Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0096/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                    Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                            Ч.А  нарыг оролцуулан

 

   Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Ч.А-д холбогдох 1939.......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.А

            Шүүгдэгч Ч.А нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг Хоршооллын 1-5 тоотод өөрийн гэртээ иргэн А.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг байшингийн хаалгаар түлхэж унагаасны улмаас төмөр сандал мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Ч.А нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг Хоршооллын 1-5 тоотод өөрийн гэртээ иргэн А.Этайг түлхэж унагаасны улмаас төмөр сандал мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.Эын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 29 -ний өдөр миний охин болох Энхгэрэл нь эмээгийн бие муу байна яаралтай ир гэж хэлсэн.Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Улаанбаатар хотод ирээд Хэнтий аймаг явсан.Тухайн үед манай ээж болох А.Э нь Хэнтий аймагт Батширээт сумаас хүргэгдэн ирсэн байсан. Намайг очиход Аймгийн Нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хот явж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлэх шаардлагатай тархиндаа цус хуралттай гэсэн оноштой эмнэлгээс түргэний тээврийн хэрэгсэл гаргаж Улаанбаатар хотод хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэхээр болж хэвтэн 4 хоног эмчлүүлээд Улсын 1 дүгээр эмнэлгийн мэдрэлийн тасагт шилжиж 10 хоног хэвтэн эмчлүүлээд гараад ээж А.Эгийн хамтаар Батширээт суманд гэртээ ирээд байгаа. Манай ээж эмчлүүлэх хугацаандаа тархины цус хуралтыг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн... Манай ээж надтай уулзах үедээ хүн танихгүй бараг ярьж чадахгүй бие засаж хөдөлж чадахгүй биеийн зүүн хэсэг мэдрэлгүй байсан... Одоо манай ээж А.Э янз бүрийн зүйл яриад сэтгэцэд нөлөө гарсан байдалтай мөн зүүн гар нь хөдлөхгүй, толгой нь эргээд хол явж чадахгүй, хий юм хараад ганцаараа яриад байдаг болсон... Манай ээжийг гэмтээсэн хүн нь байдаг бол эмчилгээ хийлгэсэн зардлаа гаргуулж авмаар байна. Одоо Улаанбаатар хотод Сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх, мөн мэдрэлийн эмчийн хяналтад орох шаардлагатай байгаа... “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 19-21 хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.Эын  мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Манай ээж Эгийн эмчилгээний зардалд нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зардал гарсан. Би эмчилгээний баримтуудыг гээгдүүлсэн тул надад одоо хуулийн байгууллагад гаргаж өгөх баримт байхгүй байна. Одоо манай ээжийн биеийн байдал сайнгүй, болсон явдлын талаар бүрэн гүйцэт санахгүй байна. Улаанбаатар хотод очиж эмчлүүлснээ муухан санаж байна. Ат зодуулсан талаар огт санахгүй байгаа юм. Мөн намайг Улаанбаатар хотод ээжийгээ сахиж эмчлүүлж байхад манай дүү Энхбаатараар дамжуулж надаас 450.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед танай ээжийн эмчилгээнй зардлыг барагдуулмаар байна. Ах нь Дорнод аймаг руу явж мал ахуй зарж мөнгөтэй болоод өгнө гэж хэлээд одоо болтол өгөөгүй байна. Дорнод аймаг руу яваагүй байх гэж бодож, удахгүй эмчилгээний зардлын хамт төлж барагдуулна байх гэж бодож байна... Хамгийн гол нь эмчилгээний зардлаа төлүүлж авмаар байна. Би А ахыг охины хамт амьдардаг, ажил төрөл байхгүй, Аыг шоронд явчих юм бол охиныг нь харах, хандах хүн байхгүй гэдгийг мэддэг болохоор гомдолтой гэж хэлж чадахгүй байна... Би Шүүх хуралд оролцохгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.Эын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... тухайн үед буюу 2019 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдрийг нь одоо яг сайн санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод байхад миний төрсөн дүү болох Энхбаатар над руу утсаар яриад надад хандан А ах ээжийн эмчилгээний зардал мөнгийг барагдуулмаар байна гэнэ. А ах Дорнод аймаг руу явж мал зарж мөнгөтэй болоод ээжийн эмчилгээний зардал мөнгийг барагдуулна гэж байна. Даанч Дорнод аймаг руу явах унаа тэрэгний зардал байхгүй гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Энхбаатараас Аын Хаан банкны дансны дугаарыг нь аваад уг өдрөө Аын данс руу нь 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байхад маргааш нь манай дүү Энхбаатар нь над руу ахиж утсаар залгаж яриад надад хандан А ахын унаа тэрэгнийх нь зардал мөнгө нь хүрэхгүй байна гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аын данс руу нь ахиад 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байхад уг өдрийн маргааш нь манай дүү Энхбаатар нь ахиж над руу утсаар яриад А ах хоол ундны мөнгөгүй болчихсон гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аын данс руу нь ахиж 50.000 төгрөг шилжүүлсэн юм.  Ингээд би 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 450.000 төгрөгийг Аын Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Гэтэл А нь одоог болтол миний хохирол төлбөрийг барагдуулаагүй л байна... Тухайн үед А нь надаас 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 450.000 төгрөгийг авахдаа өөрөө надтай утсаар бол яриагүй, харин манай дүү Энхбаатараар утсаар яриулж уг мөнгийг маань авсан. Би Аыг уг мөнгөөр маань юу хийсэн болохыг нь мэдэхгүй байна... А нь манай ээжийн эмчилгээний зардалд гарсан 2.000.000 төгрөг болон надаас сүүлд авсан 450.000 төгрөгөө одоог болтол барагдуулаагүй л байгаа. Гэхдээ яваандаа А нь миний хохирол төлбөрийг барагдуулчих байх гэж бодож байна. Иймд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... би шүүх хуралд оролцохгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 168-170 тал/

2. Гэрч А.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... 2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө Батширээт сумын Эрүүл мэндийн төвд эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Батширээт сумын 4-р багийн иргэн Ц.Түмэнжаргал нь манай эхнэр болох А Э шөнөжин унталгүй янзын бүрийн зүйл яриад нэг биш байна гэсэн дуудлагаар очиход А.Э нь гэртээ орондоо хэвтсэн байдалтай янз бүрийн зүйл ярьсан дэмийрлийн байдалтай байсан тул эмнэлгийн машин дуудаж тээвэрлэж эмнэлэгт хүрсэн. Эмнэлэгт очиход А.Эгийн биеийн байдал хүнд өөрийн гэсэн ухаангүй байсан тул Эрүүл мэндийн төвийн их эмч Э Зундуйжамцад үзүүлж яаралтай эмчилгээнд оруулсан.Тухайн дуудлагад очиход А.Эгийн нэг хацар нь зулгарсан шархтай байсан... “ гэсэн  мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/

 

3. Шүүгдэгч  Ч.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ”... Би А.Э эгчийг гэрт очиж унт шээлээ гээд уурлаад хөөсөн. Тэр үед А.Э эгч манай охин Эмүүжинг чи муу дандаа ингэж шээлээ гэж загнаад байхаар нь би уурлаад та хүүхэд загнаад байна гээд Э эгчтэй хэрүүл болсон. Тэр үед Э эгчийн ач Энхгэрэл айгаад уйлаад зарах гэж байсан тортой дүнсэн тамхи, хуурай сүү,  тамхи ороодог цаас зэргийг нь аваад явсан. А.Э эгч манай гэрээс гарахгүй болохоор нь би байшингийн хаалгаар түлхсэн А.Э эгч түлхүүлээд газар оочихдоо манай байшингийн хаалганы ойролцоо байдаг төмөр 4 хөлтэй модон тавцантай сандал толгойгоороо мөргөж унасан. Би тэр үед нь А.Э эгчийг авахгүй байшингийн хаалгаа хааж гэртээ орсон... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-30 хуудас/

4. Гэрч Ц.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”.... Би ач Энхгэрэлээс эмээ чинь яасан талаар асуухад таныг унтаж байхад гэрээсээ надтай хамт А ахынд өнгөрсөн шөнө очсон. А ахтай эмээ муудалцаад байхаар нь би айгаад гэртээ гүйгээд ирсэн. Манай эхнэр Э архи уусны маргааш өдөр 12 цагийн орчим гэртээ ирээд орондоо ороод хэвтсэн. Э гэртээ ирэхдээ Баруун нүд хөхөрсөн байдалтай мөн хацар хэсгээрээ зулгарч урагдсан байдалтай харагдаж байсан... “ гэсэн  мэдүүлэг /хх-ийн 31-33/

 

5. Насанд хүрээгүй гэрч А.Эмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... Э эгчийн ач болох Энхгэрэл бид гэрт тоглож байсан. Э эгч аавын дэвсэж өгсөн ширдэг дээр хэвтэж байхдаа шээсэн байхыг би хараад аав Ат хэлсэн. Тэгээд манай аав А нь Э эгчийг дэвсэж өгсөн ширдэгнээс өргөж босгоод та гэртээ очиж унт манай гэрт шээчихлээ гэж хэлээд байшингийн хаалгаар түлхэж гаргасан. Э эгчийг манай аав А түлхэж гаргахад манай байшингийн үүдэнд байдаг төмөр сандал дээр Э эгч ойчиж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/

6. Насанд хүрээгүй гэрч Э.Энхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”.... Аынд ирээд манай эмээ Э согтоод унтах гээд байхаар нь Эмүүжин бид 2 гаднаас ширдэг оруулж газар дэвсэж өгсөн. Манай эмээ тэр газар дэвссэн ширдэг дээр унтсан. А гэртээ ганцаараа ууж байсан архинаасаа аяганы талаар хийж эмээг маань сэрээж архи уулгасан. А ах манай эмээ
Эг чи манай гэрт шээдэг шүү ахиж шээвэл ална шүү гээд загнаж байснаа Эмүүжин бид хоёрыг дэлгүүр яваад тамхи аваад ир гэж хэлсэн. Эмүүжин бид хоёр дэлгүүр яваад ундаа шоколад гэх мэт юмнууд аваад А ахынд буцаж очиход манай эмээ А ах нар хэрэлдэж хараал хэлж хоёр бие рүүгээ салаавч өгсөн байдалтай байсан. Эмээ бид хоёр А ахын гадаа гартал А араас гарч ирээд манай эмээгийн гэдсэн тус газарт нь  1 удаа цохиж байхыг тэдний хойд талд байх гэрэлд нь харсан. Тэгээд би айгаад ганцаараа гэрлүүгээ явсан Манай эмээ тэндээ үлдсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/

7. Гэрч Э.Зундуйжамцийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчим Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч А.Отгонцэцэг нь Батширээт сумын төв Норовлин багт оршин суух А.Э гэх хүн гэртээ солиорлын болон хөөрлийн байдалтай янз бүрийн зүйл яриад байна гэсэн дуудлагаар гэрт нь очиход А.Э гэх эмэгтэйг Эрүүл мэндийн төвд дуудлагаар авчирсан. Эрүүл мэндийн төвд А.Э гэх эмэгтэй ирэхэд нь үзлэг хийхэд биеийн байдал хүнд, ухаан санаа бүдэг орчны харьцаа/ солиорлын байдалтай/ каманд биелүүлэхгүй, зүрхний авиа сул, ПС сул -150, АД-70, 30, арьс салст цэвэр хуурайвтар, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ 85% тай, Уушиг хоёр талдаа сулавтар амьсгалтай. А.Э нь баруун хацар дээрээ хуучин зулгарсан шархтай зүүн нүдний эргэн тойронд хөхөрсөн байсан... А.Э нь архины хамааралтай. Архинаас болж сэтгэцийн бага зэргийн өөрчлөлттэй...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 хуудас/

 

8. Шинжээч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”.... А.Эгийн биед гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхэд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн MRi-д А.Эгийн биед зүүн зулайн няцрал бүхий гэмтэл гэсэн байна. Энэ бол гадны хүчин зүйлээс үүссэн гэмтэл байна. Цусан хураа нь мөн гэмтлийн шалтгаанаар үүснэ. Цусан хураа нь өвчлөлөөс үүсдэггүй. А.Эгийн тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа, зулайн няцрал нь гадны хүчин зүйл буюу гэмтлээс үүссэн байна. Харин тархины шигдээс, талласан саа нь дээрх гэмтлийн хүндрэл болж үүссэн байна... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар харвалт нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харвалт нь тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураанаас болж үүссэн байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/

9. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 541 дугаартай: ”...

1.А.Эгийн биед тархины шигдээс, хатуу хальсан доор цусан хураа, зүүн талласан саа, зулайн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.                              4.Цаашид    энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 84 хуудас/

 

10. Эд мөрийн баримтаар хураан авсан сандалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 166-167 хуудас/

11. Гэрч Т.Энхбаатарын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: ”... тухайн үед өөрийн төрсөн эгч Энхжаргалаас 3 удаагийн гүйлгээгээр нийтдээ 450.000 төгрөгийг А ахын Хаан банкны дансанд нь хийлгэж авсан, энэ ямар учиртай юм бэ гэхээр тухайн үед А ах надтай уулзаад надад хандан ах нь ээжийн чинь эмчилгээний зардал мөнгийг төлж барагдуулмаар байна. Дорнод аймагт байдаг хамаатнууд руугаа явбал болох л байх. Чи надтай хамт яваач, унаа тэрэгний зардал л хэцүү байна даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн төрсөн эгч Энхжаргал руугаа утсаар яриад энэ байдлыг нь танилцуулаад эгчээсээ эхлээд 200.000 төгрөг, маргааш нь ахиад 200.000 төгрөг, нөгөөдөр нь 50.000 төгрөгийг тус тус А ахын хаан банкны дансанд нь хийлгэж авсан. Ингээд нийтдээ Энхжаргал эгчээс 450.000 төгрөгийг авсан юм. Тухайн үед А ах бид хоё Энхжаргал эгчээс ирсэн эхний 200.000 төгрөгийг авсныхаа дараа Дорнод аймаг руу явах гэж байснаа уг мөнгөнөөс нь дэлгүүрээс 1 шил архи худалдаж аваад уг архиа хувааж уусныхаа дараа халуураад үргэлжлүүлээд үлдсэн мөнгөнүүдээр нь архи дарс, хоол ундны зүйлс аваад дуусгачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172 тал/

12. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  04 дугаартай нэмэлт шинжилгээ: “...

1. А.Эгийн биед тархины шигдээс, хатуу хальсан доор цусан хураа, зүүн талласан саа, зулайн няцрал, дух, баруун нүдний зовхи, хөмсгөнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4.5. Дээрх гэмтлүүд нь хойноос урагшаа чиглэлд, толгой, нүүр хэсгээрээ унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй.

6. Дээрх хатуу хальсан доох цусан хураа, зүүн зулайн няцрал, тархины шигдээс, зүүн талласан саа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...  ” гэсэн дүгнэлт /хх-ийн 192-194 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Эгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол, санал байхгүй гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг шүүх хуралдаанд гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хөлтэй хар өнгийн модон тавцантай сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Энэ хэрэгт Ч.Аын 4x4  метрийн хэмжээтэй зуны модон байшин, цагаан өнгийн хөргөгч, HATAKA маркийн 21 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №21 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй,   түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ