Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 6

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Б,

шүүгдэгч Б.А /онлайн/, түүний өмгөөлөгч Г.С, Д.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Ц, М.М,

нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.С, Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тус тус Б.Ат холбогдох эрүүгийн 201726020883 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овогт Б.А, 1985 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

Б.А нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр .... дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн байранд өөрийн найз охин Б.Бг олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж тогтоож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И овогт Б.А-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.А-ыг 20 /хорин/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.А-т оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А-ын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 191 хоногийг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсанд шинжилгээ хийсэн талаархи Си Ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, “Айпоне 6” маркийн гар утас, Б-гийн тэмдэглэлийн дэвтэр, шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг, хяналтын камерийн дүрс бичлэгийн төхөөрөмжийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т, “Айпоне 5” маркийн гар утас, А-ын хар өнгийн түрийвч, 1000 төгрөг 1 ширхэг, 500 төгрөг 1 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 1 ширхэг, 2 доллар нэг ширхэг, Улаанбаатар, Хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, жижи карт 1 ширхэг, хөнгөлөлтийн карт 1 ширхэг, шүдний эмнэлэгийн карт 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, нарны шил 1 ширхэг, удирдлага 1 ширхэг, либрозим плас эм 3 ширхэг, энх анирын од барьцаат зээлийн хуудас 1 ширхэг, Улаанбаатар хотын банкны хуудас 1 ширхэгийг Б.А-т тус тус буцаан олгож, хохирогчийн өмсөж байсан улаан өнгийн хүрэм, саарал өнгийн цамц, ягаан өнгийн майк, цагаан өнгийн хөхний даруулга, хар саарал өнгийн өмд, хар өнгийн дотоож, ариун цэврийн хэрэгсэл, ягаан өнгийн оймс 1 хос, хөх өнгийн үсний даруулга, Адидас пүүз 2 ширхэг, 10 хуруунаас авсан хумсны дээж, хар өнгийн бариултай хутга нэг ширхэг, шүүгдэгчийн өмсөж байсан хар өнгийн хүрэм, хөх эрээн цамц, цагаан фудболк, хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотоож, хар өнгийн оймс нэг хос, хар өнгийн гутал нэг хос, цагаан өнгийн нимгэн цамц, цус мэт зүйл шингээсэн марль нэг ширхэг, 00-ийн цаасны тасархай нэг ширхэг, сальфетка 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Б.А-аас гэм хорын хохиролд 24 381 198 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Эцэг эхийн элбэрэлт сайхан охиныг минь 28 насанд нь өөртэй нь амьдрахгүй гэж хэлсний төлөө онц харгис хэрцгийгээр хөнөөсөн алуурчинд хорьхон жилийн хорих ял оноосонд эцэг, эх, эмээ, эгч, ах, дүүс бид туйлын их гомдолтой байна. Хүний амь нас хөнөөсөн яргачин Б.А-т оногдуулсан 20 жилийн хорих ял яавч дүйцэхгүй, шүүхээс хэт хөнгөн ял оноолоо гэж үзэж байна. Б.А-т шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж гэж би ойлгож байна. Гэвч 2002 оны эрүүгийн хуульд зааснаар 25 жил хүртэлх хорих ял, цаазаар авах ял оногдуулж болох байсан. Алуурчин Б.А-т хөнгөн ялтай хуулийг нь хэрэглэж ял оноолоо, оноолоо гэхэд давхар хөнгөрүүлэн үзэж 20 жилийн хорих ял оноосныг хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж хөнгөн ял оноож, охиныхоо амь насаар хохирсон эцэг, эх биднийг хохироосон, басамжилсан шийдвэрийг шүүх  гаргалаа гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 450 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.А-т оногдуулсан ялыг хүндрүүлж, бүх насаар нь хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн харамсалтай явдал болж бид 2-ын амьдрах ирээдүй бүх зүйл эргэсэн. Харамсалтай явдал болохоос өмнө бид хоёр бүх зүйлийг гэрэл гэгээтэй сайхнаар харж ирээдүйгээ сайхнаар төлөвлөж байсан. Надад найз охиноо хөнөөх ямар ч санаа зорилго огт байгаагүй бөгөөд тэр хүн миний хувьд хамгийн үнэ цэнэтэй хайрладаг эмэгтэй минь юм. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө нь би өчигдрийн болсон үйл явдалд маш их сэтгэлээр унасан байдалтай байсан тэг өглөө найз охин руу яриад уулзахаар болсон. Тэр үед би гомдсон өчигдөр нь мөрөндөө хутгалуулсан түүндээ гомдож тунирхах санаатайгаар гэрээсээ хутга авч гарсан. Такси бариад найз охиныхоо гэрт нь ирээд уулзахад эгч Уянга унтаж байна гээд бид хоёр коридорт уулзсан. Би өчигдөр болсон зүйлд чи яагаад хутга далайж байгаа юм бэ гэж гоморхсон, гэтэл чи ямар шалчиганасан сүртэй юм зүгээр больж үз. Харин өчигдрийн цагдаа сэргийлэхийн явдлыг ээж, аавд мэдэгдмээргүй байна. Чи цагдаа руу ярьж чи гомдолгүй гэж хэлээрэй гээд над руу уурласан. Тэгэхэд нь би дахиж намайг үл тоомсорлож байгаад нь гомдож гэрээс авчирсан хутгаараа үхчихье гээд баруун гарынхаа шууг зүссэн гэтэл найз охин маань утсаар ярьж байснаа чи хөөе гээд орилоод над руу дайрч хутга шүүрч аваад их уурлан яах гээд байгаа новш вэ, ямар яршигтай юм гэж хэлээд уурлан гэдэс рүү хатгах шиг болсон. Тэр үед би гэдсээ барьж үзэхэд миний хэвлий гэдэс орчимоос цус гоожиж байсан би итгэж ядаж, миний дотор, ухаан минь үнэхээр балартан хутгыг нь булаацалдах шиг болсон. Нэг л мэдэхэд бид 2-уулаа газар нил цус болсон хэвтэж байсан тэгэхэд утас дуугарах чимээ гарч би сэргээд утсыг автал дүү маань залгасан байсан тэгэхээр нь би түүнд би Б-г хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Хажууд найз охин маань дуугарах шиг болохоор нь надад хурдхан эмнэлэг оръё гэсэн бодол төрж эмнэлэг орохоор найз охиноо өргөөд явах замдаа 2 удаа алдсан. Тэгээд машинаа суулгаж байтал 2 цагдаа ирж намайг саатуулж эмнэлэг авч явсан. Харин Б-гийн талаар би огт мэдээгүй байсан цагдаа болон бүх хүнээс би түүний талаар асууж байсан, бүгд надад юу ч хэлээгүй. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө би хажуугийн өрөөний залуугаас утсыг авч мессеж бичиж дүүгээсээ Б зүгээр үү гэж асуухад Бурхан болсон “Ум ма ни бад мэ хум” гэсэн хариу ирж би мэдсэн. Надад хүнийг хөнөөх бодол санаа зорилго үнэхээр байгаагүй. Би болсон явдалд үнэхээр их харамсаж гутарч гэмшиж байна. Тухайн харамсалтай явдал болоход бид 2 байсан болохоор би өөрөө ийм зүйл хийсэндээ итгэж байна. Намайг чин сэтгэлээсээ уучлаарай. Би Монгол улсын шүүхийн өмнө чин үнэнийг мэдүүлсэн. Би Монгол улсад төрсөн, амьдарч байгаагийн хувьд Монгол улсын хуулийг дээдлэн сахих болно. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж зөв зүйлчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Т, Г.С нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 450 тоот шийтгэх тогтоолоор Б.А-ыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ны байранд өөрийн найз охин Б.Б-г олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгэж, цагдан хоригдсон 191 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг нь хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг ялтны өмгөөлөгч бид дараах байдлаар эс зөвшөөрч байна. Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхээс бидний үйлчлүүлэгчид ял шийтгэхдээ зөвхөн түүний үйлдлийн үр дүн буюу олон тооны /26 удаагийн/ шарх үүсгэсэн байдалд дүгнэлт хийснээс өөрөөр гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, түүний гэмт үйлдэлд хандсан хандлага, тухайн этгээдийн гэмт хэрэг гарсны дараах сэтгэл зүйн болон бусад байдал зэргийг харгалзан үзээгүй байна. Нэгэн цагт хайр сэтгэлээр холбогдон хамтын амьдралаа мөрөөдөж байсан хосын маргаан хувь заяаны хамгийн харамсмаар эмгэнэлтэй байдлаар төгссөн нь харамсалтай. Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бидний үйлчлүүлэгч Б.А нь өөрийн найз охин Б.Б-г онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэргийг ухамсарлаж, өөрийнхөө үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн эсэхийг зөв зүйлчлэн тогтоож, тохирсон ял шийтгэлийг оногдуулах зайлшгүй шаардлагатай байна. Хэрэгт цугларсан баримтуудаар Б.А нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс найз охин Б.Б-тэй хамтран амьдрах байр гадуур хайж яваад үнэ болон орчны сонголтын зөрүүтэй байдлаас шалтгаалан тэдний хооронд үл ойлголцол үүссэн байдаг. Б.А-ын зүгээс энэхүү үл ойлголцолыг зогсоох зорилгоор амь хохирогчоос уучлал гуйх, гэрлэх санал тавьж сүйн бөгж болон цэцгийн баглаа бэлэглэх зэрэг үйлдлүүдийг хийж байсан болох нь гэрч Н.Н-ын / 1 хавтас 73 хуудас/ Б.А-ын мэдүүлгүүд болон гэрч Б.А-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас 203 дугаар хуудас/ зэргээр нотлогддог. Гэвч 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тэдний маргаан даамжирч амь хохирогч Б.Б нь ялтан Б.А-ын биед хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.Бидний үйлчлүүлэгчийн хувьд амь хохирогчийн зүгээс удаан үргэлжилсэн маргаан, түүний эвлэрэх гэсэн оролдлогыг няцааж улмаар биед нь хутгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан зэрэг байдал маш хүндээр туссаны улмаас өөрийнхөө амийг егүүтгэх оролдлого хэд хэдэн удаа хийсэн боловч бүтэлгүйтсэн болох нь тогтоогддог. Б.А өөрийг нь хутгалсанд гомдож улмаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байхад амь хохирогчоор гуйлгах, туних, нүдэн дээр нь “амиа хорлоно” гэж айлгаж гуйлгах зорилгоор гэрээсээ хутга авч гарсан байна. Ингээд тэд уулзаж, ярилцаж байгаад урд өдрийн асуудлыг дахин ярилцаж маргалдан улмаар энэ бүх байдлаас амь хохирогч уурлан Б.А-ын гарт барьж байсан хар иштэй хутгыг булаан авч түүний хэвлийн тус газар нь хутгалж “хүнд зэргийн гэмтэл” учруулсан байна. Энэхүү үйл баримтын талаар Б.А удаа дараа “...би судсаа ханана гэж айлгах зорилгоор хутгаар гарынхаа судсыг зүсэхэд Б.Б уурсаж яасан чалчигнуур зантай юм бэ гээд шууд гарнаас хутга булааж аваад хэвлийн доод хэсэгт цохих шиг болсон, өвдөлт мэдрээд гараараа дарж үзэхэд цус гарсан байсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэг гарсан цаг хугацаанд амь хохирогч болон ялтан 2 байсан, Б.А-ын удаа дараагийн мэдүүлэгт түүний хэвлийд учирсан өөрөө хэлбэл түүний цээжний хөндийд нэвтэрсэн хүнд зэргийн гэмтлийг амь хохирогч учруулсан талаар тогтвортой мэдүүлсээр байхад түүнийг энэ хэрэгт хохирогчоор тогтоогоогүй байдаг. “...Хүнд зэргийн гэмтлийг тухайн этгээд өөрөө өөртөө учруулах боломжтой...” гэж мэдүүлсэн шинжээч эмч Ганцэнгэлийн / 1дүгээр хавтас 170 хуудас/ мэдүүлгээр Б.А-ын биед учирсан гэмтлийг шалгахгүй орхигдуулж, хязгаарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.А нь амь хохирогчийн дээрх үйлдлээс хойшхи байдлыг яагаад, ямар байдалд, хэдэн удаа хаана нь түүнийг хутгалсан талаар огт санахгүй байгаа талаараа тодорхой мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс хэргийн нотлох баримтуудад үндэслэн гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, гэмт хэрэг үйлдэх цаг үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг байдлуудыг зөв дүгнээгүй байна. Дээрх бүхий л нотлох баримтуудаар Б.А нь амь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас /түүний хэвлийд хутгалж хүнд гэмтэл учруулсан/ сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдалд орсон болох нь нотлогдон тогтоогдож байна. Улсын Дээд шүүхийн 2008 оны 14 дүгээр тогтоолын 2.1 дэх хэсэгт “Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд энэ нь субьектив талын заавал байх шинж болохыг анхаарвал зохино”, 2.2. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагдана.” гэжээ. Тэгвэл бидний үйлчлүүлэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон байна. Иймд өмгөөлөгч бид хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар бидний үйлчлүүлэгч Б.А нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг биш харин 10.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэж шүүгдэгчид ашигтай байдлыг харгалзан эрх зүйн байдлыг хэрэглэнэ гээд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгчийн давж заалдах гомдол бичээд байгаа үндэслэл нь нэгэнт цаазаар авах ялтай зүйл хэсгийг хөнгөрүүлээд бүх насаар нь хорих ял оногдуулах ийм зүйл ангийг хөнгөн гэж хэрэглэж байгаа юм бол бүх насаар нь хорих ял оногдуулж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэрвээ бүх насаар хорих ялыг оногдуулж болдоггүй юм бол 2002 оны Эрүүгийн хуульд заасан 25 жилийн хорих ял оногдуулах боломжтой юм биш үү. Үүнд хэн нэгэн хүн хохирч үлдэх ёсгүй. Бид нар өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээний талаар үйлчлүүлэгчдээ зохих ёсоор тайлбарлаж өгсөн. Гэхдээ хүний эрхийг боогдуулах боломжгүй учраас ийм байдлаар миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан. Шүүхэд практик тогтоогоогүй байна. Өөр байдлаар хэрэглэх боломж байна уу гэж бодож байна. Шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь санаатай сэтгэл хүчтэй цочирон давчидсаны улмаас хохирогчийг алсан, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн байх гэж би ойлгосон. Гэхдээ энэ нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Б.А-ын эхлээд гэдсэнд хутгалсан гэдэг нөхцөл байдал тогтоогддоггүй. Энд зөвхөн 2 хүн байснаас нэг нь нас барсан, нөгөө нь хоригдож байна. Тэгэхээр шүүгдэгчийн мэдүүлгээр явах ёстой юм уу. Энд хөндлөнгийн нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтээр Б.А-ыг өөртөө гэмтэл учруулсан байх боломжтой гэсэн. Тийм учраас тэнд ямар нэгэн амь хохирогч хутгалсан гэх асуудал огт байхгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэхэд шалгаж тогтоох боломжгүй. Хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэнэ гэж яриад байж болох уу. Нас барсан хүний эрхийг төр, шүүх, өмгөөлөгч бид хамгаалах ёстой. Санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан гэх энэ нөхцөл байдлыг үүсгэх гэсэн мэдүүлгийг шүүгдэгч өмгөөлөгч авснаасаа хойш өгч эхэлсэн. Гэтэл юу ч мэдэхгүй болсон мэт болсон. Тэрнээс биш бүх асуудлаа санаад мэдүүлж байсан. Хэрвээ санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан нөхцөл байдал байсан гэж одоо үзээд байгаа юм бол мөрдөн байцаалтын шатанд үнэхээр сэтгэцийн аффект байсан эсэх талаар дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Ийм хүсэлтийг өмгөөлөгч нар гаргаж байгаагүй. Ингэж зовж нас барсан хүний эрхийг хамгаалах ёстой гэж үзэж байна. Б.А хүнд хутгалуулах гээд гэрээсээ хутга аваад айлд очих уу. Ийм утгагүй зүйл ярьж болохгүй. Тэгээд хүнд хутгалуулах гээд хутга авч очоод хүн хутгалчихаад санаа сэтгэл хүчтэй цочирон давчидсан гэж худал ярьж болохгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч зарим талаар 4 дүгээр сарын 20, 21-ний өдрийн үйлдэл нотлогдсон гэж худал ярьж байна. 4 дүгээр сарын 20-ны өдрийн үйлдэлд ямар нэгэн байдлаар энэ хүнээс салъя гээд мөр үү нь хатгасан гээд цагдаад тайлбар өгсөн байх. Дараа нь шалгасан зүйл байхгүй. Хүнд гэмтлийн хувьд хохирогчоор тогтоож шалгаагүй гэж яриад байна. Нэг хэрэгт хөнгөн гэмтэл нэг талд нь учирвал нэг удаа хохирогчоор тогтоогоод нөгөө талд нь хүнд гэмтэл учирвал дахин хохирогчоор тогтоодог хуулийн заалт байхгүй. Хэрэгт Б.А-ыг хохирогчоор тогтоогоод үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Нотлох баримтаас үзэхэд талийгаачийг дандаа араас нь хутгалсан байдаг. 27 гэж бичсэн байна хохирогч 28 гэмтэлтэй. 28 гэмтлийн 16 нь нуруунд хутгалуулсан гэмтэл. 2 гарыг нь сэнжлээд хутгалсан. Өөрөөсөө нь биеэр жижигхэн охиныг ийм байдалтай хутгалчихаад өнөөдөр амиа хамгаалсан гэж яриад байж болохгүй. Тийм учраас хэргийн бүрдэл зүйлчлэлийн хувьд ярих зүйл байхгүй. Хууль хэрэглээний хувьд шүүх дүгнэлтээ хийх байхаа...” гэв.

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Эхлээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд тайлбар хэлье. Өмгөөлөгч нар нь нөхцөл байдлыг ойлгож байгаа. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж ирсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хуулийг буцаан хэрэглэх талаар оруулсан. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн. Хэдийгээр үйлдэл нь 2002 оны хуулийн үйлчлэлд хамаарах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримталж, ашигтайгаар гэж зүйлчилж шүүх рүү оруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт бүх насаар нь хорих ял байгаа боловч 2002 оны Эрүүгийн хуульд байхгүй. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр орсон учраас шүүүдэгчийн хувийн байдлыг дордуулаад түүнд урьд байгаагүй ялыг ононгдуулах боломжгүй гэсэн үүднээс улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаан дээр 20 жил буюу энэ зүйл заалтад байгаа хамгийн дээд ялыг санал болгож, шүүх үүний дагуу шийдвэрлэсэн. Тийм учраас үүнд бүх насаар хорих ял, эсхүл өмнөх хуулиар нь зүйлчлэх, буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад шүүгдэгч нь хохирогч намайг хэвлийн тус газар хутгалсан гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан гэсэн зүйл тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн. Бид нар сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг уншаад өөрсдөө хууль зүйн дүгнэлтээ хийгээд бусад нотлох баримтуудтай харьцуулж үзээд үнэхээр хохирогч тухайн үед шүүгдэгч рүү халдсан уу гэдэг талаар дүгнэлт хийгээд, улсын яллагчийн зүгээс боломжгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэний үндсэн дээр хохирогчоор тогтоогоогүй. Мөрдөн байцаалт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэ талаар ярьж, зөвхөн энэ асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Тэгэхээр миний дотоод итгэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж үзэхэд амь хохирогч шүүгдэгчийн өөдөөс ямар нэгэн үйлдэл хийсэн, биед нь учирсан хүнд гэмтлийг учруулсан гэх зүйл огт нотлогдоогүй. Анхнаасаа сэтгэл санаа хүчтэй цочирон давчидсан гэх өмгөөллийн аяс явагдаж байсан учраас шүүх хуралдаанд асуултуудаа шүүгдэгчид тэр талаар тавьсан. Танд хүчээр дарлагдсан, хүчээр доромжлогдсон, хохирогчийн зүгээс танд ямар нэгэн буруутай үйлдэл хийсэн зүйл байна уу гэж асуухаар 100-200 сая төгрөгийн байраа яриад байдаг. Өмнөх өдрийн үйл явдалдаа сэтгэл санаа нь давчдаад, бачуураад 24 цагийн дараа буюу өглөө гэрээсээ балиус шиг хутга авч гараад охиныг хутгалсан юм шиг нөхцөл байдал тогтоогдож харагдаж байна. Үнэхээр шүүгдэгчийн хувийн байдлыг харахаар өөрийгөө хайрлахгүй амиа хорлоно гэдэг хүн хүнийг хайрлаж өрөвдөнө гэдэг нь хувь хүн талаасаа харагдах уу. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нотлох баримтад тулгуурлаж гаргасан хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна. Оногдуулсан ял нь хуулийн хүрээнд өгсөн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.   

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Б.А нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн байранд амь хохирогч Б.Б-г олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: "...охины маань хайр итгэлийн хариуд биднийг эзгүй үеэр Б.А охины маань амийг аймшигтайгаар хороосон. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13-19 цаг хүртэл 5 цаг гаруй хугацаанд охин маань түүнийг гэрээсээ гар, яв гэсэн шаардлага тавьсны төлөө дарамталсан байсан. Охин маань А-т үзэл бодлоо илэрхийлэхэд "нэг бол чи үх, нэг бол би үхье" гэсэн байдлаар хандсан. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр миний охин Аыг хутгалсан гэхэд би итгэхгүй байна. Миний охин "А-ыг амиа хорлох вий" гэж айн түгшиж, эцсийн мөч хүртлээ түүний төлөө байсан. Өөртэй нь санаа сэтгэл нийлэхгүй, үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө охиныг маань яагаад хутгалж алж байна вэ. Дөнгөж 29 настай охины минь амийг онц хэрцгийгээр хөнөөж, Б-гийн ганц эгч болон зээ охиныг минь насан туршид нь харьцах дүү, эгчгүй, эхнэр бид хоёрыг охингүй болголоо...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 122-123х/,

шүүгдэгч Б.А яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байсан. Тэгээд Б-гийн гэрийн гадна очоод хаалгыг нь тогшиход Б "гэрт эгч У унтаж байна" гээд үүдэндээ надтай уулзсан. Би түүнд "чи өчигдөр яаж байгаа юм бэ, заавал над руу хутга далайх хэрэг байсан юм уу" гэж хэлэхэд "чи яасан шалчигнасан юм бэ, дандаа наад зүйлээ ярьж байх юм, хоёулаа салъя, өчигдрийн явдлыг би ээж, аавдаа мэдэгдмээргүй байна, би цагдаа руу нь яръя, чи гомдолгүй гэдгээ хэлээрэй" гээд орилж, уурлаад байсан. Тэгэхээр нь би яагаад намайг үл тоомсорлож байгаа юм бэ гэж бодоод гэрээсээ авчирсан хутгаар өөрийн баруун гарын шууг зүссэн. Тэгтэл Б утсаар ярьж байснаа "чи хөөе" гэж орилоод над руу дайрч, хутга булаацалдаад "яах гээд байгаа новш вэ, гайтай, яршигтай юм бэ" гээд миний гэдэс рүү хатгах шиг болсон. Би гайхаад гэдэс рүүгээ харахад миний хэвлий орчмоос цус гоожиж байсан. Би цусаа хараад, миний дотор харанхуйлж, "миний хайртай эмэгтэй намайг алах гэж хоёрдох удаагаа ингэж байгаа юм байна" гэж айгаад ухаан балартан, хутгыг нь булаацалдсан. Нэг мэдэхэд бид хоёр нил цус болсон байдалтай газар хэвтэж байсан. Тэгтэл миний гар утас дуугарахаар нь сэргээд ярьтал манай дүү байсан. Би дүүдээ "би Б-г хутгалчих шиг боллоо" гэж хэлэхэд Б дуугарах шиг болсон. Тэгэхээр нь түүнийг амьд байгаа юм байна, эмнэлэг оръё гэж бодоод өргөж явахдаа замдаа унагаагаад, дахин өргөөд Б-г машины суудал дээр тавьж байтал 2 цагдаа ирээд намайг машиндаа оруулсан. Дараа нь эмнэлгийн машин ирээд намайг цэргийн госпитал руу авч явсан. Эмнэлэг явах замд цагдаа намайг байцаахад би болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Би тэр үед найз охиноо амьд байгаа гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-112х/,

гэрч Б.А анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “... Энэ хэрэг гарах үед би Солонгос улсад байсан. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр талийгаач Б-тэй мессенжрээр харьцсан. Тэр үед Б над руу "А миний хурууны хээтэй хутгаар амиа хорлох гээд байна, манай гэрт ороод ирлээ" гэж чат бичээд таг болсон. Тэгээд хэсэг хугацаанд ямар ч хариу бичихгүй байхаар нь би айгаад Монголд байдаг 2 найздаа "манай найз охиныг найз залуу нь хутга барьж, гэмтээх гээд байна, цагдаа дуудаад өгөөч" гэж хэлсэн. Би Б рүү мессеж бичээд байхад хариу бичихгүй байснаа хэсэг хугацааны дараа "би өөрөө хутгалсан юм аа, би аргалаад явуулъя" гэсэн сонин мессеж бичсэн. Гэтэл над руу бичсэн мессеж алдаатай, бичгийн хэв нь өөр байсан. Би Бгээс зөвхөн өөрийнх нь мэддэг асуултыг асуухад хариулахгүй "чи цагдаа дуудсан юм уу, цагдаагаа болиулчих" гэж удаа дараа бичиж байсан. Би Б-гээс багадаа хаана амьдарч байсныг нь асуухад ямар ч хариу өгөөгүй, над руу зургаа явуулаач гэхэд хариулаагүй. Цагдаа дуудсан найз маань Б-гийн гар утас руу олон удаа залгахад утсаа авахгүй байснаа цагдаагаа болиул гэж мессеж бичсэн байсан. Тэр өдрийн орой нь Б над руу мессеж бичсэн. Тэгэхдээ "А миний утаснаас чам руу зөндөө мессеж бичсэн байна, чи англиар бичихгүй яасан юм бэ" гэж надад бичсэн зүйлүүдийг өөрөө бичээгүй гэдгээ баталж хэлсэн. Би найзаасаа юу болсон талаар асуухад "А манай гэрт орж ирээд хутга бариад амиа хорлоно гэж надад хэлсэн. Бас миний хоолойг боосон. Үхлээс 2 секундын өмнө үлдлээ" гэж хэлж байсан. Тэгээд "миний хамаг бие хөндүүр болсон. Би маш их айж байна" гэсэн утгатай зүйл бичсэн байсан. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр талийгаач Бтэй 9 цаг 50 минутын үед дахин холбогдсон. Тэгээд "сайхан амарсан уу" гэхэд "сайхан амарсан, гэхдээ А үргэлж залгаад байх юм, би яах вэ" гэж айсан шинжтэй мессеж бичсэн байсан....” гэсэн мэдүүлэг /3хх-6х/,

гэрч Ц.Х анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “...2017 оны 4 дүгээр сарын 21-ний 10 цаг 15 минутад талийгаач миний гар утас руу холбогдоод "өчигдөр дуудлага өгсөн хүн байна, өчигдөрийн хэргийн талаар хэнтэй холбогдох вэ, надад нэр болон утасны дугаарыг нь өгч болох уу" гэхээр нь "утасны дугаарыг өгөх боломжгүй, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2 давхарт байцаагч М гэж хүн байгаа, тэр хүнтэй уулзаарай, юу болсон бэ" гэхэд "нөгөө хүн ирчихээд эндээс явахгүй байна, авраарай, туслаарай" гэж орилоод гар утас нь газар унах чимээ гараад дуудлага тасарсан. Тэгэхээр нь би тэр хавьд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч руу ярьж, энэ талаар мэдэгдсэн, мөрдөн байцаалтанд мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх-119х/,

гэрч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “... 2017 оны 4 дүгээр сарын 20-ны орой ах А, ээж С бид 3 гэртээ хоносон юм. Би 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гарахад ах маань гэртээ байсан. Тэгтэл 10 цагийн орчим миний 96090845 дугаарын утсанд ахын найз охин Б-гийн 99990057 дугаарын утаснаас ..."ах чинь амиа хорлоно гээд байна, машин чинь манай гэрийн гадна байгаа шүү, эгчийн дүү өөрөө ирж аваарай" гэсэн мессэж ирсэн. Тэгэхээр нь буцаагаад залгасан чинь Б-гийн утсыг ах А аваад "би Б-г хутгалчихлаа" гэсэн. Тэгээд утас нь тасарчихсан. Ах А, Б нар хоорондоо таарамжгүй байгаа гэж сонссон...” гэх мэдүүлэг /1хх 81-82х /

шинжээч О.Б мөрдөн байцаалтад “...талийгаач нь биеийн ар нуруун тус учирсан шарх гэмтлүүдийн улмаас гол судас болон уушги гэмтэж, цус алдаж үхэлд хүргэсэн байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь гаднаас ир үзүүртэй зүйлийн 28 удаагийн хатгаж, зүссэн шарх гэмтлүүд байсан ба дээрх гэмтлүүд нь хутган дээр унах үед үүсэх боломжгүй. Талийгаач нь эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдах боломжгүй гэсэн /1 хх-ийн 122х/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 840 тоот дүгнэлтэд:

1.  Талийгаачийн цогцост цээжний хөндийг нэвтэрч хоёр уушиг, гол судас, хэвлийн хөндийг нэвтэрч өрц, элэгний баруун дэлбэнгийн 8 дугаар сегментийг, хоёр бугалаг, шуу, баруун гуя, шилбийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн нийт 28 шарх. Толгойн баруун зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хамрын нуруу, эрүүний зулгаралт, цээжний гол хэсэг, баруун хэсгийн цус хуралт. Зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, цээжний зүүн хэсгийн хүрэн шаргал өнгийн зулгаралт (нас барсаны дараа) гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх шарх гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.  Талийгаач дээрх гэмтлүүдийн улмаас цус алдаж, дотор эрхтэний цус багадалт, цус алдалтын шокын улмаас нас баржээ.

5.  Талийгаач нь нас барах үедээ задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.   Талийгаачийн цогцост үүссэн шарх гэмтлүүд нь хатгагдаж зүсэгдсэн шархнууд байна.

7.  Талийгаачийн цогцост тогтоогдсон шарх гэмтлүүд нь бүгд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн болно. Хүчийг тогтоох боломжгүй.

8.  Дээрх шарх гэмтлүүд нь нэг төрлийн ир үзүүр бүхий багаж, зэвсэгээр үүссэн байх боломжтой.

9. Талийгаач нь 0/1/ бүлгийн харъяалалтай цустай байна.

10. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно гэсэн, /1хх, 116 х/

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн  заалттай нийцжээ.

Прокуророос Б.А-т 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж дээрх зүйлчлэлүүдээр  ял шийтгэлийг  оногдуулж, шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.А-т 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар гэм буруугийн хэр хэмжээ,шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул ял шийтгэлийг өөрчилж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна .

Иймээс ялтан Б.А-ын “хуулийн дагуу шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн, ялтны өмгөөлөгч Д.Т, Г.С нарын “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөх...”-ийг хүссэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “...оногдуулсан ялыг хүндрүүлж өгөх...”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 450 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.С, Д.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Ц.ОЧ                                                  

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                               

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ