| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07413/И |
| Дугаар | 102/ШШ2017/00120 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2017/00120
2017 оны 01 сарын 05 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/00120 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Солонго төвд оршин байгаа “Арвижихкапитал ББСБ” ХХК /РД-5787211/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 40с байр, 81 тоотод оршин суух, Цорс овогт Санжаагийн Ариунтуяа /РД-ШЕ75062265/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 27-526В тоотод оршин суух, Анж овогт Дэлгэрийн Азжаргал /РД-ЙР82031110/ нарт холбогдуулан гаргасан
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,222,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч С.Ариунтуяа, хариуцагч Д.Азжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Арвижихкапитал ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ББСБ нь зээлдэгч С.Ариунтуяа, Д.Азжаргал нарын хүсэлтээр 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 42, сарын 3.5 хувийн хүүтэйгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар хийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нар нь хугацаа сунгаж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч зээлийн гэрээний хугацааг 2 удаа, 6 сараар 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгасан боловч нэг ч төгрөг төлөөгүй.
Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 24,173,000 төгрөг, алданги 2,049,600 төгрөг, нийт 66,222,600 төгрөг болсон.
Одоо хариуцагч нартай эвлэрч нийт 66,222,600 төгрөг нэхэмжилснээс 6,222,600 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрч байна гэв.
Хариуцагч С.Ариунтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Арвижихкапитал ББСБ” ХХК нь 66,222,600 төгрөг нэхэмжилснээс үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 24,173,000 төгрөг, алдангид 2,049,600 төгрөг нэхэмжилж байгаагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсанаар алданги тооцсон байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг зөрчсөн байна.
Зээлийн хүүд 24,173,000 төгрөгийн тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд зээлийн хүүнд 17,350,000 төгрөг төлсөн байхад дээр нь 24,173,000 төгрөг төлөх ёстой гэж нэхэмжилсэн нь үндсэн зээлээс давж гарч надад илт хохиролтой байна.
Мөн би зээлийн гэрээний дагуу хүүнд нийт 17,3500000 төгрөг төлсөн байхад ганц төгрөг төлөөгүй гэх буюу зээлийн хүү төлж байсан баримтыг гаргаж шүүхэд өгөөгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн хамтран хариуцагч Дэлгэр овогтой Азжаргал нь зээлийн гэрээ байгуулаад, байгуулсан өдрөө 40,000,000 төгрөгийг надаас бэлнээр бүгдийг нь авсан тул байгаа Д.Азжаргал нь уг мөнгийг бүхэлд төлөх үүрэг хүлээнэ гэж үзэж байна гэв.
Хариуцагч Д.Азжаргал шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Арвижихкапитал ББСБ” ХХК нь С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас нийт 66,222,600 төгрөг нэхэмжилсэн байгаагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь 24,173,000 төгрөгийн хүү тооцсон байгаа нь миний ашиг сонирхолд илт хохиролтой байна. Зээлийн гэрээ байгуулснаас хойш би хүүд 17,350,000 төгрөг, хугацаа сунгалтын 1,280,000 төгрөг төлсөн.
Энэ нь үндсэн зээл болох 40,000,000 төгрөгөөсөө давж гарч байна. Мөн хугацаа сунгалтын шимтгэл авна гэж гэрээнд заасан байгаа нь өөрөө ямар ч хууль зүйн үндэслэлгүй, зээлдэгч өөрийн давуу эрхээ ашиглан гэрээний загвар гаргасан нь илт байна. ББСБ нь өөрөө зээлийнхээ хүүнээс хангалттай ашиг олдог байтал зээлээ сунгаж өгөхдөө үндсэн зээлээс 1 /нэг/ хувийн шимтгэл авч байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Зээл сунгасныхаа төлөө үйл ажиллагааны зардал нь ийм их гарах ёсгүй. Ийм учраас зээлдэгч миний хууль ёсны ашиг сонирхлыг илтээр хохироож байна.
Иймээс зээлийн хугацаа сунгалтын 1,280,000 төгрөгийг зээлийн хүүнд бодох ёстой гэж бодож байна. Зах зээлийн эдийн засгийн хямрал миний ажилд илтэд нөлөөлж бизнесээ цаашид тогтвортой явуулж банкны өр дарахад үнэхээр хэцүү байгаа тул миний энэ байдлыг харгалзан үзэж ББСБ-ын нэхэмжилж байгаа 24,173,000 төгрөгийн хүүг багасгаж өгнө үү гэв.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Арвижихкапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ариунтуяа, Д.Азжаргал нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,222,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 6,222,600 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нар нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд төлж барагдуулах,
Хэрэв тогтоосон хугацаанд дээрх төлбөрийг барагдуулалгүй шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал болон урамшууллын хөлсийг хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас гаргуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арвижихкапитал ББСБ” ХХК нь, хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 66,222,600 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,222,600 /жаран зургаан сая хоёр хорин хоёр мянга зургаан зуун/ төгрөгийн 6,222,600 / зургаан сая хоёр хорин хоёр мянга зургаан зуун/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 /жаран сая/ төгрөгийг хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нар нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаанд нэхэмжлэгч “Арвижихкапитал ББСБ” ХХК-д төлж барагдуулах, хэрэв тогтоосон хугацаанд дээрх төлбөрийг барагдуулалгүй шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал болон урамшууллын хөлсийг хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. /хх-60 дугаар хуудас/
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 457,950 төгрөг гаргуулан “Арвижихкапитал ББСБ” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
“Арвижихкапитал ББСБ” ХХК нь Р.Оюунцэцэгт, хариуцагч Д.Азжаргал нь М.Мөнхдэлгэрт итгэмжлэлээр эвлэрэх эрх олгосон байх тул тэдгээрийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд гэж үзсэн болно. /хх-52, 59 дүгээр хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Арвижихкапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ариунтуяа, Д.Азжаргал нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,222,600 /жаран зургаан сая хоёр хорин хоёр мянга зургаан зуун/ төгрөгийн 6,222,600 / зургаан сая хоёр хорин хоёр мянга зургаан зуун/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 /жаран сая/ төгрөгийг хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нар нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд нэхэмжлэгч “Арвижихкапитал ББСБ” ХХК-д төлж барагдуулах, хэрэв тогтоосон хугацаанд дээрх төлбөрийг барагдуулалгүй шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал болон урамшууллын хөлсийг хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 457,950 төгрөг гаргуулан “Арвижихкапитал ББСБ” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД