| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07824/И |
| Дугаар | 102/ШШ2017/00086 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00086
2017 оны 01 сарын 03 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00086 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Ажилтны 80/1 тоотод оршин байгаа Эко-Орчин ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Эко-Орчин ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянмэдлэг ХХК-тай барилгын газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 15,642,500 төгрөг авахаар тохиролцсон.
Бид ажлаа хийж дууссаны дараа ажлын хөлсөө авах гэсэн боловч Баянмэдлэг ХХК нь өгөхгүй, утсаа салгаад алга болсон. Ингээд Баянзүүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан боловч гэрээнд заасан хаягтаа байхгүй байна гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд Баянмэдлэг ХХК-ийг эрэн сурвалжлан, оршин байгаа газрын хаягийг тодорхой болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Эко-Орчин ХХК нь Баянмэдлэг ХХК-ийг эрэн сурвалжлуулж, компанийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Баянмэдлэг ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 35921 дүгээр захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 2, 16 дугаар хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Баянмэдлэг ХХК-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Баянмэдлэг ХХК нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Цэргийн хотхоны 517 тоот гэсэн бүртгэлтэй байсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянмэдлэг ХХК-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Баянмэдлэг ХХК нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Цэргийн хотхоны 517 тоот гэсэн бүртгэлтэй байсныг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагчийн хаяг: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Ажилтны 80/1 тоотод оршин байгаа Эко-Орчин ХХК, утас 99053847, 99115596
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |