Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/222

 

2020          06             16                                          2020/ШЦТ/222

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Б.Баатарсайхан, Ц.Даваасүрэн,

Шүүгдэгч З.Г-, Т.Р-, З.О-, Б.Б-,

Гэрч Д.Ө-[1], Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн *******дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, З.Г.

2. Монгол улсын иргэн, З.О.

3. Монгол улсын иргэн, Т.Р.

4. Монгол улсын иргэн, Б.Б.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нар нь Хөвсгөл аймгийн ******* Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн удаа шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлийг зөрчиж, хууль болон холбогдох журамд байхгүй үнэлгээний аргачлалыг тендерийн баримтанд тусган “Х.Д.Н” хоршоог шалгаруулан бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гомдлыг хэн хянах вэ гэхээр хоёр компани захиалагчид гомдол гаргасан байсан. Үүнийг Б.Б- дарга хүлээн аваад хэлтсийн дарга Ц-д гомдол шийдвэрлэх тухай цохолт хийж өгөөд Ц- нь гомдлыг хянаж үзээд шийдвэрлэсэн байдаг. Ингээд шийдвэрийн хариу нь борлуулалтын орлого хүрэхгүй байна гэж байсан. Хэлэлцүүлэг зохион байгуулахад Т.Р- бид хоёр суусан. “Р *** Ө” ХХК-ийн захирал Ц- гэдэг хүнд хэлэлцүүлгийн тухай хэлсэн. Тэгтэл 20 минутын дотор Рашаант сумаас гараад Мөрөн суманд очиж амжихгүй гэсэн. Тэгээд Ц-ийн ээж О- нь Мөрөн суманд байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад тендерийн үнэлгээний хороо дангаар шийдвэр гаргасан юм шиг яллах дүгнэлт дээр бичсэн байсан...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан гурван компаний байгууллагын материалыг татаж үзээд 40 хувийн орлого хүрэхгүй байна гэж үзээд Б.Б- даргад танилцуулсан байдаг. Тэгээд дараа нь хэлэлцүүлэг зохион байгуулсан. ...2018 оны 3 дугаар сард эрх бүхий албан тушаалтан болон холбогдох байгууллагууд, тендерт оролцдог байгууллага гээд нийт 86 хүнийг хамруулсан хэлэлцүүлэг хийгээд тендер болгон дээр нь саналыг авч гарыг нь өргүүлээд баталж байсан. ...Үнэлгээний хороо ажиллах журам гэж байгаа. Нийт гишүүдийн 75 хувийн ирцтэй бол асуудлыг шийдвэрлэх боломжтой байдаг. Үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа 100 хувийн саналтайгаар баталсан” гэх,

- Шүүгдэгч З.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тендерийг шалгаруулахдаа хуулийн дагуу зохион байгуулж, шалгаруулсан гэж үзэж байна. ...Би ийм хэрэгт анх удаа холбогдож байгаа учраас айж сандарсандаа буруу зөрүү мэдүүлэг өгсөн” гэх,

- Шүүгдэгч Т.Р- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Үнэлгээний хороо хууль журмын дагуу ажилласан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний зүгээс бол хууль, журмын дагуу тендерийг зохион байгуулж ажилласан гэж бодож байна. Би хурлын дундуур ажил гарсан учраас өөрийнхөө саналыг хэлээд гараад явсан. Мөрдөн байцалтын шатанд өмгөөлөгч авах боломжийг хангаж өгөөгүй...Эхний мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгсөн” гэх,

- Гэрч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т зааснаар орон нутагт явагдаж байгаа бүх бараа үйлчилгээн дээр захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар байна гэж заасан байдаг. Захиалагчийн эрхээр энэ тендерийг зарласан. ...Энэ тендерийн бичиг баримтыг захиалагч боловсруулдаг. Энэ тендерийн хувьд их өвөрмөц тендер байгаа юм. Хөвсгөл аймгийн хэмжээнд амжиргааны доод түвшингээс доогуур орлоготой 8000 гаруй иргэнд энэ үйлчилгээг үзүүлдэг. Сард нэг том хүнд 13.500 төгрөг, хүүхдэд 6.500 төгрөгийн үнэ бүхий бараа материал оногддог. Энэ тендерийг 2014 оноос хойш манай байгууллага зарлаж байна. Энэ тендер их төвөгтэй, яагаад гэвэл худалдан авах тухай хууль бол 2005 онд батлагдсан. Тендерийн жишиг бичиг баримт бол 2012 онд анх удаа батлагдсан...8000 хүнийг хүнсний эрхийн бичгээр хангахад дэлгүүрийг сонгодог. ...Бид нар Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг жил бүр явуулаад хэвшсэн байгаа. Бид нар өмнө нь дундаж үнэ гээд явж байсан. ...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулсан. Өмнө нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа зохион байгуулж байсан. Жил бүрийн тендерийн бичиг баримт дээр сонсох ажиллагаа зохион байгуулдаг...Энэ сонсох ажиллагаан дээр олон төрлийн санал гардаг. Ер нь бол ямар санал гардаг вэ гэхээр 8000 иргэнд бид нар дэлгүүр сонгоод явуулдаг. Бид нар нийт үнээр явуулаад нэгж үнийг бага үнээр нь бодож явуулсан чинь нэг хүнд очих 13.500 төгрөг нь буураад очсон байна. Дараа нь бид нар тогтмол үнээр явуулахад 10 бүтээгдэхүүний үнийг тухайн дэлгүүр санал болгодог. Өөрөөр хэлбэл 100 килограмм мах санал болгоход энэ мөнгө дуусдаг юм. Дэлгүүрүүд сүүлдээ амташсан байсан. Яасан бэ гэхээр 1.000 төгрөгийн үнэтэй гурилыг 600 төгрөгийн үнээр нийлүүлнэ гээд тендерийн бичиг баримт дээрээ тусгаад ирүүлж байгаа юм. Бид нар тендерийн үнэ болох 67.400.000 төгрөг гээд тогтмол үнийг санал болгодог. Дотор хараад үзэхээр гурил 600 төгрөг, зах дээр 1.000 төгрөгийн үнэтэй байгаа гурилыг 600 төгрөгөөр нийлүүлнэ гэж байхгүй юм. Ингээд бид нар жишиг бичиг баримт дээр Сангийн сайдын баталсан журмын дагуу үнэлгээний нэмэлт арга аргачлалыг оруулаад тендерийн бичиг баримтыг сонсох ажиллагаан дээр баталсан. Дараа нь хэлэлцүүлсэн, түүнд бол оролцогч нар зуун хувь гараа өргөж баталсан байдаг. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай газар захиалагчийн эрх, үүргийг шилжүүлж авсан учраас газар дээрээ сонсох ажиллагаа хурал хийсэн. Энэ дээр газрын албан хаагч нарыг бүгдийг нь оролцуулж шийдээд тендерийн бичиг баримтыг хурлаар баталсан юм. Энэ тендерийн бичиг баримтын дагуу тендерийг зохион байгуулсан. ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлд захиалагчид ирсэн гомдлыг захиалагч шийдвэрлэдэг. Эрх ашиг нь зөрчигдсөн этгээдүүдийг оролцуулаад гомдол шийдвэрлэх асуудлыг зохион байгуулдаг. Ийм байдлаар томъёолж өгсөн. ...Тендерт борлуулалтын орлого хүрэхгүй, чадавхын шаардлага хангахгүй этгээд 20.000.000 төгрөгийн орлоготой байх ёстой хуулийн этгээд 8.000.000 төгрөгийн орлоготой гэж тендерт орж ирээд бусад оролцогч нараас гомдол орж ирээд тендер хүчингүй болсон гэж ойлгож байгаа юм. Захиалагчийн хувьд бол гомдол шийдвэрлэх ажиллагааг тухайн үед худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Ц-д цохож, Ц- нь энэ гомдол шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулаад шийдвэр гаргаж явсан. Ингээд энэ шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Дараа нь тендер дахин зарлагдсан байдаг. Тендер зарлагдахад гомдол гаргасан компани оролцсон байгаа юм. Гомдол гаргасан компанийг гомдол шийдвэрлэх ажиллагаанд урьсан боловч ирээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарласан тендерийн бичиг баримт дээр хэнээс ч гомдол гарахгүй явсаар байгаад 2019 оны 4 дүгээр сард хамгийн сүүлд Рашаант сумын тендер дууссан байгаа юм....Үнэлгээний хорооны үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэж байна. ...Бид нар 14 багцыг дахин зарлахад Рашаантын тендерийг шалгаруулсан боловч “Р *** Ө” гэдэг компани нь өөрөө тендерийн бичиг баримт дээр заасан 20.000.000 төгрөгийн борлуулалтын орлоготой байна гэснийг хангаагүй. Энэ компани нь 8.000.000 төгрөгийн борлуулалтын орлоготой байсан болохоор “Р *** Ө” ХХК-д гомдол гаргасан. Энэ гомдлыг “Хөвсгөл Дулаан хаан” ХХК нь гаргасан байдаг. Тухайн гомдлыг хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хүлээн авч шийдвэрлээд тендерийг дахин зарласан. “Р *** Ө” ХХК-ийг гомдол шийдвэрлэх ажиллагаанд урьсан боловч ирээгүй юм. Гомдол шийдвэрлэх ажиллагааг хийгээд бүх бичиг баримтад шалгалт хийж шийдвэрээ гаргасан. Ингээд борлуулалтын орлого хүрээгүй учраас анх гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон. Дараа нь гуравдахь удаагаа тендер зарлагдаад “*******” ХХК нь шалгарсан байдаг. “Р *** Ө” ХХК нь тендерт оролцож ямар нэгэн гомдол гаргаагүй байдаг. Тендертэй холбоотой гомдлыг захиалагч болон Сангийн яаманд гаргаагүй. Ингэж явж байгаад “Дулаан хаан” ХХК нь гэрээний үүргээ 81.2 хувиар биелүүлсэн. Халамж үйлчилгээний газраас гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн байна гэж дүгнэсэн байсан. Сангийн яамнаас тендерийн гомдол шийдвэрлэлт зөв байна, тендер шалгаруулсан байдал зөв байна гэж дүгнэсэн байгаа учраас би тендер зохион байгуулахдаа холбоотой ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь тухайн орон нутагт худалдан авсан бараа ажил үйлчилгээний хувьд захиалагч байна гэж заасан байдаг. Тэгэхээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бол энэ тендерийн хувьд захиалагч болж байгаа юм. ...Бид нар Сангийн сайдын тушаалаар 5 төрлийн тендерийн бичиг баримтыг баталсан байдаг. Үүний дагуу захиалагч тендерийн бичиг баримтыг боловсруулах ёстой юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2018 онд 68 дугаартай тушаалаар захиалагчийн эрх, үүргийг Орон нутгийн өмчийн газарт хугацаагүйгээр шилжүүлж өгсөн. ...Тендер зарлахын өмнө манай газар дээр хурал болоод энэ тендерийн бичиг баримтыг ингэж явуулах уу? арга аргачлалын хувьд яаж явуулах вэ? яаж үнэлэх вэ гэдэг асуудлыг хурлаараа оруулаад тендерийн бичиг баримтаа баталж байгаа юм. Батлагдсан тендерийн бичиг баримт нь Үнэлгээний хороо мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Үнэлгээний хороо нь шинээр ямар нэгэн бичиг баримт нэмэхгүй. ...Энэ дээр бүх шаардлага үзүүлэлтийг тавьж өгдөг. Түүнийг Үнэлгээний хороо хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар үнэлгээний хорооны үүргийг заасан байдаг. Үнэлгээний хороо нь баримт бичгийг батлах эрх байхгүй байна...Үнэлгээний хорооны гишүүн З.Г- нь томилогдоогүй байхдаа саналаа өгсөн гэж би бичсэн. Мөрдөгч нь над руу зандарч шууд гэрээ байгуулах ажлыг та ингээд явсан байна гэж загнасан. Би их бухимдсан, даралт ихсэж нүдний хараа муудсан. Би өгсөн мэдүүлгээ уншаагүй гарын үсэг зурсан асуудал байгаа. Би дараа нь байцаагчид хэлсэн. Та намайг загнаад байсан шүү гэж өөрт нь албан ёсоор сануулж байсан. Хэлэлцүүлэг дээр огноо, он сарыг бол миний мэдүүлэг дээр огт бичээгүй байна. Би уг нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцүүлэг явагдаад тийм хүмүүсийн санал гээд хэлж байсан. Тэгтэл ганцхан хүний санал бичсэн байсан. Бид нар хуулийн дагуу бичиг баримтыг боловсруулж, үүргээ гүйцэтгэсэн, Үнэлгээний хороо үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. ...46 багцтай хүнсний эрхийн бичгийн нэг тендерийг зарласан. Тендерийн бичиг баримтыг захиалагч боловсруулсан. Үнэлгээ хороо нь захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу тендерийг хэлэлцсэн. Үнэлээний хорооны ажил бол техникийн тодорхойлолт болон бараа нийлүүлэлтийн хуваарийг урьдчилан боловсруулах, нийлүүлэлтийн хуваарийг гаргах ийм үүрэгтэй байдаг...Дэлгүүрийн эзэн тендерийн бичиг баримт дээр өргөн хэрэглээний барааг хамгийн хямдхан ирүүлчихээд иргэнд бараагаа өгөхдөө хамгийн үнэтэй зардаг. Үүнийг шийдэх нь манай аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болсон. 2018 оноос эхлээд үүнийг шийдсэн юм. Бид нар үүнийг шийдэхийн тулд эхлээд дундаж үнэ гэж бичсэн юм. Жигнэсэн дундаж, статистик дундаж, түүврийн дундаж гэсэн зүйлүүд байдаг. 28 бүтээгдэхүүнээс 8 бүтээгдэхүүнийг түүгээд дундаж үнэ гээд оруулж ирдэг. Бид нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан арга аргачлалыг өмнө нь хэрэглэж байсан юм. Бид нар 2019 онд боловсронгуй болгосон. ...Түүний үр дүнд 8.000 хүн яг 13.500 төгрөгт таарсан дундаж үнэтэй, зах зээлийн үнэтэй бараа авч хэрэглэх боломж бүрдсэн. Бид нар дэлгүүрээр яваад үзэх юм бол хоёр өөр төрлийн төмс лангуун дээрээ тавьчихаад монгол төмсний үнээр тендерт орсон мөртлөө хужаа төмсөө шахдаг. ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар захиалагч зөвлөх үйлчилгээнээс бусад бараа, ажил үйлчилгээний онцлогыг харгалзан өөрийн эдийн засагт нөлөөлөх дор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг сонгож мөнгөөр илэрхийлэн, тендерийн үнэ дээр нэмж харгалзан тооцож болно гэж заасан байдаг. ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.4-т зааснаар сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах баталгаа гэж энэ нь жишиг бичиг баримтын 32 дугаар зүйлд заасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.6-т зааснаар энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт гэж байна. Үүнийг захиалагч өөрөө гаргаж болно гэсэн байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т зааснаар энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан байна...Бид нар нэмэлт үнэлгээний аргыг хэрэглэ гээд заагаад өгсөн байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т зааснаар энэ хуулийн 28.9-т зааснаар захиалагч энэ хуулийн 28.4-т дурдсан шалгуур үзүүлэлтээс сонгож хэрэглэх бол тэдгээрийг мөнгөөр илэрхийлж үнэлгээнд харгалзах нөхцөл, аргачлалыг энэ хуульд нийцүүлэн тогтоож тендерийн баримт бичигт тусгана гэж байна. Тэгэхээр тендерийн бичиг баримтад заавал үүнийг тусгах ёстой юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т зааснаар энэ хуулийн 28.10-т зааснаар энэ хуулийн 28.4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчийн чадавхийн үзүүлэлтүүдийг хамааруулахгүй бөгөөд энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй. Ингээд 52 дугаар зүйлд заасан Сангийн сайдын эрх хэмжээний хүрээнд энэ жишиг бичиг баримтыг гаргасан юм. 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар үүнийг баталсан юм. Нийлүүлэх барааны үнийг тендерийн маягтад заасан үнийн хуваарь бүрээр гаргаж ирүүлнэ. Энэ бол тендерт оролцогч хүснэгтийн 15.6 дахь хэсэгт байгаа юм.  Тендерт оролцогч гэрээний дагуу барааны нэгж үнэ, тухайн нэр төрлийн нийт үнэ, нийт дүн, барааны гарал үүслийн улсын нэрийг барааны нийлүүлэлтийн хуваарь зарласан төрөл бүрээр холбогдох үнийн хуваарьт тусгаж ирүүлнэ. Бид нар үнэлгээ хийхийн тулд нэгж үнээ авч байна. Энд нэг бүрчлэн заагаад өгсөн байгаа юм. Үнийн задаргааны агуулга нь захиалагчаас тендерийг харьцуулах, үнэлэх зорилгоор шаардана гэж байна. Тэгэхээр бид нар тендер дээрээ шаардсан. Захиалагч талаас нэгж үнээ тавиад өгчихдөг юм. Гурил бол дээд үнэ нь 1.100 төгрөг байна. Энэ үнээс доош үнэ ирүүлж болно. Тэгэхдээ зах зээлийн үнэнд бариулна. 2.4 тэрбум төгрөгөөс доош үнэ бариулах юм бол тендер хүчингүй болно. Дээш үнэ бариулах юм бол мөн тендер хүчингүй болно гэж зааж өгсөн байгаа. 32 дугаар зүйл дээр алдаа залруулах гэж байна. Үсэг тоогоор илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрүү гарах юм бол үсгээр илэрхийлснийг авна. Нэр төрлийн үнийн нийлбэр нь тендерийн маягтад заагдсан тендерийн нийт үнээс зөрөх юм бол нэр төрлийн нийт үнийн нийлбэрийг үндэслэнэ. Нэр төрлийн үнэ нь нэгж үнийн тоо ширхэгээр үргжүүлэхэд гарсан үнээс зөрвөл нэр төрлийн нэгж үнийг үндэслэн нийт үнийг залруулна Ингэхдээ захиалагчийн хүсэж байгаагаар нэгж үнэнд аравтын орон тоо андуурсан болох илэрхий байвал мөрдөх нийт үнэ зөв гэж үзэн холбогдох үнийг залруулж авна гэж байна...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тендер зарлагдсан...46 багц тендер нь нэг л тендер юм. Харин энэ тендерийн бичиг баримтыг дунд нь зассан бол зассан хүмүүс хариуцлага хүлээх ёстой юм. Би бичиг баримтыг харахад өөрчлөгдөөгүй байна гэдгийг өөрөө харсан...Дээр нь энэ аргыг хэрэглэх болсон учрыг би хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Би Сангийн яамыг үнэхээр гайхаж байна. Сангийн яам ямар учраас ийм дүгнэлт гаргаж байна гэдэг дээр эргэлзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27, 28 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж байна. Тендерийн жишиг бичиг баримтын 3 дугаар зүйл дээр шалгуур үзүүлэлт гэж байгаа юм...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар захиалагчид өгсөн эрх байгаа юм. 28.4-т заасныг үндэслэн энэхүү тендерийн үнэлгээнд ашиглах бусад нэмэлт шалгуур үзүүлэлт болон түүний аргачлалыг энэ хэсэгт нэмж оруулж болно гэсэн байна. Сангийн яамнаас нэгж үнэ гэж байдаггүй юм гэж ярьсан байсан...Үнийн баталгаа, чанарын баталгаа, үйл ажиллагааны баталгаа гээд нэгжид ногдох үнэ гэж байгаа юм. Нэгж үнээр үнэлж болно гэдгийг маш тодорхой тусгаж өгсөн байгаа...Энэ гомдлуудыг хүлээн авч хянан үзээд туршлагын үзүүлэлтээ хангаагүй компаний тендерээс татгалзсан. Нэг байгууллага нь татварын өртэй байсан санагдаж байна. Шалгуур үзүүлэлтийг хангаагүй иргэнийг шалгаруулах юм бол бусдад давуу байдал бий болгох учраас “Р *** Ө” ХХК-д тендерт шалгаруулахгүй боллоо гэсэн мэдэгдлийг хүргүүлэхээр болж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Ц- нь энэ ажиллагааг зохион байгуулна. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдийг гомдол шийдвэрлэх ажиллагаанд урьж оролцуулаад өөр өөрсдийнх нь ирүүлсэн баримтуудыг хэвлээд өөрсдөд нь үзүүлж шийдэж, таны гомдол ингэж шийдвэрлэгдсэн, энэ шалгарсан компани чадамж шаардлагыг хангаагүй учраас өмнөх шалгаруулалтыг хүчингүй болголоо, ингээд та нар мөн адил шалгараагүй тул дахин тендер зарлахаар болсон гэдгийг хэлсэн. Ц- гэдэг хүнийг урихад ...ирж чадахгүй гэж хэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар гомдол шийдвэрлэх ажиллагаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байдаг. Ингээд захиалагч өөрийн гаргасан шийдвэрээ эргээд харж байгаа юм...Рашаант сумын ард иргэд “Р *** Ө” ХХК-ийг шалгаруулахад нэлээд хэл ам гаргасан. Оймс, дотоож зардаг газарт та нар хүнсний эрхийн бичиг өгсөн байна гээд нийгмийн сүлжээгээр асуудал үүсгэсэн. Бид нар дахин тендер зарлахад “Р *** Ө” ХХК нь дахин шалгаруулалтад орсон. Дахиж орохдоо ямар бодолтой орсон гэдгийг би мэдэхгүй байна. Дахин тендерт ороод унасан. Бид нар хэрвээ шаардлага хангахгүй компанийг шалгаруулсан, Сангийн яамны хэлээд байгаагаар гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэсэн бол илүү хэцүү асуудал үүсэх байсан. Гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэсэн байдаг болохоос биш заавал байгуулна гэсэн зүйл биш юм” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Д.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Захиалагч тендер шалгаруулагчийн өгөгдлийн хүснэгт гэж байдаг. Энэ өгөгдлийн хүснэгт дээр хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж нэгж үнийн арифметик дундаж хамгийн бага үнийг шалгаруулна гэж дурдсан байсан..Би хуулиа баримталсангүй гэж зөвлөмж тайлбарыг гаргасан юм. Хуулийг баримталсангүй гэдэг дээр тайлбарыг хэлэхэд би өөрийн зөвлөмж тайлбарыг хараад сууж байна. Эхний заалт бол хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ дээр би өөрийнхөө тайлбарыг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн материал дээр тендерийн хоёр дахь удаагаа шалгаруулсан үр дүн болон үр дүнгээс гарсан зөвлөмж, захиалагчаас гарсан шийдвэр зөвлөмж нь энэ дээр байгаагүй юм. Би зөвлөмж тайлбар дээрээ дурдаж өгсөн байгаа. Захиалагч нь үнэлгээний хорооны гишүүдийн зөвлөмж тайлбарыг хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох баримт бичиг үнэлгээний хорооны зөвлөмж тайлбарт байхгүй, гэрээг шууд байгуулах зарчмыг хэрэг талаар баримт байхгүй байна гэж хэлсэн байгаа. Энэ дээр би юу гэж үзсэн бэ гэхээр хоёрдахь тендер шалгаруулах ажиллагаа амжилтгүй болсон гэж үзээд хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслээд гэрээ шууд байгуулах аргын дагуу х.Д К, Р *** Ө ХХК-ууд үнийн санал хүргүүлнэ. Гэрээ шууд байгуулах аргын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байна. Гэрээ шууд байгуулах аргын дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан бол хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтад юу гэж заасан бэ гэхээр энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана гэсэн энэ заалтыг зөрчсөн байна гэж үзсэн юм. Захиалагч талаас ирүүлсэн тайлбараас харахад гэрээ шууд байгуулах аргаар тендерийг зарлаагүй. Бид нар худалдан авах ажиллагааны нээлттэй зарчим буюу ил тод, нээлттэй зарчимыг барьж тендерийг зарласан гэсэн тайлбарыг хэлсэн. Захиалагчаас гаргасан шийдвэр болон үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг хараагүй, хурлын тэмдэглэл зэрэг баримтууд байхгүй байсан учраас би хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэж үзээд энэ хуулийн заалтыг бичсэн юм. Гэрээ шууд байгуулж болно гэж тусгасан байдаг. Заавал хэрэглэх, хэрэглэхгүй байх тухай дурдаагүй. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 27, 28 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэдэг нь болохоор хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг 27 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. 27 дугаар зүйлийн шаардлагыг хангаж, 28 дугаар зүйлийн дагуу үндсэн хоёр зүйлийн дагуу үнэлэх, нэгж үнийн арифметик дундажын дагуу үнэлгээ хийсэн гэдгээр нь энэ хоёр зүйл заалтыг оруулж ирсэн юм...Засгийн газрын баталсан жишиг баримт гэж байгаа юм. Журам аргачлалын дагуу бэлтгэнэ гэсэн заалт байгаа...Авилгатай тэмцэх газрын материал дотор Р *** Ө ХХК-д гэрээ байгуулах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байдаг. Үүний дагуу захиалагч ямар арга хэмжээ авсан талаар баримт байгаагүй юм. Р *** Ө ХХК-ний өөрийнх нь баримтыг үзэж байхад 2018 оны борлуулалтын хэмжээ нь тендерийн баримт бичигт заагдсан хэмжээнд хүрэхгүй байсан юм...Үнэлгээний хороо бол ажлын түр хэсэг байгаа юм. Захиалагч гэдэг нь тухайн ажил үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийлгэх гэж байгаа төсвийн захирагч байгаа юм. Энэ асуудал дээр бол аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга захиалагч болох юм байна гэж харж байна. ...үнэлгээний хорооноос зөвхөн шийдвэр гарч байгаа юм. Захиалагч бол зөвлөмж өгч байгаа юм. Эцсийн шийдвэрийг захиалагч гаргаж байгаа юм. Авилгатай тэмцэх газраас надад ирүүлсэн материал дээр хоёр удаа тендер зарлаад амжилтгүй болж гэрээ шууд байгуулах аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах ч юм уу? дахин нээлттэйгээр тендер зарлах болсон гэсэн ямар нэгэн хурлын тэмдэглэл байгаагүй юм. Би энийг юу гэж үзсэн бэ гэхээр тендер зарласан хугацаа зэргийг хараад гэрээ шууд байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлээд захиалагч түүний дагуу гэрээ байгуулах худалдан авах ажиллагааг зохион байгуулаад шийдвэр гарсан байна гэж ойлгосон юм. Хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу гэрээ шууд байгуулах аргын дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь 34.2 дахь заалтаа баримтлахгүй яасан юм бэ гэж ийм байдлаар бичсэн юм. Надад сүүлд ирсэн тайлбараар болохоор энэ нь өөр болж таарсан юм. 30.4.3 дахь заалтыг баримтлаагүй харин нээлттэйгээр дахин тендерийг зарласан гэдэг. Үнэлгээний хороо бол зөвхөн шийдвэрээ гаргаад захиалагчид зөвлөмжийг хүргүүлнэ. Захиалагч шийдвэрээ гаргаад гэрээ байгуулах тохиолдолд гэрээ шууд байгуулах аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Тэгэхээр энэ нь үнэлгээний хороотой хамааралтай асуудал биш болж таарч байгаа юм” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн *******н тушаалаар үнэлгээний хороо байгуулагдсан. Дээрх үнэлгээний хороо нь тендерийн бичиг баримтыг боловсруулж захиалагчаар батлуулдаг. Тухайн Хөвсгөл аймгийн сумдуудад хүнсний эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох тендерийн баримт бичгийн төсөл тендер шалгаруулах арга аргачлалын талаар ******** ахлах мэргэжилтэн З.Г- танилцуулсан. Дээрх танилцуулагад тендер шалгаруулах арга аргачлалыг “арифметик” бодолтоор бодож гаргах талаар ахлах мэргэжилтэн З.Г- хэлж ярьж байсан. Ингээд түүнийг гаргасан саналыг хуралд оролцсон хүмүүс дэмжиж энэ арга аргачлалаар тендерийг сонгон шалгаруулахаар болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн эгч Эрдэнэчулууны Ц- нь Хөвсгөл аймгийн*******т суманд*********Р” нэртэй хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг тогтвортой эрхэлж байна. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас “Сумын иргэдэд хүнсний эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг цахим хэлбэрээр зарлаж 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нээж гүйцэтгэгчийг шалгаруулсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өглөө аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын байцаагч нартай уулзаж ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаад 1 хоногийн сургалтанд хамрагдсан. Гэрээ байгуулахад Хаан банкинд 1 жилийн хугацаатай 3.3 сая төгрөг байршуулах, гэрээний үнийн дүнгийн 1 хувь буюу 675.000 төгрөгийг мөн байршуулах шаардлагатай гэсэн учир хэлснээр мөнгийг Хаан банкинд байршуулсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр эгч сумандаа ирээд 2 сарын нөөц хүнсний бүтээгдэхүүний таталт хийчихээд хэзээнээс эхэлж иргэд талоноор хүнсний бүтээгдэхүүн авахыг нь хүлээгээд байж байтал 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 40 минутад эгч Э.Ц- руу Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн гэх З.Г- яриад өнөөдрийн дотор 15 цагт буюу 20 минутын дотор ирж уулз гэсэн. Тухайн үед эгч сумандаа байсан бөгөөд манай сум нь аймгийн төвөөс 140 километр зайтай учраас өнөөдөртөө очих боломжгүй гэдгээ хэлсэн чинь ирж чадахгүй бол тендерийг чинь цуцаллаа гэж хэлээд утсаа тасалсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би иргэн Б-той уулзахдаа өөрийнх дэргэд Хөвсгөл аймгийн *********сумын ИТХ-ын даргатай холбогдож яриад, үндсэндээ нам гэхгүйгээр сумынхаа иргэдийн эрх ашгийг бодооч гэсэн хүсэлт тавьсан. Харин Э.Б-той уулзаж дуусаад ажлынхаа өрөөнд орсны дараа Хөвсгөл аймгийн *******н Г- гэдэг залуугийн утасны дугаарыг олоод ярьсан. Иргэн Э.Б-ын гаргасан гомдлын талаар асуухад мэдэж байсан ба Г-д эхлээд шалгарсан дэлгүүрийн эзэн Э.Ц- гэдэг хүн аймгийн төв дээр явж байгаа юм байна, дуудаж уулзаад зөвлөгөө өгөөдхөөч, танай тендер 7 хоногийн дараа дахин зарлагдах юм шиг байна, түүн дээр нь шударгаар энэ компанийг хараач ээ гэсэн хүсэлт тавьсан. Тэгэнгүүт Г- энэ компани шалгарсаныг нь би мэдсэн, тэгэхдээ яагаад дахин зарлагдах болсныг нь мэдэхгүй байна гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг тендерийг хянан үзэхэд ********* бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 дахь заалтанд заасан гэрээ шууд байгуулах нөхцөл байдал үүссэн байсан. Захиалагч гэрээ шууд байгуулахдаа энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ шууд байгуулахаар заасан байдаг. Гэтэл захиалагч үнийн саналыг тендерт оролцогчдод хүргүүлж хүлээн авсан боловч 34.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчийг сонгож гэрээг байгуулаагүй байсан. Захиалагч заавал тендерийн баримт бичигт дурьдсан нөхцөл шаардлагын дагуу үнэлгээ хийх бус хуулийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгчийг сонгох бүрэн боломжтой байсан. Гэтэл захиалагч тендерийн баримт бичигт “********” тендер гэж ямар тендер байхыг тодорхойлохдоо нэгжийн үнийн “****” дундаж хамгийн бага байх тендерийг “Хамгийн сайн” тендер гэж үзнэ гэж тодорхойлсон байсан. “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг хуульд тодорхойлчихсон байхад тендерийн баримт бичигт өөрсдөө нэгж үнийн арифметик дундаж хамгийн бага байх тендерийг “Хамгийн сайн” тендер гэж тодорхойлсон байсан нь хуулиас давсан заалт буюу хуулийг үгүйсгэсэн гэж үзэж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай ******т сумын зорилтот бүлгийн 80 өрхөд хүнсний талоноор үйлчлэх тендерт оролцоод шалгарсан. Энэ талаар намайг Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад манай сумын хөдөлмөр халамжийн байцаагч А.Н-д хэлсэн. Ингээд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирж сургалтанд суу, мөн гэрээ хий гэж хэлсний дагуу Улаанбаатар хотоос шууд Мөрөн сум руу ирээд 1 хоног сургалтанд суусан. Тэгээд гэрээ байгуулахын өмнө “*******ж” ХХК-ийн ХААН банкин дахь ... дугаарын дансанд гэрээний барьцаалбарын 5 хувь болох 3.000.000 гаруй төгрөгийг байршуулсан. Тэгээд гэрээгээ байгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 20-доор байх мөн л өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хот руу явж Нарантуул захаас 10 нэр төрлийн 14 орчим сая төгрөгийн бараа тээвэрлэн ********т сумандаа авчирсан. Тэгээд би хөдөлмөр халамжийн байцаагчаас зорилтот бүлэгтээ хэзээ хүнсний зүйлсээ өг гэх нь вэ гэдгийг хэлэхийг хүлээгээд байж байсан чинь манай сумын хөдөлмөр халамжийн байцаагч А.Н- надтай ирж уулзаад албан бичиг өгсөн. Тэр бичгийг нь уншсан чинь миний өмнө шалгарсан тендерийг дахин зарлах гэж байгаа талаар бичсэн байсан. ...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 166-169 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч З.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Рашаант сумын иргэдэд хүнсний эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох аж ахуйн нэгж сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Үнэлгээний хорооны даргаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Т.Р-, гишүүдээр Хөвсгөл аймгийн *******, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.О-, “**********г” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Б- нар ажилласан. Үнэлгээний хорооны гишүүн Б.Т-тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаан буюу Улаанбаатар хотод жирэмсэн байгаа гээд үнэлгээний хорооны хуралд оролцоогүй. Бид *******сумын иргэдэд хүнсний эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох аж ахуйн нэгж сонгох тендер шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулсан тухай өмнө гэрчээр мэдүүлэг өгч байхдаа тайлбарлаж байсан. Яллагдагчаар татсан аймгийн Прокурорын газрын тогтоолтой 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 17 цагийн үед танилцсан. Тэр тогтоолд гэрчээр мэдүүлэг өгсөн Сангийн яамны мэргэжилтэн Д.Ө- хуулийг тайлбарлахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үгүйсгэсэн гэж мэдүүлэгт байсан. Манай Орон нутгийн өмчийн газар тухайн оны тендерийн баримт бичгийг сонсох ажиллагаа зохиолж, тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэд, үнэлгээний хороонд ажилладаг ТББ, ИНБ, төрийн албан хаагчдыг байлцуулан тендерийн баримт бичгийн төслийг боловсруулж хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Хэлэлцүүлэг зохион байгуулсан материалыг мөрдөн байцаагчид өгсөн. Тухайн тендерийн баримт бичгийг манай газрын дарга Б.Б- боловсруулан албан хаагчдад танилцуулсаны дараа төслийг сонсох ажиллагаанд оруулдаг. Тендерийн баримт бичгийг үнэлгээний хороо боловсруулж газрын даргаар хянуулдаг, заавар, зөвлөгөө авдаг. Газрын даргын саналыг тусгадаг. Үүнийг манай байгууллагын мэргэжилтнүүд бүгд мэдэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендерийн үнэ гэж томъёолсон зүйл байхгүй. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасан, уг заалтад тендерийн үнийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй, хамгийн бага үнэ гэдгийг нийт үнэ юм уу эсхүл нэгж үнэ юм уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн Сангийн сайдын 2012 оны 9 сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалаар “Тендерийн үнэлгээний заавар”-ыг баталсан. Уг тендерийн үнэлгээний зааврын 5 дахь хэсэгт тендерийн үнэлгээний зарчим гэсэн хэсэг байдаг. Уг тендерийн үнэлгээний зарчимд нууцлал, тендерийн тодруулга болон өөрчлөлт, тендерээс татгалзах, тендер хүчинтэй байх хугацааг сунгах, бүх тендерээс татгалзах гэсэн 1 хуудас хэсэг байдаг. Энэ зааврын 5 дахь хэсэгт тендерийг нэгж үнээр юм уу эсхүл нийт үнээр үнэлэх тухай огт байдаггүй. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 сарын 21-ний өдрийн А/32 тушаалаар нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог 240, 3176-гаар болон түүнээс дээш, өрхийн нэг хүүхдэд 6500 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 13000 төгрөгөөр тус тус тогтоосугай гээд заасан байгаа. Тус*********уманд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 80 өрх, 263 том хүн, 173 хүүхэд байсан. Эдгээр хүмүүсд очих хүнсний бүтээгдэхүүний үнэ буюу мөнгөн дүн тогтмол байхаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар зохицуулагдсан. Энэ тушаалыг гэрчээр мэдүүлэг өгч байхдаа АТГ-ын байцаагчид өгсөн байгаа. Сангийн яамны байцаагч Д.Ө- хуулийн заалт буруу тайлбарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх байсныг харьцуулалтын арга хэрэглэж хууль зөрчсөн гэх мэдүүлэг тайлбарыг өгсөн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Гэрээ шууд байгуулах аргыгзөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно” гэж заасан. “Болно” гэсэн байгаа, болохгүй гэж хориглосон зүйл байхгүй, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан байгаа. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан заалтыг хэрэгжүүлсэн гэж ойлгож байгаа. Эдгээр хууль тогтоомж, сайдын тушаалуудыг баримтлан үнэлгээний хороо Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.Tenger.cov.mn сайтаар тендерийг зарлаж, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг бүрдүүлж, хүнсний талонаар үйлчилгээ авах иргэдийн эрх ашгийг хүндэтгэн, үйлчилгээ авах амьжиргааны түвшин доогуур иргэдэд очих хүнсний чанар, аюулгүй байдал, үйлчилгээ зэргийг харгалзаж өрсөлдөөнийг бий болгох үүднээс харьцууалтын аргаар, худалдан авах ажиллагааны аргыг дээшлүүлж Монгол улсын хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан байтал бусдад давуу байдал олгосон гэх шалтгаанаар яллагдагчаар татсанд гомдолтой байна...Сангийн яамны ирүүлсэн гэх албан бичигтэй танилцах хүсэлтэй байна...Бид нарын зохиосон гэх үнэлгээний аргачлал зарчмын хувьд нийт үнэ болон нэгж үнэ гэж л харагдаж байгаа. Захиалагчаас тогтсон тоо хэмжээ ирдэггүй, тийм учраас нэгжийн үнийн дунджийг баримтлан гүйцэтгэгчийг шалгаруулсан. Энэ арга бол тухайн үйлчилгээ авч байгаа иргэдэд давуу байдал болсон” гэх мэдүүлэг, тайлбар /7-р хх-ийн 181-184 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч З.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна яагаад гэхээр миний хувьд үнэлгээний хороонд орж ажиллахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгоогүй гэж үзэж байна. Манай үнэлгээний хороо *******т суманд хүнсний эрхийн бичгээр зорилтот бүлгийн өрх иргэнд хүнсний бүтээгдэхүүн олгох тендерийг нэгж үнийн дундажаар нь бодож хамгийн бага үнэ гаргасан “**********н” хоршоог шалгаруулсан. Яг хэдэн төгрөгний үнэлгээтэй гарсан талаар сайн санахгүй байна. “Арифметик” бодолт гэдгийг үнийн дундажийг гаргаж ирдэг бодолтын аргачилал юм байна гэж би тухайн үедээ ойлгосон. Энэ аргаар зорилтот бүлгийнхээ өрх иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн хамруулья л гэж зорьсон. ...Хамгийн сайн тендерийг шалгаруулахын тулд бүтээгдэхүүний нэгж үнийн дундаж хамгийн бага дүнгээр шалгаруулсан энэ маань хамгийн сайн тендер шалгаруулалт болсон гэж бодож байсан гэтэл энэ тендерийн шалгаруулалтыг Сангийн яамны мэргэжилтэн Д.Ө-гийн зөвлөмж, тайлбар, мөн мэдүүлгээр шууд гэрээ байгуулах ёстой байсан байна гэж мэдүүлсэн. Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр 2 компаний аль нэгтэй шууд гэрээ байгууллаа гэж бодоход хувийн ашиг сонирхлын зөрчил үүсэх байх гэж бодоод шууд гэрээ хийгээгүй харьцуулалтын арга нэгж үнийн дундажаар хамгийн бага үнийн дүнтэйг нь шалгаруулсан. ...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 205 дугаар тушаалын хавсралтаар хүнсний эрхийн бичгээр олгох өргөн хэрэглээний /10 нэрийн хүнсний/ бүтээгдэхүүнийг баталж, том хүн 16000 төгрөг, хүүхэд 8000 төгрөгт байхаар тогтоосон. Үүний дагуу багц шалгаруулах ба багцийн үнэ сум бүрт өөр байдаг. Багцийн үнэнээс доош оруулахгүй байх Зэрэг хүн амын хүнсний хэрэгцээг бууруулахгүй байх чиглэлийг барьсан. Мөн эдгээр 2 компанийн аль нэгэнд нь давуу эрх тооцуулах боломж үүсгээгүй. Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны тушаал, хүн амын жишсэн дундажыг тогтоосон ба хүнсний хоногийн хэрэгцээг баталсан байдаг. ...Мөн Сангийн сайдын 2012 оны 9-р сарын 28-ны өдрийн 194-р тушалын 3-р хавсралтаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар”, Өрсөлдөөний тухай хуулийн 13/, Тендерийн тухай хуулийн 6.1 дэх заалт зэргийг үндэслэн ажилласан” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 195 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Т.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...энэ үйлдэл маань гэмт хэргийн шинжийг агуулаагүй нийгэмд хор уршиг үзүүлээгүй гэж ойлгож байна харин энэ тендерийг 4 удаа зохион байгуулж амжилттай явуулахын тулд цахимаар зохион байгуулсан. Бидний зүгээс бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй сумын өрсөлдөгч нарын оролцоог хангахын тулд дээрх цахим аргыг хэрэглэсэн...Д.Ө- гэж хүний мэдүүлгийг уншсан. Тэрээр мэдүүлэгтээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах авах тухайн хуулийн 30.4.3-д зааснаар шууд гэрээ байгуулах ёстой байсан талаар мэдүүлсэн байна. Бидний хувьд тухайн сумын 4 оролцогч байсан учраас тэд нарын өрсөлдөөнийг хангах зорилгоор гэрээ байгуулах аргыг хэрэглээгүй цахимаар тендерийг дахин зарласан. Мөн хуулийн 28.7.4 дэх хэсэгт хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан байгаа. Гэтэл энэ хамгийн бага үнийн саналыг яаж гарган ирэх талаарх аргачлал байхгүй байсан учраас үнэлгээний хороо хуралдаад “Арифметик” дундажаар тооцож хамгийн бага үнийг гарган ирэхээр шийдвэрлэсэн. Нийгмийн халамжийн дэмжпэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг үзүүлэхдээ хүн ам нийгмийн хамгааллын сайдын 2014 оны А/32 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан 10 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн дундажийг “Арифметик” дундаж гэсэн тооцооллоор гарган ирсэн. Яагаад энэ “Арифметик” дундажийг сонгосон юм бэ гэхээр тухайн жилд сум бүрт хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг олгох том хүн хүүхдийн тоо өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн программаас гарган авдаг. Тийм учраас Хүн ам нийгмийн хамгааллын сайдын 2017 оны а/205 дугаар тушаалаар батлагдсан нэг хүнд ногдох зардлын хэмжээгээр тооцооллож тухайн жилийн санхүүжилтын дүнг гарган ирдэг. Тиймээс тухайн жилийн санхүүжилтыг бууруулж болохгүй учраас бараа бүтээгдэхүүний нэгж үнийг үнэлж шалгаруулсан. Энэ нь хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдах буюу өрх, иргэн тухайн жилд тогтвортой үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломж бүрддэг” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 209-210 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би гэмт хэрэг үйлдээгүй эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, бусдад давуу байдал бий болгоогүй...яагаад гэхээр үнэлгээний хорооны гишүүд хуульд заасан үндэслэлээр хуулийн дагуу шийдвэр гаргасан...Би **********т сумын иргэдэд хүнсний эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох аж ахуйн нэгж сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Үнэлгээний хорооны даргаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Т.Р-, гишүүдээр Хөвсгөл аймгийн ****** Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн З.О-, “*********” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Б- ********Рашаант сумын иргэдэд хүнсний эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох аж ахуйн нэгж сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулсан үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг буруу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж прокурорын тогтоолд байсан. Орон нутгийн өмчийн газар 2019 онд тендерийн баримт бичгийн төслийг боловсруулж, хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан. Үнэлгээнйи хорооны нарийн бичгийн дарга З.Г- нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс олгох үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж сонгох тендерийн баримт бичгийг Б.Б- даргаар хянуулсан гэж танилцуулж байсан. Тендерийн баримт бичигт туссан шаардлага, нөхцлийн дагуу тендерийг цахимаар зохион байгуулсан...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх хэсэгт “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасан байна. Хамгийн бага нэгж үнэ, нийт үнэ гэдэг ойлголт энэ хуульд байхгүй” гэх мэдүүлэг, тайлбар /7-р хх-ийн 224-225 дугаар хуудас/,

- Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6- 1/6669 дугаартай “Зөвлөмж, тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт: “...тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.2 /в/-д нэгжийн үнийн арифметик дундаж хамгийн бага байх тендерийг “Хамгийн сайн” тендер гэж үзнэ гэсний дагуу “Х.Д.Н” ХХК-ийн тендерт гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтад хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй гэрээ байгуулна гэснийг зөрчсөн байна. Мөн хууль болон холбогдох журамд байхгүй үнэлгээний аргачлалыг тендерийн баримт бичигт тусгасан нь хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалт, уг аргачлалаар үнэлгээ хийсэн нь хуулийн 27, 28 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх албан бичиг /2-р хх-ийн 215-216 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 226-230 дугаар хуудас, 8-р хх-ийн 125-129 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 231-234 дүгээр хуудас, 8-р хх-ийн 130-133 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 235-237 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 10 дугаартай хурлын тэмдэглэл /8-р хх-ийн 134-137 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн **********0 дугаартай хэрэгт З.Г-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /7-р хх-ийн 174-176 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн ********* дугаартай хэрэгт З.О-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /7-р хх-ийн 189-191 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн ****** дугаартай хэрэгт Т.Р-эд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /7-р хх-ийн 203-205 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн ********* дугаартай хэрэгт Б.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /7-р хх-ийн 218-220 дугаар хуудас/,

-Сангийн сайдын 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалаар баталсан “тендрийн үнэлгээний заавар” /7-р хх-ийн 242-250/

- Яллагдагч нарын гэрчээр өгсөн мэдүүлэгүүд /хх-ийн 15-26 дугаар хуудас/ болон зарим нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарт холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарыг цагаатгаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхаар хуульчлагдсан байна.

Яллах дүгнэлтэд бичсэнээр “шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарыг бүлэглэн Хөвсгөл аймгийн ***********суманд Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн удаа шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлийг зөрчиж, хууль болон холбогдох журамд байхгүй үнэлгээний аргачлалыг тендерийн баримтанд тусган “Х.Д.Н” хоршоог шалгаруулан бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн” гэж буруутгажээ.

Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн дээрх мэдүүлгүүд, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүд, гэрч Д.Ө-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 235-237, 8-р хх-ийн 125-137/, Хөвсгөл аймгийн ******* сумын иргэдэд хүнсний эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох гүйцэтгэгч сонгох тендерийн баримт бичиг /2-р хх-ийн 238-250/, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн захиалагчийг төлөөлж Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Н.Д-, гүйцэтгэгчийг төлөөлж “***********н” ХХК-ийн захирал Ш.Д- нарын хооронд байгуулсан хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны 2019ХХҮГ/НХХ-44 дугаартай гэрээ /1-р хх-ийн 64/, Үнэлгээний хороо байгуулах тухай ********** 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/05 дугаартай тушаал, хавсралтын хуулбар /2-р хх-ийн 65-66/, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн: “******* татвар төлөгчийн дугаартай “*********” хоршооны торгуулийн орлого болох 646.360 төгрөг нь программын алдаанаас болж үүссэн бөгөөд засуулахаар Татварын Ерөнхий газарт хандсан. Одоогийн байдлаар татварын өр төлбөргүй болно” гэх тодорхойлолт /5-р хх-ийн 194/, бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг /7-р хх-ийн 68-107/, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Сонсох ажиллагаа зохион байгуулах тухай” А/07 дугаартай тушаалын хуулбар /7-р хх-ийн 108/, сонсох ажиллагааны хурлын тэмдэглэл /7-р хх-ийн 139-143/, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаартай “Захиалагчийн эрх үүргийг шилжүүлэх тухай” тушаалын хуулбар /8-р хх-ийн 90/, иргэний нэхэмжлэгч Э.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 166-169 дүгээр хуудас/ зэргээр шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжгүй болох нь нотлогдоно.

Шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарт холбогдох Хөвсгөл аймгийн ******** суманд Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн удаа шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27, 28 дугаар зүйлийг зөрчиж, хууль болон холбогдох журамд байхгүй үнэлгээний аргачлалыг тендерийн баримтанд тусган “******ан” хоршоог шалгаруулан бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

1. Яллах дүгнэлтэнд дурдаж, шүүгдэгч нарыг буруутгаж байгаа “...сонгон шалгаруулах тендерийг 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр сүүлийн удаа шалгаруулахдаа...” гэх боловч хавтаст хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр тендер зохион байгуулсан гэх нотлох баримт байхгүй, уг өдөр тендер шалгаруулалт хийгдээгүй байна.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2-т зааснаар “аймгийн Засаг даргын Тамгын газар тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч” байхаар хуульчлагдсан байх бөгөөд захиалагчийн эрх, үүргийг ********* 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/68 дугаартай “Захиалагчийн эрх үүргийг шилжүүлэх тухай” ...Орон нутгийн өмчийн газарт хугацаагүйгээр шилжүүлсэн тушаалын хуулбар /8-р хх-ийн 90/ хэрэгт авагдсан байх тул уг тендрийн захиалагч нь Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэсний дагуу тендер шалгаруулах баримт бичиг, аргачлал, журмыг захиалагч нь боловсруулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар “захиалагч зөвлөх үйлчилгээнээс бусад бараа, ажил үйлчилгээний онцлогыг харгалзан өөрийн эдийн засагийн үр ашигт нөлөөлөх дор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг сонгож, мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан тооцож болно”, мөн зүйлийн  28.4.4-т “сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах баталгаа”, 28.4.5-д “бараа ажил, үйлчилгээний чанар, технийкийн үзүүлэлт”, 28.4.6-д “энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт” гэж хуульчилсан нь захиалагч дээрх хуульд нийцүүлэн өөрийн шалгуур, аргачлалыг боловсруулах бүрэн эрхтэй  байна.

 Өөрөөр хэлбэл 2 дугаар хавтаст хэргийн 238-249-д заасан Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газраас боловсруулсан тендрийн баримт бичиг нь хууль холбогдох хууль, журам, зааварыг зөрчөөгүй, уг баримт бичигийн ТОӨЗ 3.1-д “Сүүлийн 1 жил буюу 2018 онд санал болгосон үний дүнгийн 40 хувиас дээш хэмжээний борлуулалтын орлоготой байсныг нотлох баримт бичиг /санхүүгийн тайлан, аудитын дүнэлтийн хамт ирүүлэх/ ирүүлнэ, сүүлийн 1 жил буюу 2018 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгийн үний дүнгийн 30 хувиас багагүй байх” гэсэн шалгуур нь хуульд нийцсэн бөгөөд “Р *** Ө” ХХК нь тендерийн бичиг баримт дээр заасан 20.000.000 төгрөгийн борлуулалтын орлоготой байна гэснийг хангаагүй, 8.000.000 төгрөгийн борлуулалтын орлоготой байсан болох хэрэгт авагдсан татварын баримтаар нотлогдож,  ижил төстэй бараа нийлүүлэлтийн шалгуур буюу хүнсний бүтээгдэхүүн зарах шалгуурыг хангаагүй “оймс, дотоож зардаг газарт та нар хүнсний эрхийн бичиг өгсөн” талаарх гомдлыг няцаасан баримт хэрэгт байхгүй зэрэг үндэслэлээр эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв болжээ. Энэ талаарх гомдол шийдвэрлэх ажиллагаа нь хууль журмын дагуу хийгдсэн байна.

Дараа нь гурав дахь удаагаа тендер зарлагдахад “Р *** Ө” ХХК оролцсон ба дээр шалгуурыг хангаагүй, харин “******” ХХК нь хуульд заасан шалгуурыг хангасан үндэслэлээр шалгарсан байна. “Р *** Ө” ХХК нь уг тендертэй холбоотой гомдлыг захиалагч болон Сангийн яаманд гаргаагүй байна. “******” ХХК нь гэрээний үүргээ 81.2 хувиар биелүүлсэн. Халамж үйлчилгээний газраас гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн байна гэж дүгнэгджээ.

Түүнчлэн захиалагчаас болосруулсан баримт бичигт тендерийн үнэлгээний аргачлалыг тусгасан бөгөөд үүнд “Захиалагчийн баталсан хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл бүрд тендерт оролцогчоос санал болгосон нэгжийн үнийн арифметик дундаж нь хамгийн багаар байх тендерийг “Хамгийн сайн” тендер гэж үзэн шалгаруулна” гэсэн нь дээр дурдсан 28.4.5-д “бараа ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт”, 28.4.6-д “энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт” гэсэнд нийцсэн, мөн хуулийн 28.7.4-т заасан “хамгийн баг харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэснийг зөрчөөгүй байна.

Болосвсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурах бичиг /5 дугаар ангийн Математик/-т  “Хэд хэдэн тооны нийлбэрийн утгыг нэмэгдэхүүний тоонд хуваахад гарсан ноогдворыг эдгээр тоонуудын “арифметик дундаж” гэнэ” гэж заадаг. Энэ нь бага боловсролтой хүн ойлгох нэр томьёо бөгөөд 2+6+4/3=4 гэсэн энгийн ойлголт юм.

Иймд захиалагчийн хамгийн сайн тендер гэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.5-”Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй”, мөн хуулийн 28.9-д ”Захиалагч энэ хуулийн 28.4-т дурдсан шалгуур үзүүлэлтээс сонгож хэрэглэх бол тэдгээрийг мөнгөөр илэрхийлж үнэлгээнд харгалзах нөхцөл, аргачлалыг энэ хуульд нийцүүлэн тогтоож тендерийн баримт бичигт тусгана” гэж заасан болон Сангийн сайдын 2012 оны 09 сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалаар баталсан “тендерийн үнэлгээний заавар”-т нийцжээ.

 Үнэлгээний хороо буюу шүүгдэгч нар нь захиалагчийн боловсруулсан баримт бичиг, шалгуур, аргачлалын дагуу үнэлгээ хийж, тендер сонгон шалгаруулахаар холбогдох хуулиар хуульчилсан байна.

  1. Яллах дүгнэлтэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27, 28 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ” гэсэн нь захиалагчид хамаралтай хуулийн заалт бөгөөд үнэлгээний хороо буюу шүүгдэгч нарт хамааралгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэх боловч уг хуулийн чухам аль хэсэг, заалтыг буюу

27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:

27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;

27.1.2.техникийн тодорхойлолт;

27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.

27.2.Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно:

27.2.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;

27.2.2.захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;

27.2.3.энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх.

27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.

27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.

28.1.Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.

28.2.Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ.

28.3.Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.

28.4.Захиалагч худалдан авах зөвлөхийн үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх дор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг сонгож, мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан тооцож болно:

28.4.1.ажил, үйлчилгээ дуусгах, бараа хүргэх хугацаа;

28.4.2.урсгал зардал, эсхүл зардал болон үр ашгийн тооцоо;

28.4.3.борлуулалтын дараах үйлчилгээ, техникийн туслалцаа;

28.4.4.сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах баталгаа;

28.4.5.бараа, ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт;

28.4.6.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

28.6.Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ.

28.7.Шаардлагад нийцсэн тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ:

28.7.1.тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно;

28.7.2.давуу эрх олгохоор тендерийн баримт бичигт заасан бол давуу эрх эдлэх этгээдийн ирүүлсэн тендерийн харьцуулах үнэд энэ хуулийн 10.2-т заасан хувь хэмжээг тооцно; 

28.7.3.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно;

28.7.4.хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ.

28.7.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ.

28.8.Зөвлөх үйлчилгээний саналыг үнэлэхэд энэ хуулийн 37, 38, 39 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

28.9.Захиалагч энэ хуулийн 28.4-т дурдсан шалгуур үзүүлэлтээс сонгож хэрэглэх бол тэдгээрийг мөнгөөр илэрхийлж үнэлгээнд харгалзах нөхцөл, аргачлалыг энэ хуульд нийцүүлэн тогтоож тендерийн баримт бичигт тусгана.

28.10.Энэ хуулийн 28.4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчийн чадавхийн үзүүлэлтүүдийг хамааруулахгүй бөгөөд энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй.

28.11.Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана.

28.12.Тендерийн үнэлгээнд гадаад валют ашиглах бол энэ талаар тендерийн баримт бичигт заана.

28.13.Тендерийн баримт бичигт зааснаас өөр гадаад валютыг төлбөр тооцоонд хэрэглэх бол түүнийг хөрвүүлэх ханшийг тендер зарласан өдөр Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.

28.14.Нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай явуулах үед тендерийн үнэлгээг дараахь байдлаар хийнэ:

28.14.1.техникийн саналыг энэ хуулийн 27 дугаар зүйлийн дагуу шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх;

28.14.2.энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан техникийн санал тус бүрийн талаар тухайн оролцогчтой захиалагчийн хэрэгцээг илүү хангасан жишиг техникийн тодорхойлолт бэлтгэх зорилгоор санал солилцох;

28.14.3.санал солилцсоны дараа захиалагч жишиг техникийн тодорхойлолт гаргах;

28.14.4.тендерт оролцогч энэ хуулийн 28.14.3-т заасан жишиг техникийн тодорхойлолтод нийцүүлэн өөрийн техникийн саналыг дахин хянаж, өөрчлөн санхүүгийн саналын хамт ирүүлэх;

28.14.5.захиалагч санхүүгийн саналыг товлосон хугацаанд, нийтийн өмнө нээх;

28.14.6.санхүүгийн саналыг энэ хуулийн 28.2-28.7-г баримтлан үнэлж, гэрээ байгуулах эрхийг хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерт оролцогчид олгох.

28.15.Тендерт оролцогч нь энэ хуулийн 28.14.3-т зааснаар захиалагчаас тогтоосон жишиг техникийн тодорхойлолтын дагуу өөрийн тендерт өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзвэл захиалагч уг тендерээс татгалзах эрхтэй.

28.16.Тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсний аль заалт, хэсгийг, хэрхэн яаж зөрчиж байгаа нь тодорхой бус үүнийг мөрдөгч, прокурор нотолж чадаагүй байна.

Тухайлбал хуулийн 28.16.-д “Тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”-гэснийг шүүгдэгч нар нь зөрчөөгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгох бөгөөд Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичгийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх боломжгүй, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар хуульчилсан ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсан эсэхийг тогтоогоогүй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Э.Ц- гэгч иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоон түүнээс мэдүүлэг авчээ.

Иргэний нэхэмжлэгч Э.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”...Би уг тендерт ороод шалгарчихлаа гэхээр нь 2019 оны 03 дугаар сард ...Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл 32.000 төгрөгөөр ирсэн. Мөн 1 өдөр сургалтанд суугаад Рашаант сум руугаа 15.000 төгрөгөөр буцсан. Тэгээд барьцаалбарын 5 хувь гэж 3.000.000 орчим төгрөгийг Хаан банкны дансанд байршуулсан боловч дараа нь буцааж авсан. Мөн энэ тендертэйгээр холбоотойгоор Улаанбаатар хотоос 14.000.000 төгрөгийн хүнсний эд зүйл татан авчирсан байсан боловч миний шалгарсан тендерийг хүчингүй болгосон учраас буцааж зарсан. ...Улаанбаатар хот руу явсан, ирсэн зардал, сум руу буцсан зардал, ачааны хөлс гэх мөнгөнүүдээ нэхэмжлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. ...надад гомдол санал байхгүй” /хх-ийн 87-р хуудас/ гэсэн мэдүүлгийг өгсөн.

Иргэний нэхэмжлэгч Э.Ц- нь тендерт шалгарсан боловч хууль журмын дагуу холбогдох газартай гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт байхгүй, гэрээ хийгдээгүй гэсэн шүүгчдэгч З.Г- нарын мэдүүлэг, мөн иргэний нэхэмжлэгчийн “...гомдол санал байхгүй..” гэх мэдүүлгийг үндэслэн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдосн Э.Ц-ийн эрх ашиг зөрчигдөн хохирол хор уршиг учраагүй гэж үзэв.

 Түүнчлэн гэрээ албан ёсоор хийгдээгүй байхад “...Улаанбаатар хотоос 14.000.000 төгрөгийн хүнсний эд зүйл татан авчирсан...” гэх иргэний нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Б-ын “байцаагч нартай уулзаж ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулаад 1 хоногийн сургалтанд хамрагдсан” гэх мэдүүлэг нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт хамааралгүй байна.

Иймд энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Э.Ц- нь иргэнийхээ хувьд З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн тухайд “хохирсон эд зүйл байхгүй” талаараа мэдүүлж байгаа нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан заасан үйлдэл, эс үйлдэхүй нь илрэх гадна байдлаараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч учирсан хохирол нь ялимгүйн учир нийгэмд аюулгүй байдаг.

Энэ тохиолдолд нийгэмд аюултай байх гэмт хэргийн гол материаллаг шинж үгүйсгэгддэг учир ийм үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд сахилгын, захиргааны зэрэг хууль зүйн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Энэ тохиолдолд үнэлгээ хууль журмын дагуу явагдсан тул дээрх нөхцөл байдлын аль аль нь хамаарахгүйг дурдаж байна.

Иймд шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд нийгэмд аюултай байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго нь “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлсон ба гэмт хэргийн хохирол, хор уршиг нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан ба эдгээр үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг. Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хангалттай хэмжээнд нотлогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хөндөж үйлдсэн хэрэгт нь холбогдуулан гэрчээр байцаасан мэдүүлгүүдийг яллах талын гол нотлох баримтаар тооцуулахаар хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй байна.

Яллагдагч нарын мэдүүлгээс дүгнэхэд мөрдөгч тэднийг ямар зорилгоор байцаалт авсан нь оролцогчдын хувьд тодорхойгүй, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах үед л өөрийг нь буруутгаж байгааг шүүгдэгч нар мэдсэн байна.

 Өөрөөр хэлбэл өөрийг нь буруутгаж мэдүүлэг авч байгаа талаар тайлбарлаагүй, хэргийн оролцогч болон бусад оролцогчийн чухам аль нь болохыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн зүйлийн 6-д “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэснийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “…энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилсан тул шүүгдэгч нараас нараас хуульд заасан журмыг зөрчиж, авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан хүний эрх, Иргэний болон улсын төрийн эрхийн тухай пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g заалт “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй байх” иргэний эрхийн хүрээнд, шүүх ямар ч тохиолдолд яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлдэггүй ба Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, пактад заасан зарчмыг баримталж шийдвэрээ гаргадаг болохыг дурдах нь зүйтэй.

Яллах дүгнэлтийн үндэслэл болгосон гэрч Э.Б-ын мэдүүлэг нь дамжмал нотлох баримт бөгөөд, хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөн яллах дүгнэлтийн үндэслэл болсон Монгол Улсын Сангийн яамын албан бичиг /2-р хх-ийн 215/ нь хууль зүйн хувьд нотлох баримт хэдий боловч, тухайн үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоож чадахгүйн дээр гэрч Д.Өлзийдүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлох баримтанд үндэслэн гараагүй болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15- дугаар зүйлийн 3-т ”Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах,...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсний дагуу уг нотлох баримтын эх сурвалж нь хангалтгүй, бусад ач холбогдол бүхий гэрч Б.Б-, Д.Ө-, шүүгдэгч нарын болон бусад шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно” гэж заасан нь байна. “болно” гэсэн нь болохгүй гэж хориглосон зүйл байхгүй ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу, захиалагчийн шаардлага болзолыг хангаагүй дэлгүүртэй шууд гэрээ байгуулалгүй тендерийн үнэлгээний хороо захиалагчийн хүсэл зоригийн дагуу, түүний хяналтан дор 3 дахь удаагаа тендер зарлаж, шалгаруулсан нь хуульд нийцсэн байна.

Мөн гэрч Д.М-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаагүй тул шүүх үнэлээгүй болно.

Хэргийг хянан шийдвэрлэхэд гэрч Б.Б-, Д.Ө- нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч З.Г-ий мэдүүлэг зэрэг нь бусад нотлох баримтуудаас илүү их ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлсэн болохыг дурдаж байна. Гэрч Б.Б- болон Д.Ө- нарын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй, мэдүүлгээ өөрчилж, худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч З.Г-, Т.Р-, З.О-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй” тул шүүгдэгч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар төрөөс нэхэмжлэх эрхтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 38.1, 2 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарт холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарыг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч З.Г-, З.О-, Т.Р-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь өөрт учирсан хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар төрөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

 


[1] Цахим сүлжээгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн танхимаас оролцов.