| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0213/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/214 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Б.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох эрүүгийн 2038000000175 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.У.
Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төв Булган тал багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Т-ийн Мустанг-5 маркийн улаан хүрэн өнгийн мотоциклийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төв 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн Ц.О-ийн хашаанд байсан хохирогч Б.Т-ийн “Мустанг-5” маркын улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би хөдөө Бөөрөлж багаас хадлан өвсний бензин авах ажлаар сумын төвд орж ирсэн. Сумын төвд орж ирээд найз нөхөд таараад архи уугаад айлд байж байхад манай эхнэрийн ах Б- ирж чи архи уусан байна мотоцикль унаж явж чадахааргүй байна гээд намайг машинаар хөдөө авч явах болоод би мотоциклио О- гэж айлын хашаанд оруулж тавиад түүнд захиж орхиод явсан. Тэгсэн хөдөө очсоны маргааш өглөө нь О- над руу утсаар ярьж мотоцикль чинь алга болсон байна гэж над руу ярьсан. Би тэр даруй нь сумын төв орж хүмүүсээс асууж баахан эрэл сурал болоод олоогүй. Би мотоциклио бүрэн төлүүлж авна. ...Ямар ч байсан түлхүүр багажаа хүлээгээд авчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10 дугаар хуудас/,
- Гэрч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 15-ны орчим Мөрөн сумын түүхий эдийн захад мотоциклийн сэлбэг хайгаад явж байсан. Тэгсэн Чингис зоогийн газрын зүүн талд мотоциклийн сэлбэг зардаг, хөнгөн цагаан, түүхий эд авдаг контейнэр дээр сэлбэг асууж очсон. Тэнд манай хүргэн Т-ийн алдсан мотоцикльтой адилхан мотоцикль байхаар нь тэнд байсан манай нутгийн Н-гэгчээс сайн үзэж харья гэж үзэхэд Т-ийн мотоцикль мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгсэн 2019 оны 09 сарын 27-ны өдөр 13 цагийн үед байх мөнгөний хэрэгцээ гарсан гээд нэг залуу Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоцикль зарах гэсэн юм гэсээр ирсэн. Надад 500.000 төгрөгөнд өгнө авчих гээд гуйгаад байсан. Би бичиг баримт нь хаана байна гэсэн, бичиг баримтаа хөдөө орхисон гэсэн. Би бичиг баримтгүй юм байна гээд 350.000 төгрөгний барьцаанд авсан. Бичиг баримтыг нь авчирч өгвөл 500.000 төгрөгөнд авья гэсэн. Бичиг баримтаа аваад ирэх байх 350.000 төгрөгөө өгөх байх гээд би хүлээж байсан. Тэгсэн 2019 оны 11 сард байх манай Баянзүрх сумын Батаа сэлбэг хайж явна гээд над дээр ирсэн. Тэгээд Батааг ирэх үед тэр Мустанг-5 маркийн мотоцикль контейнэр дотор байсныг хараад энэ манай хүргэний алдсан мотоцикль мөн байна, үүнийг ямар хүн өгөө вэ гэсэн. Би тэр үед мотоцикль өгсөн хүний зургийг нь мөнгө шилжүүлсэн банкны баримтын хамт гар утсан дээрээ авсан байсан, түүнийгээ үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
- Гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 сарын 26-ны өдөр намайг гэртээ байж байхад манай Бөөрөлжид байдаг Т- нь хөдөө машинаар явах болчихлоо гээд мотоциклио манай хашаанд оруулж сууцны байшингийн цонхон дээр тавиад явсан. Тэгсэн маргааш өглөө нь 7 цаг болж байхад би боссон. Гэрээс гарч бие засах гээд гарсан. Т-ийн мотоцикль нь тавьсан газраа байхгүй алга болсон байсан. Би тэр даруй нь Т-ийн утсаар ярьж мотоцикль чинь алга болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Т-ийн хулгайд алдсан гэх “Мустанг-5” маркын мотоциклийг 900.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 09 сарын 26-ны өдөр сумын төвөөр явж байгаад орой харанхуй болох үеэр сумын баруун дээд талд байдаг тосгонд явж байгаад нэг айлын хашаа руу ортол байшин түшүүлээд мотоцикль тавьсан байсныг хашаанаас гаргаж холдуулаад манилдсан чинь асаж байсан. Мотоциклийг асааж унаад шууд Эгийн голын гүүрээр гараад голын урд талд байдаг модон дотор орж хэсэг унтаад өглөө болгосон. Өглөө болгосон шалтгаан нь тэр мотоциклийн гэрэл нь асахгүй байсан. Өглөө гэгээ орж нар гарах үед тэндээсээ Чичин өгсөж, Уртын даваагаар давж Мөрөн чиглэлд явсан. Мөрөнд үдээс хойш 15 цагийн үед орсон. Зах дээгүүр явж байгаад Чингис зоогийн газрын зүүн талд гудамжны үзүүрт байдаг мотоциклийн сэлбэг зардаг, засдаг газарт нэг ах зогсож байхаар нь очиж хөдөөнөөс ирсэн гэнэт мөнгөний хэрэг гараад мотоциклио 500.000 төгрөгөнд барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн тэр ах бичиг баримт нь байна уу гэж надаас асуухад нь хөдөө мартаад ирсэн гэж хэлсэн. Тэр ах бичиг баримтгүй мотоцикль бол авахүй гээд байсан. Би тэгэхээр нь гуйсаар байгаад 350.000 төгрөгөнд барьцаанд тавья гээд 350.000 төгрөг авсан. Тэр ах бичиг баримтаа авч ирээд зөрүү мөнгөө авч наймаалцвал болно гэж байсан. Тэр ах мотоцикль барьцаалж мөнгө өгөх үедээ миний зургийг, мөнгө шилжүүлсэн баримтын зургийг гар утсан дээрээ авч хадгалж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн
судлав. Үүнд:
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.У- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төв 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн Ц.О-ийн хашаанд байсан хохирогч Б.Т-ийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 10 дугаар хуудас/, гэрч В.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, хохирогч Б.Т-ийн хулгайд алдсан гэх “Мустанг-5” маркын мотоциклийг 900.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүгдэгч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.У- нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төв 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн Ц.О-ийн хашаанд байсан хохирогч Б.Т-ийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, улаан хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.У-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 900.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Т-өөс “...Б.У- миний хохирлыг бүрэн төлж
барагдуулсан. Одоо бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх нотариатаар баталгаажуулсан бичвэр /хх-ийн 50/-ийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.У- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасныг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ