| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0057/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0057/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О,
Иргэний хариуцагчийн төлөөлөгч К.К,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Бадамгэрэл
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Б.А-д холбогдох 1939.......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 45 минутын үед тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан У.Б-д эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч У.Б нас барсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан У.Бөд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйгээс түүний амь нас хохирсон болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ” ....Би урд мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар ярьсан. Сувилагч тариа андуурч хийгээд миний 30 жил ханилсан Б гэдэг хүн нас барсан... Талийгаачийн ажил явдалд 30.435.717 төгрөг зарцуулсан учраас гэмт буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би мөн өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгч байна... “ гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 7-12 тал/
2. Иргэний хариуцагч К.Кы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ” ... Хэрэгт манай байгууллагаас уг хэрэгт байгууллагыг төлөөлж оролцуулахаар томилсон... “ гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 15 тал/
3. Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ” ... 2019 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө үүрээр 06 цагийн үед манай ээж О утсаар залгаад аавын чинь бие гэнэт муудлаа гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиход аав Б амьсгал хураасан байсан. Манай ээж О аав Бийг сахиж хоносон. Нэгдсэн эмнэлгээс эм, тариа хүрдэггүй болохоор гаднаас бид эм тариагаа авдаг байсан. Гэхдээ эмчийн ав гэсэн эм тариаг авдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн орчим манай ээж О эмнэлэг дотор байдаг эмийн сангаас бензатин пенцилин, цефатоксим гэдэг тариаг гаднаас авсан. Цефатоксим тариаг 3 ширхэг авсан. Бензатин пенцилин тариаг 1 ширхэгийг авсан. Цефатоксим тарианы 2 ширхэгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аавд тарьсан. Үлдсэн 1 тариаг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт тарих байсан. Энэ тариаг судсаар хийдэг гэж байсан. Бензатин пенцилин гэх тариаг шарх цэвэрлэхээр авсан. Энэ тариаг тарихгүй гадна шарханд хуурайгаар түрхэж хэрэглэх байсан. Бензатин пенцилин тариаг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагт намайг эмнэлэг дээр очиход өглөө 06 цагт хийх ёстой тариаг хийгээгүй аавын хэвтэж байсан шүүгээний булан дээр бүтнээрээ байсан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шарханд түрхэж хэрэглэх Бензатин пенцилин гэх тариа байхгүй байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эмнэлгийн хогийн савыг ухахад хатуу цаасан хайрцаг байсан, уг хайрцган дээр гараар МЭС-2, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэж бичсэн байсан. Би цаасан хайрцгыг задалж үзээд цагаан тарианы үлдэгдэлтэй тариурыг олж авсан. Бензатин пенцилин гэдэг тариаг цагаан өнгөтэй гэдгийг би мэдэж байсан учир уг тариурыг авсан. Манай аав Бийн биеийн байдал хэвийн байсан. Энэ 7 хоногийн Баасан гаригаас эмнэлгээс гарна гэж байсан. Ухаан санаа эрүүл өөрөө босоод явж байсан. Гэнэт нас барсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17 тал/
4. Гэрч Б.Болортунгалагын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ” ... Би өөрөө их эмч мэргэжилтэй. Одоо Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр төв эмнэлэгт ажилладаг юм. Би аавд ямар эм тариаг хийж байгааг байнга асууж холбоотой байдаг Улаанбаатар хотоос эм тариаг нь явуулдаг байсан. Би ирээд аавын хэрэглэж байсан эм тарианууд хаана байна гэж асуухад манай ах Ганзориг эмнэлгээс авчирсан эм тариаг гаргаж ирээд аавд 06 цагт хийх ёстой тариаг хийгээгүй энэ байна гэж Цефатоксим тариаг гаргаж ирсэн. Тэгээд яагаад өглөө 06 цагт хийх ёстой тариаг хийгээгүй байна гэж асуухад манай ээж О 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө тариа хийсэн сувилагч андуураад тариагаа хийчих шиг болсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Би тэгээд ямар эм тариа андуурч хийдэг юм та хаанаас ямар эм тариа авсан юм гэхэд надад эмийн баримт гаргаж ирсэн. Би эмийн баримтыг харахад цефатоксим, бензатин пенцилин гэх тариа авсан байсан. Цефатоксим гэх тариаг 8 цагийн зайтай хийдэг юм. Манай ээжийн эм авсан баримтыг харахад өдөр 15 цагт тариа авсан байсан. Тариаг 16 цаг, 22 цаг 06 цагт хийх ёстой байсан. Ээж цефатоксим тариаг 3 ширхэгийг авсан байсан. Тэгээд нэг ширхэг цефатоксим тариа илүү байсан. Харин бензатин пенцилин гэх тариа нь байхгүй байсан. бензатин пенцилин гэх тариаг ил шарханд түрхэж хэрэглэдэг мөн бэлгийн замын өвчин тэмбүү, гонроо, үе мөчний зэрэг өвчинд булчинд тарьдаг юм. Бензатин пенцилин тариаг хэзээч судсанд хийдэггүй тариа байгаа юм. Харин цефатоксим тариаг булчин болон судсаар хийдэг юм... Бензатин пенцилин тариаг өгзөгөнд хийгээд хялгасан судас дайрхад л хүн шоконд ордог юм. Судсаар хийхэд шууд үхнэ.... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 тал/
6. Шүүгдэгч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн ”.... Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон анх ажилд орохдоо сувилагчаар ажилд орсон. Өдрийн эмчилгээнд 5 сар сувилагч хийсэн. 2018 оны 12 дугаар сараас эмэгтэйчүүдийн камнитад эх баригч эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилласан. Би уг нь эх баригч мэргэжилтэй юм. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс амбулаторийн цахим дээр ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл эмэгтэйчүүдийн тасагт ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мэс заслын 2 дугаар тасаг дээр сувилагч дагаж ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 8 цагаар бие дааж сувилагчаар ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой 16 цаг 30 минутаас 16 цагаар ээлжид гарч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутад буусан....Б гэдэг хүн мэс заслын дугаар тасагт хэвтэн эмчлүүлж байсан....2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 45 минутын орчим өвчтөн Бийн өрөөнд орсон. Өвчтөн унтаж байсан сахиул нь бас хажууд хэвтэж байсан. Сахиурт нь эгчээ тариаг хийе гэж хэлсэн. Сахиур нь өвчтөнг тариагаа хийлгээрээ гээд дуудсан өвчтөн Б сэрсэн. Би дуслын системээ угсарч тавиад сахиураас цефатоксим тариа нь хаана байгаа вэ гэж асуухад тэнд байгаа гэж заасан надад ил тариа харагдахгүй байсан.....Би тэгээд хаана байгаа юм гэхэд өвчтөн Би тэгэхээр нь цаасан хайрцгийг нээгээд дотроос нь тариаг нь аваад 20 грамын тариурт хийж шингэлээд бэлдэж тавьсан. Тэгээд бэлдэж тавьсан дуслаа өвчтөнд залгасан дуслаа хаагаад дуслын хоолойг салгаж байгаад өвчтөний судсанд хийсэн байсан дуслын зүүгээр тариагаа хийж эхэлсэн би 20 грамын тарианы 10 грам орчмыг өвчтөнд судсаар хийсэн байх тэгээд тариагаа салгаад дуслаа буцаагаад залгаад дуслын системээ нээсэн Дусал нээнгүүт өвчтөний биеийн байдал муудаад сонин дуугараад царай нь сонин болоод эхэлсэн. Сахиур эгч юу болов оо эмчээ дуудаач ээ гэсэн. Хажуу өрөөнд амарч байсан боолтны сувилагч Мөнхцацралыг сэрээсэн. Би Амбо сувилагч Мөнхцацрал авчирж өгчихөөд эмчийг дуудахаар явсан. Сэхээний сувилагчийг гар утсаар дуудсан. Амбо гэж хүчил төрөгчийн аппарадыг хэлж байгаа юм. Ганболд эмч ирээд өвчтөнг массажлаж чагнуураар чагнасан. Ганболд эмч сахиур эгчид гэрийхнийгээ дуудаарай гэж хэлсэн. Сахиур эгч гэрийхнийгээ утсаар дуудаад байсан. Сахиур эгч яаж байна гэж эмчээс асуусан эмч зүрх нь зогссон байна гэж хэлсэн. Өвчтөн Б 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 55 минутын орчим нас барсан...Би өвчтөн Бөд Бензатин пенцилин гэдэг тариа тарисан байсан. Анх тариа тарихдаа бол би Бензатин пенцилин тариа тарьж байна гэдгээ мэдээгүй. Өвчтөнд тийм тариа байгааг мэдээгүй. Цефатоксим гэх тариаг байх гэж бодоод шууд харалгүй тарчихсан. Б гэх хүний нас барснаас нь хойш хийсэн тарианыхаа шилийг харахад бензатин пенцилин гэх тарианы шил байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-23 тал/
7 .Гэрч Д.Ундрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилдсон....А-г хөтөч сувилагчаар ажиллуулахаар болоод А-г дуудсан боловч намайг байхгүй үед өрөөнд ирээд арга зүйч Оюунцэцэг дээр очсон байсан. Оюунцэцэг над руу утсаар яриад А сулраад гараад ирлээ Мэсийн 2 дугаар тасагт сувилагч дутагдалтай байна А-г мэсийн 2 дугаар тасагт өгчих үү гэсэн би тэг гэж хэлсэн. Би тухайн үед ээлжийн амралтаа авах гэж байсан....2019 оны 10 дугаар сарын 23-ны оройн ээлжинд 16 цагаар бие дааж сувилагчаар гарч ажилласан....Тухайн үед А-г шилжүүлэн томилсон тушаал гараагүй. Тухайн үед хүний нөөцийн менежер ажлаа өгсөн дараагийн хүн томилогдоогүй байсан. Нэгдсэн эмнэлгийн дарга Улаанбаатар хотод сургалтанд явж байсан....гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-26 тал/
8. Гэрч Г.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад би ажилдаа ирсэн. Тэгсэн жижүүр эмч Ганболд таараад Мэсийн 2 дугаар тасагт өнөө өглөө 06 цагт сувилагч буруу тариа андуурч хийгээд хүн нас барчихлаа би эмчилгээ эрхэлсэн орлогч даргад танилцуулахаар явж байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь мэс заслын 2 дугаар тасагт орсон. Энэ үед хүн нас бараад ширилаа гаргасан байсан. А сувилагчийн өрөөнд байсан. Би тариа андуурч хийсэн юм уу тарианы сав нь хаана байна гаргаад ир гэж А д хэлсэн. А шургуулганаас тарианы шил гаргаж ирсэн. Уншаад үзэхэд Бензатин пенциллин тариа байсан. Би А-с чи энэ тариаг найруулаад судсаар хийсэн үү гэхэд хийсэн гэж байсан. Бензатин пенциллин гэх тариаг хэзээ ч судсаар хийж болдогүй....Анагаахын сургууль эм зүйн хичээл дээр тарианы талаар болон тариаг хаана хийх талаар заадаг. Эм тарианы нэршлийг цээжилдэг юм... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 тал/
9. Гэрч Л.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... Би нэгдсэн эмнэлгийн мэс заслын 1 дүгээр тасагт эмч ажилтай Өвчтөн Б 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэс заслын 2 дугаар тасагт хэвтэн эмчлүүлсэн Б нь өмнө нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэдэсний цочмог түгжрэл өвчний учраас хэвтэн эмчлүүлж нарийн гэдсийг зориудаар гадагш гаргах мэс засал хийгдсэн Биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэвлийн голын шархнаас идээрхэг шүүстэй байсан тул өвчтөнийг давтан хэвтүүлж антибиотик болон хордлого тайлах, хэсгийн цэвэр боолт зэрэг эмчилгээнүүд хийгдэж байсан Би эмчлэгч эмч нь байсан...Бийн биеийн байдал дунд ухаан саруул, өөрөө чөлөөтэй босо» явна хаяа тэргэнцэр дээр сууц нойл болон бусад өрөөгөөр чөлөөтэй явж байсан Өвчтөн эмнэлгээс гаргах гэж байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 тал/
10. Гэрч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2019 онь, 10 дугаар сарын 24-ний өглөө үүрээр Б намайг дуудаад шээмээр байна гэсэн би босоод шээлгэсэн. Б сайхан унтаж амарлаа гэж байсан. Талийгаач одоо цагийн тариа дөхөж байна даа гэж хэлсэн. Би тэгэхээр одоо тариа хийх гэж байгаа юм чинь гээд халуун цай Бөд уулгасан. Талийгаач намайг хэвт гэсэн би тэгээд орон дээр хэвтээд байж байтал сувилагч орж ирээд өрөөний гэрэл асаасан. Би сувилагчийг орж ирэхэд нь хэвтэж байсан. Сувилагч надаас цагийн тариа нь хаана байна гэж асуусан би шүүгээний булан дээр байна гэж хэлсэн. Сувилагч за гэж байсан. Бид өөрсдөө цагийн тариаг худалдаж авч байсан. Сувилагч дуслын системээ залгаж байсан. Би сувилагчийг дуслын системээ залгаж байхад нь босоод өмдөө өмсөөд оймсоо өмсөж байтал манай нөхөр Б гэнэт сонин дуугарсан. Би яав гээд хартал нэг сонин болчихсон байсан шүдээ зуугаад сонин дуугараад амьсгаа авах шиг болсон би тухайн үед их сандарсан. Би яасан вэ миний хөгшөөн гэхэд талийгаач шүдээ зуугаад амьсгаагаа татаад гэдийгээд байсан. Би сувилагчаа чи яачих ваа юу хийчих вээ гэхэд энийг хийсэн гээд сувилагч хогийн савнаас тарианы шил гаргаж ирсэн тэр тарианы шил талийгаачийн шарханд түрхэх гэж авсан тариа байсан. Талийгаачид тарих ёстой байсан тариа нь шүүгээний булан дээр бүтнээрээ байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-35 тал/
11. Гэрч Э.Оюунцацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”... 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 50 цагын орчим сувилагчийн өрөөндөө унтаж байхад надтай хамт гарч байсан сувилагч А өрөөнд орж ирээд Б гуай эвгүй болчихлоо гэж хэлсэн Би тэгэхээр нь босоод өвчтөн Бийн хэвтэж байсан өрөөнд орсон Өвчтөн Бийн ил хэсэг нь хөхөрсөн нас барсан байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36-38 тал/
12. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/146 дугаартай Б.А-г ажилд түр томилсон тушаал, ажлаас чөлөөлсэн тушаал /1-р хх-ийн 72-77 тал/
13. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цогцост хийсэн №106 дугаартай: ”....1.Талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй.
2. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна.
3.Талийгаач нь эмийн бодисийн шалтгаант хэт мэдрэгшлийн шокын улмаас нас баржээ.
4. Талийгаачийн биед нарийн гэдэс гадагшлуулах хагалгааны дараах байдал элэгний архаг үрэвсэл, чихрийн шижин өвчин, бөөрний уйланхайт хавдар архаг өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй.
5. Талийгаачийн цогцосноос авсан цус, эд эрхтэнд бензатпенициллин тодорхойлох техникийн боломжгүй байна... “ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 43-46 тал/,
14. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт: ”... Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллаж байсан А нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө амь хохирогч У.Бөд андуурч буруу тариа болгоомжгүй хийсэн гэх үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 заалт, Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд МNS4621:2008 стандарт 4.4.1, 4.4.2 заалтуудыг тус тус зөрчсөн байна... “ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 51 хуудас/
15. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Н.Зоригтбаатарын 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: “...
Б.А-г 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Нэгдсэн эмнэлгийн даргын Б/146 тоот тушаалаар Зөвлөх поликлиникийн өдрийн эмчилгээний сувилагчаар түр томилсон байна.
Тухайн үед сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан Д.Ундрах нь эх барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй Б.А-г Нэгдсэн эмнэлгийн даргын Б146 тоот тушаал, өдрийн эмчилгээний сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын 6 заалтыг үндэслэн мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллуулсан байна.
Тухайн үед Б.А нь түр тушаалтай, өөр ажилд шилжүүлсэн тушаал гараагүй ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231.2 заалт туршилтын хугацаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 заалтуудыг зөрчсөн байна.
Нэгдсэн эмнэлгийн даргын Б/146 тоот тушаалаар Зөвлөх поликлиникийн өдрийн эмчилгээний сувилагчаар түр томилсон тушаал гарсан тул сувилагчаар ажиллуулж болно... “ гэсэн дүгнэлт / 2-р хх-ийн 80 хуудас/
16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оын гаргасан: ”... хохирлын зардал болох 10.000.000 төгрөгийг хүлээж авлаа. А д тэнсэн харгалзах ял оногдуулахад татгалзах зүйл байхгүй... “ гэсэн хүсэлт /2-р хх-ийн 49 хуудас/
17. Иргэний хариуцагчийн төлөөлөгч К.Кы шүүх хуралдааны явцад өгсөн: “...Өчигдөр байгууллагын дарга нягтлантайгаа өнөөдрийн шүүх хуралдааны шийдвэрийг дагаж мөрдөнө гэж ярьсан... Гэхдээ иргэн хохирол төлбөр нэхэмжилж байгаа бол тодорхой хэмжээнд төлнө... Хэрвээ төлөх шаардлага гарвал тодорхой хэмжээнд төлж барагдуулна. Байгууллага чадвартай сувилагч нараа хүнд газар ажиллуулах ёстой, бидний зүгээс сувилагч нараа сайн дадлагажуулж чадаагүй, мөн тушаал шийдвэр дээр анхаарах юм байгаа учраас бид нарын зүгээс хариуцлагын нэг хэсгийг үүрэх ёстой байх гэж бодож ирсэн... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 4 400 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын дотор багтааж төлөхөөр гэрээ байгуулсан... “ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйгээс хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас У.Бийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 30.435.717 төгрөгийг нэхэмжилнээс шүүгдэгч Б.А нь 19.400.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 11.035.717 төгрөгөөс шүүгдэгч Б.А нь 6.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй харилцан тохиролцож, бичгээр батлан илэрхийлж нотариатаар баталгаажуулсан, Иргэний хариуцагчийн төлөөлөгч К.К болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нар нь шүүх хуралдааны явцад эвлэрч, харилцан тохиролцож “... Иргэний хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс хохирогч Ч.Оын нэхэмжилсэн 4 сая 400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын дотор багтааж төлж барагдуулна... Үлдэгдэл 635.717 төгрөгөөс дахиж нэхэмжлэхгүйгээр дуусгав... “ гэсэн бичгээр хийсэн эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул тэдний харилцан тохиролцож, эвлэрсний дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд ялыг оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А-г эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйгээс хохирогч нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр эмнэлгийн мэргэжилтнээр ажилллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулах, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ад анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.А-н тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 граммын тариур 1 ширхэг, benzathine penicillin g for injeition 264 mega гэсэн хоосон тарианы шил, cefotaxme sodium гэсэн бичигтэй шилтэй тариа 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-с 6.000.000 төгрөг, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс 4.400.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Од олгож, нэхэмжлэлээс үлдэх 635.717 төгрөгийн нэхэмжлэлээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь татгалзсан болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь 59 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба Иргэний хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хохирогч Ч.Оын нэхэмжилсэн 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын дотор багтааж төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ