Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 125/2016/0007/З/ |
Дугаар | 269 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 269
М.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Буяндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваахүү нарыг оролцуулан, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр магадлалтай, М.Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч М.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлалын “хянавал” хэсэгт Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 67 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 6 хэлтэс, 41 хүртэл орон тоотой байхаар тогтоож, уг тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2009 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн “аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай” 27 дугаар захирамжаар Тамгын газрын даргад Засгийн газрын 67 дугаар тогтоолд заасан орон тоонд багтааж, сонгон шалгаруулах замаар ажилтнуудыг авч ажиллуулахыг үүрэг болгосны дагуу Тамгын газрын дарга 13 дугаар тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна”, “…нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдэхүй гэж үзэхээр байна”, “хариуцагчаас нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсантай холбогдуулан хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн акт гаргуулах нь зүйтэй гэж үзэв” гэж хянан, нэхэмжлэгч миний биеийг ажлаас бүрэн чөлөөлөгдөөгүй болохыг тогтоогоод “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг Тамгын газрын даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн юм.
Түүнийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 90 дүгээр тогтоолд “…давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ...” гэж хянаад тогтоох хэсгийнхээ 1-д “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч М.Буяндэлгэрийг чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх хэмжээний хүрээнд дахин акт гаргах хүртэл шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг түдгэлзүүлсүгэй” гэснийг “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч М.Буяндэлгэрийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг Тамгын газрын даргад даалгасугай...” гэж өөрчлөн шийдвэрлэсэн юм.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх нь миний эрхийг зөрсөн буруутай эс үйлдэхүйгээ угаасаа мэдэж байсан учраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө “...нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой...” гэх тайлбарыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдаан дээр гаргаж байснаа умартаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчиж, ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа намайг ажлаас чөлөөлөлгүйгээр “нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” тушаал гарган миний эрх зүйн байдлыг дордуулаад байна.
Тэгээд ч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “...эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3, 36.2, 40.3, 40.5 дахь заалтуудыг зөрчин байж хэрэглэсэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын дээрх тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д заасан “...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй...” гэдэгт хамаарагдаж байгаа тул илт хууль бус акт, эрх зүйн чадамжгүй тушаал болох нь тодорхой байна.
Иймд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” А/39 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, ажилгүй байсан хугацаа болох 82 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 36679937 /гучин зургаан сая зургаан зуун далан есөн мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан 82 сарын хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шүүх маргааны зардал 26300 /хорин зургаан мянга гурван зуу/ төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Буяндэлгэрийн нэхэмжлэлд дурдсан асуудлаар захиргааны хэргийн болон иргэний хэргийн бүх шатны шүүхээр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд харин түүнд олговол зохих нэг удаагийн тэтгэлгийг олгох шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тодорхой заагаагүй байгааг залруулахыг Улсын Дээд шүүхээс манайд даалгасныг хангаж ажиллаа. М.Буяндэлгэрийн дансанд нэг удаагийн тэтгэлгийн мөнгийг шилжүүлэх гэхээр тэрээр дансныхаа дугаарыг өгөхгүй байгаа болно. Иймд М.Буяндэлгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” А/39 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ажилгүй байсан хугацаа болох 82 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 36679937 /гучин зургаан сая зургаан зуун далан есөн мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан 82 сарын хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, шүүх маргааны зардал 26300 /хорин зургаан мянга гурван зуун/ төгрөгийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 301 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.2-т заасны дагуу хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр магадлалд “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор иргэн М.Буяндэлгэрийг үүрэгт ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, харин хариуцагч нь бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуульд заасан баталгааг хангах талаар ямар нэг арга хэмжээ авахгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж дүгнэн, түүний төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2015 оны А/39 тоот тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Буяндэлгэрт 6 сарын урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь тухайн ажилтны албан тушаалын орон тоо өөрөөс үл хамаарах шалтгаанаар хасагдсан тохиолдолд сонгож хэрэглэхээр зохицуулсан Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцсэн байна” гэж хянасанд гомдолтой байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолын хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 301 дүгээр магадлалд дээрх байдлаар хянагдсан дараах асуудлыг хуулийн дагуу нэг мөр ойлгохгүй байгаад гомдолтой байна.
Үүнд: Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх тухайд дурдвал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хоёргүй сэтгэлээр, хархан багаасаа зүтгэж ирсэн орон нутгийн захиргааны байгууллага дахь ажлын байр юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлал “...13 дугаар тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж хянагдсан.
Учир нь би 13 дугаар тушаал гарах мөчид хууль ёсны захиргааны чөлөөтэй байсан бөгөөд түүнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 55 дугаар магадлал “...нэхэмжлэгч М.Буяндэлгэр дээрх 13 дугаар тушаал гарах үед буюу 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд захиргааны чөлөөтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа”-г нэгэнт тогтоосон болно. Нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн энэхүү 13 дугаар тушаалыг гаргахдаа урьдчилан мэдээлж, уг шийдвэрт оролцоог минь хангаагүй.
Мөн магадлалд “...нэхэмжлэгчийг захиргааны чөлөөтэй байх хугацаанд бүтцийн өөрчлөлтөөр ямар ажил, албан тушаалд томилсон, томилоогүй, орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай эс үйлдэхүй гэж үзэхээр байна” гэж хянагдсан. Магадлалд “...нэхэмжлэгч М.Буяндэлгэр тухайн үөд захиргааны чөлөөтэй байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажлын байр, албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхтэй тул хариуцагчаас нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдсантай холбогдуулан хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн акт гаргуулах нь зүйтэй гэж үзэв” гэж мөн хянан тогтоосон юм. Иймд миний бие ажлаасаа халагдаагүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа юм.
Магадлалд “...Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2015 оны А/39 тоот тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Буяндэлгэрт 6 сарын урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь тухайн ажилтны албан тушаалын орон тоо өөрөөс үл хамаарах шалтгаанаар хасагдсан тохиолдолд сонгож хэрэглэхээр зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасантай нийцсэн байна” гэж үзсэн нь хүчин төгөлдөр байгаа Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолыг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр магадлалд “иймд нэхэмжлэгч М.Буяндэлгэрийн “...нэхэмжлэгч миний биеийг ажлаас чөлөөлөлгүйгээр нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал гарган миний эрх зүйн байдлыг дордуулаад байна...” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй байна” гэж хянасанд гомдолтой байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолд “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг ажилд томилох боломжтой гэх тайлбарыг гаргаж байх тул гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсэгт холбогдуулан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ” гэж дүгнээд нэхэмжлэгчийг ажлаас халаагүй болох нэгэнт тогтоогдлоо, хариуцагч тал ажилд авахаар боллоо, хохирлын тухайд иргэний шүүхээр нэхэмжлэх нь зүйтэй гэх утгатай шийдвэр хэлсэн юм.
Гэтэл нэхэмжлэгч миний эрх зүйн байдал дээрх 90 дүгээр тогтоолоор нэгэнт тогтоогдсон ажлаас халагдаагүй, ажилд буцан орох эрх зүйн байдлаас ажлаасаа чөлөөлөгдөлгүйгээр нэг удаагийн тэтгэлэг авах эрх зүйн байдалд хүртлээ дордлоо.
3. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр магадлалд “нэхэмжлэгчийн 6 сарын чөлөө олгосон захиргааны шийдвэр болох 60 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг үндэслэсэн байна. Түүнтэй холбоотой баримтуудыг үнэн зөв үнэлсэнгүйд гомдолтой..., Төрийн албан тухай хуулийн, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг хэрэглээгүйд гомдолтой...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэж хянасанд гомдолтой байна.
Нэхэмжлэгч миний гомдол гаргаж буй энэхүү 301 дүгээр магадлал нь “...6 сарын чөлөө олгосон захиргааны шийдвэр болох 60 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэсэн байна...” гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа түүнтэй холбогдох хууль, тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 21.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн төрийн албан хаагчийн баталгааг хангах заалтыг хэрэглээгүйд маш их гомдолтой байна.
Учир нь 2009 оны 3 дугаар арын 04-ний өдрийн 13 дугаар тушаал гарах үед миний бие Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэсэн 60 дугаар тушаалаар олгогдсон 6 сарын хугацааны захиргааны чөлөө эдэлж байсан юм. Иймд Төрийн албан тухай хуулийн 27.2.1-д заасны дагуу төрийн албанаас халагдахгүй байх эрх зүйн хамгаалалт эдлэгдэх ёстой гэж үзэж байна. Энэ заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 26.1, 36.1.2, 36.2 заалтуудаар баяжигдан хэрэглэгдэх нь зүй хэрэг юм.
Гэтэл дээрх маргаан бүхий 13 дугаар тушаал нь Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэг заалт үндэслээгүй байгааг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Харин Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэсэн 60 дугаар тушаалаар олгогдсон 6 сарын хугацааны захиргааны чөлөө мөн хуулийн 27.2.1-д заасанд хамаарахгүй гэх шүүхийн шийдвэр маш ихээр гомдоож байна.
4. Мөн 301 дүгээр магадлалд “учир нь, нэхэмжлэгч М.Буяндэлгэр 2008 онд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдсөн, улмаар өөр ажил эрхэлж байсан болох талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолд “...М.Буяндэлгэр нь 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар Эрдэм-Оюу дээд сургуульд магистрын албаны эрхлэгчийн албан тушаалд томилогдон 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тус сургуулийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 169 дугаартай тодорхойлолт, тус сургуульд ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа зэргээр тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн байх тул түүнийг Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон” гэж заасанд хамаарна гэж үзэхгүй” гэж хянасанд гомдолтой байна.
Захиргааны чөлөөний хугацаанд суралцахын хамтаар яагаад хөдөлмөрлөх болсон тухайгаа хариуцагч талын албан тушаал, эрх мэдлийн давуу байдлаа илтэд ашиглан худал хуурмаг байдлаар гүтгэн гаргаж буй тайлбаруудад өгч буй тайлбараа дахин өгөх шаардлага үүсч байгаад гомдолтой байна... Төрийн албаны тухай хуулийн 14.1.6-д зааснаар “мэргэжлийн зөвлөгөө өгөх, багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх 3 үйл ажиллагаа зөвшөөрөгдсөн байдаг. Энд зөвшөөрөгдсөн “багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх” 3 ажил нь гагцхүү их, дээд сургуульд л байдаг “тусгай зөвшөөрөл”-өөр олгогдсон эрх юм. Түүнийг дээд сургуульд л эдлэх боломжтой.
Би бага ангийн багшлах, дунд ангийн багшлах, дээд сургуульд багшлах мэргэжилтэй, эрхтэй хүн. Эндээс бага ангийн, дунд ангийн багшлах эрх нь Төрийн албаны тухай хуулиар хязгаарлагдмал юм. Дээд боловсролын тухай хуулийн 3.1-д “дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр төвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ, мөн хуулийн 3.3-т дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна” гэж заажээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 2.1-д “магистр, докторын боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр төвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэнэ” гэж заажээ. Үүнээс үзвэл ямар нэг хууль зөрчигдөөгүй байна.
Эдгээр нь Үндсэн хуулиар олгогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн амьд явахын тулд өөрийгөө тэжээх, гэр бүлээ тэжээх, өөрийгөө болон гэр бүлээ өлсөж үхэх, хэвийн амьдрах боломжийн орлогын эх үүсвэр олох араггүй хамгаалалт байсан юм. Иймд эдгээр гомдлын үндэслэлийг хянан үзэж, үнэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.
Хянавал:
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалт, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолыг үндэслэн М.Буяндэлгэрт 6 сарын урьд авч байсан цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 2689602 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Буяндэлгэр “миний нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 55 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 90 дүгээр тогтоолд намайг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, төрийн албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан байтал ажлаас чөлөөлөөгүй атлаа нэг удаагийн тэтгэлэг олгох тухай тушаал гаргаж миний эрх зүйн байдлыг дордуулсан” гэх үндэслэлээр маргаж, уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан бүх хугацаанд буюу 81 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 36309627 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах, шүүх маргааны зардал төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
М.Буяндэлгэрийн гаргасан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 13 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мэргэжил, мэргэшлийн дагуу адил чанарын өөр ажил, албан тушаалд томилуулах, “захиргааны чөлөөтэй байсан хугацааны цалинг оролцуулан” ажилгүй байсан нийт цалин, шүүхийн зардалд гарсан хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэргийг нэхэмжлэгчийн хяналтын гомдлоор хянаж, эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор “маргаан бүхий захиргааны акт М.Буяндэлгэрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “М.Буяндэлгэрийг ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангахтай холбогдсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” өөрчлөлтийг оруулжээ.
Хариуцагч, хяналтын шатны шүүхийн дээрх тогтоолыг биелүүлж, “албан тушаалын орон тоо” нь хасагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн М.Буяндэлгэрт урьд эрхэлж байхдаа авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гаргасныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан зохицуулалтыг буруу хэрэгжүүлсэн, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны “ажлаас чөлөөлөх тухай” 13 дугаар тушаалын М.Буяндэлгэрт холбогдох хэсэг нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй учир үүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн уг шаардлага хангагдах үндэслэлгүй талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 55 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 90 дүгээр тогтоолд тодорхой дүгнэсэн байх бөгөөд харин бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь хасагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг ийм үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг буруутгаж, уг зүйл, заалтын дагуу “нэмэгдэл баталгааг хангахтай холбогдсон шийдвэр” гаргахыг хариуцагчид даалгасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж зааж, “эсхүл” гэсэн үг хэрэглэгдсэнээр хангагдах аль боломжтойг нь сонгож хэрэглэх эрхийг хариуцагчид олгожээ.
Иймээс нэхэмжлэгчийн “...90 дүгээр тогтоолоор нэгэнт тогтоогдсон ажлаас халагдаагүй, ажилд буцаан орх эрх зүйн байдлаас ажлаасаа чөлөөлөгдөлгүйгээр нэг удаагийн тэтгэлэг авах эрх зүйн байдалд хүртлээ дордлоо” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн гаргасан “ажилгүй байсан 81 сарын цалин 36309627 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэх, шүүх маргааны зардал төлүүлэх” шаардлагыг 2 шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 301 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ