Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 102/2016/06698/И

 

  2017 оны 01 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00122

              Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Оранж тауэр, 6 давхарын 606 тоотод оршин байгаа “Эм Жи Ди” ХХК /РД-5723337/-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 6а байрны 31 тоотод оршин байгаа “Дижиталбүтээц” ХХК /РД-5626072/-д холбогдуулан гаргасан

            Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,068,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

            Хариуцагчийн, доголдлыг арилгахад гарсан зардалд 26,046,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-ийн захирал Ш.Шинэбаяр, түүний өмгөөлөгч Л.Баярт /шүүхэд төлөөлөх эрх-0390/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, Ч.Мөнхбат, өмгөөлөгч Ц.Одонжав /шүүхэд төлөөлөх эрх-1253/, гэрч Г.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК, түүний захирал Ш.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Дижитал бүтээц” ХХК-тай БУХ-09/21 тоот дулаалгатай бохир усны хуванцар хоолой нийлүүлэх 58,030,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Ингээд 300 мм дулаалгатай хуванцар хоолой, жийргэвч, цавууны хамт 2015 оны 10 дугаар сарын 07-ны хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу урьдчилгаа 50 хувь болох 29,015,000 төгрөгийг хүлээж авсан.

            Захиалагч тал нь гэрээний 4.3-т заасны дагуу үлдэгдэл 50 хувийг худалдагч талд бүрэн төлөх үүрэгтэй байсан. Гэвч “Дижитал бүтээц” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө өгөөгүй байсан тул төлбөр шаардаж албан бичиг явуулсан. Уг албан бичгийн хариуд резин жийргэвчид асуудал байгаа учраас шийдвэрлэж өгнө үү гэсэн байсан тул дахин 130 ширхэг резин жийргэвч болон фасад хөөсөнцөрүүдийг үйлдвэрээс нь авчирч нийлүүлсэн.

Мөн захиалагч талын гомдлын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр комисс томилогдон үйлдвэрийн дефекттэй 30 м хоолой, жийргэвч 60 ширхэг, 200 л цавуу зэрэг бараа материалуудыг эргүүлэн авахаар тохиролцон акт үйлдсэн.

Мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр талууд байлцан хуралдсаны эцэст нийт 4,947,000 төгрөгийг үлдэгдэл 50 хувь болох 29,015,000 төгрөгөөс хасч, нийт 24,068,000 төгрөгийг 2015 онд багтаан тушаахаар болсон бөгөөд дахин 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хуралдан тухайн сардаа төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцоод төлөөгүй тохиолдолд 24,068,000 төгрөгийн 0,1 хувиар алданги тооцохоор болсон.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 24,068,000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 320 хоногийн алданги 7,701,760 төгрөгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Одоо хариуцагчийн хүнд байгааг ойлгож байгаа учир алдангиасаа татгалзан, үндсэн гэрээний төлбөр болох 24,068,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “Дижитал бүтээц” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх “Эм Жи Ди” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барилгын гадна талбайд хоолойнууд буусан бөгөөд хүйтний улирал эхэлж байсан учир ажлаа шууд эхэлсэн.

Ингээд 300 метр урт шугам угсралтын ажил хийгээд явж байтал хоолойд хөрсний ус нэвчиж байгааг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажигласан, ингээд хаагуур нь нэвчиж байгааг мэдэх боломжгүй байсан учир захиалагч тал болох “Нью тур” ХХК-ийн ерөнхий инженер К.Мурат ажлыг зогсоож, дээрх хоолойг хуулуулсан.

Энэ үед бохирын хоолойн резин жийргэвч нь стандартын шаардлага хангахгүйн улмаас шугам хоолойн залгаасаар резин жийргэвчээр хөрсний ус нэвчин орж байгааг мэдээд “Эм Жи Ди” ХХК-ийн менежер Б.Адилыг дуудаж асуусан. Мөн бид цавууг ашиглаж чадахгүй байсан учир зааврыг нь ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй. Ингээд бид резин жийргэвч нь стандарт шаардлагын дагуу 2 мм өндөр байх шаардлагыг тавьж захиалсан боловч өмнөхтэйгээ ижил резин жийргэвчийг авчирч өгсөн.

Бид нэг хоолойн аманд 2 ширхэг резин жийргэвч тавьж, шугам угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн.

Тухайн үед уулын усны түвшин буурсан байсан учраас хоолойд хөрсний ус нэвчилт ажиглагдаагүй. Гэвч захиалагч өмнө нь хөрсний ус нэвчилт ажиглагдсан, усны түвшин дээшлэх үед шалгаж хүлээж авна гээд хойшлуулсан. Хавар болоод уулын усны түвшин ихсэхэд дахин хоолойгоор ус нэвчиж эхэлсэн.

Үүний улмаас захиалагч тал болох Нью тур ХХК нь шугам угсралтын ажлыг хүлээн аваагүй байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Усан хангамж бохир ус, татуургын гадна шугам сүлжээ, түүний барилга байгууламж БНБД 3.05.04-90 барилгын норм ба дүрэмд бохир ус зайлуулах дернажийн системд зориулсан өндөр нягттай полиэтилэн хуванцар хоолой холбох хэрэгсэл дагуу бохир усны хоолой ба холболт нь гаднаас хөрсний усны нэвчилт байх ёсгүй гэж заасан байдаг.

Гэтэл нийлүүлсэн бараа нь энэ стандартад нийцээгүйн улмаас ажил гүйцэтгэлийн явцад хүндрэл гарч, цаг хугацаа алдахад хүргэсэн төдийгүй нэмэлт зардлууд их гарахад хүргэсэн.

Нэхэмжлэгч нь дулаалгатай бохир усны 300 мм бохир усны хуванцар хоолой, холбох хэрэгслүүдийн хамт худалдах-худалдан авах гэрээний 2.1-д заасны дагуу гэмтэл согог арилгах үүргээ “Эм Жи Ди” ХХК биелүүлээгүйгээс үүдэлтэй хохирол, холбогдох зардлыг бараа материалын үнийн дүнгээс суутгах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч “Дижитал бүтээц” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Шугам хоолойг угсрах ажлын явцад бохирын хоолойн резин жийргэвч нь стандартын шаардлага хангахгүйн улмаас шугам хоолойн залгаасаар хөрсний ус нэвчиж байгааг мэдээд “Эм Жи Ди” ХХК-ийн менежер Б.Адилд удаа дараа утсаар мэдэгдэж, зохих хүмүүсийг дуудаж газар дээр нь бодит байдлыг үзүүлэх гэсэн боловч хэн ч ирээгүй.

Ийнхүү бид тухайн үед гарсан зардал, хохирлын талаар нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17, 12 дугаар сарын 16-ны өдрийн 22 тоот албан бичгүүдээр гарсан зардлын тооцооллыг фото зургийн хамт баримтжуулан хүргүүлсэн.

Манай ажлын захиалагч тал болох “Нью тур” ХХК ажлаа үргэлжлүүлэхийг шаардсан учир БУХ-55 худгаас БУХ-63 худгийн хооронд 445 м газар нэг хоолойн аманд 2 ширхэг резин жийргэвч давхарлан тавьж шугам угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн ба тухайн үед хөрсний усны түвшин доошилсон байсан учраас хөрсний усны нэвчилт ажиглагдаагүй.

Шугам угсралтын ажлыг хийлгэсэн “Нью тур” ХХК нь хөрсний усны нэвчилт ажиглагдсан тул хүлээн авах ажлыг хөрсний усны төвшин дээшлэх үед шалгаж авна гээд хойшлуулсан. Энэ үед “Эм Жи Ди” ХХК манайхаас төлбөрөө нэхэж, манайд учирсан хохирлын зарим хэсгийг зөвшөөрч 4,947,000 төгрөгийн хасалтыг манай төлөх ёстой төлбөрөөс хасахаар зөвшөөрч, бусад зардал, хохирлыг зөвшөөрөхгүй гэж уурлан хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулсан.

Ингээд хавар болоход дахин шугам хоолойгоор хөрсний ус нэвчсэн байсан.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Усан хангамж, бохир ус татуургын гадна шугам сүлжээ, түүний барилга байгууламж БНБД 3.05.04-90 барилгын норм ба дүрэмд Бохир ус зайлуулах дернажийн системд зориулсан өндөр нягттай полиэтилэн хуванцар хоолой, холбох хэрэгсэл дагуу бохир усны хоолой ба холболт нь гаднаас хөрсний усны нэвчилт байх ёсгүй гэсэн заалт байдаг.

Гэтэл нийлүүлсэн бүтээгдэхүүн нь энэ стандартад нийцээгүйн улмаас ажил гүйцэтгэлийн явцад хүндрэл бий болгож, цаг хугацаа алдахад хүргэсэн төдийгүй нэмэлт зардал ихээр гарахад хүргэж, өнөөдрийг хүртэл бид ажлаа хүлээлгэн өгч чадахгүй, их хэмжээний хохирол хүлээгээд байна.

Бид хөрсний усны нэвчилтийг зогсоох тал дээр өөрсдийн зүгээс боломжит арга хэмжээг авсан ба үүнтэй холбогдуулан ажлын төсөвт тусгагдаагүй их хэмжээний зардлууд гарсан тухай нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.

Дулаалгатай бохир усны HDPE 300 мм бохир усны хуванцар хоолой, холбох хэрэгслүүдийн хамт худалдах-худалдан авах БУХ-09/21 тоот гэрээний 2.1-д заасан үүргээ нэхэмжлэгч тал зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэлтэй манай компанид учруулсан хохирол, холбогдох зардлыг “Эм Жи Ди” ХХК төлж барагдуулах ёстой гэж үзэж байгаа тул тус компаниас 26,046,200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-ийн захирал Ш.Шинэбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бид гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барааг “Дижитал бүтээц” ХХК-ийн талбайн инженер Ч.Мөнхбатад хүлээлгэн өгч, акт үйлдсэн.

Хариуцагч тал гэрээний дагуу 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор үлдэх 50 хувь болох 29,015,000 төгрөгөө төлөх ёстой байсан боловч 11 дүгээр сарын 11-ний байдлаар төлөөгүй учир манайх мэдэгдэл хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд үүнд 102 м хоолой 7,300,000 төгрөг, холбогч муфт 1,680,000 төгрөгийг гэрээний үнийн дүнгээс суутган 19 сая төгрөг төлөхөөр хариу ирүүлсэн. Манай компани уг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй тул ахин газар дээр манай компанийн худалдааны менежер Б.Адил, нягтлан бодогч Т.Болормаа, менежер Ц.Атарболд, “Дижитал бүтээц” ХХК-ийн инженер Ч.Мөнхбат, А.Нямпил нарын комисс ажиллан гологдолтой 30 м хоолойг буцааж авахаар акт үйлдэн гарын үсэг зурсан.

Энэ актын дагуу “Дижитал бүтээц” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Энхтуяа, манай компанийн менежер Б.Адил бид нар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдан 4,947,000 төгрөгийн хасалт хийж 24,068,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцон гарын үсэг зурсан. Гэвч уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас “Дижитал бүтээц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талбайн инженер Ц.Мөнхбаттай дахин тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж 2016 оны 4 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон.

Эднийх уг шугам хоолойг технологийн дагуу хийгээгүй, шугам хоолойн холболттой холбоотой гарсан зардлаа манайхаар төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК нь “Дижитал бүтээц” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,769,760 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч тал, нэхэмжлэгчээс доголдлыг арилгахад гарсан зардал болох 26,046,200 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж байна.

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа 24,068,000 төгрөг болгон багасгаж байна.

Хариуцагч тал, худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч үнэ төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “... доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн, доголдлыг арилгаагүй, гарсан зардал хохирлыг суутгаж тооцно” гэж тайлбарладаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас харахад маргалдагч талууд болох “Эм Жи Ди”, “Дижитал бүтээц” ХХК-иуд нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 8 Kn/m 300 мм-ийн дулаалгатай бохирын хуванцар хоолой холбох хэрэгслүүдийн хамт худалдан авах БУХ-09/21 тоот гэрээ байгуулж, нийлүүлэгч нь нэр төрлийн барааг 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны дотор нийлүүлэхээр, захиалагч нь гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 50 хувийн төлбөр болох 29,015,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээн авч акт үйлдсэнээс хойш 3 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон байна.  /хх-10-12 дугаар тал/

            Уг гэрээний дагуу хариуцагч тал 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 16,015,000 төгрөг, 22-ны өдөр нь 13,000,000 төгрөг, нийт 29,015,000 төгрөгийг “Эм Жи Ди” ХХК-д шилжүүлж, нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бохирын хуванцар хоолойг холбох хэрэгслийн хамт хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-д хүлээлгэн өгснөөр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсчээ. /хх-15-16 дугаар тал/

            Улмаар зохигчид 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хурал хийж, БУХ-09/21 гэрээний үлдэгдэл төлбөр болох 29,015,000 төгрөгөөс доголдолтой эд хөрөнгийн үнийг буюу 4,947,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 24,068,000 төгрөгийн 50 хувийг хариуцагч “Дижитал бүтээц” ХХК нь 2015 онд багтаан төлөхөөр, мөн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр талууд дахин хуралдаж, хариуцагч нь 24,068,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгийг мөн сарын 15-ны дотор, үлдэх 10,068,000 төгрөгийг мөн сарын 30-ны дотор тус тус төлөхөөр, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд “Дижитал бүтээц” ХХК, бараа анх хүлээж авсан өдрөөс хойшхи хугацаанд 24,068,000 төгрөгийн хүүг өдрийн 0,1 хувиар тооцож барагдуулахаар харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-13-14, 17 дугаар тал/

            Хариуцагч “Дижитал бүтээц” ХХК нь дээрх тохирсон хугацаанд худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байх тул нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу шаардах эрхтэй байна.

            2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч тал, худалдан авсан эд хөрөнгийн үлдэгдэл үнийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “худалдан авсан шугам хоолойн дагалдах хэрэгсэл болох резин жийргэвч нь стандартын шаардлага хангаагүй, ... нэхэмжлэгч талд доголдлыг мэдэгдсэн боловч ... гэрээний 2.1-д заасан гэмтэл согог арилгах үүргээ биелүүлээгүй, доголдлыг арилгахад гаргасан зардлаа суутгана” гэж тайлбарлан, нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-иас доголдлыг арилгахад гаргасан зардалд 26,046,200 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

            Зохигчдын тайлбараас харахад хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдагчаас нийлүүлсэн барааг хүлээн авч, бохирын шугам хоолойны угсралтын ажил хийж байхдаа шугам хоолойны дагалдах хэрэгсэл болох резин жийргэвчийн доголдлын талаар мэдэж энэ тухай  “Эм Жи Ди” ХХК-д мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь 130 ширхэг резин жийргэвч шинээр дахин нийлүүлсэн болох нь нотлогдож байна. /хх-132-134 дүгээр хуудас/

            Мөн талууд гэрээндээ нийлүүлэх барааны стандарт, чанарын талаар заагаагүйн гадна нэхэмжлэгчийн, доголдлыг арилгах зорилгоор урд нийлүүлсэнтэй адил чанарын 130 ширхэг резин жийргэвч өгснийг хүлээн авч, ажлаа үргэлжлүүлэн шугам хоолой угсрах ажлыг дуусгасан байдаг.

Түүнчлэн “Дижитал бүтээц” ХХК нь “Эм Жи Ди” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18, 12 дугаар сарын 16-ны өдрийн 22 тоот албан бичгүүдээр доголдлыг арилгахад гарсан зардлыг барааны үнийн үлдэгдэл төлбөрөөс суутгах тухай мэдэгдэл хүргүүлж байсан хэдий ч зохигчид 2015 оны 12 дугаар сарын 18, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд уулзалт хийж, доголдолтой барааны үнийг төлбөрийн үлдэгдлээс суутган, үлдэх төлбөрийг төлөх хугацаа болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага ногдуулахаар тохиролцон энэ тухай хурлын тэмдэглэл үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

            Иймээс шүүх, хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-ийг доголдлыг мэдсэн атлаа хүлээж авсан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь ... эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр  шаардлага гаргах эрхтэй боловч мөн зүйлийн 254.6-д заасны дагуу худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол худалдан авагч нь энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн байх ёстой.

            Хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “Дижитал бүтээц” ХХК нь худалдан авсан шугам хоолойн дагалдах хэрэгсэл болох резинэн жийргэвчээр хөрсний ус нэвчиж байгааг 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр илрүүлсэн, нэхэмжлэгч талын хувьд доголдолтой резин жийргэвчийг сольж шинээр 130 ширхэг резин жийргэвч өгснийг хариуцагч хүлээн авч, шугам хоолой угсрах ажлаа дуусгасан болох нь тогтоогдсон төдийгүй “Дижитал бүтээц, ХХК нь “Эм Жи Ди” ХХК-тай тооцоо нийлж худалдан авсан барааны үнийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг.

Мөн хариуцагч нь 2016 оны 6 дугаар сард шугам хоолойгоор хөрсний ус нэвчсэнийг мэдсэн болох нь гэрч Т.Тодтамирын мэдүүлэг, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын албан шаардлагаар нотлогдож байх бөгөөд уг хугацаанаас хойш 6 сарын дотор Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлөхийг “Эм Жи Ди” ХХК-иас шаардаж байгаагүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. /хх-123, хавсралтын 5-6 дугаар хуудас/

            Түүнчлэн гэрч Ч.Батхишиг нь шугам хоолойг 2 аргаар шалгаж тавьдаг гэж мэдүүлж байх ба хариуцагч нь уг шугам хоолойг тавихдаа шалгаагүй болох нь гэрч Д.Энхээгийн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-131-132 дугаар хуудас/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-иас 24,068,000 /хорин дөрвөн сая жаран найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-д олгож, хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-ийн нэхэмжлэгчээс доголдлыг арилгахад гаргасан зардалд 26,046,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,800 төгрөгийг, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 288,181 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 278,290 төгрөг гаргуулан “Эм Жи Ди” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

            Талууд бохирын шугам хоолойны чанар стандартын талаар маргаагүй учир шүүх хэргийн 84-92 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-иас 24,068,000 /хорин дөрвөн сая жаран найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эм Жи Ди” ХХК-д олгож, хариуцагч “Дижитал бүтээц” ХХК-ийн, нэхэмжлэгчээс доголдлыг арилгахад гаргасан зардалд 26,046,200 /хорин зургаан сая дөчин зургаан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,800 төгрөгийг, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 288,181 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 278,290 төгрөг гаргуулан “Эм Жи Ди” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД