Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 152

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч:  БШГМЭХС 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Гуравдагч этгээд: “БТ” ХХК, “СБ” ХХК, “ГС” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: ”ГС” ХХК-д олгосон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг, Т*******-3 нэртэй газарт ашигт малтмал ашиглах MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад, “БТ” ХХК-д олгосон Төв аймгийн А*******булаг сум, Улаанбаатар Хан-Уул дүүргийн нутаг Б******* нэртэй газарт ашигт малтмал ашиглах MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад, “СБ” ХХК-д олгосон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг А******* элс-2 нэртэй газарт ашигт малтмал ашиглах MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “БТ” ХХК “СБ” ХХК “ГС” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдээр явуулж байгаа үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БШГМЭХС-ын төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Д.Э*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц*******, Ж.Б*******, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын иттгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд “БТ” ХХК-ийн төлөөлөгч Ш.А, түүний өмгөөлөгч Э.Н, гуравдагч этгээд “СБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “ГС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: БШГМЭХС нь байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 10 гаруй жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан учраас байгаль орчны чиглэлээр мэргэшсэн байгууллага гэж хэлж болох бөгөөд байгаль орчны чиглэлээр маш олон асуудлыг дэвшүүлж, ерөнхийлөгчийн түвшинд хүртэл асуудлаа шийдвэрлүүлж байсан идэвхтэй байгууллага байгаа. Тус байгууллага судалгааныхаа явцад Туул голын хамгаалалтын бүсэд 92 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, хайрга олборлосноос болоод байгаль орчин болон хүн амын эрүүл мэндэд хохирол учирч буйг олж мэдсэн. 

Ингээд нийтийн эрх ашгийг хамгаалахаар шүүхэд хандсан. Эхний ээлжинд маш олон байгууллагад хандсан боловч байнга нааштай хариу өгдөггүй. Мөн эдгээр компаниудад тусгай зөвшөөрөл олгох болсон шийдвэр нь Үндсэн хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан зарчим, заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 

Энэхүү нэхэмжлэл нь Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд оршин суудаг иргэдийн шаардлагаар гарсан. Тоосжилт ихтэй байна гэж маргадаг ба суурьшлын бүсэд хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгосон. Ер нь ганц Туул голтой холбоотой биш. Энэ хууль бус ажиллагаанаас болж “БТ” ХХК-ийн ашиглалтын талбайн хажуугаар урсаж байсан Бөхөг, Түргэний голууд ширгэсэн байдаг. Энэ голууд ширгэснээс болж хүн, мал, амьтан ундны усгүй болсон тул бид шүүхэд хандсан. Өөр нэг төрийн бус байгууллага судалгаа хийсэн байдаг ба хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хайрга нь голын гүний усыг хадгалж байдаг онцлогтой. 

Гэхдээ энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй боловч эрдэмтдийн судалгаагаар тогтоосон. Туул голын сав газарт гуравдагч этгээд “ГС” ХХК мөн хайрга олборлодог. Бид нарыг маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд очиж үзэхэд хайгуулын талбайн 100 метрийн цаана Туул гол урсаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс нэр бүхий дээрх компаниуд байгаль орчны эко системийг сүйтгэж, Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Усны хамгаалалтын бүс, усны эх бүрэлдэх газар хайрга олборлож болохгүй гэдэг үндэслэлээр дээрх 3 компанийг гуравдагчаар оролцуулж байгаа. Бодит байдал дээр очоод үзэхэд хайрга олборлож буй талбай айлуудтай маш ойрхон. Газар тариалангийн бүсэд ашигт малтмал олборлох тухай газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй. Хариуцагч, гуравдагч этгээд нарын ярьж байгаагаар дээрх газрыг хайгуулын бүс гэж маргадаг, гэтэл энэ газар бол иргэдийн суурьшлын бүсэд хамаардаг. Газрын тухай хуулийг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон болох нь илэрхий байгаа. Хайрга олборлолтоос болж үүссэн нүхнээс гүний ус шүүрч гараад, цүнхээл үүсэж, түүнд нь хүүхэд унаж нас барсан. Мөн нутгийн оршин суугчид суурьшлын бүсэд ашигт малтмал олборлосноос болж ухсан нүх рүү мал унаж үхээд байна гэж ярьдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналт шалгалтын ажиллагааг хийх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Нутгийн иргэд жил болгон Мэргэжлийн хяналтын ажилтнууд ирж үзчихээд “толгой сэгсрээд явдаг өөр юу ч хийдэггүй” гэж ярьсан тул бид Мэргэжлийн хяналтын газрыг хариуцагчаар татсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд ямар тохиолдолд Нийслэлийн Засаг даргын олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах талаар заасан байгаа. Тус заалтад заасан нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд орон нутгийн захиргааны байгууллагын гаргасан саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Энэ үндэслэлээр өмнө яригдаж байсан 10 аж ахуйн нэгжээс 3 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан. “БТ” ХХК, “СБ” ХХК, “ГС” ХХК-иудад зөрчил илэрсэн талаар нотлогдсон зүйл одоогийн байдлаар байхгүй байгаа учраас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 03 сард бүх түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, ашиглаж байгаа, Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгалийн нөөц ашиглаж байгаа бүх аж ахуйн нэгж, хувь хүмүүст зориулж мэдэгдэл хийсэн. Үүнд Нийслэлийн Засаг дарга “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг сайжруулах чиг үүргийг хүлээнэ. Хэрэв үүнд харшилсан хууль зөрчсөн үйлдэл гарсан тохиолдолд үүнтэй хатуу тэмцэнэ. Тусгай зөвшөөрөл авсан байгууллага зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална.” гэсэн мэдэгдэл хийж байсан. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаад, 2 ч удаа том шалгалт хийсэн. Үүний дүнг үндэслээд 2017 оны 08 дугаар сард А/609 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, хайгуул хийх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд дээр дурдсан зөрчлүүд батлан тогтоогдоогүй 96 аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайн үед “БТ” ХХК, “СБ” ХХК, “ГС” ХХК-иудад шалгалт хийхэд ямар нэг зөрчил илрээгүй. Иймд эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдээгүй байна” гэжээ. 

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан удирдамж гараад Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, дүүргүүдийн Байгаль орчны хяналтын байцаагч нар хамтраад Нийслэлийн 9 дүүрэгт хамтарсан шалгалт хийсэн. Уг нь хяналтын байгууллагууд өмнөх жилд нь эрсдэлтэй үнэлэгдсэн байгууллагуудыг төлөвлөөд  дараа жилд нь хяналт шалгалт хийдэг зарчимтай. Оны өмнө батлагдаад, батлагдсан төлөвлөгөөгөөр аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн зарим нь зарим жил нь ажиллаад, зарим жил нь ажилладаггүй, олгосон газраас өөр газар үйл ажиллагаа явуулдаг гэх мэт маш замбараагүй байсан. Ингээд манай байгууллага Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллагууд болон дүүрэг дүүргийн байгаль орчны байцаагч нартай хамтраад шалгалт хийсэн. Жил бүр шалгалт хийгддэг. Шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд улсын байцаагчийн акт, албан шаардлагаар зөрчлийг арилгуулаад, үе шаттай арга хэмжээнүүдийг авдаг. Энэ маягаар их олон жил ажилласан. Өмнө нь дайргыг олборлодоггүй байсан. Ганц, хоёр аж ахуйн нэгж олборлодог байсан. Анх ерөнхий төлөвлөгөөг зөрчиж 30 жилийн хугацаатай олгосон замбараагүй зөвшөөрлүүдийг цэгцлэхийн тулд Нийслэлийн Засаг даргаас захирамж гарсан. Шалгалтын дүгнэлтийг дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэр гарган холбогдох яам, тамгын газарт хүргүүлдэг. 2017 оны хувьд Нийслэлийн Байгаль орчны газар, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Нийслэлийн Засаг даргын зөвлөмж, захирамжийн хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Газрын алба болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан шалгалтыг 9 дүүргийн хэмжээнд нэр бүхий 147 компанид хийсэн байдаг. Шалгалтын дүнд 96 компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хууль, тогтоомжид заасан 6-7 үндэслэлээр цуцалсан. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн бол үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг нь шалгаад, уул уурхайн яамнаас батлагдсан уулын ээлжийн төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байна уу гэдгийг шалгасан. Мөн жил болгон хийгддэг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн хөтөлбөр, төлөвлөгөөг тусгадаг. Хяналт шалгалт явуулдаг гол бичиг баримтын үндэслэл нь уулын ажлын төлөвлөгөө тайлан болон тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олгох эрх Нийслэлийн Засаг даргад шилжсэнээс өмнө Ашигт малтмал, газрын тосны газарт хайгуулын төлөвлөгөөгөө өгч батлуулах ба энэ төлөвлөгөөний дагуу аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгааг бас шалгадаг. Туул голын ай савыг дагаад 400 орчим аж ахуйн нэгжүүд байдаг. Мөн бид уул уурхайн технологийн дагуу олборлолтын төлөвлөгөөг нь тухай тухай жилд нь баталж өгөөд, үүнийхээ дагуу үйл ажиллагаа явж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг. Зөрчилтэй гээд торгууль, акт тавьдаг. Анх Баянгол дүүргийн 2 дугаар хорооны урд тал, 32-ын тойргоор маш их карертай байсан. Үүнийг 2009 онд тухайн үеийн Засаг дарга Засгийн газрын хэмжээнд ярьж байгаад 14 аж ахуйн нэгжийг бүгдийг нь чөлөөлж байсан. Сонгууль болох бүрд Улсын Их Хурлын гишүүдийг тухайн газар дээр нь дагуулж очин үзүүлдэг. Би 5 Улсын Их Хурлын гишүүнийг дагаад Туул голын эх хэсэгт хаана өмхий байгааг нэг бүрчлэн үзэж байсан. Өмнөх Засаг дарга Э.Бат-Үүл эдгээр компаниудад ямар ч гэсэн Улаанбаатар хотын зам тавьж дуустал ажилла гээд ажиллуулсан. Бид шалгалт хийгээд тухайн үеийн төрийн тэргүүнд хүртэл танилцуулж байсан. Бид тухайн аж ахуйн нэгж үүргээ биелүүлсэн эсэх, бичиг баримт нь бүрэн эсэхийг л шалгадаг. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн 5 заалтаар тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Улсын байцаагчийн гаргасан акт дүгнэлтийг Байгаль орчны яамнаас шалгаж үзээд цуцална гэвэл цуцалдаг. Мөн Улаанбаатарыг утаагүй болгох гэхээр энэ карерүүдийг ажиллуулах болдог” гэжээ

Гуравдагч этгээд “СБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд ярьсан зүйлээс нь харахад “СБ” ХХК-д холбогдуулан 2 асуудал тавьж байна гэж ойлгож байна. Нэгт тухайн компанид гол мөрний урсац бүрэлдэх усан сан буюу усны хамгаалалтын бүс, энгийн хамгаалалтын бүстэй давхцуулан газар олгосон гэдэг байдлаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал иргэдийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа гэдгийг үгүйсгээгүй. Гэхдээ хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, хууль тогтоомжийг зөрчилгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг бусад аж ахуйн нэгжтэй хамааруулж ойлгож болохгүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “...2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 мeтрээр тогтооно. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг. Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар  гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно. Тодруулбал Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 196 дугаар, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаар тогтоолууд байдаг. Эдгээр тогтоолуудын хэрэгжилтэд Нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам хяналт тавьдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад гуравдагч этгээд “СБ” ХХК болон “БТ” ХХК, “ГС” ХХК-иудад олгогдсон газар энгийн болон хамгаалалтын бүсийн газарт хамаарахгүй байна. “Сигма бетта “ХХК нь Бөхөг голтой хамааралгүй, Туул голоос 8-10 километрийн зайд оршдог. Нэхэмжлэгч  талаас “СБ” ХХК-д суурьшлын бүсэд газар олгосон гэж маргадаг. Тэгэхээр нэхэмжлэгч тал суурьшлын бүс гэж юу вэ гэдгийг өөрсдөө ойлгох нь зүйтэй байх. Манай компанийн газар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор ч гэсэн суурьшлын бүсэд хамаарахгүй байгаа. Мөн хавтаст хэрэгт тухайн орон нутгийн Засаг даргын болон Иргэдийн нийтийн хурлын албан тоотууд авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагаас харахад гуравдагч этгээдүүдийг төлбөрөө төлдөггүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй гэдэг байдлаар маргадаг. “СБ” ХХК-ийн хувьд ус ашигладаггүй. Мөн 3 жилийн хугацаанд газар ашиглахгүй байгаа биш. Үйл ажиллагаа явагдаж байгаа. Сүүлийн 2016 оны сүүлээс 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй. Гэхдээ нөхөн сэргээх гэх мэт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд явж байгаа. Газрын маргаантай холбоотой асуудлаар 1 жил үйл ажиллагаа явуулаагүй. Төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас хамаараад тухайн газарт давхардуулан газар эзэмшүүлснээс болоод шүүхэд газрын маргаантай холбоотой асуудал явж байгаа. Нэхэмжлэгч талаас тоосжилттой, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байна гэсэн олон нөхцөл байдал ярьж байна. Тэр бүх нөхцөл байдлууд нь гуравдагч этгээдээр оролцож байгаа 3 компанитай ямар хамааралтай юм бэ? Энэ 3 компанийг бусад аж ахуйн нэгж байгууллагуудтай хамааруулж ойлгож байгаа нь зохимжгүй байна. “СБ” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлж байгаа цөөхөн компаниудын нэг юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бусад компаниудад зөрчил дутагдал гарсан гэдэгт маргахгүй байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийгээд тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Манай компани хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “БТ” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 онд тусгай зөвшөөрөл авсан. Тухайн үед манай талбай ямар ч айл, иргэнд өмчлөгдөөгүй байсан. Манай газрыг тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байх хооронд Хан-Уул дүүргийн Засаг даргаас газар давхцуулан олгосноос болж энэ асуудал үүссэн. Тухайн үед манай газраас дор хаяж 200-500 метрийн зайд айлууд байдаг байсан. Манай газар энгийн хамгаалалтын бүсэд хамаардаггүй. Энэ талаар холбогдох лавлагааг авч хэрэгт хавсаргасан байгаа. Мөн манай компани гүний худагтай. Гүний худгаа зохих зөвшөөрлийн дагуу авсан. Төлбөрийг нь цаг тухайд нь төлөөд явдаг. Туулын сав газрын мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу манай компани 5 шүүлтүүртэй. 1 нь усан сан байдаг. Усан сангаасаа худаг шүүгдэж орж байдаг. Ингээд ашиглаж байгаа нийт усныхаа 80 хувийг эргүүлээд ашигладаг. Манай газраас өөр ийм газар байхгүй байх. Усны шинжилгээг жил бүр өгдөг. Мөн үйлдвэрийн орчинд байнга тоосжилтын шинжилгээ хийдэг. Бид өөрсдөө тэнд амьдардаг. Одоогийн байдлаар бидэнд ямар нэг харшил илрээгүй. Бид жил бүр эмчийн үзлэгт ордог. Мөн манай компаниас жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийж, орон нутгийн ажлын комисст хүлээлгэж өгдөг. Манайх үйл ажиллагаа эхлүүлсэн цагаасаа хойш 5 га газрыг хөндөж үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ 5.9 га газарт нөхөн сэргээлт хийж, 450 ширхэг жимсний мод суулгасан. 2010-2017 онд манай компани улс болон орон нутгийн төсөвт 356.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар манай компанийн үйл ажиллагааг эрсдэл багатай гэж тооцдог. Манай компани химийн бодис хэрэглэдэггүй, тэсэрч дэлбэрдэг материал ашигладаггүй. Манай компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “БТ” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргах байж. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхойгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасанчлан нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нийтийн эрх ашиг ямар түвшинд очиж, эрх ашиг нь хэрхэн сэргээгдэх юм бэ. Эдгээр байдлууд нь тодорхой бус байна. “БТ” ХХК-ийн хувьд Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасныг үндэслэл болгож байгаа. Манай компанийн эзэмшил газар нь суурьшлын бүсэд хамаардаггүй. Мөн манай компанийн төлөөлөгч болон “СБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас манай компанийг малчин иргэдийг бэлчээрийн газаргүй болгосон гээд байгаа. Бэлчээрийн бүс, суурьшлын бүс байсан талаар нотлогдох баримт байдаггүй. Малчин иргэдийг бэлчээрийн талбайгүй болгосон гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Мөн орон нутгийн иргэд тоосны харшилтай болсон гэдэг. Энэ талаар “Шинэ суурьшил” эрүүл аюулгүйн орчин ТББ-ыг гэрчээр асуусан байдаг. н.Үүрийнжин, н.Оюунчимэг нар тухайн ашигт малтмалын талбайн ойр орчимд маш их тоосжилт үүссэн гэж мэдүүлдэг. 8 хүнийг төлөөлсөн гэдэг боловч тоосжилтын хувь, хэмжээ эдгээр хүмүүс хэзээ харшилтай болсон талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Иргэн н.Чинзоригийн эзэмшлийн газар нь “БТ” ХХК-ийн ашиглалтын талбайгаас 200-300 метр зайтай. Энэ хүн өөрөө төрийн бус байгууллага байгуулсан. Энэ талаар холбогдох бүх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн “БТ” ХХК-ийн ажилчдын 2014-2017 оныг дуустал эрүүл мэндийн үзлэгт орж ямар нэг өвчлөлт, өөрчлөлт байхгүй гэсэн эмчийн магадалгаа хэрэгт авагдсан байгаа. Манай компани нийгмийн хариуцлагын асуудлын хүрээнд ойр орчмын зам, талбайд 101.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 9 настай охин ухсан нүхэнд унаж нас барсан талаар “БТ” ХХК-д хамааруулж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ үйл баримт нотлогдох ёстой. Хуульч хүн бусдын нэр хүндэд халдаж болохгүй. Орон нутгийн иргэдээс “БТ” ХХК-ийн эзэмшлийн талбай руу удаа дараа халдаж байсан бол одоо бол байнга шахуу халддаг болсон. Бид энэ асуудлаар Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, Прокурорын газарт гомдол хүргүүлсэн. Дээр дурдагдсан 9 настай охин манай компанийн эзэмшлийн зам талбайд явж байгаад нүхэнд унаж нас барсан гэдэг асуудлыг ч зохих байгууллагаар шалгуулж, тогтоолгоно гэж бодож байгаа. Нэхэмжлэгч талаас төрийн албан хаагчид хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаач гээд шаардаад байдаг. Гэхдээ эдгээр 3 компани хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй байсан учраас эдгээр компаниудын тусгай зөвшөөрөл сэргээгдээд яваад байгаа юм. Хариуцагч нар чиг үүргийнхээ дагуу жил бүр шалгалтаа хийдэг. Мөн “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ын гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Байгаль орчны газар, Нийслэлийн Засаг даргаас байнга шалгалт ирдэг. Манай компани тэр бүх шалгалтуудыг давж гарсан. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн хувьд тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “ГС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч талаас тус 3 компанийг нийтийн эрх ашгийг зөрчиж байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан байна. Тухайн газарт оршин сууж байгаа нийт иргэдийн эрх ашгийг зөрчихүйц хэдэн аж ахуйн нэгж байгаа, тэдгээрээс хэд нь үйл ажиллагаа явуулж байгаа, ямар төрлийн үйл ажиллагаа тухайн газар оршин сууж байгаа иргэдэд ямар хэмжээнд нөлөөлж байгаа талаар тодорхой нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт байх ёстой байх. Ийм зүйлийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй учраас эдгээр компаниуд оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдохгүй байна. Мөн суурьшлын бүс гэж яриад байдаг. Тухайн газар нь суурьшлын бүс мөн эсэхийг тухайн дүүргийн Газрын алба болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тогтоолоор тогтоодог. Өнөөдрийн байдлаар хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тус газрууд нь суурьшлын бүстэй ямар нэг давхцалгүй болох нь тогтоогдож байна. Мөн Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар ямар тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Гуравдагч этгээдээр оролцож байгаа компаниудын хувьд хууль зөрчсөн үйлдэл байхгүй учир өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байна. Мөн Нийслэлийн  Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гараад он дамжсан буюу 2016, 2017 оны үед Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байдаг. Үүний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 03 дугаар сард захирамж гаргаж хууль зөрчсөн болон тухайн оршиг суугчдын эрх ашгийг зөрчсөн 96 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Манай 3 компани үүнд ороогүй байна гэдэг нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн орон нутагт оршин суугчдын эрх ашгийг зөрчөөгүй байна гэсэн үг юм. Мөн “ГС” ХХК-ийг хайгаад олсонгүй гэж ярьдаг. Монгол улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газартай хангалттай нарийн бүртгэлтэй байдаг. Мөн эдгээр компаниудын үйл ажиллагаа нь тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэдэд нөлөөлөөд байна гэдэг. Гэхдээ тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэдийн хэдийнх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн талаар нэхэмжлэгч талаас тодруулсан байх шаардлагатай. Гэвч ганц иргэний мэдээллээр үүнийг дүгнэх боломжгүй. Манай компанийн тусгай зөвшөөрлийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаа нь хууль тогтоомж болон иргэдийн эрх, ашгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч БШГМЭХС-ын нэхэмжлэлийн шаардлагаас “ГС” ХХК-д холбогдох хэсгийг хангаж, “БТ” ХХК, “СБ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Боржгоны тал ХХК-ийн MV-01*******, Сигма бетта ХХК-ийн MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, тусгай зөвшөөрлөөр явуулж байгаа үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгчээс “БТ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо Бөхөг, Түргэний голын урсац бүрэлдэх эх, голын онцгой хамгаалалтын бүс, голын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхардуулан олгосон, малчин иргэдийн бэлчээрийн газаргүй болгож, олборлолт явуулж байгаа, Сигма бетта ХХК-д үйлдвэрлэлийн буюу хүн амын оршин суугаа бүс дотор тусгай зөвшөөрөл олгосон гэж маргасан байна. 

“БТ” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, Төв аймаг А*******булаг сумын нутаг дэвсгэрт байрлах Б******* нэртэй 29.34 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-01******* дугаартай тусгай зөвшөөрөл, “СБ” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг А******* элс-2 нэртэй 116,35 га талбайд ашигт малтмал ашиглалтын MV-01******* тоот тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг байна.

“БТ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны  194 дүгээр тогтоолоор  баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хил, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцаагүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06б/6576 дугаар албан бичиг, кадастрын зураг /ХХ-2 131 хуудас/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 8/8451 дугаар албан бичиг, кадастрын зураг /ХХ-2 193 хуудас/ зэргээр, “СБ” ХХК-ийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2013 оны 06 дугаар сарын 25-ны 6/3515, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/7218 дугаар албан бичгүүдээр /ХХ-2 207, 208 хуудас/ тус тус тогтоогдож байна. 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасан үүрэг хүлээнэ, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үүргээ дээрх компаниуд биелүүлж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж тухай бүр биелэлт, тайлангаа өгч байсан болох нь гуравдагч этгээд “БТ” ХХК, “СБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

Түүнчлэн Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтран түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт шалгалтыг хийж “СБ” ХХК, “БТ” ХХК-иуд нь энэ шалгалтад хамрагдаж, хугацаатай үүрэг даалгавар өгч торгуулийн арга хэмжээ авсан нь хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2017/16 дугаартай танилцуулгаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг хянан шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд удаан дараа шалгалт явуулж байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. 

Мөн “СБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай Улаанбаатар хотын суурьшлийн бүстэй давхцалгүй талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/4505 дугаар албан бичиг, кадастрын зургаар тодорхойлж ирүүлсэн байна. 

  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална, 37.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 37.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй; 37.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан; 37.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон” гэх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг дарга нь тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй талаар зохицуулж өгсөн бөгөөд “СБ” ХХК, “БТ” ХХК-ийн хувьд эдгээр үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. 

2. “ГС” ХХК-ийн ашигт малтмал ашиглах MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, тусгай зөвшөөрлөөр явуулж байгаа үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр тус компанийн MV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай” 48 дугаар шийдвэрээр сэргээсэн байна.  

“ГС” ХХК-ийн MV-01******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор  баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хил, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцаагүй боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүстэй 25.4 га талбайгаар бүхэлдээ давхцалтай болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06б/1237 дугаар албан бичиг, кадастрын зургаар нотлогдож байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 

Түүнчлэн Гравел стоун ХХК нь дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн байгаль орчны газрын хамтран хийсэн шалгалтад хамрагдаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. 

Иймд “ГС” ХХК-д олгосон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг, Т*******-3 нэртэй газарт ашигт малтмал ашиглах MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, “ГС” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдээр явуулж байгаа үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БШГМЭХС-ын нэхэмжлэлийн шаардлагаас “ГС” ХХК-д олгосон Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг, Т*******-3 нэртэй газарт ашигт малтмал ашиглах MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад, “ГС” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдээр явуулж байгаа үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулах” шаардлагыг хангаж, “Боржгоны тал ХХК-ийн MV-01*******, Сигма бетта ХХК-ийн MV-01******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрээ гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, тусгай зөвшөөрлөөр явуулж байгаа үйл ажиллагаанд гарсан зөрчлийг хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОЮУНГЭРЭЛ