Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/217

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Д.Батзаяа,

Өсвөр насны шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн Л.М-д холбогдох эрүүгийн 2038000000259 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.М.

Өсвөр насны шүүгдэгч Л.М- нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой Мөрөн сумын 10 дугаар хороо Далангын ар талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Ч-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Л.М- нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мөрөн сумын 9 дүгээр багийн ар талын үерийн даланд хохирогч Х.Ч-тэй харилцан зодолдож, хавсарч унаган нүүр рүү нь 4-5 удаа өшиглөж, толгой дээрээс нь дэвсэж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Би найз Л.М-, М-нарын хамт мотоциклиор цуг 2020 оны 4 дүгээр сарын 22-нд Чандмань-Өндөр сумаас шөнө 1 цагийн үед Мөрөнд орж ирсэн. Маргааш нь буюу 23-ны өдөр буцаад Чандмань-Өндөр сум руу гарах гээд явж байтал Л.М- хүнтэй уулзана гээд зах дээр ирээд найз Ц-ыг аваад 9 дүгээр хорооны үерийн далан дээр ирсэн Ц-аас 10.000 мянган төгрөг аваад эргээд М-той хамт Мөрөн сум руу яваад бараг 2 цаг болсон. Ирэхдээ нэг шил “Хараа” гэсэн нэртэй архи авч ирсэн. М- архиа задалж хамгийн түрүүнд надад хийж өгсөн. Би уугаагүй сэржим өргөчихөөд өгсөн. ...Д.Э-, Б- хоёр маргааш цэрэгт явна гэж байна очиж уулзчихаад явья гэсэн. Тэгээд Б-той нийлээд хойшоо үерийн далан руу явахад Б- замд 5 дугаар хороонд айлд ороод гарч ирэхдээ манай найз бэлэглэж байна гээд нэг шил “Болор” нэртэй 0.75 литрийн архи аваад очсон. Б- архиа задлаад надад өгөх үед би уухгүй жолоо барьж явна гээд амсаад өгсөн. Тэгээд архи дуусаад Л.М-г явья гэтэл гэрт хүргээд өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо ийм согтуу байж яаж гэртээ орох гээд байгаа юм бэ явья маргааш ажилтай шүү дээ гэж би хэлсэн. Тэгтэл Л.М- босож ирээд намайг нэг өшиглөөд авсан. Тэгэхээр нь би юм хэлээгүй ундаа уугаад сууж байгаад би босож ирээд яагаад байгаа юм бэ гэхэд гүйгээд ирсэн. Би хавсарч унагаад нүүр рүү нь нэг өшиглөсөн. Тэгтэл намайг араас ирээд хавсарч унагаад нүүр рүү 4-5 удаа өшиглөж толгой дээрээс дэвссэн. Тэгээд Д.Э-, Б- хоёр салгаад Л.М-г хоёр талаар нь барьж аваад суулгасан. Би цусаа хэсэг тогтоож байж байгаад гэртээ алхаад харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 23-ны орой 23:40 цагийн үед манай хүү Х.Ч- цус нөжтэйгөө холилдсон орж ирсэн. Тэгэхээр нь асуусан чинь Л.М- намайг зодлоо ээж гэж хэлээд ёолоод байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дуудсан. ...Маргааш өглөө нь шууд бид хоёр эмнэлэг орсон. Тэгтэл Л.М-н ээж эгч хоёр ирэхээр нь би болсон явдлын талаар хэлсэн. Л.М- тэр өдөртөө 100.000 мянган төгрөг тархины зураг авахуулах мөнгө, унааны мөнгө хийгээрэй гээд 50.000 мянган төгрөг бас өгсөн. Л.М-н ээж нь хүүгий минь цагдаад битгий өгөөрэй гээд гуйж байсан. Тэгэхээр нь бид нар цагдаад өргөдөл өгөөгүй юм. Эм тариа авах гээд мөнгөгүй болчихоод байж байхад бас 50.000 мянган төгрөг авчирж өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа тархины аппаратын хариу гарсан. Миний хүүгийн нүд, хамар хоёр гэмтэлтэй гэж гарсан талаар ээжид нь хэлэхэд 300.000 мянган төгрөг авчирж өгсөн. Тэгээд миний хүүг битгий цагдаад өгөөч гэхээр нь би адилхан хүүхэдтэй хүн гээд нэмж нэг сая төгрөг авахаар тохиролцсон. Нарийн шинжилгээний хариу гарч нүд хамар хоёртоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хариу гарсан. Хариу гарсан талаар хэлэхэд одоо мөнгө төгрөг өгч чадахгүй гээд байна, чи яасан шуналтай авгай вэ гэж хэл амаар доромжилсонд би гомдолтой байна. Л.М- миний хүүгийн утас руу чи манайхаас мөнгө авдаг хэн юм одоо ч болоогүй би чамайг ална гэж чат бичсэн би айж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ыг аваад 5 дугаар хороонд найзынд нь очиж “Болор” нэртэй архи аваад 9 дүгээр хорооны далангийн ард очиход Л.М-, М- нар байсан. Авчирсан архиа уусан. Л.М- нэлээд согтсон бараг тасарсан байсан. Л.М- болохоор гэрт хүргээд өг, Х.Ч- болохоор ажил руугаа буц чи ийм согтуу байж яаж гэртээ харих юм гэж хэлсэн. Л.М- босч ирээд Х.Ч-ийг сууж байхад нуруу руу нь өшиглөөд авсан. Тэр үед Б- салгаад дахиад дайраад ирэх үед нь Х.Ч- хавсарч унагаад нүүр рүү нь өшиглөсөн. Тэгтэл Л.М- хөлийг нь барьж авч өргөөд газар унагаад үсдээд толгой дээр нь 3 удаа өвдөглөөд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 280 дугаартай: “ 1. Х.Ч-ийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун ухархайн дотор ханийн цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Х.Ч-ийн биед үүссэн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
  • Өсвөр насны шүүгдэгч Л.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Өсвөр насны шүүгдэгч Л.М- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Л.М-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Арван найман насанд хүрээгүй хохирогч Х.Ч-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-, өсвөр насны шүүгдэгч Л.М-н хууль ёсны төлөөлөгч Ц.П- нар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг өгсөн. ..цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 36-37/ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нь уг ялыг биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд “нийтэд тустай ажил хийлгэх; зорчих эрхийг хязгаарлах; сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” ялын төрөлтэй, торгох ял оногдуулах боломжгүй байна.

Учир нь өсвөр насны шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, торгох ял оногдуулсан нөхцөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” зарчим алдагдах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээг авах” санал гаргасан, өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байх тул  шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,  8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид ...хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дээрх гэмт хэргийг үйлдсэн тул энэ албадлагын арга хэмжээг авч байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч Л.М- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Өсвөр насны шүүгдэгч Л.М- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 18.1, 18.2, 18.7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйл, 8.7 дугаар зүйлүүдэд заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.М-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

6. Өсвөр насны шүүгдэгч Л.М-д оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Л.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ