Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/226

 

    2020          06             19                                          2020/ШЦТ/226

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгч Р.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-од холбогдох эрүүгийн 2038000000243 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р.Б.

Шүүгдэгч А.Р.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр гарал үүслийн гэрчилгээгүй 9 ширхэг хуурай хуш модыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу хууль бусаар тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Б- нь ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 9 ширхэг, 1.14 м.куб хэмжээтэй хуурай хуш модыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу өөрийн эзэмшлийн “Делика” маркын ... улсын дугаартай автомашинаар тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Шалгалт хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
  • “Делика” маркын ... улсын дугаартай автомашин, 9 ширхэг, 1.14 м.куб хэмжээтэй хуш модыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
  • Хохирогч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэдээс мэдээлэл ирсэний дагуу хяналт шалгалтыг явуулж ажиллахад Хатгал тосгоны иргэн Р.Б-ийн эзэмшлийн хашаанд 9 ширхэг бөөрөнхий Хуш мод буулгасан байхыг илрүүлж мод бэлтгэж тээвэрлэсэн эрхийн бичгийг шалгахад 9 ширхэг модонд холбогдох эрхийн бичиг байхгүй байсныг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
  • Гэрч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нөхөр бид хоёр Цагаан сарын өмнө Мөрөн сумруу сар шинийн юм бэлдэхээр өөрийн эзэмшлийн 6810 ХӨВ улысн дугаартай хар өнгийн Делика маркийн машинтай орсон юм. Тэгээд бараан зах дээр нэг залуу таараад Хуш мод авах уу гэхээр манай нөхөр авая гэж хэсэн тэгээд захын хойд талд хашааны буланд цагаан портер машин дээр дагуулж очиход бид хоёрын машин дээр ачиж өгсөн. Р.Б- бид хоёр 9 ширхэг хуш модыг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед бичиг баримт үзээгүй шууд худалдаж авсан. Зохих зөвшөөрөлгүй мод худалдан авах, тээвэрлэж болохгүй гэдгийг нөхөр бид хоёр мэдэж байсан. Тухайн үед хямдхан мод байсан болохоор авчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/15 дугаартай: “...А.Р.Б-ын бэлтгэсэн гэх 1.14 м.куб хэмжээтэй 2.4 метрийн урттай хэрэглээний хуш мод экологи-эдийн засгийн үнэлгээ 325.036 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээний 114/132 дугаартай: “Мицубуши Делика” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
  • “Мицубуши Делика” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчийн: “экологи эдийн засгийн үнэлгээ 325036, ойн санд учруулсан нөхөн төлбөр 975108” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас,
  • Шүүгдэгч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сар болоогүй байсан. Хатгал тосгоноос эхнэр Н.Д-гийн хамт өөрийн машинаар Мөрөн орж ирсэн юм. Аймгийн зах дээр явж байхад 9 ширхэг бөөрөнхий хуш зарна. Хуш авах уу гэсэн хүн зогсож байсан. Тэгэхээр хушыг чинь авъя. Ямар үнэтэйг асуухад 300.000 төгрөг гэсэн. Тэгээд хуш модоо авчирч үзүүлнэ гээд нөгөө хүн явсан. Тэгж уулзахад нилээн оройхон болж байсан. Намайг захын ар талын, түлээний захын үүдэнд хүлээж байгаарай гэж хэлээд нөгөө хүн, хуш модоо авчирч үзүүлэхээр явсан. Нөгөө хүн удаагүй цагаан өнгийн портер машинтай хуш модоо аччихсан ирсэн. Хуш модыг үзээд авахаар болсон. Хуш модны үнийг бэлнээр төлсөн. Худалдаж авсан модоо өөрийнхөө Дэлика маркын машинд ачаад Хатгал тосгон руу хөдөлсөн. Хатгал тосгонд очоод өөрийнхөө хашаанд нөгөө хуш модоо буулгачихсан байсан. Уг хуш модоор хүүхэддээ сандал ширээ хийх гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Р.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг баримт бичгүүд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Р.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Р.Б- нь хууль журмын дагуу хуш модыг худалдан авч ашиглахгүйгээр, өөрт ашиг хонжоо олох зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 9 ширхэг, 1.14 м.куб хэмжээтэй хуурай хуш модыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу өөрийн эзэмшлийн “Делика” маркын ... улсын дугаартай автомашинаар тээвэрлэж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.    

Хэдийгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх боловч шүүгдэгчийн хувьд ойд хууль бусаар мод бэлтгээгүй, бэлтгэсэн модыг тээвэрлэсэн үйлдэл хийсэн тул шүүгдэгч Р.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас байгаль орчин, экологи-эдийн засагт хохирол учраагүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Р.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Р.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...албадан гаргуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ...”, мөн зүйлийн 6 дахь хэсэг “Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана” гэж заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Б-ын гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 9 ширхэг, 1.14м.куб хэмжээтэй хуш модыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Делика” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд хөрөнгийг хураан авч, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн “...2018 оны 6 сард И- гэж хүнээс худалдаж авсан, бичиг баримтыг нь шилжүүлж авч чадаагүй” гэх мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай автомашин нь шүүгдэгч Р.Б-ынх болох нь нотлогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд уг автомашины үнэлгээ 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах санал гаргасан болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Р.Б- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр мод тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Р.Б-од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Б-ын эзэмшлийн “Делика” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн 1.14м.куб хэмжээтэй, 325.036 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай хуш мод зэргийг хураан авч, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ