 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлын 15 хоногоор ээлжийн амралт өгсөн. Амралтаа эдэлж байх хугацаандаа Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарын нэр дээр захирал Б.Даваажавыг гүтгэж үндэслэлгүй "хүсэлт” гэсэн мэдээлэл бичиж 18 хүний гарын үсэг зурж өгсөн нь хамт олны эв нэгдлийг бусниулах, захирлыг гүтгэж нэр төрийг гутаах зэрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсан тул захирлын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 95 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үндэслэл нь: 2015 оны 8 дугаар сарын 14-нд Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийн нэр дээр 6 хуудас “Хүсэлт" гэсэн зүйл бичих тэр үедээ Ш.Мөнхбаатар нь байрны багшийн албан тушаалтай байсан. “Олон хүнийг хомроглон халж байна гэж үндэслэлгүй 20 хүний нэрийг ард нь бичиж 12 хүнээр гарын үсэг зуруулсан байх боловч гарын үсэг зурсан нэр нь бичигдсэн хүмүүсээс гарын үсэг зураагүй, ажлаасаа чөлөөлөгдсөн, ажлаа хаяад явсан, өөр ажил, албан тушаалд шилжсэн, өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүсийн нэрийг Ш.Мөнхбаатар өөрөө бичиж заримд нь худал хэлж, гарын үсэг зуруулсан байсан.

Дараа нь Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы нэр дээр сургуулийн хамт олон гэж бичээд өмнө нь Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэний нэр дэр бичсэн 5 хуудас хүсэлтээ гарын үсэг зураагүй буюу хамт олны төлөөлөл гэх үндэслэлгүйгээр дахин бичиж н.Даваажавыг гүтгэсэн хэвээр байна. Би 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 95 тоот тушаал гаргаж Ш.Мөнхбаатарыг байрны багшийн үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4, Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.2-т заасныг  хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж байгаа юм. Ш.Мөнхбаатар нь ...байгууллага хамт олны нэр хүндийг гүтгэн доромжилсон. Энэ заалтыг баримталж ажлаас халсан. Хүний нэр зээлдэх гарын үсгийг дуурайлгаж зурах 8 хүний гарын үсгийг зуруулаагүй байж нэргүй мэдээлэл яаманд явуулах зэрэг ёс зүй, байгууллагын ажилтнуудтай хийдэг хөдөлмөрийн гэрээг зөрчиж байгаа нь багшийн ёс зүйд таарахгүй. Иймд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ш.Мөнхбаатарыг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн дотуур байрны багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежоос 5 548 260 төгрөгийг гаргуулж Ш.Мөнхбаатарт олгож, Ш.Мөнхбаатарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнхбаатар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллежоос 103 722 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч Ш.Мөнхбаатарын ажилгүй байсан хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 15 cap 14 хоног байх тул цалинтай тэнцэх олговрыг /535 286 х 15сар=5 299 290 төгрөг, 535 286:21,5=24 897 төгрөг х 14 хоног=248 970 төгрөг, нийт 5 548 260 төгрөг/ 5 548 260 төгрөг байна" гэж тооцоолсон бөгөөд 2 730 000 төгрөгийн цалин олговрыг дутуу бодож шийдвэрлэсэн. Дээрх тооцооллын дагуу бодож үзвэл 535 286х 15 сар = 8 029 290 төгрөг, 535 286 : 21,5=24 897 төгрөг х 14 хоног = 248 970 төгрөг нийт 8 278 260 төгрөг гарч байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт "...Үйлдвэр урлалын политехник коллежоос 5 548 260 төгрөг" гэснийг 8 278 260 төгрөг гэж зөвтгөн өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Мөнхбаатар нь хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллежид холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 95 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.2-т заасныг үндэслэл болгон Ш.Мөнхбаатарыг мөн өдрөөс дотуур байрны багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнхбаатар буюу ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талаархи нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул ажил олгогч “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”-ийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар ажлаас чөлөөлөх тухай дээрхи тушаал нь хууль зүйн үндэслэлгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөн ажил олгогч ажилтанг ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх боловч ажил олгогч, ажилтны  хооронд  бичгээр гэрээ байгуулаагүй нь хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Хариуцагч Үйлдвэр урлалын политехник коллеж нь нэхэмжлэгч Ш.Мөнхбаатарыг тус коллежийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, зохих даатгал, шимтгэлийн төлсөн бичилтийн талаар өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Харин нэхэмжлэгч нь олгосон цалин олговроос 2 730 000 төгрөгийн олговор дутуу байгаа талаар гомдол гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь мэтгэлцэх зарчим, диспозитив зарчмын хүрээнд гаргасан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор хязгаарлагдах ёстой.

Нэхэмжлэгчид олгох цалин олговрыг тооцож үзэхэд 535 286 х 15 сар= 8 029 290 төгрөг, 535 286:21,5=24 897 төгрөгх14 хоног=348 558 төгрөг нийт 8 337 848 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн давж гомдолд дурдсан 2 730 000 төгрөгийн цалин дутуу гэсэн  энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрчихгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/01453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...5 548 260...” гэснийг “...8 278 260...” гэж,  2 дахь заалтад “...103 722...” гэснийг “...147 402...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнхбаатар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА