Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01045

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145/ШШ2017/00603 дугаар шийдвэр,

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 204/МА2018/00004 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ө- холбогдох,

Гэм хорын хохирол 82 888 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоогийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Базарсад, хариуцагчийн төлөөлөгч Б.Доржтогоо, Т.Хүрэлбаатар, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь өөрийн эзэмшдэг Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах Асгатын дархад нэртэй алтны шороон ордын /10335х/ тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд 2014 оны 07 дугаар сард Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга П.Баатараар байгаль хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөө батлуулж, Ашигт малтмалын газарт талбайн төлбөр болох 45 888 250 төгрөг тушаасан. Хайгуулын ажлаа явуулах гэтэл Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3-р багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нар тусгай зөвшөөрөлтэй /10335х/ талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хууль бус шийдвэр гарган хориглож, бидний ажлыг 1 жил бүтэн зогсоосон. Бид Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасны дагуу тэдний захиргааны акт нь хууль бус болохыг тогтоолгосон.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “...үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн байх тул учруулсан хохирол болох 2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 45 888 250 төгрөг, эрх зүйн туслалцаа иргэн Б.Наранхүүгээс авсны хөлс 3 000 000 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулахыг шаардаж байна.

Гарсан зардал ирж очих машины түлш, хоол, буудлын зардлыг нэхэмжлэхгүй орхисон. Зөвхөн лицензийн мөнгөө нэхэмжилж байгаа.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоо шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 22-нд Уянга сумын Засаг даргаар томилогдсон. Түүнээс өмнө Уянга сумын Засаг дарга байсан Баатар даргын үед болсон асуудал юм билээ.

Хавтаст хэрэг болон бусад баримттай танилцаж байхад “Ч” ХХК нь 2013 онд хайгуул хийгээд 2014 онд Уянга сумын Засаг дарга Баатараар ажлын төлөвлөгөөгөө батлуулаад 8-10 саруудад хайгуулын ажлаа хийгээгүй. 11 сард хийх гэж очоод Сумын Засаг даргаар батлуулсан хайгуулын ажлынхаа 450 м тууш өрөмдөнө гэсэн төлөвлөгөөний дагуу ажлаа хийлгүй батлуулсан төлөвлөгөөгөө зөрчиж эксковатороор хайгуул хийсэн юм байна лээ. Үүнийг ард иргэд эсэргүүцэж мэдээлэл өгч Хүрэлбаатар дарга, байгаль орчны байцаагч нар очиж уулзсан. Ард иргэдийн хүчтэй тэмцэлтэй тулгарч буцаж явах замд буюу даваан дээр таарсан ба яг газар дээр нь очиж зогсоосон зүйл байхгүй юм байна гэж ойлгосон.

Сумын Засаг дарга эрх бүхий албан тушаалтан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Баатар даргаар батлуулсан төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлаа явуулаагүй учраас үйл ажиллагааг нь зогсоосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Хайгуулын ажлын төлөвлөгөөг Уянга сумын Засаг дарга Баатар даргаар 7 сард батлуулсан байж 11 сард гадаа уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байхад үйл ажиллагаагаа явуулсан нь нэг талын сөрөг үр дагавар авчирсан гэж хардаг.

“Ч” ХХК нь тухайн үед аж ахуй нэгжийн “Агсат дархад” нэртэй хайгуулын талбайд хайгуул явуулсан. Урд жилд нь манай баг ард иргэд нь хамтарч дэмжиж ажилласан нь харагдаж байгаа. Хэд хэдэн шурф ухчихаад хамгийн сүүлд нь ганц булгийн усыг ухах гэж байгаад ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ компанийн аж ахуйн бүхий л талбайг дуртай газраа ух гэсэн хуулийн үндэслэл байхгүй. Усны эх ундарга, түүхийн археологийн олдвортой газар, ой модтой газар байвал битгий ухаач үүнийг Ашигт малтмалын болон Усны тухай хуулиар хорьж байгаа шүү гээд заагаад өгчихсөн байтал санаатайгаар шөнийн 11, 12 цагийн үед эксковатороор газар ухах гэж байсан. Өвлийн cap эхэлчихсэн, хүрзээр ч газар ухах боломжгүй байхад ийм үйлдэл хийсэн нь хууль зөрчсөн асуудал байсан.

2014 оноос хойш дандаа “Ч” ХХК-ийн талд шийдвэр гарсан юм биш. Хүрэлбаатар, Доржтогоо нар нь хууль зөрчөөгүй. Энэ талбайн зарим хэсэг дээр ухаж болохгүй гэсэн зүйлийг шөнийн 12 цагт ард иргэд амарч байдаг үед очиж ухах гэсэн сэдэл нь зөрчил юм. Энэ зөрчлийг нь би Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг баримталж зогсоосон юм.

Мөн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан юм. 12 цагийн үед хөдөөний ард иргэд амарч байдаг. Би ч гэсэн амарч байсан. Ард иргэдээс дуудлага авч тухайн үед цагдаа, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамт явсан.

Ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад өөрсдөө буцаад явж байсан.

Би багийн иргэдийн хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг биелүүлэх ёстой.  Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжпэлийн шаардлага болох мөнгөн дүн нь үндэслэлгүй. Энэ мөнгийг Уянга сумын ард иргэд аваагүй. Тэр нэхэмжлээд байгаа мөнгийг бид нар төлөх субъект биш. “Ч” ХХК-ийн үйлдлийг маш буруу гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145/ШШ2017/00603 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Уянга сумын Засаг даргын тамгын газраас 45 888 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 37 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газраас 387 391 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 727 350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 204/МА2018/00004 дүгээр магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145/ШШ2017/00603 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь “Ч” ХХК нь 2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хайгуулын ажил хийгээгүй, Уянга сумын Засаг дарга П.Баатар манай компанийн хайгуулын ажлыг түдгэлзүүлсэн гэх 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн а\25 тоот албан бичгийг дутуу хянасан, дээрх албан бичиг нь Ашигт малтмалын газарт хаяглаж явуулсан байх бөгөөд ямар нэгэн үйл ажиллагааг зогсоосон тухай шинж агуулсан, захирамжилсан шийдвэр биш юм. Төрийн байгууллага хоорондын харилцах албан бичиг байсан болно. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/25 тоот албан бичиг нь 2015 оны 02 дугаар сард ашигт малтмалын газарт явуулсныг 2014 оны 11 дүгээр сарын 28-нд манай кампанийн хайгуулын ажлыг зогсоосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Ч” ХХК нь Асгатын Дархад нэртэй алтны шороон ордны \10335Х\ тоот тусгай зөвшөөрлийн талбайдаа 2013, 2014 онуудад хайгуулын ажил явуулсан нь Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулж Уянга сумын Засаг даргаар батлуулсан. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө болон хайгуулын ажил явуулсан зэрэг баримтаар нотлогдож байна. “Ч” ХХК-ийн Ашигт малтмалын газарт төлсөн 45 888 250 төгрөг нь тусгай зөвшөөрлийн талбай эзэмшсэний төлбөр тул хайгуулын ажил хийсэн, хийгээгүйгээс үл хамаарч төлөх төлбөр юм. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан байна. Иймээс Уянга сумын Засаг даргын Тамгын газар нь дээрх төлбөр 45 888 250 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул тус “Ч” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн гэх Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн а\25 тоот дугаартай албан бичиг нь тухайн аж ахуйн компанийн үйл ажиллагааг хязгаарласан албан бичиг биш бөгөөд Ашигт малтмалын газарт хүргүүлсэн тодорхойлолт юм.

Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн а\25 тоот дугаартай албан бичиг нь захиргааны актын захирамжилсан шинж агуулгагүй өөрөөр хэлбэл уг албан бичгээр “Ч” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын \ХҮ10350Х\ дугаартай тусгай зөвшөөрлийн 4843,62 га талбай бүхий Асгатын Дархад нэртэй газарт хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Харин “Ч” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 4843,62 га талбайг тусгай хэрэгцээнд авсан тул цаашид үйл ажиллагаа явуулахыг түтгэлзүүлж өгөхийг хүссэн гэдгийг мэдэгдсэн байх тул үүнийг захирамжилсан шийдвэр гаргасан, захиргааны акт байна гэж үнэлэх боломжгүй байна гэж Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрээс харахад Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн а\25 тоот дугаартай албан бичиг нь “Ч” ХХК-ийн үйл ажиллагааг түтгэлзүүлсэн гэх үндэслэлгүй, “Ч” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох талаар 2014 онд сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ямар нэгэн щийдвэр акт гаргаагүй тул “Ч” ХХК 2014 онд төлсөн хайгуулын талбайн төлбөр болох 45 888 250 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газар төлөх үндэслэлгүй үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан тул тухайн жилийн талбайн төлбөрт төлсөн 45 888 250 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцон гаргуулахаар Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, сумын 3 дугаар багийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба хариуцагч тал хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Зохигч нь хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн болон гурван талт гэрээ байгуулсан ба эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгодог боловч зохигчийн эвлэрлийн  гэрээний нөхцөл тодорхой бус, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байдлыг харгалзан, тухайн асуудлыг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зохигчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд талууд эвлэрсэн гэж заасан боловч эвлэрлийн нөхцлийг дутуу тусгасан, тухайлбал, зөвхөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлээс татгалзах үүргийг тусгажээ.

Харин талууд шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захирал Б.Базарсад, хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоо, сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар, мөн “Өгөөмөр өргөө” ХХК-ийн захирал С.Дорждагва нар нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гурван талт гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нарын төлбөл зохих төлбөрийг “Өгөөмөр өргөө” ХХК нь “Ч” ХХК-д төлөх, “Ч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах зэрэг асуудлаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй болно. Нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжтой боловч ийнхүү нэхэмжлэлээс татгалзаж буй байдлын талаарх түүний тайлбар эвлэрлийн гэрээний нөхцлөөс зөрүүтэй байгаагаас гадна талууд эвлэрсэн нөхцөл тус бүрийг гэрээнд тодорхой тусгаагүй  байна.

Түүнчлэн, зохигчийн эвлэрэл гуравдагч этгээд буюу “Өгөөмөр өргөө” ХХК-ийн оролцоотой холбоотой байх тул уг хуулийн этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг шалгахгүйгээр тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Хяналтын шатны шүүх эвлэрлийн гэрээг батлах хүсэлтийг хангахгүй орхисноор хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэх боломжтой боловч энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг хөндөх магадлалтай байна. Учир нь зохигч эвлэрлийн гэрээ байгуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ, хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.  

Анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ дэмжиж буй эсэх, хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч буй эсэхийг, мөн талуудын эвлэрэх хүсэл зоригийг тодорхой болгохоос гадна тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцох боломжийг хуульд заасан журмын дагуу дүгнэх шаардлагатай.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 145/ШШ2017/00603 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 204/МА2018/00004 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 387 391 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН