Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00090

 

2017 оны 01 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00090

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж 6/2 тоотод оршин байгаа Монгол тамхи со ХХК /РД-26238036/-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Монгол тамхи со ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь тамхи үйлдвэрлэж, бөөнөөр болон жижиглэнгээр борлуулдаг. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-197 тоот хаягт байрлах Шилүүстэй дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан Мөнхөөгийн Цолмонбаатар /РД-ИЮ77080516/-т 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлээр нэгж үнэ нь 30,500 төгрөгийн үнэ бүхий 26 блок, нийт 793,000 төгрөгийн үнэтэй Сүлд нэрийн тамхи, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэгж үнэ нь 16,700 төгрөгийн үнэ бүхий 50 блок нийт 835,000 төгрөгийн үнэ бүхий Алтан шонхор тамхийг тус тус зээлээр өгсөн.

М.Цолмонбаатар нь 728,000 төгрөг төлөөд үлдэгдэл 900,000 төгрөгөө төлөлгүй өнөөдрийг хүртэл явсан. Бид хоорондоо төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч хуваарийн дагуу төлөөгүй учир хариуцагчийн хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх хариуцагч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Иймд М.Цолмонбаатарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Монгол тамхи со ХХК нь М.Цолмонбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Цолмонбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, төлбөр барагдуулах гэрээ, зарлагын падаан, М.Цолмонбаатарын төлбөр барагдуулах тухай гар бичмэл баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2016/02938 дугаар захирамж зэргээр нотлогдож байна. /хх-1, 6-11, 18 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Мөнхөөгийн Цолмонбаатар /РДИЮ77080516/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мөнхөөгийн Цолмонбаатар /РДИЮ77080516/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Цолмонбаатарын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж 6/2 тоотод оршин байгаа Монгол тамхи со ХХК /РД-26238036/, утас 88118416, 70171060.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД