| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07831/И |
| Дугаар | 102/ШШ2017/00085 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/00085
2017 оны 01 сарын 03 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00085 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 34 а байрны 42 тоотод оршин байгаа Зоригтранс ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Зоригтранс ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зоригтранс ХХК-ийн захирал Х.Ганзориг нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Нэйшнл рөүд ХХК-ийн захирал Ч.Батзоригтой автозамын механизм түрээслэх 17 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 20 тоннын индүү 2 ширхэгийг сарын 9,900,000 төгрөгийн төлбөртэйгээр 2 сарын хугацаатай түрээсэлсэн.
Ингээд гэрээнд заасны дагуу түрээсийн хугацаанд автозамын механизмыг түрээсэлсэн бөгөөд Ч.Батзориг нь санхүүжилт орж ирэхээр төлбөрөө хийе гэсэн. Түрээсийн төлбөрт 44,840,000 төгрөг авах тооцоотой байсан. Нэйшнл рөүд ХХК нь 2016 оны 1 дүгээр улиралд ямар нэгэн төлбөр төлөлгүй 11 сар хүргэсэн учир тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тухайн гэрээнд заасан хаягтаа байхгүй байсны улмаас шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Нэйшнл рөүд ХХК нь бүртгэлтэй хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй юм байна лээ.
Иймээс тус компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягийг болон захирал Ч.Батзориг, нягтлан бодогч Т.Басар нарыг эрэн сурвалжлан, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Зоригтранс ХХК нь Нэйшнл рөүд ХХК, захирал Ч.Батзориг, нягтлан бодогч Т.Басар нарыг эрэн сурвалжлуулж, компанийн үйл ажиллагаа явуулж буй газрын болон тэдгээрийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Нэйшнл рөүд ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2016/26787 дугаар захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 5, 15 дугаар хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Нэйшл рөүд ХХК, захирал Ч.Батзориг, нягтлан бодогч Т.Басар нарыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын болон оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэйшнл рөүд ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 44 тоотод байрладаг байсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нэйшл рөүд ХХК, захирал Ч.Батзориг, нягтлан бодогч Т.Басар нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын болон Нэйшнл рөүд ХХК-ийн захирал Ч.Батзориг, нягтлан бодогч Т.Басар нарын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Нэйшнл рөүд ХХК нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 44 тоотод байрладаг байсныг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД