Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 924

 

Д.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Анхбаяр,

Иргэний нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Балжмаа,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

                                         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, иргэний нэхэмжлэгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Эт холбогдох эрүүгийн 1703000010018 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Э нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 52-ын даваа буюу Баруун турууны замд “Toyota Prius” загварын 14-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэж заасныг зөрчин, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа эсрэг урсгалд Б.Агийн жолоодож явсан “Toyota Vitz” загварын 57-53 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг ослын улмаас өөрийнх нь жолоодож явсан “Toyota Prius” загварын автомашинд сууж явсан Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota Vitz” загварын автомашинд сууж явсан зорчигч Б.Түвшинжаргал, Д.Урангуа, Б.Намуунаа, Б.Баяржаргал, Б.Отгончимэг, уг автомашины жолооч Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, Б.Агийн эзэмшлийн “Toyota Vitz” загварын автомашинд 2.369.000 төгрөгийн шууд хохирол, 570.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дагзал овогт Дуламжавын Д.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эыг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Эд танилцуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Эаас 3.059.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 2-5 тоотод оршин суух Б.А /РД:ЖЕ94011909/-д, 126.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 2-5 тоотод оршин суух Б.Баяржаргал /РД:ЖЕ66021870/-д, 123.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 2-5 тоотод оршин суух Д.Урангуа /РД:ЖЕ70102467/-д тус тус олгох, уг хохирлыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Эд үүрэг болгож, Д.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаа, иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэг, Б.Түвшинжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Намуунаагийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяржаргал, иргэний нэхэмжлэгч Ц.Нын хууль ёсны төлөөлөгч Э.Билэгцэцэг нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн Д.Эын 494668 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Д.Э нь автомашин жолоодон 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг 52-ын даваа буюу Баруун турууны замд явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд явсан авто машиныг мөргөж, үүний улмаас өөрийнх нь машинд зорчиж явсан бага насны хүү Э.Эрхэмбаярынхаа биед дунд чөмөгний хугарал бүхий хүндэвтэр хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болно. Энэ хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн болно. Өмгөөлөгч миний бие шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Харин шүүх ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үндэслэл бүхий ял оногдуулж чадсангүй хэмээн үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Энэ хэрэг нь авто ослын болгоомжгүй хэрэг бөгөөд Д.Э нь эсрэг урсгалаас ирж яваа автомашиныг харсан боловч урдаа яваа автомашиныг амжаад гүйцээд түрүүлчихнэ гэж нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас үйлдэгдсэн хэрэг юм. Мөрдөн байцаалтад авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчид хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих доорх нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд болгоомжгүй хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн ангилал хөнгөн хэрэг болно. Учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд өөрийнх нь хүүхдийн хөл хугарч хүндэвтэр гэмтэл учирсан, одоогийн байдлаар эдгэрсэн, цаашид хор уршигтай гэх байдал тогтоогдоогүй. Хувийн байдлын хувьд  Д.Э ял шийтгүүлж байгаагүй, томоотой, анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон, эхнэр нь төрөөд удаагүй, хувиараа ажил хийж эхнэр, хүүхэд, ар гэрээ тэжээдэг, торгуулийн ял биелүүлэх боломжтой. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэлийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар анх удаа болгоомжгүй хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, амжина гэж андуурч тооцсоноос хэрэг үйлдсэн, хохирогч хүү Э.Эрхэмбаярыгаа эмчлүүлэх, эрүүл мэндийг нь нөхөн сэргээх зардлыг өөрөө хариуцан эмчлүүлж, одоо эрүүл болсон, Д.Эт ял хүндрүүлэх хуульд заасан үндэслэл байхгүй болно. Д.Э нь дээрх гэмт хэргийг үйлдэх үед эсрэг урсгалын авто машинд сууж явсан хэд хэдэн хүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Авто машинд 2.000.000 гаруй төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан асуудал байдаг. Энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, Зөрчлийн хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна. Авто машины хохирол өнөө хүртэл төлөгдөөгүй байгаа нь автомашины өмчлөгч машинаа авахгүй, өөр автомашин авхуулна, үнэлгээг зөвшөөрөхгүй, үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг авахгүй гэж маргаж байгаатай холбоотойгоор шүүхээр шийдвэрлүүлж гарсан шийдвэрийн дагуу төлөх бодолтой өнөөг хүрсэн болно. Түүнээс биш хохирол төлөх чадваргүй буюу хохирол төлөхөөс зайлсхийсэн явдал байхгүй. Энэ хохиролтой холбоо бүхий л асуудал нь эрүүгийн хэрэг биш тул энэ асуудлаар ял хөнгөрүүлэх, ялын бодлого хийх үндэслэлгүй гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Д.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу доод хэмжээгээр 450 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг бүрэн биелүүлэх боломжтой болно. Шүүгдэгчийн ... хувийн байдлыг харгалзалгүй, ял хөнгөрүүлэх үндэслэлгүй, торгуулийн ял эдлэх боломжгүй гэж дүгнэн 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон нь ял хүндэдсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-т “Дагзал овогт Дуламжавын Д.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны xэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай'' гэжээ. Гэтэл энэ хэсэг Эрүүгийн хуулийн яг аль заалтаар буруутгаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй болжээ. Мөн тогтоох хэсгийн 4-т "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Эаас 3.059.000 мянган төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 2-5 тоотод оршин суух Б.А /РД:ЖЕ94011909/-д, 126.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 2-5 тоотод оршин суух Б.Баяржаргал /РД:ЖЕ66021870/-д, 123.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуйн 2-5 тоотод оршин суух Д.Урангуа /РД:ЖЕ70102467/-д тус тус олгож, уг хохирлыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Эд үүрэг болгосугай" гэжээ. Мөн тогтоолын хохирлын талаар гэсэн хэсгийн 4 дэх догол мөрнөөс "...хавтас хэргийн 179 хуудсанд Б.Агийн эзэмшлийн 5753 дугаартай тээврийн хэрэгслийн журмын хашааны болон ачилтын төлбөр 285.000 төгрөгийг Д.Эаас төлсөн баримт авагдсан, уг төлбөрийг "BMML" ХХК-д төлсөн болох нь кассын зарлагын ордероор нотлогдож байгаа тул иргэний нэхэмжлэгч Б.Ад төлөх төлбөрөөс хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй" гэж дурджээ. Гэтэл шүүхийн тогтоолын 4 дэх хэсэгт 3.059.000 мянган төгрөг мэтээр хохирлыг тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү хэргийн иргэний нэхэмжлэгчид энэхүү тогтоолд дурдсанаас 3.593.000 мянган төгрөг гаргуулахаар байна. Мөн тогтоолд миний эзэмшлийн автомашиныг яах талаар нэг ч үг, үсэг байхгүйд гүнээ харамсаж байна. Машин мөргөлдсөний улмаас хохирол учирсан байтал тэр машиныг хэрэг шийдвэрлэгдэж дуустал хурааж авдаггүй хуулийн зохицуулалттай байгаад гайхаж байна. Тэгээд миний  эзэмшлийн эвдэрсэн машин одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул энэ асуудлыг нэг ч сөхөж яриагүйд гомдолтой байна. ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Агийн өмгөөлөгч Г.Балжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоол гарсан байна. Иргэний нэхэжлэгчийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах гомдол гаргасан. Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудасны 2 дахь догол мөрнөөс иргэний нэхэмжлэгч Б.Агийн автомашины шууд болон шууд бус зардал 2.939.000 төгрөг хавтаст хэргийн 127 дугаар хуудас, шинжээчийн зардал 120.000 төгрөг, нийт зардал нь 3.059.000 төгрөгийн хохирол гарсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон тул дээрх төлбөрүүдийг Д.Эаас гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт олгуулж, уг төлбөрийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шийдсэн байна. Д.Э нь эдгээр төлбөрүүдийг одоо болтол төлөөгүй, төлөх хүсэл сонирхолгүй байгаа. Яагаад төлөх хүсэлгүй байна вэ гэхээр анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудасны доод талаас 6 дахь мөрнөөс эхэлж байгаа. Энэ хүмүүс анхнаасаа 7.500.000 төгрөгийн гэрээ байгуулсан байдаг. Гарын үсэгтэй гэрээгээ өөрөө урж хаясан нь залилах гэмт хэргийн шинжтэй. Ийм учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Энэ хүний бичсэн баримт нь байдаг, үүнийг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй боловч гар утсан дээр авсан баримт нь байгаа. Б.Агийн зүгээс 2.956.000 төгрөгөөр автомашинаа засуулах боломжгүй талаар хэлэхэд танай машиныг би худалдаад авчихъя гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлийг 5, 6, 7 дугаар хуудсанд байгаа. Үнийн дүнгээ хүлээн зөвшөөрчихөөд өмгөөлөгчтэйгээ оролцоод эхлэхээр шинжээчийн дүгнэлтээр гарсан зардлыг нь төлөх бодолтой байна гэж хэлдэг. Иргэний нэхэмжлэгчийн автомашин, үнэлгээний дагуу гарсан хохирол, гэрээний дагуу авто машиныг худалдан авах гэсэн төлбөр зэрэг хохирлын асуудлыг тодорхой шийдээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд Д.Э нь би төлөх бодолтой байна, одоохондоо мөнгө байхгүй байна гэж хэлж байхад анхан шатны шүүхээс ингэж шийдсэн нь буруу юм. Залилах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудтай холбогдуулан тайлбар хэлэхэд, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн давж заалдах гомдолд гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн нөхцөл байдалд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэхийг хүссэн байна. Гаргасан гомдлыг хүлээн авч, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй давж заалдах гомдол гаргасан байна. Иргэний нэхэмжлэгч Б.Агийн зүгээс гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлийг агуулж чадаагүй байна. Зам тээврийн ослын нөхцөл байдалд шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн байна. Хуулийн аль зүйл, заалт хэсгээр буруутгаж байгааг тусгаагүй гэдэг гомдол нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шийтгэх тогтоолд юу тусгагдах талаар тодорхой дурдсан байдаг. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдол гаргах зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэгжиж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолын талаар гомдол хэлэх нь хэр зохимжтой вэ гэдэг нь харагдана. Тээврийн хэрэгсэл нь байгаа, хурааж аваагүй зохицуулалтыг хуульд байхгүйд нь гайхаж байна гэдэг зүйлийг ярьж байна. Үүнийг хүлээж авах боломжгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь осол гаргасан автомашин бүрийг хурааж авах зохицуулалт байхгүй. Иргэний нэхэмжлэгч “хохирлыг төлж өгнө гэхээр нь автомашинаа өгчихсөн хуулийн байгууллагаас шийдвэр гарсан” зохицуулалт байхгүй талаар хэлж байна. Хуулийн байгууллагын шийдвэр гарсан зохицуулалт байхгүй болохоор гомдлын энэ хэсэг хуульд нийцэх боломж байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний хуульд заасан тухайн осолд өртсөн тээврийн хэрэгсэлд гаргасан хохирлын үнэлгээг үндэслэж хуульд заасан нотлох баримтын хүрээнд гарсан хохирлыг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байна. Шүүхийн шийдвэр гарсан нөхцөл байдалд төлөөгүй, төлөхгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Шүүхийн шийдвэрийн дараагийн асуудал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудал яригдана. 1 жилийн хугацаанд биелүүл гэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгжээд 1 жилийн хугацаа дуусаагүй байгаа. Энэ хугацаанд шийдвэрийг хүчингүй болгох уу, хүчээр олгуулах зохицуулалт байхгүй учир энэ давж заалдах гомдол нь хуульд нийцээгүй хууль ёсны шаардлагыг хангахгүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Э холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Д.Э нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 52-ын даваа буюу Баруун турууны замд “Toyota Prius” загварын 14-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэж заасныг зөрчин, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа эсрэг урсгалд Б.Агийн жолоодож явсан “Toyota Vitz” загварын 57-53 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг ослын улмаас Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн тэрээр уг гэмт хэргийн улмаас Ц.Но, Б.Түвшинжаргал, Д.Урангуа, Б.Намуунаа, Б.Баяржаргал, Б.Отгончимэг, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Агийн эзэмшлийн “Toyota Vitz” загварын автомашинд 2.939.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болормаагийн “...Хүүгийн маань баруун дунд чөмөгний яс хугарсан. Одоо биеийн байдал гайгүй болж байгаа. Тухайн осол хэрэг болох үед хадам Нямсүрэн, хүү Э.Э, эгч Билэгцэцэгийн хүүхдүүд болох Анужингоо, Нарансолонго нарын хамтаар Төв аймгийн Баянчандмань сум орчихоод буцаад гэрлүүгээ харих гээд “Тоёота Приус 20” загварын автомашиныг манай нөхөр Д.Э жолоодон, би жолоочийн хажуугийн урд суудал дээр хүү Э.Эын хамт суугаад бид 2 унтчихсан явж байсан. Тэгтэл гэнэт түс тас гээд явчихсан. Нэг мэдсэн манай автомашин өөр автомашинтай мөргөлдөөд эсрэг урсгалын зам дээр ертөнцийн зүгээр баруун тийш харчихсан зогсож байсан. ... Бид нарын зүгээс хохирлын баримт бүрдүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Билэгцэцэгийн “...Манай охины баруун гуя нь бага зэрэг хөхөрсөн. ...Охины бие одоо зүгээр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Агийн “... 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим би өөрийн эзэмшлийн “Тоёота Витз” загварын 57-53 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум орохоор 52-ын Даваа руу буюу Баруун турууны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү 40-50 км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас цэнхэр өнгийн “Тоёота Приус” загварын 14-96 УНО улсын дугаартай автомашин урд талынхаа автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрж орж ирэхийг хараад би баруун гар тийш дарж замаас гараад явтал “Тоёота Приус” загварын 14-96 УНО улсын дугаартай автомашин миний жолоодож явсан автомашины зүүн урд талын дугуй, зүүн талын хаалга руу ирж мөргөх үед автомашин замаас гарч зогссон. Харин мөргөсөн автомашин баруун зүг рүү харж зогссон. ...Өөрийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК-иар гаргуулахад нийт 2.939.000 төгрөг болсон. Үүнээс шууд зардал нь 2.369.000 төгрөг болсон. Үнэлгээний зардал 120.000 төгрөгийг би төлсөн. Миний хувьд яаралтай машинаа засуулж авахыг хүсэж байна. ...Шүүх эмнэлгийн 8412 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтээр тархи доргилт, бугалганы дотор хэсэг, хэвлийн гол доод хэсэг, баруун эгэмний доод хэсэг, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эмчилгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...”  /Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Баяржаргалын “...Миний тархи толгой доргиж, хамар гэмтэж, зүүн бугалганд цус хуралт тогтоогдсон. Харин охин Намуунаагийн цээж хэсгээр хөхөрсөн, өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3.000 төгрөг төлсөн, толгойн КТГ-ийн зураг авахуулахад 120.000 төгрөг төлсөн. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Отгончимэгийн “...2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хамтааныхаа хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум орох гээд “Тоёота Витз” загварын 57-53 УНВ улсын дугаартай автомашиныг эгч Б.А жолоодон жолоочийн хажуугийн урд суудал дээр эгч Д.Урангуа, арын суудал дээр дүү Б.Намуунаа, ах Б.Түмэнжаргал, Б.Баянжаргал бид 4 суугаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн 52-ын даваа уруудаад зөөлөн явж байсан чинь эсрэг урсгалаас цэнхэр өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин урсгал сөрөөд өөдөөс гараад ирсэн. Тэгсэн ах Б.Баянжаргал Б.А эгчид замаасаа гараарай гэж хэлсэн. Тэгсэн автомашинаа баруун гар тал руугаа шахаад замаасаа дөнгөж гараад зогсох гэж байтал эсрэг урсгалаас ирсэн автомашин нь яах ийхийн зуургүй хүрч ирээд манай автомашины зүүн урд хэсгийг мөргөчихсөн. ...” /Хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,

 

            Д.Эын яллагдагчаар өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 20” загварын 14-96 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр Болормаа, хадам ээж Нямсүрэн, хамаатны хүүхдүүд болон Нарансолонго, Нарангуа нарын хамт Төв аймгийн Баянчандмань сумын амьтны хүрээлэн орж үзчихээд буцаад харих гээд Сонгинохайрхан дүүргийн 52-ын даваа орох гээд Баруун турууны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 70-80 орчим км цагийн хурдтай явж байхдаа урдаа яваа бохирын машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орсон. Тэгээд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж чадалгүй өөдөөс ирсэн “Тоёота Витз” загварын автомашины зүүн урд хэсгийг би унаж явсан машинынхаа зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Машинаасаа буугаад гараад иртэл манай машин эсрэг урсгалд ертөнцийн зүгээр баруун зүг рүүгээ хараад зогсчихсон, харин нөгөө машин замаас гараад баруун урагшаагаа гараад зогссон. ...” /Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

 

            Замын цагдаагийн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 335 дугаартай “Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 8395 дугаартай “...Э.Эын биед баруун дунд чөмөгт ясны хугарал, баруун цавь, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 6, 7-9 дүгээр хуудас/,

Замын Цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 127, 128-129 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос “Д.Э нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 52-ын даваа буюу Баруун турууны замд “Toyota Prius” загварын 14-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэж заасныг зөрчин, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа эсрэг урсгалд Б.Агийн жолоодож явсан “Toyota Vitz” загварын 57-53 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг ослын улмаас өөрийнх нь жолоодож явсан “Toyota Prius” загварын автомашинд сууж явсан Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Toyota Vitz” загварын автомашинд сууж явсан зорчигч Б.Түвшинжаргал, Д.Урангуа, Б.Намуунаа, Б.Баяржаргал, Б.Отгончимэг, уг автомашины жолооч Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, Б.Агийн эзэмшлийн “Toyota Vitz” загварын автомашинд 2.369.000 төгрөгийн шууд хохирол, 570.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдлаар” яллах дүгнэлт үйлджээ.

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ... ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд, Д.Эыг ... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд харин түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөнд 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэв.

Иймд, прокурорын яллах дүгнэлт, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болон бусдын эд хөрөнгөнд 2.939.000 төгрөгийн хохирол учруулсан байдлыг гэмт хэрэгт хамааруулсныг өөрчилж, харин хэргийн үйл баримтад хамааруулан үзэж, иргэний нэхэмжлэл, гэм хорын асуудлын хүрээнд шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг өөрчлөхдөө, анхан шатны шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтад болон хэлэлцсэн асуудалд үндэслэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчид ашигтай байдлаар авч үзсэн болно.

Д.Эт холбогдох хэргийн хувьд, мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Д.Э нь “Toyota Prius” загварын 14-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, улмаар эсрэг урсгалд Б.Агийн жолоодож явсан “Toyota Vitz” загварын 57-53 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг ослын улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд түүний энэ үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчсөн байдалд хамаарч байна.

Иймд, түүнийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Д.Эын үйлдсэн авто тээврийн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Агийн “Toyota Vitz” загварын 57-53 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 2369000 төгрөгийн хохирол учирсан болох нь автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс, иргэний нэхэмжлэгч Б.Агийн эд хөрөнгөд учирсан шууд зардлын 2369000 төгрөгийн хохирол дээр шууд бус зардлын 570.000 төгрөг, шинжээчийн ажлын хөлсний 120.000 төгрөгийг тус тус нэмж, нийт 3.059.000 төгрөгийг олгохоор заасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.А нь “Toyota Vitz” загварын 57-53 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлахад гарсан зардал нь 2.939.000 төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Д.Эт холбогдуулан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй.

 

Өөрөөр хэлбэл, Д.Эт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Агийн эд хөрөнгийн хохирлыг шинжээчийн үнэлгээгээр үнэлэгдсэн хэмжээгээр шийдвэрлэсэн байдал нь тухайн эд зүйлсийг бодит байдлаар худалдан авахад зарцуулсан үнийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэв.

 

Иймд, дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтад нэмэлт оруулав.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан буюу тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, иргэний нэхэмжлэгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.