Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 347

 

  

 

 

 

 

 

        

 

2017 оны 01 сарын 30 өдөр     Дугаар 181/ШШ2017/00347         Улаанбаатар хот        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 50 байр, 2-132 тоотод оршин суух, Боржигонда Лха овогт Бямбаагийн Батсүрэн /РД:НЮ62010800/-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-14, МУБИС-ийн 12 дугаар байр, Сургалт судалгааны төвийн 603 тоотод байрлах, Насан туршийн боловсролын үндэсний төв /РД:9081461/-д холбогдох, 

 

Ажлаас чөлөөлсөн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,209,433 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, 2016 оны 9 дүгээр сард томилолтоор ажилласан 5 хоногийн цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн төлөөлөгч Ё.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Б.Батсүрэн миний бие Боловсролын салбарт 32 жил, үүнээс удирдах болон удирдах түвшний ажлыг 24 жил хийж, математикийн багшаас хичээлийн эрхлэгч, Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, Дүүргийн Насан туршийн боловсролын төв /Гэгээрэл/-ийн захирал, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн зэрэг ажлыг гүйцэтгэсэн.

Математикч, Математикийн багш, сэтгэл судлалын ухааны магистр Б.Батсүрэн би Насан туршийн боловсролын салбар үүссэн үеэс өнөөг хүртэл тасралтгүй 20 жил тус салбарын бодлогыг тодорхойлох, агуулга арга зүйг боловсронгуй болгох зэрэг ажлыг гүйцэтгэхдээ улсын хэмжээнд удаа дараа тэргүүн туршлага нэвтрүүлж, үндэсний түвшинд мэргэшсэн багш бэлтгэх, ном гарын авлага, модуль боловсруулах ажлыг гүйцэтгэж ирсэн. Эдүгээ салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлох зорилгоор “сургууль завсардсан хүүхдийн иргэшихүй”-н чиглэлээр судалгааны ажил хийж, хамгаалах шатанд яваа. Би улсад 32 жил ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн ажиллаж, байгууллагын аваргаас, анхны “Улсын Тэргүүний төв”, төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртэлх бүх шатны шагналаар шагнуулж, аливаа төрийн хяналт шалгалтаар акт, өр төлбөр тавигдаж, нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

Гэтэл 2016 оны 09 дүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Насан туршийн боловсролын төвийн захирал асан Л.Болортунгалаг нь хууль зүйн үндэслэлгүй, зөвхөн намын харьяалал, өс хонзон, хувийн сэдлээр сахилгын болон ажлаас халах тушаалуудыг 10 хоногийн хугацаанд дараалан 2 удаа гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж намайг хохироож байна. Надад сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаал мөн ажлаас халсан 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/23 тоот тушаалууд нь бүгд хууль зүйн үндэслэлгүй, намайг зөрчил гаргасан эсэхийг судалж тогтоогоогүй, бодит нөхцөл байдалд тохирохгүй шийдвэр гаргаж удаа дараа миний эрхийг хохироож байгаад миний бие маш их гомдолтой байна.

Ер нь захирал асан Л.Болортунгалаг нь 2 жилийн турш намайг ажилдаа эргэн орсон цагаас хойш ажлаас халах шалтаг байнга хийж ирсэн бөгөөд “Би энэ байгууллагын “Хаан”, “чи захирал биш, би захирал”, “чамайг хална”, “машинаар дайрч ална”, “бөөгөөр хараалгана”, “МАН-ын хүнийг заавал халаад явна” гэх зэргээр бусдад байнга ярьж, дарамт үзүүлдэг байсан бөгөөд үүнийгээ хэрэгжүүлж ямар ч шалтаг шалтгаангүйгээр 10 хоногийн хугацаанд 2 сахилгын шийтгэлийг албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль зөрчиж гаргаад өөрөө ажлаас халагдсан.

Би ажил үүргийн хувьд Сүхбаатар аймагт очиж ажиллахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ХШҮ-ний дотоод аудитын шалгалт ирсэн тул аудиторын хүсэлтээр би томилолтоо хойшлуулсан. Надтай хамт сан бүрдүүлэх зорилгоор зураг авах 1, намайг дагалдуулсан 1 мэргэжилтэнтэй хамт томилолтоор явах байсан. Томилолтоор ажиллуулах тухай тушаал 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагт гараагүй байсан. Би тушаалгүйн дээр аудитын шалгалтын улмаас 2016 оны 9 дүгээр сарын 12-16-ны хооронд томилолтоор яваагүй. Би энэ нөхцөл байдлын талаар захирал руу и-мейл явуулж, хэлсэн боловч надад ямар ч хариу ирүүлээгүй. Намайг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө ажилдаа ирэхэд захирал Л.Болортунгалаг байсан атлаа намайг яв гэж хэлээгүй учир би томилолт хойшлогдсон гэж бодсон.

Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 16-ны орой ажил тарж байхад Б/21 тоот тушаалыг надад өгсөн. Тушаалдаа намайг орон нутагт албан томилолтоор ажиллах байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалж, албан үүргээ биелүүлээгүй гэж бичсэн байсан. Би сайн дураараа томилолтоор яваагүй биш, харин аудитын шалгалтын улмаас өөрийн хариуцаж байсан ажлаа шалгуулж байсан тул аудиторын хүсэлтээр томилолтоо хойшлуулсан. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр аудиторын зөвшөөрснөөр ажлаа шалгуулж дуусгаад томилолтоор явж, 23-ныг өдөр удирдамжийн дагуу ажиллаж ирсэн.

Надтай хамт явах байсан 2 мэргэжилтэн маань захирлын шахалтаар ажлаас хална гэж хэлсэн учир 2016 оны 9 дүгээр сарын 12-16 хооронд томилолтоор явсан тул би ганцаараа явсан. Явсан ажлын тайлан болон холбогдох бичиг баримтуудаа ажлын газартаа өгөх гэсэн боловч өмнөх захирал миний өгсөн бүх бичиг баримтыг битгий ав гээд авахуулаагүй. Би сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргаснаас нь хойш маш олон гомдлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам руу гаргасан. Гэтэл шийдтэй хариу ирээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа алдахгүйн тулд арга буюу шүүхэд хандсан.

Захирал намайг томилолтоор явж ирсэний дараагийн ажлын өдөр ажлаас чөлөөлсөн тушаал уншсан ба хувийг өгөөгүй. Би тушаал авахгүй бол ажлаа өгөхгүй гэсэн. Ингээд тушаалаа аваад үзтэл байгууллагын төлөвлөгөөнд тусгасан ажлыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байсан.

Би захирлын заасан хугацаандз томилолтоор ажиллаагүй нь миний буруугаас болоогүй тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг зөвшөөрөхгүй, мөн үүнээс өөр байдлаар ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй тул үндэслэлгүй тушаалыг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна.

Иймд сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/23 тоот тушаалуудыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,209,433 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 19-өөс 23-ны өдрийн хооронд томилолтоор ажилласан 5 хоногийн цалинг ажил тасалсан үндэслэлээр надад олгоогүй тул энэ 5 хоногийн цалинд 165,914 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Насан туршийн боловсролын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг авсан. Ажил аваад нэхэмжлэгчтэй уулзаж, гаргасан гомдолтой танилцсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийнаас надад 2 удаа албан бичиг ирсэн. Би энэ асуудлыг хэд хэдэн удирдах албан тушаалтныг байлцуулж хэлэлцсэн байгаа.

Б.Батсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд томилолтоор явах тушаал гарсан боловч тэрээр яваагүй байсан. Иймд захирлын шийдвэр биелүүлээгүй үндэслэлээр тодруулбал, Сүхбаатар аймагт томилолтоор ажиллаагүй тул цалинг 3 сар 20 хувиар хассан сахилгын шийтгэл ногдуулсан.

Б.Батсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд өөрөө очиж ажиллаж, томилолт бөглүүлсэн байсан. Гэвч тайлангаа өгөөгүй байсан. Б.Батсүрэн өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй, тайлан гаргаагүй. Өнөөдөр Юнисефт тайлан өгснийг мэдлээ.

Ажилтан явах ёсгүй ажилд явсан тул ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Томилолт хэрхэснийг мэдээгүй байна. Иймд ажилтан Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь гаргасан гомдлоо шийдвэрлүүлээгүй байж шүүхэд хандсан нь ойлгомжгүй.  

Ер нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Б.Батсүрэн ёс зүй зөрчдөг нь тогтоогдсон. Аудитын түдгэлзүүлэх тогтоолын дагуу томилолтыг хойшлуулах эсэхийг захирал л мэднэ. Ямар ч хойшлуулсан тушаал гараагүй байхад дур мэдэн өөрөө томилолтоо хойшлуулж, дараа нь дур мэдэн томилолтоор ажилласан нь захирах, захирагдах ёсонд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батсүрэн нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/23 тоот тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2016 оны 9 дүгээр сард томилолтоор ажилласан 5 хоногийн цалинд 165,914 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2, 7.1.7, 7.3-д заасныг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 12-оос 16-ны хооронд орон нутагт албан томилолтоор ажиллах байгууллагын төлөвлөгөөт ажлыг тасалж албан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Б.Батсүрэнд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2 сарын хугацаатайгаар үндсэн цалинг 20%-аар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2, 7.1.5-д заасныг үндэслэн удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн орон нутагт ажилласан, байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг цаг хугацаанд нь биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Б.Батсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

Хэрэгт цугларсан баримтууд, талуудын тайлбараар тус төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/20 тоот тушаалаар Б.Батсүрэнг 2016 оны 9 дүгээр сарын 12-оос 16-ны өдрийн хооронд “Боловсрол нөхөн олгох сургалт”-д хяналт үнэлгээ хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлаар Сүхбаатар аймагт томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байх боловч Б.Батсүрэн нь заасан хугацаанд бус түүнээс 7 хоногийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 19-өөс 23-ны өдрийн хооронд Сүхбаатар аймагт ажилласан үйл баримт тогтоогдож байна.

 

Томилолт ийнхүү түр хугацаагаар хойшлогдох шалтгаан нь 2016 оны 9 дүгээр сард Насан туршийн боловсролын үндэсний төвд дээд шатны байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудит, хяналт шинжилгээний шалгалт орж, уг шалгалттай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, аудитор Г.Батгэрэл, Б.Батсайхан нар Б.Батсүрэнгийн томилолтыг 7 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргаснаас болсон байх бөгөөд талууд энэ үйл баримтад маргаагүй.  

 

Хариуцагч нь тушаалд заасан хугацаанд төлөвлөгөөт ажлыг гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан байна.

 

Ажил олгогчоос баталж, мөрдүүлсэн Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2, 7.1.7, 7.3 дахь заалтаар хөдөлмөрийн дотоод журам болон албан хаагчийн ёс зүйн дүрэм, зааврын холбогдох заалтыг зөрчсөн, эсхүл албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, удаа дараа ажлын хариуцлага алдсан, үүний улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.

 

Хэргийн баримтаар Б.Батсүрэн нь сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/21 тоот тушаалд заасан хөдөлмөрийн дотоод журмын дээрх заалтуудыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

 

Учир нь, хэргийн баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Батнасан нь томилолтоор явах төлөвлөгөөт ажлыг захирлын тушаалд заасан хугацаанд гүйцэтгээгүй нь үнэн боловч энэ нь түүний өөрийнх нь албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, эсхүл удирдах албан тушаалтны үүрэг даалгаварыг эс биелүүлэхийг хүссэн санаа зорилготой холбоогүй, өөрийнх нь буруугаас болоогүй байна.

 

Үүний зэрэгцээ томилолтын удирдамжид заасан Сүхбаатар аймгийн насан туршийн боловсролын төвийн сургалтын орчин, хөтөлбөр, төлөвлөгөө, баримт бичгийн хөтлөлттэй танилцах, зөвлөх, 2 багшийн 1 цагийн хичээлд сууж зөвлөх, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөлтэй ярилцах, санал сонсох, “Баян-Эрхт” шашны сургууль, сургалт үйл ажиллагаатай танилцаж, зураг авалт хийх зэрэг ажлыг заасан хугацаанаас 7 хоногийн дараа хийж гүйцэтгэсний улмаас хариуцагч байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Б.Батсүрэнг Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг шүүх хууль болон дотоод журамдаа нийцээгүй гэж үзлээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн шаардлагаар Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. 

 

Хөдөлмөрийн гэрээг цуцласан 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/23 тоот тушаалд удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн орон нутагт ажилласан, байгууллагын төлөвлөгөөнд тусгасан ажлыг цаг хугацаанд нь биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг зааж Б.Батсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон нь “…хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах” талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

Тодруулбал, Б.Батсүрэнг 2016 оны 9 дүгээр сарын 12-оос 16-ны өдрийн хооронд Сүхбаатар аймагт томилолтоор ажиллуулах тухай захирлын Б/20 тоот тушаал гарсан тул хүндэтгэх шалтгааны улмаас заасан хугацаанаас 7 хоногийн дараа тушаалын дагуу томилолтоор ажилласныг удирлагын зөвшөөрөл олгогдоогүй, цаг хугацаанд нь төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг биелүүлээгүй гэж үзэх, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүнээс өөр байдлаар Б.Батсүрэн нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Иймд хариуцагч Насан туршийн боловсролын үндэсний төв нь нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлтэй тул түүний ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Насан туршийн боловсролын үндэсний төвд “мэргэжилтэн” ажлын байранд сарын 721,221 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлсийг тодорхойлсны үндсэн дээр Б.Батсүрэнд ажилгүй байсан хугацааны /ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу ажлын 89 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 2,985,519 төгрөг /721,221төг/21,5хон*89/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Б.Батсүрэнгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Насан туршийн боловсролын үндэсний төвийн удирдлагад даалгах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн Сүхбаатар аймагт томилолтоор ажилласан 2016 оны 9 дүгээр сарын 19-өөс 23-ныг дуусталх 5 хоногийг ажил олгогч ажил тасласан гэж үзсэн бөгөөд энэ хугацааны цалинг олгоогүй гэх нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасны дагуу хариуцагчаас 5 хоногийн цалинд 165,914 төгрөг /721,221төг/21,5хон*5=167,726 төгрөг боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д заасныг тус тус баримтлан Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/23 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Б.Батсүрэнг Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар Насан туршийн боловсролын үндэсний төвөөс ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон 5 хоногийн цалинд 3,151,433 төгрөгийг гаргуулж Б.Батсүрэнд олгосугай.     

 

3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Батсүрэнгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Насан туршийн боловсролын үндэсний төвийн удирдлагад үүрэг болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Батсүрэнгийн нэхэмжлэлийн зарим шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 8,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсүрэнд, 62,718 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА