Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/212

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2038002720213 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.Б.

Шүүгдэгч П.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашаанаас иргэн Б.Д-гийн хөх өнгийн “Мустанг-5” маркын мотоцикль, автомашины аккумулятор зэргийг хулгайлж 1.845.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч П.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашаанаас иргэн Б.Д-гийн хөх өнгийн “Мустанг-5” маркын мотоцикль, автомашины аккумулятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.845.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өглөөний үүрээр 04 цаг жаахан өнгөрч байхад би гадаа гарч бие засахад хашааны жижиг хаалга онгорхой дэлгэгдсэн байхаар нь гайхаад өчигдөр түгжсэн юмсан яасан юм бол гээд ажтал байшингийн урд байдаг амбаарын хаалга бас онгорхой байсан. Тэгэхээр нь очиж хартал дотор нь байсан мотоцикль алга болсон байсан. Гүйж ороод нөхрийгөө сэрээгээд хэлсэн. Тэгээд манай нөхөр банди хоёр босч ирээд цагдаа руу дуудлага өгөөд мотоциклийн мөрийг харахаар гарсан. Тэгтэл үүдэнд байсан портер автомашины аккумулятор бас алга болсон байсан. Мөрийг нь мөрдөхөд хашаанаас гаргаад зүүн урагш түрж яваад зайдуу аваачин асааж 9 дүгээр хорооны засмал руу нийлээд мэдэгдэхээ байсан. ...миний хохирлыг барагдуулсан, надад одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,

- Гэрч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн найз П.Б-тэй орой 23 цагийн үед уулзаад өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркын мотоциклиор Мөрөн сумын 10 дугаар багийн 21 дүгээр гудамд П- гэх найзынхаа гадаа буулгаж орхиод яваад өгсөн. Би тэндээсээ шууд гэртээ хариад унтаж амраад өглөө 08 цаг өнгөрч байхад манай гэрт П-, П.Б- хоёр ирээд П- шөнө мотоциклио хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгтэл П.Б- надад хандаж “би авчихсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Б-д найзынхаа мотоциклийг эргүүлээд өгчих гэж хэлсэн чинь П.Б- П-д хандаж “би чиний мотоциклийг авчихсан юм, урд тал дээр нуучихсан” гэж хэлсэн. Тэр үед П- “арай ч дээ” гэж хэлээд мотоцикль нуусан газар дээр нь бид гурав очиж үзэхэд П-гийн хөх өнгийн Мустанг-5 маркын мотоцикль, мөн автомашины аккумулятор 13 дугаар хорооны урд руу Элстийн ар гэх газар жалганд байсан. Тэгээд П- мотоцикль, аккумулятор хоёроо аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

- Гэрч Д.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө миний эзэмшлийн Мустанг-5 маркын цэнхэр өнгийн мотоцикль хулгайд алдагдсан. Би тэгээд маргааш өглөө нь ганцаараа танил П.Б-гийн гэрт очсон. Би П.Б- авсан байх гэж өөрөө сэжиглээд гэрт нь очоод хөгшин чинь шөнө мотоциклио хулгайд алдчихлаа гэж хэлсэн чинь П.Б- эхлээд би аваагүй гэж хэлсэн. Тэгснээ П.Б- “за за би авчихсан юм. Би мотоциклийг чинь 13 дугаар багийн урагш Элстийн ар гэх газар хогын цэгийн тэнд жалганд нуучихсан байгаа” гэж хэлсэн. Би тэндээс мотоцикль, аккумулятор хоёроо аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Д-гийн хулгайд алдсан гэх “Мустанг-5” маркын мотоциклийг 1.845.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад сонсгосон зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...би тэр даруйдаа хулгайлсан мотоцикль болон аккумуляторыг нь өгчихсөн. Мөн уучлалт гуйсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би дахин хулгайн хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн

судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-47 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч П.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч П.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашаанаас иргэн Б.Д-гийн хөх өнгийн “Мустанг-5” маркын мотоцикль, автомашины аккумулятор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.845.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/, шүүгдэгч П.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/, гэрч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Д.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Б.Д-гийн хулгайд алдсан гэх “Мустанг-5” маркын мотоциклийг 1.845.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 26-27 дугаар хуудас/, шүүгдэгч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...унаж хэрэглэх зорилгоор авсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч П.Б- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ...тоот хашаанаас иргэн Б.Д-гийн хөх өнгийн “Мустанг-5” маркын мотоцикль, автомашины аккумулятор зэргийг авч, 1.845.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна. 

Шүүгдэгч П.Б-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 1.845.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Д- “...миний хохирлыг барагдуулсан, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/-ийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч П.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 51/, улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид

нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч П.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ