Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/202

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2038000020205 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Т.

Шүүгдэгч Б.Т- нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Ж.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Т- нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхай гэх газарт оршин суух Б-ийн гэрт иргэн Ц.А-г шалтгаангүйгээр нүүр рүү нь цохиход хохирогч Ж.О- өөрийн нөхөр болох Ц.А-г өмөөрч “зүгээр юм яриад сууж байгаа хүнийг яагаад цохидог юм бэ” гэхэд “наадах хүнийг чинь би Хатгалд хараагүй, ална“ гэж дайрч, хэрүүл маргаан үүсгэж, улмаар “чи яасан их эрийгээ өмөөрдөг юм бэ” гэж хохирогч Ж.О-ыг алгадаж, цохиж унагаан хөл, гар дээр нь дэвсэлж, өшиглөж зодон эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ж.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шинийн 15 байсан юм. Бид нар зан үйлээ хийж дуусгаад тэнд ирсэн хүмүүс жаргал зовлонгоо яриад авчирсан архиа Б- ахын гэрт уугаад сууж байсан. Тэгсэн чинь Б.Т- юу болсон юм мэдэхгүй Ц.А- юм яриад сууж байхад нь шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд би гайхаад “чи чинь зүгээр юм яриад сууж байгаа хүн цохиод авдаг юм бэ” гэсэн чинь “наад хүнийг чинь би Хатгалд хараагүй, ална” гээд дайраад хэрүүл хийхэд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгсэн чинь над руу дайраад намайг алгадаад авсан. Тэгээд Б.Т-ийг болиулаад хэсэг байж байгаад би гарч бие засаад орох гэж явахад Б.Т- урдаас гүйж гарч ирээд шууд намайг цохиж унагаагаад “чи яасан их эрийгээ өмөөрдөг юм бэ” гээд хөл гаран дээр дэвсээд, хөл гар руу өшиглөөд байхаар нь “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ, би үхлээ шүү дээ” гэсэн чинь “чи их эрийгээ өмөөрдөг гичий” гээд цохиж байгаад болиод гэр рүү орсон. Тэгээд би босоод гэрт орсон чинь бас манай нөхөртэй барилцаж авсан байсан. ...Б.Т- надад учирсан 500.000 төгрөгний хохиролдоо нэг бяруу өгсөн. Түүнийгээ 300.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ зун жуулчин ирэхээр ажил хийгээд 200.000 төгрөг өгөхөөр болсон. Надад учруулсан хохирлоо барагдуулсан гэж үзэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11 дүгээр хуудас/,
  • Гэрч Ц.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 04-р сарын 08-ны өдөр Мөрөн сум руу ажлаар орой гэртээ ирэхэд манай дүү Ж.О- нөхөр болох гэж байгаа Ц.А- гэдэг залуугийн хамт Жанхай руу явсан байсан. Тэгээд 09-ний өглөө үүрээр гэртээ ирсэн юм. Тэгээд өглөө босохгүй орондоо хэвтээд байхаар нь юу болсон талаар асуусан чинь надад их юм ярихгүй байсан. Тэгээд биеийг нь харсан чинь зүүн хөл битүү хөхөрсөн байхаар нь юу болоо вэ гээд хувцасыг тайлаад харсан чинь энд, тэндээ хөхөрчихсөн байсан. Тэгээд асуугаад байсан чинь Жанхайд байхдаа Б.Т- гэдэг залууд зодуулсан байсан. Мөн тухайн үед нөхөр Ц.А-гийн чих, хөмсөг нь шалбарчихсан байсан. Тэгээд би эмнэлэгт үзүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
  • Гэрч М.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний харснаар Б.Т- нь гэрт байсан Ж.О-ы нөхөр Ц.А-г юунаас болсон юм мэдэхгүй гэнэт босож ирээд цохиж авсан. Тэгэхээр нь би салгасан юм. Тэгтэл Ж.О- эгчийг Б.Т- цохиод авсан. Яаж байгаа юм бэ боль гэхэд больсон. Удалгүй мөн Б.Т- Ц.А-г дээрэлхээд босож ирээд байсан. Б.Т- гэх залуу гэрт байсан хүмүүс рүү дайраад байхаар нь би салгасан ийм л зүйл болсон. Маргааныг Б.Т- гэх залуу эхлүүлсэн. Ц.А- гэх залуу руу “чи хаанахых юм бэ, би чамайг Хатгалд хараагүй юм байна” гэж босож ирээд цохиж авсан. Ц.А-гийн эхнэр болох Ж.О- болиоч яаж байгаа юм бэ гэхэд Ж.О- эгчийн хөл рүү Б.Т- хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 211 дугаартай: “1. Ж.О-ы биед баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Ж.О-ы биед үүссэн цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд  үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Т-ийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нар нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.Т- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Т- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ж.О- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “...Б.Т- надад учирсан 500.000 төгрөгний хохиролдоо нэг бяруу өгсөн. Түүнийгээ 300.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ зун жуулчин ирэхээр ажил хийгээд 200.000 төгрөг өгөхөөр болсон. Надад учруулсан хохирлоо барагдуулсан гэж үзэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 11/-ийг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйн эвлэрсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Т- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчийн “шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд эдлүүлэх” санал гаргасныг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр 8 /найм/-аас дээшгүй цагаар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ