Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 01 сарын 23 өдөр            Дугаар 181/ШШ2017/00277               Улаанбаатар хот

   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, Ерөнхий шүүгч Б.Баатар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                        

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, оюутны гудамж, 14-2и байр, 34 тоотод оршин суух, Намбар боржигон овогт Гомбожавын Ганболд /РД:ХЕ62050310/-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 79 гудамж, 903 тоот тоотод оршин суух, Боржигон овогт Рагчаагийн Батсүх /РД:УХ64112637/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай 660 тоотод оршин суух Төмөр овот Төмөрийн Даваадорж /ЧБ56052109/ нарт холбогдох,         

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ганболд, хариуцагч Р.Батсүхийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагч Т.Даваадоржийн өмгөөлөгч Б.Дашдорж, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

Би хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 27,200,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Т.Даваадорж, Р.Батсүх нар нь бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах миний зуслангийн байшинг нурааж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон боловч тэдгээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулахыг зөвшөөрсний улмаас эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэхийг дурдсан тул би шүүхэд хандаж байна.

Миний байшин бол 1990 онд мод боловсруулах комбинатаас хувьчилж авсан модон байшингийн суурин дээр 2008-2009 онд 18,000,000-19,000,000 төгрөгийн өртгөөр барьж, 2009, 2010 онд 2 удаа 2,000,000х2,000,000 төгрөгөөр засан сайжруулсан, нийт 23,000,000 төгрөгийн өртөгтэй 9х5 хэмжээтэй байшин байсан. Харин одоо энэ байшингаас маань юу ч үлдээгүй, Т.Даваадоржийн хашаанд байгаа гэх байшингийн мод нь миний байшингийн мод биш. Анх байшинг барихдаа материалыг нь хувь хүн болоод барилгын материалын зах, дэлгүүр зэргээс цуглуулж, барилгын бригад оруулж бариулж байсан. Гэхдээ тухайн үеийн байшингийн зураг, гарсан зардлын талаарх ямар ч баримт надад байхгүй тул би Сүхбаатар дүүргийн үнэлгээний комиссын гишүүдийн гаргасан үнэлгээ болох 25,000,000 төгрөгөөр байшингаа үнэлж байна.

Мөрдөн байцаалтын шатанд нийт 4 үнэлгээ гарсан боловч “Ашид Билгүүн” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ТББ-ын гаргасан дүгнэлтүүд нь нотлох чадвараа алдсан гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул хүчин төгөлдөр үлдсэн ганц үнэлгээ болох Сүхбаатар дүүргийн үнэлгээний комиссын үнэлгээг үндэслэж шаардаж байгаа. Энэ үнэлгээ үндэслэлтэй ч гарсан үнэлгээ юм.

Хариуцагч Р.Батсүх, Т.Даваадорж нарын буруутай үйлдлийн улмаас дан ганц 25,000,000 төгрөгийн хохирол учраагүй. Мөрдөн байцаалтын явцад хохирлын үнэлгээг гаргахын тулд мөрдөн байцаагч шинжээч томилсон бөгөөд уг шинжээчийн зардалд би нийт 400,000 төгрөгийг төлж, хохирсон дээрээ мөн хохирсон.

Түүнчлэн зуслангийн байшинг буулгасны улмаас би 80 нас гарсан хөгшин эцгээ агаар салхинд гаргах боломжгүй болж, улмаар 2013-2016 онуудад бусдын зуслангийн байшинг сарын 150,000 төгрөгөөр хөлслөж хохирсон. Зуслангийн байшингийн хөлсөнд нийт 1,800,000 төгрөг төлсөн.

Иймд буулгасан байшингийн үнэ 25,000,000 төгрөг, шинжээчид төлсөн 400,000 төгрөг, зуслангийн байшин хөлслөсний төлбөрт төлсөн 1,800,000 төгрөг, нийт 27,200,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж  өгнө үү.

Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад хариуцагч нар миний хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч, маргахгүй байсан боловч одоо хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч Т.Даваадоржийн шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч Б.Дашдоржийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Г.Ганболдын зуслангийн байшинг буулгасан гэж Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан хэрэг үүсгүүлэн шалгуулж, хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Т.Даваадорж нь Р.Батсүхийн хэлснээр зуслангийн байшинг буулгаж ав гэсэн, буулгалцаад өг гэхээр нь хамт буулгалцсан. Г.Ганболдын эзэмшлийн байшинг буулгасанд маргахгүй. Гэвч нэхэмжлэгчийн хэлж буй шиг байшин байсан уу эсхүл зуны амбаар байсан уу гэдэг нь маргаантай байсаар ирсэн. Г.Ганболд нь өөрийн байшинг өвөл, зуны амьдардаг байшин байсан мэтээр худал мэдүүлж, үндэслэлгүй их мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар байшин байсныг эрүүгийн хэрэгт гэрчүүд хангалттай мэдүүлсэн байдаг.

Бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь үнэн боловч бодит хохирлыг төлөх нь хуульд нийцнэ. Хохирлын хэмжээг тогтоох зорилгоор 3 удаа шинжээч томилж байсан боловч тэдгээрийн гаргасан дүгнэлт нь нотлох чадвараа алдсан талаар шүүх дүгнэсэн. Дүүргийн үнэлгээний комиссын дүгнэлт үндэслэлгүй, гишүүдийн 2 нь гарын үсэг зураагүй байдаг.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нарын хувьд Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гаргасан дүнгээр төлбөрийг хуваан төлөх боломжтой, гэвч нэхэмжлэгч 25,000,000 төгрөгөөр байшингаа үнэлдэг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Р.Батсүхийн шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч Б.Зулбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Гэм бурууд маргахгүй. Г.Ганболдын буулгасан байшин нь 9х5 хэмжээтэй биш, харин 7х5 хэмжээтэй байшин байсан нь нотлогддог. Зуслангийн байшин нь тухайн үед газрын маргаантай байснаас гадна шинж чанарын хувьд ашиглах боломжгүй байсан. Буулгасан байшингийн моднууд нь одоогоор Т.Даваадоржийн хашаанд байдаг. Үнэлгээ янз бүр байгаа тул Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гаргасан дүгнэлт бодитой гэж үзэж байгаа.

Иймд 27,200,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх талуудаас шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ганболд нь хариуцагч Р.Батсүх, Т.Даваадорж нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд буулгасан байшингийн үнэ 25,000,000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 400,000 төгрөг, өөр зуслангийн байшин хөлслөсний төлбөрт төлсөн 1,800,000 төгрөг, нийт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.        

 

Хариуцагч нар гэм бурууд маргаагүй, харин хохирлын хэмжээнд маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Шүүх тус шүүх хуралдааны товыг хариуцагч нарт зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нар шүүх хуралдаанд оролцоогүй, тэдгээрийн өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу мэтгэлцэж оролцсон болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Р.Батсүх, Т.Даваадорж нар нь бүлэглэн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байсан Г.Ганболдын зуслангийн байшинг буулгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч нар гэмт хэрэг үйлдсэнээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Их хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр Р.Батсүх, Т.Даваадорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Прокурорын энэ тогтоол хүчин төгөлдөр байх ба хариуцагч нар гэм бурууд маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Р.Батсүх, Т.Даваадорж нар нь нэхэмжлэгч Г.Ганболдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ буюу зуслангийн байшингийн үнэлгээг тогтоох зорилгоор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, мөн Сүхбаатар дүүргийн Үнийн комисс 1 удаа үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан байна.

 

Зуслангийн байшинг Сүхбаатар дүүргийн Үнийн комисс 25,000,000 төгрөг /2015.08.25/-өөр, шинжээч “Ашид Билгүүн” ХХК 20,144,400 төгрөг /2015.11.01/-өөр, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 8,092,100 төгрөг /2016.01.18/-өөр, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ 7,410,400 төгрөг /2016.02.24/-өөр тус тус үнэлсэн байх боловч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “Ашид Билгүүн” ХХК, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ-ыг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн болох нь  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар магадлалаар тогтоогдсон байх тул тэдгээрийн гаргасан дүгнэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д нийцсэн, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн шүүх үнэлгээний зүйлийн ямар шинж байдал, онцлог, зориулалтыг хэрхэн харгалзаж, хөрөнгийн үнэлгээний ямар аргуудыг хослуулж, ямар стандарт, аргачлалд үндэслэж гарсан нь тодорхойгүй Сүхбаатар дүүргийн Үнийн комиссын 25,000,000 төгрөгийн үнэлгээг Г.Ганболдод учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй тул шүүх уг үнэлгээг шийдвэрийн үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцэхгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь “Миний байшин бол 1990 онд мод боловсруулах комбинатаас хувьчилж авсан модон байшингийн суурин дээр 2008-2009 онд 18,000,000-19,000,000 төгрөгийн өртгөөр барьж, 2009, 2010 онд 2 удаа 2,000,000 төгрөгөөр засан сайжруулсан, нийт 23,000,000 төгрөгийн өртөгтэй 9х5 хэмжээтэй байшин байсан” гэж тайлбарласан боловч тухайн байшинг барихад зориулан зохиосон төсөв, зураг төсөл, зарцуулсан зардлын баримт өөрт байхгүй үндэслэлээр шүүхэд гаргаагүй, хэрэгт буулгасан гэх байшингийн үнэ өртгийг тодорхойлох өөр ямар ч баримт авагдаагүй тул шүүх шинжээч томилох замаар ч хохирлын хэмжээг тогтоолгох боломжгүй байна.

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Г.Ганболдоос гаргасан баримтууд нь түүний зуслангийн байшинг 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсныг хангалттай нотлохгүй байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин зохигч, түүний өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар шүүхэд тайлбар, нотлох баримт бүрдүүлэх замаар мэтгэлцдэг бөгөөд хариуцагч тал гэм бурууд маргаагүй, учирсан хохирлын хэмжээг 7,410,400 төгрөгөөр тогтоосон “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ-ын гаргасан үнэлгээг бодитой гарсан гэж тайлбарласан тул шүүх хариуцагч талын тайлбарт үндэслэн зуслангийн байшингийн үнэлгээг 7,410,400 төгрөгөөр тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх зохицуулалтуудад нийцнэ гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч нараас зуслангийн байшингийн үнэд 7,410,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Ганболд нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирлын хэмжээг тогтоолгох зорилгоор томилогдсон шинжээч “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ-д 300,000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр, “Ашид Билгүүн” ХХК-д 100,000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тус төлсөн нь тогтоогдсон, прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны улмаас байцаан шийтгэх ажиллагааны явцад Г.Ганболдоос гарсан энэхүү зардлыг Р.Батсүх, Т.Даваадорж нараас гаргуулаагүй байх тул шүүх энэ 400,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Р.Батсүх, Т.Даваадорж нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин зуслангийн байшинг буулгасны улмаас өөр зуслангийн байшин хөлсөлж төлбөрт нь 1,800,000 төгрөг төлсөн гэх Г.Ганболдын нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүйн дээр бусдын зуслангийн байшинг хөлслөх зайлшгүй шаардлага байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т.Даваадорж, Р.Батсүх нараас нийт нийт 7,810,400 төгрөгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т зааснаар хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 19,389,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан Р.Батсүх, Т.Даваадорж нараас 7,810,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Г.Ганболдод олгож, Г.Ганболдын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,389,600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар Г.Ганболдын гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Р.Батсүх, Т.Даваадорж нараас улсын тэмдэгтийн хураамжид 139,916 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.БААТАР

 

 

                        ШҮҮГЧ                                                             Т.БАДРАХ