Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2015/04567

 

2015 оны 7 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2015/04567

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 3-60 дугаар байрны 21 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Сүхбаатарын Азжаргал /РД-ЧД85080928/-ын

            Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Азжаргал, нарийн бичгийн даргаар У.Нямсүрэн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Хүсэлт гаргагч С.Азжаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Анхбаяртай анх 2008 оны 4 дүгээр сард танилцаад улмаар одоогийн оршин сууж байгаа Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 3-60 дугаар байрны 23 тоотод амьдарч эхэлсэн.

            Бидний дундаас 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охин А.Цэлмүүн төрсөн. Гэтэл миний нөхөр Г.Анхбаяр нь 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм.

Одоо охин А.Цэлмүүндээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор талийгаачтай 2009 оны 2 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гарсан. Бидний дунд эд хөрөнгөтэй холбоотой асуудал байхгүй, амьдарч байсан байр хадам эмээгийн нэр дээр байдаг, надад ямар ч хамааралгүй.

Иймд хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч С.Азжаргал нь охин А.Цэлмүүндээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор талийгаач Х.Анхбаяртай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд С.Азжаргал, талийгаач Х.Анхбаяртай 2008 онд танилцан, 2009 оны 2 дугаар сараас нэг гэрт хамтран амьдарсан байх бөгөөд тэдгээрийн дундаас 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охин А.Цэлмүүн төржээ. /хх-6 дугаар хуудас/

Мөн С.Азжаргал, нөхөртэйгээ гэрлэлтийн албан ёсны бүртгэлгүйгээр амьдарч байгаад Х.Анхбаяр 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, талийгаачийн төрсөн эцэг Б.Гантөмөр, дүү Г.Энхсаруул нараас авсан гэрчийн мэдүүлэг, нас барсны гэрчилгээ, фото зураг, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-7, 15-16 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржигон овогт Сүхбаатарын Азжаргалыг  талийгаач Х.Анхбаяртай 2009 оны 02 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Сүхбаатарын Азжаргалыг  талийгаач Х.Анхбаяртай 2009 оны 02 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД