Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/204

 

   

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч А.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-д холбогдох эрүүгийн 2038000000235 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.О.

Шүүгдэгч А.О- нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн “Цагаан хужирт” гэх газарт байрлах гэртээ 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 1 сар 17 хоногтой өөрийн нярай хүүхэд О.Б-тай хамт нэг оронд унтаж байгаад түүнийг болгоомжгүйгээр дарж унтсаны улмаас О.Б-гийн толгой, цээж, хэвлийн тус газар дарагдаж амьсгал бүтэлтэнд орж нас барсан ба хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.О- нь 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн “Цагаан хужирт” гэх газарт байрлах гэртээ 1 сар 17 хоногтой өөрийн төрүүлсэн хүү О.Б-тай хамт унтаж байхдаа түүнийг болгоомжгүйгээр дарсны улмаас О.Б-гийн толгой, цээж, хэвлийн тус газар дарагдаж амьсгал бүтэлтэнд оруулж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
  •  Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
  • Хөнжилд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө охин А.О- залгаад уйлаад юу ч хэлж чадахгүй байсан. Утсаа салгаад буцаагаад залгахад О- утсаа аваад О.Б- маань нас барчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь Ханх сумын Эрүүл мэндийн төвийн эмч А- руу утсаар залгаж дуудлага өгсөн. Тэгээд гэрийнхээ утас руу залгаад эмч нар очсон уу гэж асуухад эмч нар ирсэн байна гээд С- сувилагч надтай утсаар ярихдаа бид нар ирж үзлээ хүүхэд нас барсан байна. Бид нар хүүхдийг цогцосыг аваад эмнэлэг явах гэж байна гэсэн. ...Талийгаач хүүхэд 05 цаг өнгөрч байхад уйлаад байхаар нь босоод ширгэлсэн гэсэн. Хүүхдээ унтуулчихаад хүүхдийнхээ урдуур орж унтсан гэсэн. ...надад гомдол санал гээд байх зүйлгүй. Насанд хүрээгүй хүүхэд учраа олохгүй хүүхдээ сайн асарч мэдэхгүй байдлаас л хүүхэд нас барсан байх. Би уг нь хүүхэддээ сайн л хэлж зааж өгдөг байсан. Би олон хүүхэд тэжээдэг учраас хаана ажил байна тэнд л очиж ажил төрөл хийдэг юм. Одоо хүүхдийнхээ сэтгэл зүйг л сайн засаж авах хэрэгтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дуудлага өгсөн айлд очиход ... А.О- гэх ээж нь хүүхдээ өлгийдөөд гэрийн зүүн талын орон дээр тавьсан байдалтай байсан. Хүүхдийг харахад толгой нь баруун тал руу харсан нүүр цайчихсан, уруул хөхөрсөн байдалтай харагдсан. Хүүхдийг гүрээний судсанд дээр дарж үзэхэд судасны лугшилт байхгүй. Ам хамраас нь амьсгал байхгүй бие нь хөрсөн байдалтай нас барсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шөнийн 05 цагийн үед Аниагийн хүүхэд сэрээд уйлсан. Аниа галаа түлж ширгэлсэн. Аниа хүүхэддээ бүүвэйлж байгаад унтуулсан. ...Өглөөний 08 цагийн үед Аниа босоод үхэрээ хураах гээд гэрээс гарахдаа намайг босоорой гэж хэлсэн. ...Аниа унтсан орныхоо хөнжлийг хурааж байхад Аниа уйлаад орилоод бөөн юм болсон. ...Баянгаа гэх хүн манайд ирэхээс өмнө өнгөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр О-ийн ээж Б.О- нь манай утас руу залгаад ярихдаа охины минь хүүхэд нас барчихсан байна. Охин минь ганцаараа уйлаад байна. Сумын төвөөс хүн оч гэж хэлэхээр ажилтай байна гэнэ. Та очоод хань болоод өгөөч гэсэн. Өөрөө Алаг-Эрдэнэ сумын төвөөс гарч байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт мотоцикльтой очсон. Нөхөр бол гэрт ороогүй. Би л гэрт ороход А.О- уйлчихсан хүүхэд байхгүй болсон гэж хэлсэн. Дөнгөж ороод удаагүй байхад сумын төвөөс эмч нар ирсэн. Эмч нар үзээд хүүхдийг нас барчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Гэрч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 17 өдрийн 11 цаг 30 минутанд Эрүүл мэндийн төвийн дарга А- эмчийн утас руу дуудлага өгөхдөө хүүхдийн бие сонин болчихлоо гэсэн дуудлага ирсэн гэсэн. Дуудлагын дагуу Ц- эмч, дадлагын оюутан бид нар албаны машинаар явсан. Дуудлагаар очоод их эмч үзэхэд хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
  • Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 17 ны өдөр Ханх сумын Эрүүл мэндийн төвд дадлага хийж байсан. Өдрийн хэдэн цагийг сайн санахгүй байна. Дуудлага ирсэн гээд Ц- эмч, сувилагч С-, жолооч ахын хамт албаны автомашинаар дуудлага өгсөн газар руу явсан. ...Эмч нярайг үзээд амьд биш амьсгалаа хураасан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай: “1.       Амь хохирогч О.Б-гийн цогцост толгой, цээж, хэвлийд дарагдалын ором бүхий тогтоогдлоо. Энэ нь нас барах үед зөөлөн гадаргуутай зүйлд дарагдах үед үүсгэгдсэн байна. 2. Амь хохирогчийн цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Амь хохирогч О.Б- нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс 18 ба түүнээс дээш цагийн өмнө нас баржээ. 4. Амь хохирогч О.Б- нь толгой, цээж, хэвлийн дарагдлын улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48 дугаар хуудас/,
  • А.О-ийн О.Б-гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 91 дүгээр хуудас/,
  • 2020 оны 03 дугаар сарын 01-нд төрсөн О.Б-гийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 89 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой дүү нартайгаа гэртээ унтсан юм. Би талийгаач хүүгийн хамт өөрийнхөө оронд унтсан. Шөнийн 05 цагт талийгаач хүү маань сэрэхээр нь хуурайлаад буцаад орондоо ороод унтсан юм. Тэгээд өглөө 09 цагт босоод дүү О-ыг сэрээсэн. Аниа нь үхэртээ явчихаад ирье гээд гэрээсээ гарсан. Үхрээ хураачихаад гэртээ ороод галаа түлсэн. Дүү О- эргээд унтчихсан байхаар нь дүүгээ сэрээсэн. Дүүдээ үхэртэй гаръя гэж хэлээд утсаа харахад ээж залгасан байсан. Тэгээд ээжтэй ярьчихаад хөнжилөө хураах гээд хүүхдээ нас барсан байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Гэрч Х.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зан аашийн хувьд тайван даруухан. Сурагчдын дунд нэр хүнд гайгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

- Хүүхдийн эрсдэл нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 61-66 дугаар хуудас/,

- Суралцагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 67-73 дугаар хуудас/,

- Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 76-83 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 86 дугаар хуудас/,

- Б.О-, А.Н, А.Ү, А.О, Б.Н, А.С нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 87-88, 90, 92 дугаар хуудас/,

- Шүүгдэгч А.О-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 90 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон

гэж үзлээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн А-рал болгоомжгүй байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэрэг гарах үед гэрт шүүгдэгч А.О-, дүү нарын хамт байсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.О- нь 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн “Цагаан хужирт” гэх газарт байрлах гэртээ 1 сар 17 хоногтой өөрийн нярай хүү О.Б-тай хамт нэг оронд унтаж байхдаа түүнийг болгоомжгүйгээр дарсны улмаас О.Б-н толгой, цээж, хэвлийн тус газар дарагдаж амьсгал бүтэлтэнд орж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48 дугаар хуудас/, 2020 оны 03 дугаар сарын 01-нд төрсөн О.Б-гийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 89 дүгээр хуудас/, шүүгдэгч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Д.А.О- нь 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн “Цагаан хужирт” гэх газарт байрлах гэртээ 1 сар 17 хоногтой өөрийн нярай хүүхэд О.Б-тай хамт унтаж байхдаа түүнийг болгоомжгүйгээр дарсны улмаас О.Б-гийн толгой, цээж, хэвлийн тус газар дарагдаж, амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон нь амь насаа алдах эрсдэл учрах боломжтойг урьдчилсан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан хэдий ч мэдээгүй, аврах арга хэмжээ цаг алдалгүй авч чадаагүйгээс хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон шинжийг агуулж байна. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч А.О- нь 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн “Цагаан хужирт” гэх газарт байрлах гэртээ 1 сар 17 хоногтой өөрийн нярай хүүхэд О.Б-тай хамт унтаж байхдаа түүнийг болгоомжгүйгээр дарсны улмаас О.Б-гийн толгой, цээж, хэвлийн тус газар дарагдаж амьсгал бүтэлтэнд оруулсан үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч А.О-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нь амь хохирогчийг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон болох нь түүний мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай: “...Амь хохирогч О.Б- нь толгой, цээж, хэвлийн дарагдлын улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48/ зэргээр нотлогдоно.

Шүүгдэгч А.О-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон гэж шүүх дүгнэлээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- нь шүүгдэгч А.О-иас хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.О-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн харицлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн ам бүл, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг тус тус харгалзан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасныг тус тус баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч А.О-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах” санал гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан дөрвөлжин бор, ягаан, цагаан дүрс бүхий хээтэй хөнжил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.О- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.О-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.О-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А-руулсугай.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч А.О-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дөрвөлжин бор, ягаан, цагаан дүрс бүхий хээтэй хөнжил 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ