Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0614

 

“Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч төлөөлөгч Ч.М, өмгөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 569 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 569 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.2, 35 дугаар зүйлийн 35.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн А/73 дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:... Захиргааны акт нь зөрчил хянан шийдвэрлэгдэх буюу барилга хоорондын зай хэмжээ, хангагдах шинээр захиргааны акт гарсан тохиолдолд түдгэлзүүлсэн актын үйлчлэл дуусах талаар тайлбар гаргасан байхад ийм байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

... Зөвхөн захиргааны акт нь өөрөө үндэслэл муутай гарсан гэх байдлаар шийдвэрлэж байгаа нь өөрөө захиргааны шийдвэр бодит байдал дээр биелэгдэх шинжтэй байх зарчимд харшилж байна.

... Захиргааны актын үндэслэл болсон нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 02-03/4181 дугаартай албан бичгийн үйлчлэл дууссан гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Нөхцөл байдлыг шалгаж үзээд тус маргаан бүхий барилга нь хөрш залгаа барилгуудын нарны ээвэрлэлтийг зөрчиж төлөвлөсөн гэх агуулга бүхий хяналт шалгалтын газраас ирүүлсэн албан бичгийн дагуу ямар нэгэн шинээр захиргааны акт гараагүй, мөн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад зөвхөн үйлчлэл дууссан зэргээр дүгнэж байгаа нь буруу болсон байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 569 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ю Т” ХХК-аас “нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нийслэлийн Засаг дарга Барилгын тухай хуулийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж зааснаар тухайн нутаг дэвсгэрт барилгын ажлын зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийг үндэслэн мөн зүйлийн 28.1 /Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна/-д заасны дагуу тухайн зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулах учиртай.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Ю Т” ХХК-д “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа цогцолборын баруун талд байрлалтай, 5000 м.кв талбай бүхий газарт 198 айлын орон сууцны 2 блок барилга барих Барилгын ажлын зөвшөөрлийг 161/2020 дугаар гэрчилгээгээр баталгаажуулсан.

Гэвч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03/4181 дүгээр албан бичгээр “Хан-Уул дүүргийн 21 хороо, 253 дугаар байрны оршин суугчдаас удаа дараа “Барилга хоорондын зай хэмжээ зөрчиж байгааг шалгуулах тухай” гомдол ирүүлсний дагуу “Ю Т” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 21 хороо, 253 дугаар байрны зүүн талд баригдаж байгаа орон сууцны “Ю апартмент” хотхоны барилгын зураг төсөл, холбогдох баримт бичиг, тухайн газарт шалгалт хийж, 253 дугаар байрнаас тус компанийн төлөвлөж буй 12 давхар Б блок орон сууцны барилга нь “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (Ээвэрлэлтийн) хангамж” /БНбД 23-04-07/-ын шаардлагыг хангаагүй, ГБМЗХ2019/01-022 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг дахин судалж, батлагдсан зураг төслийг Хот байгуулалтын тухай хууль, холбогдох норм ба дүрэмд нийцүүлэн дахин боловсруулж, 161/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж, хариу ирүүлэх” талаар мэдэгдсэнтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг үндэслэн “Ю Т” ХХК-д олгосон 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 161/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”-ээр, 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байх”-аар тус тус заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шийдвэр” нь захиргааны байгууллагаас захиргааны актад гарсан гомдлыг хянан шийдвэрлэх явцад гомдлыг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хэрэгжилтийг нь түр хугацаагаар зогсоох үр дагавартай буюу захиргааны байгууллагын холбогдох асуудлаарх эцсийн шийдвэр биш юм.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны А/73 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан шинжийг бүрэн агуулаагүй байна.

Хариуцагч албан тушаалтан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн тушаалаа Хан-Уул дүүргийн 21 хороо, 253 дугаар байрны оршин суугчдын удаа дараагийн гомдолд үндэслэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 02-03/4181 дүгээр албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан тухайн гомдлыг буюу урьд гаргасан Барилгын ажлын 161/2020 дугаар зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 /Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө/, 94.4 /Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ/-д заасан хугацаанд Барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан, эсхүл хэвээр үлдээх талаарх ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй байна.

Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй.

Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхааралгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан “Ю Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ю Т” ХХК-ийн “нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гарган нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР