Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2017/00052/И |
Дугаар | 102/ШШ2017/00088 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/00088
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00088 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Максмолл центрийн 5 давхарын 501 тоотод оршин байгаа Премиумконкрит ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Премиумконкрит ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Блюдрагон ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 34,698,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн. Тухайн үедээ борлуулалтын ажилтныг таньдаг гээд гэрээ хэлцэл хийхгүй нийлүүлэлт хийсэн бөгөөд мөнгөө төлөхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон.
Иймд Блюдрагон ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож өгнө үү.
Тус компанийн захирал нь н.Батжаргал гэдэг хүн байдаг бөгөөд түүний 99112175 дугаарын утсаар ярихаар төлнөө гэдэг боловч өнөөдрийг болтол төлдөггүй. Манай компани мөнгөө нэхэмжлэх гэхээр ямар ч хаяг мэдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан юм гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Премиумконкрит ХХК нь Блюдрагон ХХК-ийг эрэн сурвалжлуулж, компанийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Блюдрагон ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт зэргээр нотлогдож байна. /хх-11-13 дугаар хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Блюдрагон ХХК-ийг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын болон оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Блюдрагон ХХК-ийн захирал н.Батжаргал нь 99112175 дугаарын утас эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Блюдрагон ХХК-ийг нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн үйл ажиллагаа явуулж буй газрын болон оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Блюдрагон ХХК-ийн захирал н.Батжаргал нь 99112175 дугаарын утас эзэмшдэг болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагчийн хаяг: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Максмолл центрийн 5 давхарын 501 тоотод оршин байгаа Премиумконкрит ХХК, утас 70122292, 88117476.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД