Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 00211

 

    2020          06             12                                          2020/ШЦТ/211

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Р.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Т-д холбогдох эрүүгийн 2038000000256 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р.Т.

Шүүгдэгч Р.Т- нь 2020 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Эсэм” гэх газраас хууль бусаар 1.6 куб.метр мод бэлтгэж тээвэрлэн ойн санд 587.520 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Т- нь өвсний хашаа барих зорилгоор 2020 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Эсэм” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.6 куб.метр мод бэлтгэж ойн санд 587.520 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 4.40 метрийн урттай, 40 ширхэг, 1.6 куб.метр хэрэглээний бөөрөнхий шинэс модоор барьсан өвсний хашааг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Эсэм” гэх газарт битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Ц.Г-д хадгалах хамгаалах үүргийг хүлээлгэсэн тухай эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар “Хятад улсад үйлдвэрлэгдсэн, марк тодорхойгүй, цагаан өнгийн, төмөр чиглүүлэгч хошуутай, цейптэй цахилгаан хөрөө” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгаль хамгаалагч Б.Б-ын хамт шалгалтын ажлаар явахад Улаан-Уул сумын 4-р багийн нутаг дэвсгэр Эсэм гэх газар Р.Т-гийн өвөлжөөний хашаан дээр шинэ нойтон модоор өвсний хашаа бэлтгэж хажууд нь хураалттай нойтон мод нийт 49 ширхэг модыг тоолж хэмжилт хийж дугаарласан. Тэгээд байгууллагын дарга Ж.Төмөрсүхэд мэдэгдсэн. ...экологи эдийн засагт учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 27 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаан-Уул сумын 4-р багийн Хавханы ам гэдэг газар хууль бус мод бэлтгэж байна гэсэн мэдээллийн дагуу очсон чинь Эсэм гэх газар шинэ нойтон модоор өвсний хашаа бэлтгэж хажууд нь хураалттай мод байсан. Шалгаж үзэхэд эрхийн бичиг байхгүй дараа авна гэсэн гэж ярьж байсан. 4-р багийн иргэн Р.Т-гийн мод болох нь тогтоогдсон. Тэгээд байгууллагын дарга Ж.Төмөрсүхэд мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум дундын ойн ангийн инженер М.Б-ын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2020/09 дугаартай “модны хэмжээ 1.6м3, экологи эдийн засгийн үнэлгээ 587.520” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум дундын ойн ангийн инженер М.Б-ын 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2020/12 дугаартай “уг мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалтын газарт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “ойн санд учруулсан нөхөн төлбөр 1.762.560” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Р.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын 4 дүгээр багийн нутаг Эсэм гэх нэртэй газар буюу өвөлжөөнийхөө ойролцоох газраас 5 ширхэг босоо мод унагаасан. Үерт урссан нойтон шургаанги мод ганцаараа бэлтгэж биеэрээ цагаалж, өвөлжөөнхөө газарт өвсний хашаа барьсан. ...2020 оны 03 дугаар сарын 10-ны үед Улаан тайгын тусгай хамгаалалтай газраас байгаль хамгаалагч нар ирж үзлэг шалгалт хийгээд надаас мод бэлтгэх эрхийг бичиг авсан эсэхийг асуухаар нь аваагүй байгаа, одоо сум руу орж эрхийн бичгээ авна гэж хэлсэн. ...Мод бэлтгэхдээ хужаа цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Р.Т-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/,
  • Т.Г, Т.Ц, Т.Ш нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
  • Р.Т-, Б.Я нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/,
  • Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг баримт бичгүүд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Р.Т- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Р.Т- нь өвсний хашаа барих зорилгоор 2020 оны 03 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Эсэм” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.6 куб.метр мод бэлтгэж ойн санд 587.520 төгрөгийн хохирол учруулсан нь “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, санаатайгаар үйлдсэн байна.    

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Р.Т-гийн  үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 1.762.560 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Р.Т-гээс Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дансанд 1.762.560 төгрөгийг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 65/, мөн шүүгдэгч Р.Т- нь хохирогч Ц.Г-тай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “...Улаан Тайгын БЦГ-ын захиргааны дансанд 1.762.560 төгрөгийг төлж барагдуулсан тул эвлэрч байна” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 66/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Р.Т- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Р.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 64/ гаргасан, улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Т-гийн хууль бусаар бэлтгэсэн 1.6м.куб хэмжээтэй, 587.520 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний шинэс мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Т- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Р.Т-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Т-гийн хууль бусаар бэлтгэсэн 1.6м.куб хэмжээтэй, 587.520 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний шинэс мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан моторт хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ