Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/203

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Хохирогч Д.Г-,

Шүүгдэгч Р.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Д-д холбогдох эрүүгийн 2038000000224 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р.Д.

Шүүгдэгч Р.Д- нь 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.Г-ын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, үүдэн 3 шүдэнд сулрал үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Р.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 19-ний оройн 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутагт оршин суух иргэн Д.Г-ын гэрт орж “архи ууж явна, өөр хүмүүст архи өгөөд надад архи өгсөнгүй” гэж нэхэж, хамт явсан М.М-, Ч.Б- нарыг “архи олоод ир, ахтайгаа архи хувааж ууна” гэхэд нь “би архи уухгүй, зүрх өвдөнө” гэж хэлэн гэрээсээ гараад гадаа зогсож байхад нь хэл амаар доромжилж, нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “3 шүдэнд нь сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 19-ны орой 20 цагийн орчимд эхнэр Ш.О-ы хамт гэртээ амарч байхад манай төрсөн ахын хүүхэд болох Р.Д- нь зүс таних хоёр хүнтэй орж ирээд “архи ууж явна танайх өөр хүмүүст болохоор архи өгөөд надад яагаад архи өгөхгүй байгаа юм бэ” гээд байхаар нь “ахад нь одоогоор архи байхгүй байна” гэхэд хамт явсан нэг залуугаа “чи яваад архи олоод ир ахтайгаа архи хувааж ууна” гэхэд нь “би архи уухгүй зүрх өвдөнө” гэхэд “чиний зүрх яадаг юм бэ” гээд уурлаад эхэлсэн. Уурлаад эхлэхээр би чамтай хэл амаа олохгүй юм байна гээд шууд гэрээс гарч түлээн дээр ац сэрээний хугарсан ишийг засаж байтал гэрээс гарч ирээд шууд над руу ирж хэрүүл хийж доромжилж байгаад шууд ам руу 2 цохиж авсан. Тэгээд миний амнаас цус гараад байж байтал эхнэр гэрээс гарч ирээд Р.Д-д хандаж “чи яаж байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгтэл Р.Д- эхнэр рүү уурлаад байхаар нь би шууд гэртээ ороод хаалгаа дотроос нь цоожлоод гэртээ байсан. Эхнэр Р.Д-тэй маргалдаад хэрэлдээд байсан. Би гарах гэж байгаад дахиад хэрүүл болох байх гээд гарахгүй гэртээ байгаад байсан. Гадаа Р.Д- орилж чарлаад “хаалгаа онгойлго ална шүү” гээд байсан. 20 гаруй минутын дараа гадаа чимээгүй болохоор нь гараад хартал гэрийн баруун зүгт 100 гаруй метрийн цаана эхнэр унаад чирэгдэж байсан. Цуг явсан хоёр залуу нь очиж салгахад эхнэр цаашаа гүйж яваа харагдсан. Тэгээд би дахиад хүрээд ирж магадгүй гэж бодоод түлээнийхээ ард ороод суусан. ...Р.Д- нь миний төрсөн ахын хүүхэд тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Гэрч Ш.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 19-ны орой 20 цагийн орчимд нөхөр Д.Г-ын хамт гэртээ амарч байхад нөхрийн ахын хүүхэд болох Р.Д- нь зүс таних хоёр хүнтэй орж ирээд “архи ууж явна өөр хүмүүст болохоор архи өгөөд надад яагаад архи өгөхгүй байгаа юм бэ” гээд байхаар нь “одоогоор манайд архи байхгүй байна” гэхэд хамт явсан нэг залуугаа “чи яваад архи олоод ир ахтайгаа архи хувааж ууна” гэхэд манай нөхөр Д.Г- Р.Д-д хандаж “ах нь архи уухгүй зүрх өвдөнө” гэхэд “чиний зүрх яадаг юм бэ” гээд уурлаад эхэлсэн. Тэр үед манай нөхөр Д.Г- чамтай хэл амаа олохгүй юм байна гээд гэрээс гарч түлээн дээр очоод суусан. Тэгтэл Р.Д- манай нөхрийн араас нь гарсан. Цуг явсан нэг залуу бас гарсан. Удалгүй би гэрээс гартал нөхрийн амнаас цус гарсан байдалтай байхаар нь яваад очтол Р.Д- над руу уурлаад байсан. Тухайн үед юу гэснийг нь би сайн санахгүй байна. Ямар ч байсан “цагдаа дууддаг юм чинь дууд та нар” гээд орилоод байх хооронд манай нөхөр гэртээ яваад орсон. Би гэртээ орох гэтэл нөхөр хаалгаа дотроос нь цоожилсон байхаар нь би хаалгаа дараад зогсож байтал над руу ирж доромжилж байгаад цамцнаас минь угз татаад цамцыг минь урахаар нь би айгаад хөрш айл руугаа явж байтал араас ирээд подволкийг минь урж нүцгэн биеийг минь гаргаад доромжилж инээж байхад цуг явсан хоёр залуу нь ирээд Р.Д-тэй ноцолдоод үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
  • Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 19-ны өглөө босоод ямаагаа самнаж байхад ...нэг мотоцикльтой ах ирээд Р.Д- ах намайг дуудаад сумын төв орж архи аваад буцаад хүрээд ирнэ ахын дүү гэхэд нь за гээд бид гурав сумын төв орж 0,75 граммын “Хараа” архи, ус ундаа аваад буцаж Р.Д- ахын гэр рүү явж байхад Р.Д- ах морьтой хөшөөны хажууд зогсож бай гэж хэлэхээр нь зогссон. Тэгээд намайг авсан архиа тойруул гэхээр нь би тойруулж Р.Д- ах болон цуг явсан найзад нь өгөөд архи дуусах үед Р.Д- ах надад хандаж манай гэрийн дээшээ нэг ахынд очно шүү гээд надад зам зааж өгсөн. Зам заалгаад нэг байшинтай айлын гадаа очоод бид орсон. Байшинд ороход эмээ, өвөө хоёртой мэнд ус мэдэлцээд байж байтал Р.Д- ах шууд “архи ууж явна би архи уумаар байна” гэхэд гэрийн эзэн бололтой 60 орчим настай өвөө манайд архи байхгүй гээд гараад явсан. Тэгэхээр нь бид гурав араас нь гараад би машиндаа суугаад Р.Д- ах найзтайгаа өвөөгийн араас түлээн дээр нь очоод юм ярьж байснаа Р.Д- ах шууд өвөөг цохиж байхыг хараад машинаасаа бууж очоод салгаад байж байтал гэртээ байсан эмээ гарч ирээд Р.Д- ахтай маргалдаж байх хооронд өвөө алга болсон байсан. Тэгээд эмээ гэрийнхээ хаалгыг дараад зогсож байхад Р.Д- ах очоод эмээгийн цамцнаас татаад урчихсан чинь эмээ гэрийнхээ баруун тийшээ алхаад явчихсан. Тэр үед би Р.Д- ахыг барьж байсан чинь ах нь зүгээр зүгээр тавьчих гээд байхаар нь тавьсан чинь эмээгийн араас дахин гүйж очоод барьж аваад подволкноос нь татаад подволкыг урчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
  • Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө босоод гэртээ амарч 17 цагийн орчимд Ренчин ахынд очиж мөнгө өгөх гэж очоод мөнгө өгчихөөд гараад ирсэн чинь дүү Р.Д- согтуу намайг дуудаад нэг залуутай гурвуулаа төв орж архи авчихаад буцаад ирнэ гээд бид гурав явсан. Сумын төвөөс архи, ус, ундаа авчихаад буцаад явж байхад Р.Д- морьтой хөшөөний хажууд ирээд жолоочийг зогс гэж байгаад жолооч дүүгээр архи хундагалуулж бид хоёр архиа ууж дуусгаад явах гэж байхад Р.Д- Д.Г- ахынд очиж архи ууна хөдөл гээд жолоочид хэлж байсан. Тэгээд би уусан архиндаа согтоод ухаан санаа орж гараад байсан. Нэг мэдсэн Д.Г- ахынд очоод түлээний хажууд Р.Д- Д.Г- ахтай маргалдаад Д.Г- ахын шүднээс цус гарсан байсныг санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 224 дугаартай: “1 .Д.Г-ын биед 3 ширхэг шүдэнд сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. 3. Д.Г-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Р.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед яагаад Д.Г- ахыг доромжилж цохиж зодсон, Ш.О- эгчийг доромжилж хувцас хунарыг нь урсаныг сайн санахгүй байна. Архи уугаад тасарчихсан байсан. Дараа нь цуг явсан баз дүү М.М-аас асуухад Д.Г- ахыг хоёр удаа цохиж, Ш.О- эгчтэй маргалдаж хувцасыг нь урсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Р.Д-гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Р.Д-гийн 2019 оны жилийн эцсийн мал тооллогын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Д.Ү нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-54 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Р.Д- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Р.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Р.Д-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Р.Д- нь миний төрсөн ахын хүүхэд тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/-ийг өгсөн, мөн шүүгдэгч Р.Д- хохирогч Д.Г-тай  2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “...Р.Д- би эмчлүүлэх зардлыг дааж байгаа ба цаашид дахин эмчлүүлэх бол мөн зардлыг даана. ...нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 55/ байгуулсан, шүүх хуралдаанд хохирогч “..надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйн эвлэрсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Р.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид “800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчээс “..надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Р.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Р.Д-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ