Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 281

 

Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, А.Алтантулга,

Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Ганзориг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Д.Март,

шүүгдэгч Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч Ц.Адъяасайханы өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил нарын өмгөөлөгч С.Батзаяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3А дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 509 дүгээр магадлалтай, 201401080517 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Адъяасайхан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б.Ганцоож, шүүгдэгч Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Д.Март нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Монгол овогт Чулуунхүүгийн Оргилболд нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Бат-Эрдэнийн Бат-Оргил нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Жаргалант овогт Батдэлэгийн Пүрэвзүн нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гурван Хар овогт Алтанцэцэгийн Алтантулга нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

5.Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бичээч овогт Цэвээнсайханы Адъяасайхан нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

6.Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Эрхэт овогт Болорцогтын Ганцоож нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоног хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяасайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоног хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарт тус бүр оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялаас 2 жилийг, Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга нарт тус бүр оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Пүрэвзүн нарт оногдуулсан 3 жил 1 сар хорих, Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга нарт оногдуулсан 1 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 3А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяасайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарыг тус тус эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяасайханыг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж өөрчилж, 3 дахь заалтын “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Адъяасайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаатай хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч үлдэх 3 жил 1 хоногийн...” гэснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Адъяасайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, Б.Пүрэвзүний үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Б.Ганцоожийн үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Ц.Адъяасайханы үлдэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг...” гэж өөрчилж, 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Пүрэвзүн нарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг...” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганцоож, Ц.Адъяасайхан, Б.Пүрэвзүн нарт тус тус оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Ш.Сарангэрэл, Д.Март, Х.Даваасүрэн, С.Батзаяа нарын саналыг сонсоод

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ганцоож хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...2016 оны 1 дүгээр сарын 8-наас хойш хоригдож байх хугацаандаа хэрэг зөрчил гаргаж, хүнтэй муудалцаж байсан удаагүй, дахин гэмт хэрэг үйлдээгүй, асуудал гаргалгүй хүмүүжиж байсан. Гэтэл хорих ялыг нэмэгдүүлсэнд гомдолтой байна. Хэрэг болсон тухайн үед тэр мөнгийг Бат-Оргилын мөнгө гэж бодоцгоосон. Цагдаагийн хэлтэс дээр очиход Бат-Оргилын биенээс түрүүвч гарч ирсэн. Ахмад М.Баярсайхан байцааж байх үедээ бидэнд хүч хэрэглэн зодож, цахилгаан бороохойдож дээрмийн гэмт хэрэг болгож хүлээлгэсэн. Бас дахин дээрмийн гэмт хэрэг тохохыг оролдсон. Бидэнд тохирч дээрэм хийе гэсэн ямар ч санаа бодол байгаагүй. Бидний эцэг эхчүүд хохирол төлөх мөнгөн дээр муудалцаж 2 хэсэг хуваагдсан. Намайг яллахдаа бусдыгаа хатгасан гэсэнтэй санал нийлэхгүй, гомдолтой байна. Хэргийг дахин шалгаж мөрдөн байцаалтын шатанд буцааж, үнэн зөвөөр шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Адъяасайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй. А.Алтантулга, Ч.Оргилболд, Б.Бат-Оргил нар гэмт хэргийг сэдэж, үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Би хохирогчоос авсан гэх мөнгийг үрэлцэхэд оролцоогүй, мөн пиво уугаагүй, эрүүл байсан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх машиныг Д.Цэрэндуламд олгоод, дээр нь давхар машины үнийг биднээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дээд шүүхийн 15 дугаар тогтоолд энэ талаар тодорхой заасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн талаар бичсэн байгаа бөгөөд ингэж дүгнэсэн нь буруу юм. Энэ гэмт хэрэг анх удаагийн үйлдэл байсан. ...2013 оноос хойш энэ гэмт хэргийн үнэн зөвийг ололгүй ингэж хохирч байгаадаа гомдолтой байна. Миний хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарыг дээрэмдэх гэмт хэрэгт хатгагч, хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар хувийн байдлын хувьд засарч хүмүүжих боломжтой, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй зэрэг байдлыг харгалзан хорих ялыг 3 жил 4 сар 1 хоног болгон багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Адъяасайханы өмгөөлөгч З.Цэнгэнбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Ц.Адъяасайханд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан нотолбол зохих ажиллагаанууд бүрэн хийгдээгүй байна. Түүнчлэн дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй, уг хэрэгт оролцоогүй. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлт огт байгаагүй. Түүнийг хамжигч гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн Адъяасайханыг 2 өөр өмгөөлөгч ээлжлэн өмгөөлж байсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нараас автомашины үнэ 4.800.000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь бодит зах зээлийн ханштай нийцэхгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Д.Март хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж, зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлэгт тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн гэж үзэх боломжгүй юм. “Б.Пүрэвзүн дээрэм хийхийг эхэлж санаачилсан, энд хүн бууж ирж байна, та нар буучих” гэж хэлсэн гэх шүүгдэгч А.Алтантулга, Б.Бат-Оргил нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдаагүй. Ц.Адъяасайхан нь хэрэгт хамжигчаар ямар байдлаар оролцсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүх хийлгүй хэт яллах талыг баримтлан шүүгдэгч нарын оролцоог хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан үнэлээгүй. Иймд шүүгдэгч Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, түүнийг мөрдөн байцаалтын явцад шалгасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалтыг баримталж Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарт холбогдох эрүүгийн хэргээс тэдгээрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Шүүгдэгч Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэн магадлал гаргасан. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүн Б.Ганцоож, Ц.Адъяасайхан нарын үйлдэлд байхгүй, хатгагч, хамжигч байх үндэслэл тогтоогдоогүй байна. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь автомашинаа буцааж авах талаар ямар нэгэн санал, гомдол гаргаагүй байхад шүүх шүүгдэгч нараас түүний үнийг төлүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил нарын өмгөөлөгч С.Батзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Автомашины үнэлгээг бууруулах нь зүйтэй” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ц.Адъяасайхан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б.Ганцоож, шүүгдэгч Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Д.Март нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, А.Алтантулга, Ц.Адъяасайхан, Б.Ганцоож нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасныг баримтлан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нар нь 2014 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж бүлэглэж Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өвөршандын 5 дугаар гудамжинд хохирогч Б.Батмөнхийг газар унаган эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, мөнгө, хэтэвч, Хаан болон Төрийн банкны виза карт зэрэг 44.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүхээс шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга нарт оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Пүрэвзүн нь хохирогч Б.Батмөнхийн эд зүйлийг дээрэмдүүлэх зорилгоор “машины арын суудалд сууж явсан А.Алтантулга, Б.Бат-Оргил, Ч.Оргилболд нарт хандан “та 3 буух юм уу” гэж хэлж засмал зам дээр тэдгээрийг буулгаж, Өвөршандын 5 дугаар гудамжны үзүүрт зогсон хүлээж байгаад машиндаа суулган явах зэргээр дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, шүүгдэгч Ц.Адъяасайхан нь Тоёота Ист маркийн 69-89 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.Пүрэвзүн “цохио хийцгээе, дээрэм хийе” гэхэд Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга нарыг засмал зам дээр буулгаж, улмаар гудамжны үзүүрт зогсон хүлээж байгаад машиндаа суулган явах зэргээр дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилган дэмжлэг үзүүлж, гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон үйл баримтыг шүүх хохирогч Б.Батмөнх, бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд тулгуурлан үндэслэлтэй тогтоосон байх тул шүүгдэгч Ц.Адъяасайхан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Х.Даваасүрэн нарын гаргасан “...хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэх, өмгөөлөгч Д.Мартын гаргасан “...Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдол болон саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт хатгагч, хамжигчаар оролцсон гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан гомдлыг хүлээн авч хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул тэдэнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах байдлаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Адъяасайхан шүүхийн хэлэлцүүлэгт “Ганцоож “яах гээд байгаа юм” гэсэн чинь Алтантулга, Бат-Оргил, Оргилболд нар “зүгээрээ бид нар өөрсдөө арыг нь даана, та нарт ямар ч хамаагүй” гэж хэлээд буугаад явсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Пүрэвзүн шүүхийн хэлэлцүүлэгт “...зогс гээд машин зогсоод Бат-Оргил, Алтантулга, Оргилболд 3 буугаад явахад нь Ганцоож “хэрэггүй шүү” гэж хэлэхэд тоохгүй явсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бат-Оргилын сэжигтнээр өгсөн “тэнд нэг согтуу хүн явж байна бууя гэсэн, тэр үед Ганцоож “яах гэж байгаа юм бэ” гэхээр нь зүгээр гээд буусан” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.Алтантулгын сэжигтнээр өгсөн “Ганцоож биднийг больцгоо гэж анхааруулж байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ганцоожийн шүүхийн хэлэлцүүлэгт “Оргилболдыг сэрээгээд гарахад нь би “та нар яах гээд байгаа юм, хэрэгт орооцолдоно, боль” гэхэд миний үгийг тоохгүй шууд гүйлдээд яваад өгсөн” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Ганцоожийн хувьд нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч тэрээр дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд санаа зорилгоор нэгдэж хамтран оролцсон болох нь нотлогдохгүй байх тул энэ талаар шүүгдэгч Б.Ганцоожийн гаргасан гомдол болон түүний өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан саналыг хүлээн авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар Б.Ганцоожид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Харин шүүгдэгч Б.Ганцоожид холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нараас тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулан энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт нэр бүхий шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг “давтан” үйлдсэн гэм буруутай гэсэн буруу дүгнэлт хийж техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 509 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай:

1. “Дүүргийн 4 дүгээр прокурорын газраас Б.Ганцоожид Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж,

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоног хорих ял шийтгэсүгэй” гэж,

3. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар 1 хоног хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хасч, үлдэх 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж,

4. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга, Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нараас тус бүр 920.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ганцоожийг нэн даруй суллаж, өмгөөлөгч Д.Мартын гаргасан гомдлоос “шүүгдэгч Б.Пүрэвзүн, Ц.Адъяасайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг болон шүүгдэгч Ц.Адъяасайхан, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ,

                                                   ШҮҮГЧ                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                  ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН