Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00945

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03282 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

          2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 534 дүгээр магадлалтай,                                                                                                                                                                 

            “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

            “Ж” ХХК-д холбогдох

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 42,312,614 төгрөг гаргуулах тухай үндсэн,

            34,486,196 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Галбадар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алимаа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

           Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлд:  “Х” ХХК нь 2014 оны 04 сарын 23-ны өдөр "Ж" ХХК-тай 344.374 кг ноолууран утсыг нэг кг бүрийн үнэ 130,000 төгрөгөөр нийтдээ 44,768,620 төгрөгөөр худалдан авах тухай гэрээ байгуулан гарын үсэг зурж худалдан авагчийн хүссэн тоо, хэмжээ, чанар бүхий утсыг хүлээлгэн өгсөн. 2014 оны 08 сарын 18-ны өдөр захиалагчтай харилцан тохиролцож гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахдаа 344.374 кг утсыг нэг кг бүрийг 419 юаниар тооцож бүгд 144,293 юань байхаар тохирч, төлбөр төлөх графикийг тогтоосон. Хариуцагч ноолууран утасны үнийг бүрэн төлж барагдуулаагүй учраас 2015 оны 01 сарын 10-ны өдрийн 05/01 тоот гэрээгээр төлбөр төлөх графикийг дахин тохиролцсон. 2014 оны 01 сарын 10-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2015 оны 01 сарын 25-нд 34,642 юань, 2015 оны 02 сарын 25-нд 34,642 юанийг тус тус "Х" ХХК-д төлөхөөр тохиролцсон. Одоогийн байдлаар үлдэгдэл 80,752.36 юанийг Монгол банкны 2017 оны 05 сарын 11-ний өдрийн албан ханшаар тооцож төгрөгт хөрвүүлэхэд 28,208,414 төгрөгийг төлөх дутуу. Мөн  гэрээний 13.6-д алданги төлөхөөр тохиролцсон. Иймд үлдэгдэл төлбөр 28,208,414 төгрөг, алданги 14,104,200 төгрөг, нийт 42,312,614 төгрөгийг хариуцагч "Ж" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

             Хариуцагч “Ж” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: "Х" ХХК-иас 2014 оны 04 сарын 23-ны өдөр утас худалдаж авахаас өмнө 18 кг утас авч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Ноолууран утас худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 344,374 кг утсыг авсан. 2014 оны 08 сарын 18-ны өдөр 2015 оны 01 сарын 10-ны өдөр дахин гэрээ байгуулагдсан боловч нэмж утас аваагүй. 2014-2015 он дуустал дээрх утсаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 2014 оны сүүлчээр зарагдсан бараанууд 2015 оноос эхлээд үйлчлүүлэгч нараас гомдол ирсэн тул Б.Бадамханд захиралд хэлэхэд танай утас угаасаа тод өнгийн ноолуур будганд орсон учраас хэд хэдэн угаалтын дараа зөөлөрнө гэсэн. Гомдолтой холбоотойгоор 2016 онд ажилчид хурал хийж, утсыг шинжилгээнд өгье гэж шийдвэр гаргасан. 2016 оны 11 сарын 15-ны өдөр шинжилгээний хариу гарч, "Х" ХХК-иас нийлүүлсэн утас ямар ч ямааны ноолуурын хольцгүй гэсэн. 2015 оны 01 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнд ээрмэл утас гэж тусгасан. Эхний 2 гэрээнд ямааны ноолуур гэж байдаг, ямар нэг хольцтой гэж  байхгүй. Анхнаасаа утасныхаа чанар, найрлага, бүтцийг мэдэж байсан нь тодорхой тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

          Хариуцагч “Ж” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: 2012 онд "Х" ХХК-ийн захирал Б.Бадамханд нь "манайх түүхий эдээ Хятад руу гаргаж, ямааны ноолууран утас ээрүүлэн оруулж ирдэг" гээд ноолууран утас худалдах санал гаргасан учир 2012 оны 11 сарын 26-ны өдөр 5,098,500 төгрөгийн, 2012 оны 10 сарын 26-ны өдөр 5,536,200 төгрөгийн утас худалдан авч, 2014 онд дахин ноолууран утас их хэмжээгээр худалдан авсан. Тухайн утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үлдэгдэл одоо 267 ширхэг, 21,923,000 төгрөгийн үнийн дүнтэй. Энэхүү үнийн дүнг олох байсан ашиг гэж үзэж нэхэмжилж байна. Мөн 2014 оны байдлаар хятад хонины ноосон утас 26,000 төгрөг байсан бөгөөд утасны найрлагыг мэдээгүйгээс12,563,196 төгрөгийг илүү төлсөн. Иймд илүү төлсөн утасны үнэ 12,563,196 төгрөг, агуулахад байгаа үлдэгдэл барааны үнэ 21,923,000 төгрөг, нийт 34,486,196 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

           Нэхэмжлэгч "Х" ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.1 дэх хэсэгт захиалагчийн захиалсан утсыг нийлүүлнэ гэсэн байдаг. 50 хувийн орцтой ноолууран утас юм. 2014 онд утас нийлүүлсэн. Гэтэл 2016 онд гэрээг шинэчлэн байгуулсан. Үнэхээр доголдолтой утас байсан бол энэ талаар хүсэлтээ өгч болох байсан. Худалдах-худалдан авах гэрээний доголдолтой холбоотой ямар ч гомдол гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа ч гэсэн гомдол гаргаагүй. Иргэний хуулийн 255.1.2-т заасны дагуу нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Юуг үндэслэж нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.                       Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03282 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ж" ХХК-аас 42,312,614 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан "Х" ХХК-аас 34,486,196 төгрөг гаргуулах тухай хариуцагч "Ж" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,520 төгрөг, хариуцагчаас төлсөн 330,382 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Ж" ХХК-аас 369,520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 534 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/03282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинхүүний хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүх нотлох баримтыг тал бүрээс үнэлэн хууль зүйн бодитой дүгнэлт өгөөгүй хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэлгүй хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлэн шийдвэр гаргалаа. “Ж” ХХК нь анх “Х” ХХК-тай 2014.04.23-ны өдөр ноолууран утас худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний 2.1-д зааж тодорхойлсноор 2014.08.18-ны өдрийн ноолууран утас худалдан авах гэрээ тус гэрээний 2.1-т зааж тодорхойлсноор 2015.01.10-ны өдрийн ноолууран утас худалдан авах гэрээ буюу гэрээний 2.1 болон 3.1 зааснаар ээрмэл утас гэж утгыг сольсныг харахад анхнаасаа бизнесийн хүрээнд байдаг итгэлцлийг ноолууран утас гэх гэрээний нэрэн дор халхавчлан ээрмэл утас нийлүүлэн хуурч мэхэлж байсныг харуулж байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй. Шүүх хэргийн материалд авагдсан 2 удаагийн шинжээч томилсон шинжээчийн дүгнэлтийг огт хүлээн авч хэрэглэсэнгүй. 2016.11.15-ны өдрийн дүгнэлтээр хонины ноос болон туулайны ноосон утас гэж гарсан бөгөөд огт ямааны ноолууран утасны хольцгүй байна гэж дүгнэлт гарсан. Улмаар дүгнэлт гарсны дараа “Х” ХХК-д хандахад хүлээн аваагүй. Улмаар шүүхийн журмаар маргахад дахин шүүхийн журмаар шинжээч томилуулж мөн ямааны ноолууран утас биш ээрмэл утас байна гэж тогтоолгосон. Шүүхийн журмаар шинжээч томилуулахдаа “Ж” ХХК-д нийлүүлсэн “Х” ХХК-ийн утсаар нэхсэн бүтээгдэхүүн 2 ширхгийг хэргийн үнэн бодит байдлыг тогтоох үүднээс “Х” ХХК-ийн нэрийн дэлгүүрээр борлуулж байсан бүтээгдэхүүнийг худалдан аван 1 ширхэгийг тус тус шинжилгээнд өгсөн. Улмаар шинжилгээний хариу “Ж” ХХК-ийн өгсөн 2 ширхэг бүтээгдэхүүн болон “Х” ХХК-ийн худалдан авсан 1 ширхэг бараа бүтээгдэхүүнтэй яг ижил орцтой материал хийгдсэн буюу утасны бүтэц адилхан болохыг тогтоолгож ямааны ноолуур биш гэдгийг нотолсон. Шүүх шинжээчийн дүгнэлт ингэж гарсаар байтал хэт нэг талыг барин шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Хуулийг хэрэглээгүйд тухайд: Иргэний хуулийн 254.2 дах хэсэгт зааснаар манай компани шаардах эрхээ алдаагүй бөгөөд “Х” ХХК-ийн нийлүүлсэн утасны үнийг бууруулан 2014 оны хятад хонины ноосон утасны бодит үнээр тооцон сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд ямааны ноолууран утас гэж хууран мэхлэж утас нийлүүлсэн учир Иргэний хуулийн 261.1-д зааснаар манай компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. “Х” ХХК-ийн нийлүүлсэн утас нь түүгээр нэхсэн бараа бүтээгдэхүүн манай компанийн агуулахад маш ихээр хадгалагдаж байсан бөгөөд худалдаанд гаргах боломжгүй алдагдалд оруулсан хэвээр байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

           Нэхэмжлэгч "Х" ХХК нь хариуцагч "Ж" ХХК-д холбогдуулан 344,374 кг  ямааны  ноолууран  ээрмэл утас худалдах-худалдан авах    гэрээний  үлдэгдэл  төлбөр  28,208,414.00 төгрөг, алданги 14,104,200.00 төгрөг, нийт 42,312,614.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, доголдолтой барааны үнийн зөрүү 12,563,196.00 төгрөг, хохирол 21,923,000.00 төгрөг, нийт 34,486,196.00 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

             2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр "Х" ХХК нь "Ж" ХХК-тай 04/02 тоот гэрээ байгуулж, 1 кг нь 130,000 төгрөгийн үнэтэй 344,374 кг ямааны ноолууран ээрмэл утсыг хариуцагчид нийлүүлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигчид 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээний үнийг юаниар тооцож, нийт 144,293 юань байхаар өөрчлөлт оруулсан байна.

           Дээрх үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч утасны үнэ 65 540,64 юань төлсөн талаар маргаагүй, харин барааны чанарын доголдлын талаар маргажээ.  

          Нэхэмжлэлийн үндэслэл болж буй худалдах-худалдан авах гэрээний 3.1-т  “худалдан авагч буюу хариуцагч нь ямааны ноолууран утсыг хүлээн авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, шалгасан акт, дагалдах бичиг баримтыг үйлдэн хүлээж авах үүрэгтэй” гэж заасан, худалдан авагч энэ үүргээ гүйцэтгэсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг чанарын доголдлын талаар шаардах эрхээ алдсан, нэхэмжлэгчийн нийлүүлсэн утсыг биет байдлын доголдолгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т нийцсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

            2014 онд нийлүүлсэн барааны доголдлыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 730 тоот шинжилгээний дүгнэлт, шүүхээс томилсон шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 517, 518 тоот дүгнэлт болон 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 601, 602, 603 тоот дүгнэлтүүдээр тогтоох боломжгүй буюу 2016 онд хийгдсэн шинжилгээнд "Ж" ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний утасны орц, чанарын талаар дүгнэлт гарчээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр 2 удаа шинжээч томилсон, шинжилгээнд өгсөн утас, бүтээгдэхүүнүүд нь 2014 онд нэхэмжлэгчийн худалдсан утас буюу уг утсаар хийгдсэн бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй тул шинжээчийн дээрх дүгнэлтээр нийлүүлсэн утасны доголдлыг тогтоохгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т нийцсэн гэж үзнэ. Иймээс чанарын шаардлага хангаагүй утас нийлүүлсэн гэж үнийн зөрүү, хохирол нэхэмжилсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

              Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлж, талуудын хооронд хийгдсэн гэрээний 4.5, 4.6, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,  232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

           Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтад нийцсэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

          Талуудын хооронд маргаан гарсан байдал, гэрээний төлбөрийн нөхцлийн өөрчлөлт, хариуцагчийн  үйлдвэрлэсэн бараа  борлогдоогүйгээс хохирол учирсан гэсэн сөрөг шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргэг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан хяналтын шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг хэрэглэн, хариуцагчийн төлөх анзыг 50 хувиар багасгах нь Иргэний хуулийн шүүхээр хамгаалуулах зарчимд нийцнэ.

           Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/03282 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 534 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6., 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Ж" ХХК-аас 35,260,514.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,052,100.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “369,520 төгрөгийг” гэснийг “334,252 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 330,500 /гурван зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН