| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07522/И |
| Дугаар | 102/ШШ2017/00070 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/00070
2017 оны 01 сарын 02 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00070 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд оршин байгаа “Мобиком корпораци” ХХК /РД-2072572/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 16-116 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 123 дугаар байр, 14 тоотод оршин суух, Хазайдай овогт Нацагдоржийн Оюунчимэг /РД-ГЙ75111702/-т холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,259,955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20211149 тоот гэрээ байгуулан 99993274 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээ нэмэлт гэрээ байгуулан Самсунг галакси утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс 100,000 төгрөг хассан.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдах-худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,259,955 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн нийт 1,259,955 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах болно.
Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Оюунчимэгээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,259,955 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,259,955 /нэг сая хоёр зуун тавин есэн мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор “Мобиком корпораци” ХХК-д төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Оюунчимэгийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 17,394 төгрөг, хариуцагч Н.Оюунчимэгээс 17,394 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Оюунчимэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч Н.Оюунчимэгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 1,259,955 /нэг сая хоёр зуун тавин есэн мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 17,394 төгрөг, хариуцагч Н.Оюунчимэгээс 17,394 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД