Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/201

 

    

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгч Ж.Н-, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Н-т холбогдох эрүүгийн 1938005480210 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Н.

Шүүгдэгч Ж.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн ... тоот хашаанаас иргэн Л.Э-ы Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Э-д 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ж.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн ... тоотод оршин суух Л.Э-ы хашаанд орж, байшин налуулж тавьсан түүний “Мустанг-5” маркын шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Э-д 1.350.000 төгрөг хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- Хохирогч Л.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө тус аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн ... тоотод гэртээ эхнэр, ээж нарынхаа хамт унтаж байхад хашаан дотор байшин налуулж цонхон доор тавьсан миний хятад мотоцикль өглөө босоод харахад алга болсон байсан. Би урьд орой нь унтахдаа мотоциклио юмаар хучаад рулийг нь түгжээд тавьсан юм. Уг алдсан мотоцикль маань Мустанг-5 маркийн шар өнгөтэй, улсын номер дугааргүй шинэ шахуу 2018 оны 11 сард Мөрөн сумын захын “Мустанг” дэлгүүрээс 1.830.000 төгрөгөөр худалдаж авсан мотоцикль байгаа юм. ...би ямар ч байсан алдсан мотоциклио цагдаагийн байгууллагын ажилтнаас бүрэн бүтэн хүлээж авсан. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21, 23 дугаар хуудас/,

- Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк зарын группт зар үзээд байж байтал мотоцикль зарна гэсэн утасны дугаар байсан. Одоо уг утасны дугаарыг санахгүй байна. Би мотоцикль зарах гар утас руу залгатал 2018 оны Мустанг-5 маркийн мотоцикль байна, 1.300.000 төгрөгнөөс яриад өгнө гэж хэлсэн. Чи мөрөн сумын 10-р хороо ... тоотод ирээд үзчих гэж хэлсэн. Би уг хаяганд очтол намхан туранхайвтар бор царайтай ах гарч ирээд мотоцикль зарах хүн нь манайхтай ойрхон энд байгаа би заагаад өгье гэж хэлээд бид хоёр хамт явсан. Бид хоёр 10 дугаар хороо 39 дүгээр гудамжны ертөнцийн зүгээр баруун талын урагшаа харсан улбар шар өнгийн хоёрдох хаалган дээр очсон. Тэгтэл миний зүс таних Д.Ш- гэдэг залуу байсан. Д.Ш- нь тэр хаяган дээр байх айлд согтуу байсан. Би улбар шар өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг Д.Ш-оос 1.000.000 төгрөгөөр авсан. Тэгээд би худалдан авсан мотоциклио зарахаар “Тэнхлэг” их дэлгүүрийн гадаа зарахаар байнга ил байлгаж байсан. ...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 27 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороонд явж байтал манай хадам талын хамаатан Ж.Н-той таарсан. Ж.Н- шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан бөгөөд унаж явсан мотоциклио надад 800.000 төгрөгөөр худалдаж аваач ахын дүү, ах нь Хөвсгөл аймгийн Жаргал сумаас хүнээс өрөндөө авсан юм гэж хэлсэн. Би та мотоциклио зарж яах гэж байгаа юм бэ гэж асуутал ах нь хөдөө мал маллах гэж байгаа юм. Өмсөх хувцас хунар авъя гэж ярьсан. Тэгээд би уг улбар шөр өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг худалдаж авах болоод урьдчилгаа 200.000 төгрөгийг өгөөд авсан. Үлдсэн 600.000 төгрөгийг нь ирэх оны хавар өгье гэж хэлсэн. Тэр мотоциклийг би 2019 оны 09 дүгээр сарын эхээр фейсбүүк зар дээр зарах гэж тавьтал өндөр туранхай залуу ирээд надаас 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Хохирогч Л.Э-ы хулгайд алдсан гэх “Мустанг-5” маркын мотоциклийг 1.350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35 дугаар хуудас/,

- LXYPOKL06JO287292 арлын дугаартай, 162FMJ JF050568 моторын дугаартай мотоциклийн гаалийн бичиг, баримтын хуулбар /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 дугаар сар байх, одоо сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би Мөрөн сумын 1 дүгээр хороонд айлд оччихоод оройн 22 цагийн орчим гэртээ харих гээд явж байтал нэг айлын хашааны жижиг хаалга нь онгорхой, хашаан дотор нь мотоцикль байгаа харагдсан. Тэгээд хашаа руу нь явж ороод мотоциклийн хажууд очиход толгойд нь хамгаалалтын малгай зүүгээд орхиосон байхаар нь авч газарт тавиад мотоциклийг хашаанаас нь түрж гаргаад, тэр чигтээ түрж явсаар байгаад захын хойно аваачаад арайхийж асаасан. Тэгээд жаахан явж байтал гинж нь тасраад цааш нь түлхэж явсаар байгаад 10 дугаар хороонд байрлах ах Пүрэвгончигийн хашаанд аваачсан. Тэгээд ах надаас юун мотоцикль юм гэхээр нь хүнээс 300.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Тэр айлын хашаанд 2-3 хоносон. Тэгээд манай хүргэн Д.Ш- хөдөөнөөс орж ирсэн гэж сураг гарахаар нь утас руу нь залгаад “ахаасаа хямдхан мотоцикль авах уу” гэхэд очиж үзье гэсэн. Тэгээд ирж үзээд 800.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод бэлэн байгаа нь энэ гээд надад 200.000 төгрөг өгөөд тэгж байгаад хоёр эр хонь өгье гэж тохирсон. Тэгээд Д.Ш- надаас авсан мотоциклио засаж унаад явсан. Тэгээд Д.Ш- өөр нэг хүнд 1.000.000 төгрөгөөр зарчихсан байсан. ...мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 44А тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-57 дугаар хуудас/,

- Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-64 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ж.Н-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ж.Н- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн ... тоотод оршин суух Л.Э-ы хашаанд орж, түүнийг унтаж байхад нь шунахайн сэдэлтээр хашаан дотроо байшин налуулж тавьсан “Мустанг-5” маркын шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Э-д 1.350.000 төгрөг хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хохирогч Л.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 21, 23 дугаар хуудас/, гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25, 27 дугаар хуудас/, гэрч Д.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35 дугаар хуудас/, LXYPOKL06JO287292 арлын дугаартай, 162FMJ JF050568 моторын дугаартай мотоциклийн гаалийн бичиг, баримтын хуулбар /хх-ийн 67-69 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43/-ээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Ж.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн ... тоотод оршин суух Л.Э-ы хашаанд орж, түүнийг унтаж байхад нь шунахайн сэдэлтээр хашаан дотроо байшин налуулж тавьсан “Мустанг-5” маркын шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Л.Э-д 1.350.000 төгрөг хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Ж.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар

нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.350.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Л.Э- “...би ямар ч байсан алдсан мотоциклио цагдаагийн байгууллагын ажилтнаас бүрэн бүтэн хүлээж авсан. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23/-ийг өгсөн байх тул шүүгдэгч Ж.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Ж.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ж.Н-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ