Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/00287

 

    2017 оны 01 сарын 19 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00287

               Улаанбаатар хот

                                  

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 46 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Туваанжавын Чимэгмаа /РД-НЙ74112900/-гийн,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 18 дугаар байрны 46 тоотод оршин суух, эрэгтэй, Тайжууд овогт Амгалангийн Хүрэлбаатар /РД-ЧА79112010/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Чимэгмаа, түүний өмгөөлөгч Б.Батжаргал /шүүхэд төлөөлөх эрх-0952/, хариуцагч А.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг /шүүхэд төлөөлөх эрх-1298/, Д.Хэрлэнчимэг /шүүхэд төлөөлөх эрх-0659/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Чимэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2001 оны 9 дүгээр сард А.Хүрэлбаатартай танилцсан. Тэр үед том хүү Х.Энхтайван маань 2 настай байсан.

Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дунд хүү Х.Энх-Амгалан, 2006 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бага хүү Х.Энхтүвшин, 2013 оны 7 дугаар сарын 18-нд охин Х.Энххүслэн нар төрсөн. Эхний үед аз жаргалтай байсан боловч сүүлдээ А.Хүрэлбаатар тодорхой ажил хийхгүй, архи ууж ааш зан нь хувирч намайг элдвээр хэлэх болсон.

Мөн хариуцагч нь 2012 онд алтны хэргээр шоронд орж, 2014 оны 7 дугаар сард гарч ирэхдээ бэлэг эрхтэндээ вазелин шахуулсан байсан. Тэр үед би дургүйцэж татгалзсанаас хардалт үүссэн төдийгүй миний эрхэлж байсан бизнес амжилтгүй болсны улмаас бидний хооронд маргаан үүсч эхэлсэн. Ингээд зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2014 оноос тусдаа амьдарсан. Анх А.Хүрэлбаатарыг хашраах зорилгоор сална гэж байсан.

2014 оны 12 дугаар сард би гадагшаа яваад 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ирсэн бөгөөд энэ үед ч мөн салах талаар эргэлзэж байсан боловч бид үзэл бодлын хувьд өөр, цаашид хамт амьдрах боломжгүй юм байна гэдгийг би ойлгосон.

Том хүү маань надтай хамт байгаа, гурван хүүхдийн хувьд аавынхаа асрамжид байгаа боловч цаашид би 4 хүүхдээ өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна.

Иймээс А.Хүрэлбаатараас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч А.Хүрэлбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд салах шалтгаан байхгүй байсан. Би Т.Чимэгмааг 2 жил хүлээсэн.

Бид 2000 оноос хойш хамтран амьдарч, 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 3 хүүхэд гарсан бөгөөд гэрлэхдээ Т.Чимэгмаа нь дагавар хүү Х.Энхтайваны хамт ирсэн тул би өөрийн хүү шиг өсгөсөн.

Нэхэмжлэгч нь дунд хүү Х.Энх-Амгаланг 4 настай, бага хүү Х.Энхтүвшинг 1 нас, 3 сартай байхад нь хүүхдүүдээ орхин Чех, Франц гэх орнуудаар 4 жил амьдарч байгаад ирсэн. Мөн дахин 4 хүүхдээ орхин миний ээжээр 24 сарын тэтгэврийн зээл авахуулан гадагш яваад 2016 оны 6 сард ирсэн.

Би том тэргээр тээвэр хийж гэр бүлээ тэжээдэг байсан. 2012 онд би Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар ял эдэлж 2014 онд гарч ирсэн. Намайг гарч ирэхэд Т.Чимэгмаа миний хөдөлмөрөөрөө олсон хөрөнгө болох 4 өрөө байр, Ланд-80 автомашин, том оврын тэргийг зарж, 8 хувийн зээлд хамрагдан 200 гаруй сая төгрөгийн өрөнд орсон байсан. Би эхнэр, хүүхдээ 40 гаруй сая төгрөгтэй үлдээсэн боловч ямар ч мөнгөгүй дээр нь бөөн өртэй болсон байснаас маргаан үүссэн. Ингээд болж бүтээх гэсэн боловч чамаас сэтгэл хөрсөн, сална гэх зэрэг үг хэлдэг болсон ба шөнө орой гарч гэртээ тогтохоо больсон.

Энэ мэт шалтгааны улмаас 2 удаа айлгаж байсан тал байгаа.

Би хориход даргын жолооч хийдэг байсан учир гэрээрээ ирэхэд Т.Чимэгмаа хүнтэй уулзана гэж яваад үүрээр ирдэг байсан. Намайг хориход байхад хүүхдүүд маань миний эхийн асрамжид байсан одоо ч байгаа. Том хүү Х.Энхтайван 2016 оны 8 дугаар сард ээж рүүгээ явчихсан, 3 хүүхэд маань надтай хамт байгаа.

Одоо Т.Чимэгмаа нь байрнаасаа хувиа авчихсан, байрны 60 гаруй сая төгрөгийн өрийг намайг төлөөд байраа ав гэж байгаа.

Нэхэмжлэгч нь гадагшаа явж буруу гарын зүйл хийдэг бөгөөд хулгайн хэргээр хэд хэдэн удаа гадны улсад хоригдож байсан байдаг бөгөөд хүүхдүүдээ байнга хаяж явдаг ийм хүн 4 хүүхдийг харж өсгөнө гэдэг хэцүү.

Би 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, өсгөмөөр байна. Хүүхдүүдээ салгамааргүй байна. Бага хүү ээж дээрээ очино гэдэг учир түүний хүсэлтийг харгалзан хүү Х.Энхтайван, Х.Энхтүвшин нарыг нэхэмжлэгчид үлдээж болох юм.

Харин дунд хүү Х.Энх-Амгалаг, охин Х.Энххүслэн нарыг өөрийн асрамжиндаа авна. Охин маань ээжээсээ хол хөндий өссөн гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Т.Чимэгмаа нь А.Хүрэлбаатараас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

          Хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн хувьд маргаж, үндэслэлээ “... хүүхдүүдээ хаяж явдаг, ... хүүхдүүд миний асрамжид байсан…” гэж тайлбарладаг.

          Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Т.Чимэгмаа, А.Хүрэлбаатар нар 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, тэд том хүү Х.Энхтайваны хамт амьдарч байгаад улмаар гэрлэлтээ 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба гэрлэгчдийн дундаас 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дунд хүү Х.Энх-Амгалан, 2006 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бага хүү Х.Энхтүвшин, 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин Х.Энххүслэн нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх-6, 8-10, 76-77 дугар хуудас/

          Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос хойш тусдаа амьдарч, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй болсон байхаас гадна талуудын, тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орсон эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ. /хх-1-2, 11 дугаар тал/

Иймээс шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргадаг учир шүүх, хариуцагч талын хүсэлтээр хүүхдийн хүмүүжил, түүний эрүүл мэндэд тавих анхаарал, ахуйн нөхцөл бололцоо, ээнэгшин дассан орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, эцэг эхийн хүмүүжил, ёс суртахууны байдал, хүүхдийг сэтгэл санааны дарамтад байлгадаг эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон.

          Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн захиргаанаас хүү Х.Энх-Амгалан, Х.Энхтүвшин нарын хувийн байдлын талаар “... хамт олны дунд нэр хүндтэй, бусадтай эвсэг, хариуцлагатай, сэргэлэн цовоо...” гэж, мөн ар гэрийн анхаарал халамжийн хувьд эцэг эхийн хуралд тогтмол оролцдог, эмээ, өвөө, аав, дүүгийн хамт амьдардаг...” гэж, Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгээс охин Х.Энххүслэнгийн хувийн байдлын талаар “... сэргэлэн цовоо, хэлсэн зүйлээс ойлгох чадвар сайн, бие бялдрын хөгжил сайтай...” гэж, мөн охиныг “... хариуцагч А.Хүрэлбаатарын эцэг, эх асран халамжилж байсан, эцэг, эхтэй нь уулзаж үзээгүй... ” гэж тус тус тодорхойлжээ. /хх-49, 45-46 дугаар тал/

          Мөн Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дүгнэлтээр гэрлэгчдийн хэн аль нь хүүхдүүдийг санхүүгийн хувьд гачигдуулахгүй өсгөх боломжтой, Т.Чимэгмаагийн хувьд хүүхдүүддээ гэсэн сэтгэлтэй ч анхаарал, халамж сул, А.Хүрэлбаатарын хувьд амьдрах орон байр бэлэн, хүүхдүүдэд анхаарал халамж сайн, хүүхдүүдийг халамжлахад туслах, дэмжих хүнтэй гэж үзсэн байна. /хх-52-62 дугаар тал/

Одоо том хүү Х.Энхтайван 17 настай, оюутан, эхийн хамт амьдарч байх ба дунд хүү Х.Энх-Амгалан, бага хүү Х.Энхтүвшин, охин Х.Энххүслэн нар эцгийн асрамжид эрүүл бойжиж байна. /хх-20-26 дугаар тал/

Шүүх шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт баримтууд болон гэрлэгчдийн хувийн байдал, бага насны хүүхдийн амьдрах орчин, ээнэгшин дассан байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу том хүү Х.Энхтайван, бага хүү Х.Энхтүвшин нарыг эх Т.Чимэгмаагийн, дунд хүү Х.Энх-Амгалан, охин Х.Энххүслэн нарыг эцэг А.Хүрэлбаатарын асрамжид тус тус үлдээхээр шийдвэрлэв. /хх-28-30, 45-46, 52-62 дугаар хуудас/

Хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу хүү Х.Энхтүвшин, Х.Энххүслэн нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Х.Энхтайван, Х.Энх-Амгалан, Х.Энхтүвшин, Х.Энххүслэн нарт 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хүү Х.Энхтайван, Х.Энхтүвшин нарын тэтгэлгийг эцэг А.Хүрэлбаатараас, хүү Х.Энх-Амгалан, охин Х.Энххүслэн нарын тэтгэлгийг эх Т.Чимэгмаагаас тус тус гаргуулах нь зүйтэй байна.  

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгов.

Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг талаар маргаж, хэн аль нь нэхэмжлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Туваанжавын Чимэгмаа, хариуцагч Тайжууд овогт Амгалангийн Хүрэлбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу том хүү Х.Энхтайван, бага хүү Х.Энхтүвшин нарыг эх Т.Чимэгмаагийн, дунд хүү Х.Энх-Амгалан, охин Х.Энххүслэн нарыг эцэг А.Хүрэлбаатарын асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу хүү Х.Энхтүвшин, Х.Энххүслэн нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Х.Энхтайван, Х.Энх-Амгалан, Х.Энхтүвшин, Х.Энххүслэн нарт 11-16, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, хүү Х.Энхтайван, Х.Энхтүвшин нарын тэтгэлгийг эцэг А.Хүрэлбаатараас, хүү Х.Энх-Амгалан, охин Х.Энххүслэн нарын тэтгэлгийг эх Т.Чимэгмаагаас тус тус гаргуулсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хүрэлбаатараас 70,200 төгрөг гаргуулан Т.Чимэгмаад буцаан олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД