Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00914

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03190 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00302 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.153.265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд УНМ 27-05 улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 8.406.803.87 төгрөг, зээлийн хүү 2.181.486.05 төгрөг нийт 10.588.289.92 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээ хугацаа 2014 оны 11 дүгээр 12-ны өдөр дууссан болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Мөн Ц.Үнэнтуяатай хамтран, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Toyota Estima маркийн УБЯ 98-88 улсын дугаартай суудлын автомашин барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 4.305.457.10 төгрөг, зээлийн хүү 2.296.132.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5.033.88 төгрөг, нийт 6.606.623.05 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 3.593.196 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.263.022 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 415.433 төгрөг, нийт 6.271.651 төгрөг байна. 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр гаргуулах үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 5.694.543 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.606.165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 580.906 төгрөг, нийт 9.881.614 төгрөг болж байна. Нийт 15.153.265 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 238.716 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөг өөрийн нэр дээр зээлж авсан ба одоо нэхэмжилж байгаа 6.271.651 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин төлөх энэ мөнгөн дээр харилцан тохиролцож, уян хатан хандаж, тодорхой төлөх график гарган төлөх болно. 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөгийг Ц.Үнэнтуяа болон Өмнөговь аймаг Ханбогд сумын Хны салбарынхан гуйсны дагуу хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан болно. Иймд Ц.Үнэнтуяагийн авсан зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03190 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Харчин овогт Ганболдын Ганзоригоос 15153265 /арван таван сая нэг зуун тавин гурван мянга хоёр зуун жаран тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238716 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 233716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00302 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03190 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 716 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00302 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч Г.Г Хинд үндсэн зээлийн үлдэгдэлд 8.406.803 төгрөг, зээлийн хүү 2.181.486 төгрөг нийт 10.588.289 төгрөг төлсөн. Зээлийн хугацаа 2014.11.12-ны өдөр дуусгавар болсон байхад 2017.10.10-ны өдрийн хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжилснийг шүүх хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Ц.Үнэнтуяа гэдэг хүний авсан зээлийг Г.Гоор төлүүлэх шийдвэр гаргасан нь буруу байна. Ц.Үнэнтуяа байсаар байтал Г.Гоор төлүүлэх нь үндэслэлгүй тул хэргийг хянан үзэж, зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “Х”  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15.153.265 төгрөг болгохдоо шаардлагаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс 6.271.651 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

Хариуцагч Г.Г  нь Хнаас   2012 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр 12.000.000 төгрөгийг 24 сарын  хугацаагаар жилийн 18 хувийн хүүтэй, 2012 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Ц.Үнэнтуяагийн  хамт 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаагаар жилийн 19.2 хувийн хүүтэй тус тус зээлсэн  ба  төлбөрийг  хугацаанд нь төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор  харилцан тохирч зээлийн гэрээ байгуулжээ.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагад нийцсэн, гэрээний  хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.  

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба хариуцагч зээлийн төлбөрт 6.606.623 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан, энэ талаар маргаагүй байна.  

Хариуцагч нь дээрх зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т зааснаар  үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. 2012 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн зээлийн гэрээнд Ц.Үнэнтуяа нь зээлдэгчээр, Г.Г хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ.

Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэйг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т  заасан бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг Г.Г-оос шаарджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн хүлээх үүрэг, төлбөрийн тооцоо зэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг  хангасан нь  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т нийцжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/03190 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00302 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 233.716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ