Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 459

 

 

  

 

 

 

 

  

 

2017 оны 02 сарын 08 өдөр          Дугаар 181/ШШ2017/00459            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Бүрэгхангай, 3 дугаар баг, Дэрст гэх газарт оршин суух, Бунь овогт Халтарын Даваажав /РД:ИП58120170/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, 11 байр, 271а тоотод байрлах, “Ди Ди Жи Эй” ХХК /РД:5602998/-д холбогдох,        

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 420,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг, нийт 490,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Даваажав нь “Ди Ди Жи Эй” ХХК-ийн захирал Ш.Дагиймаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 бүрийн үнэ 140,000 төгрөг бүхий 18 ширхэг хонь, 1 бүрийн үнэ 100,000 төгрөг бүхий 3 ширхэг ямаа, нийт 21 ширхэг малыг 2,820,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон.

Гэрээний дагуу Х.Даваажав нь 21 тооны малыг шилжүүлсэн боловч “Ди Ди Жи Эй” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийг бүрэн төлөх үүргээ зөрчиж, 2,400,000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 420,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Бид “Ди Ди Жи Эй” ХХК-аас үлдэгдэл төлбөрөө авах зорилгоор шүүхэд хандсан боловч хаяг нь олдохгүй удаа дараа буцсан. Улмаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байж хаягийг мэдэж авсан. Ийнхүү нэхэмжлэл гаргахад 70,200 төгрөгийг төлж хохирсон тул хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ 420,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн хамт, нийт 490,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Даваажав нь хариуцагч “Ди Ди Жи Эй” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 420,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг, нийт 490,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч “Ди Ди Жи Эй” ХХК-ийн захирал Ш.Дагиймаад гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр болох талаар 2017 оны  2 дугаар сарын 02-ны өдөр 96669058 дугаарын утсаар, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсаар тус тус хариуцагчийн төлөөлөгч Ш.Дагиймаад мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэг бүр нь 140,000 төгрөгийн үнэтэй 18 ширхэг хонь, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг ямаа буюу нийт 2,820,000 төгрөгийн үнэ бүхий 21 тооны мал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч “Ди Ди Жи Эй” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөхөөр тохирсон байна.

 

Талууд мал худалдах, худалдан авах тухай дээрх гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, хариуцагч компани санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 21 тооны малыг шилжүүлсэн үндэслэлээр үлдэгдэл төлбөрт 420,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эсэргүүцээгүй, үгүйсгэж няцаасан тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 21 тооны малын үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч гэрээний үнэд 2,400,000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, үлдэх 420,000 төгрөгийг хариуцагч төлсөн байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй тул шүүх төлөөгүй гэж үзэж, хариуцагчаас худалдан авсан малын үнийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 420,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 852 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлээс 70,200 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “Ди Ди Жи Эй” ХХК-аас 420,000 төгрөгийг гаргуулж Х.Даваажавд, Х.Даваажавын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 50 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА