| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2015/08831/И |
| Дугаар | 102/ШШ2017/00240 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00240
2017 оны 01 сарын 17 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00240 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫНз НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 59/2 дугаар байрны 06 тоотод оршин суух, Бодонгууд овогт Даваажавын Бат-Эрдэнэ /РД-ЦД81043076/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 103 дугаар байрны 92 тоотод оршин суух, Авга жалдар овогт Ганбатын Ням-Оргил /РД-ХЖ86100511/-д холбогдуулан гаргасан,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ, хариуцагч Г.Ням-Оргил, өмгөөлөгч П.Цолмонбаатар /шүүхэд төлөөлөх эрх-1799/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ням-Оргилтой зээлийн гэрээ байгуулан, 12 сая төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, уг гэрээгээр бусад нөхцлөө зааж нотариатаар гэрчлүүлсэн.
Зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлээ төлөлгүй байсаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5 сая төгрөг төлснийг үндсэн зээлээс хасч тооцсон. Ингээд хариуцагч Г.Ням-Оргил нь үлдэх 7 сая төгрөгийн хүүг сар бүр төлөөд явна гэж гуйсан учир зөвшөөрсөн. Үүнээс хойш мөн хугацаа хэтрүүлж байгаад мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 сая төгрөг төлсөн бөгөөд уг мөнгийг зээлийн хүүнээс хасч тооцохоор болсон.
Г.Ням-Оргил нь дээрх хугацаанаас хойш надтай холбогдохгүй алга болж, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй учир 2014 оны 9 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 5 сая төгрөг хасах хүртэл 12 сая төгрөгийн 70 хоногийн хүүд 2,800,000 төгрөг, 2014.11.19-2015.10.19-ний өдрийг хүртэл 7 сая төгрөгийн 335 хоногийн хүү 7,816,667 төгрөг ба нийт хүү 10,616,667 төгрөг байхаас 2014.12.25-ны өдөр хүүд төлсөн 2 сая төгрөгийг хасч, 8,616,667 төгрөгийн хүү, үндсэн зээл 7 сая төгрөг, нийт 15,616,667 төгрөг дээр зээлийн гэрээний 5-д зааснаар нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг 50 хувиар хэтрүүлэхгүйгээр тооцон нийт 23,425,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой шалтгааны улмаас хойшилсоор байгаа тул уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 456 хоногийн 7 сая төгрөгийн алданги 15,960,000 төгрөг болж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 15,960,000 төгрөгөөр ихэсгэж, хариуцагч Г.Ням-Оргилоос 39,285,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ням-Оргил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Д.Бат-Эрдэнээс 12 сая төгрөг зээлж авсан. Тухайн өдөр нь би барьцаа болгон Мицубиши Кантер маркийн 0845 УНӨ улсын дугаар бүхий автомашиныг нэхэмжлэгчийн компанийн нэр дээр шилжүүлсэн. Мөн үндсэн зээлээс 5 сая төгрөг, зээлийн хүүд 2 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй болж барьцаанд тавьсан машиныг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Д.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тул үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нь хариуцагч Г.Ням-Оргилоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,425,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн хэмжээг 15,960,000 төгрөгөөр ихэсгэн Г.Ням-Оргилоос 39,385,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ “... үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж дууссан, ... зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-т нийцэхгүй байна ...” гэж тайлбарладаг. /хх-83-84 дүгээр хуудас/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
1.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн хэмжээг ихэсгэх эрхтэй хэдий ч уг шаардлага нь мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн ихэсгэсэн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлж байж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдах ёстой юм.
Д.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэлийн хэмжээг 15,960,000 төгрөгөөр ихэсгэж байгаа боловч ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тул шүүх хэргийг анхны гаргасан шаардлагын хэмжээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ, хариуцагч Г.Ням-Оргилд 12 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцон, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, мөн зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-3, 83 дугаар хуудас/
Уг гэрээнд хамтран зээлдэгчээр С.Мөнхзул гэрээнд гарын үсэг зурсан байдаг ба ингэснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсчээ.
Түүнчлэн хариуцагч Г.Ням-Оргил нь зээлийн баталгаа болгон хамтран зээлдэгч С.Мөнхзулын эзэмшилд бүртгэлтэй Мицубиши Кантер маркийн 0845УНӨ улсын дугаартай автомашиныг Д.Бат-Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн “Чингисийн отог” ХХК-ийн эзэмшилд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлсэн байна.
Дээрх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй, харин нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний хугацааг талууд бичгээр сунгасан, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэж, хариуцагч тал нь үүргийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгэсэн гэж мэтгэлцдэг. /хх-83-85 дугаар хуудас/
Шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гэрээгээр тохирсон хариуцлага болох алданги төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна гэж үзлээ.
Учир нь хариуцагч Г.Ням-Оргил, зээлийн гэрээний дагуу 12 сая төгрөгийг, хүүгийн хамт 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлөхөөр тохирсон хугацаагаа хэтрүүлэн мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5 сая төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 2 сая төгрөг тус тус төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С.Мөнхзулаас Мицубиши Кантер маркийн 0845УНӨ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг нь зээлийн үүргийг хангуулах зорилгоор хураан авсан байдаг ба хамтран зээлдэгч С.Мөнхзул болон нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ нар нь “С.Мөнхзул, Г.Ням-Оргил нарын зээлийн барьцаанд нэр шилжүүлж авсан автомашиныг зээлийн үүргийг хангуулах зорилгоор 2015 оны 9 дугаар сарын 20-ны өдөр хурааж авав” гэсэн баримт үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-41 дүгээр тал/
Уг баримтаас харахад гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг эд хөрөнгийг шилжүүлж авснаар дуусгавар болгох талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийг, хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан гэж дүгнэх боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр автомашиныг иргэн Б.Эрдэнэчимэгт 10 сая төгрөгөөр худалдан, түүний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн учир зээлийн үүргээс уг үнийн дүнг хасч тооцох нь зүйтэй. /хх-42, 51-53 дугаар тал/
Яагаад гэвэл нэхэмжлэгч тал зээлийн үүргийг хангуулах зорилгоор хурааж авсан автомашинаа иргэн Б.Эрдэнэчимэгт 10 сая төгрөгөөр худалдсаныхаа дараа Вендо ХХК-д захиалга өгсний дагуу тус даатгалын хохирлын үнэлгээний компани нь автомашиныг 10,500,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. /хх-33-35 дугаар тал/
Мөн зохигчид автомашиныг доголдлын талаар болон үнэлгээн дээр маргаж шүүхээс шинжээч томилуулсан бөгөөд шинжээч нь маргааны зүйл болох автомашиныг бусдад худалдаад жил гаруй хугацаа өнгөрсний улмаас биетээр үзэж, тухайн үеийн шинж байдлыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн тул шүүх, машиныг бусдад худалдсан үнийг бодитой гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч, зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж марган хариуцагч Г.Ням-Оргилын гараар бичсэн баримтыг нотолгоо болгон шүүхэд гаргаж өгдөг. /хх-40 дүгээр тал/
Уг баримтад хариуцагч нь зээл төлөлтийн талаар болон үлдэх төлбөрийг ямар хугацаанд хэрхэн төлөх, мөн автомашинаар зээлийг төлж барагдуулахад татгалзахгүй тухай бичсэн байх тул талуудыг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх боломжгүй юм.
Иймээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь зээлийн хүүг шаардах эрхгүй байна.
Харин зээлийн гэрээний 5 дахь заалтаар хариуцагчид үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги төлөх үүрэг хүлээлгэсэн учир Г.Ням-Оргилоос алдангийг тооцон гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Г.Ням-Оргилын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн. 5 сая төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтад нийцэж, харин мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 2 сая төгрөгийг зээлийн хүүгээс хассан нь дээрх хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн байх тул уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцохоор байна.
Хариуцагчийн төлөх ёстой алдангийн хэмжээг тооцвол гэрээний үүрэг дууссан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 5 сая төгрөг төлсөн өдөр буюу мөн оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэл 40 хоногийн алдангид 2,400,000 төгрөг /12 сая төгрөг х 0,5%=60,000 төгрөг х 40 хоног/, тус өдрөөс 2 сая төгрөг төлсөн 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 37 хоногийн алдангид 1,295,000 төгрөг /7 сая төгрөг х 0,5%=35,000 төгрөг х 37 хоног/, мөн зээлдэгч нь автомашиныг 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид хураалгасан учир энэ өдрийг хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлэн зээлийн үлдэгдэл 5 сая төгрөгийн 50 хувиар бодоход 2,500,000 төгрөг, нийт төлөх алданги нь 6,195,000 төгрөг болж байх ба Г.Ням-Оргил нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 5,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,200,000 төгрөг, нийт 12,395,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.
Дээрх үүргээс машины үнэ болох 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу хасахад хариуцагч нь зээлийн гэрээний хариуцлага болох алдангийн үлдэгдэлд 2,395,000 төгрөг төлөхөөр байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Ням-Оргилоос 2,395,000 /хоёр сая гурван зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,030,000 /хорин нэгэн сая гучин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Ням-Оргилоос 53,270 төгрөг гаргуулан Д.Бат-Эрдэнэд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Ням-Оргилоос 2,395,000 /хоёр сая гурван зуун ерэн таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,030,000 /хорин нэгэн сая гучин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Ням-Оргилоос 53,270 төгрөг гаргуулан Д.Бат-Эрдэнэд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД