Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/216

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,

Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-эд холбогдох эрүүгийн 2038000000284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Б.

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр А.Ч-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ эхнэр А.Ч-ыг “малдаа хамт явъя” гэхэд уурлаж, сандлаар зүүн талын гар руу нь цохиж, үснээс нь зулгааж гэрийнхээ хана руу зүүн хацраар нь мөргүүлж, гуя руу нь 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, зүүн доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
  • Хохирогч А.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчимд нөхөр С.Б- малаа тууж өвс идүүлэх гээд явсан. Явж байгаад 11 цаг 30 минутын орчимд гэртээ буцаж ирээд цай ундаа ууж амарч байхад би эргүү бяруу алга байна, хамаг хонь ногоо хөөгөөд тарчихлаа хоёулаа явъя гэхэд нөхөр С.Б- “чадахгүй” гээд уурлаад босч ирээд цэнэглэж байсан гар утсыг минь авч шидэхэд би очиж гар утсаа аваад халаасандаа хийсэн. Тэгтэл дахин уурлаад зурагтаа аваад үүд рүү шидээд хагалахаар нь би уурлаад “чи болохоор морь, мотоцикльтой малд явж байдаг, бид хоёр явган явж байдаг” гээд түлхээд унагатал босч ирээд газар байсан сандлаар зүүн талын гар руу цохисон. Цохих үед би зүүн гараараа хаатал хүрч ирээд үснээс зуураад гэрийн хана руу 2-3 удаа зүүн хацраар мөргүүлээд байхаар нь түлхсэн. Түлхээд холдуултал дахин над руу ирж хоёр гуя руу 2-3 удаа өшиглөөд байхаар нь гараад зугтсан. 10 минут орчмын дараа гэртээ буцаад ортол нөхөр С.Б- зөрөөд гэрээс гарахаар нь би санаа зовоод араас нь гартал гадаа унасан байсан мотоциклийн бак, суудал хоёр шатаж байсан. Тэгээд нөхөр С.Б- гэр рүү ороод дээл, куртик, хувцас, ноолуур, цүнхтэй бичиг баримт шатаахаар нь охин Б.Э- руу орилж дуудаад “аав чинь юм шатаагаад байна, хүрч ирээд аваарай” гэхэд охин ирээд бичиг баримт болон ноолуур авсан. Тэр үед би нөхөр С.Б-тэй зууралдаж байгаад больсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би борлонгоо самнаж байгаад 2 дахь борлонгоо самнаж дуусахын алдад ээж гэр дотроос “зурагт хагалчихлаа” гэж орилохоор нь би хашааны урд талын хэсэгт очоод гэр рүү хартал гэрийн гадаа мотоцикль газар уначихсан, хажууд нь зурагт хагарсан байхыг хараад гэр рүү очиж хаалгаар шагайхад гэр эмх замбараагүй байхаар нь харчихаад буцаж самнаж байсан борлонгоо тавьчихаад 3 дахь борлонгийн хөлийг уяж нэг талыг нь самнаж дуусч байхад ээж дахин орилж “ноолуур шатаалаа, хурдан ирж аваарай, миний охин” гэхэд нь би гэрийн гадаа очиход ноолуур шатаж байхаар нь гараараа хамаад авсан. Намайг очиход дээл, куртик, хувцас, хөнжил, гудас шатаж байсан. Би шатаж байсан ноолуураа шуудайд хийж аваад буцаж малын хашаа орж самнасан борлонгийн ноолуурыг шуудайд нэмж хийчихээд гэртээ очиход аав хувцасаа шуудайд хийгээд яваад өгсөн. Манай аав архи ууж ирэх болгондоо маргалдаж ээжийг зоддог. Хамгийн сүүлд энэ оны 03 дугаар сард аав архи ууж ирээд ээжийг зодож байхад ээж гараас нь мултраад зугтахад аав араас нь хөөгөөд үсдэж байхаар нь би очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаартай: “1. А.Ч-ын биед баруун хөмсөг, зүүн доод зовхи, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. А.Ч-ын биед үүссэн зулгаралт, цус хуралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өглөө эрт сэрээд хонинд явж байгаад 10 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр, охин хоёр ямаа самнаж байсан. Би гэртээ орж цайгаа уучихаад мэдээ үзэж байтал эхнэр орж ирээд шууд над руу орилоод “чи морь, мотоцикльтой малд яваад, бид хоёр яагаад явган явах ёстой юм бэ” гээд уурлаад орилоод байсан. Тэгэхээр нь би зурагттай ойрхон сууж байгаад зурагтны залгуураас татахад зурагт авдар дээр доошоо хараад унасан. Тэгээд би гэрээс гарах гэтэл эхнэр зурагт аваад шидсэн. Би зурагт эвдэлчихлээ гээд уурлаад эхнэр рүү очиж байсан. Тэгээд уурлаад яаснаа санахгүй байна. Хэсэг хугацааны дараа тайвшраад байж байтал эхнэр миний хувцасыг шатаахаар нь би бас чинийхийг шатаана гээд бид хоёр гадаа хувцасаа шатааж байгаад би гэрт байсан ноолуурыг аваад гал руу хийхэд охиныг дуудаад галаас авахуулсан. Тэгээд би гэрээс яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч С.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Гэрлэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Б.Э-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч, хохирогч нар нь уур бухимдлаа тэвчиж чаддаггүй байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч С.Б- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.Б- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Ч- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...миний хохирол гомдлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/-ийг өгсөн, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрлийн гэрээ /хх-ийн 44-45/ байгуулж “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон

баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 49/ гаргасан, улсын яллагчаас шүүгдэгчид “500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял” оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч С.Б-эд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ